Мэндчилгээ
Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн цахим хуудаст тавтай морилно уу.
Тус хүрээлэн нь Монгол улсын нутаг дэвсгэрт хүн үүссэн цаг үеэс бичгийн бүрэн сурвалжтай болох хүртлэх цаг хугацаанд хамаарах археологийн дурсгал, олдворыг судлан шинжлэх ажлыг дагнан гүйцэтгэдэг эрдэм шинжилгээний байгууллага юм.
Манай хамт олон Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цаг хугацааг ургашлуулж, хүрэл зэвсгийн эринд холбогдох археологийн шинэ соёлуудыг нээж, тулгар төр Хүннү гүрний язгууртны болон жирийн булш, оршуулга, хот суурин, үйлдвэрлэлийн дурсгалт газарт судалгаа явуулж, Түрэгийн хаад язгууртны тахилын онгон, Уйгурын хаант улсын нийслэл Хар Балгасыг малтан шинжилж, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум, Их Аураг болон Хархул хааны балгас зэрэг Монголын эртний түүхийн олон дурсгалт газруудад шинэ нээлт судалгаа хийсэн мэргэжлийн археологич эрдэмтдийн томоохон цөм билээ.
Бид Монголдоо төдийгүй бүс нутагтаа археологийн гадаад хамтын ажиллагааг үлгэр жишээ болохуйцаар хөгжүүлж ирлээ. Өдгөө тус хүрээлэн дэлхийн өндөр хөгжилтэй 10 гаруй орны 40 орчим эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, музей, их сургуулиудтай хамтын ажиллагаатай, жилд 30 орчим олон улсын хамтарсан экспедицийг зохион байгуулж Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллаж байна.
Археологийн хүрээлэн нь эртний дурсгал, соёлын өвийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн олдвор эх хэрэглэгдэхүүнийг хадгалж, судалгаа шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ түүнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан соён гэгээрүүлэх үйлсэд идэвхтэй санаачлагатай ажиллаж байна.
Монголын археологи, соёлын өвийн судалгаа, шинжилгээг үндэсний хэмжээнд тэргүүлэн, бүс нутгийн нөлөө бүхий эрдэм шинжилгээний байгууллага болж, олон улсын түвшний үйл ажиллагаа явуулах нь манай хүрээлэнгийн эрхэм зорилго бөгөөд энэ хүрээнд бид та бүхэнтэй нээлттэй, хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллахдаа таатай байх болно.
Та бидний ажил, үйлс үргэлж өөдөө байх болтугай!
Хүндэтгэсэн
Захирал, доктор, дэд профессор Г. Эрэгзэн