Увс аймгийн давст сумын нутагт хийсэн хадны зургийн судалгаа
Д.Содномжамц, М.Е.Килуновская
ШУА-ийн Археологийн хүрээлэн нь ОХУ-ын ШУА-ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэнтэй хамтран Монгол болон Тувагийн нутагт археологийн судалгааны ажил хийхээр гэрээ байгуулсан билээ. Хамтарсан төслийн хүрээнд Их нууруудын хотгор болоод Монгол, Тувагийн хил залгаа бүс нутагт орших хүрэл, түрүү төмрийн үеийн хадны зургийн томоохон төвлөрлүүд, өөр хоорондоо харилцан адилгүй олон соёлын булш оршуулга, тахил тайлгын байгууламж зэрэг дурсгалыг хамтран судлах зорилготой юм. 2024 онд төслийн хүрээнд Увс аймгийн Давст сумын нутаг Бичигт хаяа, Хадат толгой, Хөх сайрын хөтөл зэрэг газарт хадны зургийн нарийвчилсан хайгуул судалгаа хийж гүйцэтгэв.
Увс аймгийн Давст сумын Бичигт хаяагийн хадны зургийн дурсгалт газрыг анх 1982 онд археологич Д.Цэвээндорж нээн илрүүлж, 2017 оноос Монгол-Оросын хамтарсан шинжилгээний ангийн Н.Эрдэнэ-Очир, М.Е.Килуновская нарын судлаачид бүртгэн баримтжуулсан байна. Харин 2022 оноос эхлэн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Н.Батболд, Д.Содномжамц нарын судлаачид Бичигт хаяа, Хороон орой уулын хадны зургийн хэсэгчилсэн байдлаар бүртгэж зарим өвөрмөц дүрслэлийн талаар тусгайлан өгүүлэл нийтлүүлжээ.
Баруун Тагны нурууны салбар Бургаст уул нь Монгол улсын хилийн бүсэд байрладаг бөгөөд түүний өвөр бэлийн хад чулуунд олон тооны хадны зургийн дурсгал бий. Эдгээр дурсгалууд нь Увс аймгийн Давст сумын төвөөс баруун хойд зүгт 35 км зайд оршдог. Бид хайгуул судалгааны ажлын явцад Бичигт хаяагийн дурсгалт газрын урд энгэр, орой болон бэлд орших хадны зургийн тархалтын байдлаас хамааран бид хоорондоо нарийн жалгаар зааглагдсан талбайнуудыг дотор нь 4 хэсэгт хувааж баримтжуулалтын ажил хийв. Үүнээс I талбайд 90 хавтан, II талбайд 28 хавтан, III талбайд 54 хавтан, IV талбайд 35 хавтан буюу нийт 207 хавтан чулуун дээр хадны зургийн дүрслэл байна.
Хөх сайрын хөтлийн хадны зургийн дурсгалт газар нь Увс аймгийн Давст сумын нутаг Хүдэнгийн хөдөөгийн зүүн хойд талд орших орой хэсгээр хадтай өргөргийн дагуу сунаж тогтсон бэсрэг уул юм. Хадны зургууд нь уулын орой болон энгэр талын ханан хаданд байрлах бөгөөд хадны тогтоц, зургийн тархалтаас хамаарч I талбайд 119, II талбайд 104 тооны хавтан чулуун дээр хадны зурагтай. Эдгээр зургуудын ихэнх нь янгир, буга, согоо, адуу, шувуу, гахай, тэмээ, чоно, нохой зэрэг амьтдын дүрслэл эзлэх бол морь унасан хүн, нум сумаар ан агнаж буй анчин, тэмээ унасан хүн, нуруу ачсан үхэр зэрэг аж ахуй сэдэвт зургууд бий. Он цагийн хувьд ихэвчлэн хүрлийн хожуу, төмрийн үед холбогдох боломжтой байна. Бид хайгуул судалгааны явцад хадны зурагтай хавтан чулуу бүрийн 3D зургийг хийж, дурсгалт газруудын дэвсгэр зургийг шинээр үйлдэв.
Түүнээс гадна Бичигт хаяагийн хадны зургийн дурсгалт газарт Түрэг, Уйгурын үеийн тамга тэмдэг, руни бичээс зэрэг дундад эртний үеийн түүхэнд холбогдох цөөн тооны өвөрмөц дүрслэл бий. Үүнээс руни бичээсийг 1. Хан нь, ноён нь 2. харц ард иргэд [нь] үз[эгтүн] хэмээн доктор, профессор Ц.Баттулга уншиж тайлсан байдаг.
Байршил: 50.703667, 91.981611