Бэлчээрийн мал аж ахуйн археологи” төсөл
Ж.Баярсайхан, Ж.Л.Хюль
Оршил
АНУ-ын Баруун Кентаки их сургуультай хамтарсан “Бэлчээрийн мал аж ахуйн археологи” судалгааны төсөл 2015 оноос эхэлж Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт ажилласан ба улмаар 2017, 2018, 2023, 2024 онуудад үргэлжлүүлэн тус сумын нутагт археологийн хээрийн судалгаа хийж гүйцэтгэв. Тус 5 жилийн хээрийн судалгааны хугацаанд бид системтэй нарийвчилсан хайгуул судалгаа хийж, бууц суурин, булш оршуулга, тахилгын байгууламж зэргийн цогцолбор судалгаа хийж, чамгүй үр дүнд хүрч эрдэм шинжилгээний цөөнгүй өгүүллүүд дотоодын болон олон улсын сэтгүүлд хэвлэгдээд байна. Цаашид нэгэнт бүрдээд буй бүс нутгийн археологийн судалгааны үр дүнг нэгтгэн хэвлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Малтлага судалгаа
2024 оны хээрийн судалгаа 5-р сарын 27-ноос 6-р сарын 16-н хүртэл 19 хоног үргэлжлэв. Энэ жилийн судалгааны ажил эртний нүүдэлчдийн тахилгын байгууламжийн судалгаанд төвлөрсөн ба өөр өөр он цагт хамаарах олон төрлийн тахилгын байгууламж малтан судлав. Үүнээс гадна хүрлийн дунд үед хамаарах Мөнххайрханы соёлын булш 1-ийг малтан судлав. Монгол улсын хэмжээнд одоогоор 20 гаруй тоотой малтан судлагдаад байгаа Мөнххайрханы соёлын булш 3-ыг илрүүлж 1 булш малтан судлахад хүрэл хутга, билүү чулуу, бугын шүдэн зүүлт зэрэг дагалдуулсан хүний оршуулга илрэв. Энэ нь тухайн соёлын тархцыг тодорхойлох, цаашлаад эртний нүүдэлчдийн угсаа гарвал, соёл хоорондын залгамж холбоо, мал аж ахуйн эртний хөгжилтэй холбогдох олон асуултыг хүний яснаас судлан шинжлэх боломж олгож буй чухал судалгаа боллоо хэмээн дүгнэж байна.
Бидний малтсан судалсан тахилгын байгууламжийн дурсгалд:
- Тэгш өнцөгт хэлбэрийн олон хөшөөд тахилгын байгууламж 1
- Хүрз хэлбэрийн тахилгын байгууламж 1
- Буган хөшөө, хиргисүүрийн тахилгын байгууламжууд 15
- Найман чулуут тахилгын байгууламж 1
- Түрэгийн үеийн тахилгын байгууламж 1 зэрэг тус тус багтана.
Малтлага судалгааны үр дүнд эдгээр тахилгын байгууламжийн онцлог, үнэмлэхүй он цагийг тодорхойлох бүрэн боломжтой малын шатсан яснууд илэрч олдсон. Хиргисүүрийн дугуй хэлбэрийн адууны толгойт тахилгын байгууламж 12-ыг малтан судалж, 9 тахилгын байгууламжаас адууны толгой, хүзүү, туурайн ясны хэсгүүд илрэв. Тухайн бүс нутгийн олон газраас адууны ясны хэрэглэгдэхүүн цуглуулснаар хүрлийн хожуу үеийн бүс нутгийн мал аж ахуйн менежмент тэр дундаа адууны бэлчээр, нүүдлийн хэлбэрийг стронц болон бусад изотопийн шинжилгээгээр нарийвчлан судлах боломжтой болох юм. Мөн адууны шүдний чулуунд энгийн нүүрстөрөгч (C13) болон азотын (N15) шинжилгээ хийж адууны идэш тэжээлийг онцлогийг бэлчээрийн хуваарьтай харьцуулан судлах шинэ боломжийг бид илэрхийлж буй билээ.
Түүнчлэн эртний нүүдэлчдийн тахилга тайлга үйлдэх уламжлалын үргэлжлэлийг илтгэх түрэгийн тахилгын байгууламж (555-740 он) 1-ийг малтахад 2 бүтэн адууны тахилга илрэв. Эдгээр адуутай цуг эмээлийн модны үлдэгдэл, хазаарын тасархай хэсгүүд, хүрэл товруунууд, амгайны зэвэрч хугарсан хэсгүүд олдсон.
Байршил: 49.311419, 95.299247