Алтайн археологи” төсөл
Ж.Баярсайхан, Вильям Тэйлор
2001 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Францын нийслэл Парис хотноо болсон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын (ЮНЕСКО) Ерөнхий бага хурлаар “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-ыг баталжээ. Энэхүү конвенцоор 100-аас илүү жил усан дор байсан соёл, түүх, археологийн шинж чанартай хүн төрөлхтний оршин тогтнолтой холбогдох ул мөрийг хамгаалах зорилготой юм. Монгол улс энэ конвенцод нэгдэн орохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа болно. Уг конвенцоор хамгаалагдаж буй усан доорх соёлын өв гэдэг ойлголтод зөвхөн далай, тэнгис, нуур зэрэг их хэмжээний усан доор буй соёлын өвүүдийг хамааруулан үздэг. Гэтэл Монгол болон дэлхийн зарим орнуудад буй мөнх цастай уул, нуруудын мөнх цас, мөсөн дор хадгалагдаж буй соёлын өвүүд нь энэхүү конвенцын агуулгад багтаагүй байна. Цас, мөс бол угтаа усны нэгэн төлөв гэдгийг хүн бүр мэднэ. Тэгэхээр мөнх цас, мөсөн доор буй эртний түүх, соёлын ул мөр, олдворууд нь энэ конвенцын агуулгад нэмэлтээр орох эсэх нь цаашдын хэлэлцүүлэг байх болов уу.
Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлаас хамаарч Монгол орны мөнх цаст уулсын мөнх цасны хэмжээ мэдэгдэхүйц багасаж буйг шинжлэх ухааны судалгаа, сансрын зураг болон орон нутгийн хүмүүсийн ажиглалт аман мэдээ давхар нотолж байна. Тэр ч бүү хэл 2050 он гэхэд ихэнх уулсын мөнх цас хайлж, маш бага хэмжээтэй болох талаар дотоод, гадаадын судлаачдын судалгаа хэвлэгдсээр байна. Ийнхүү хайлж буй мөнх цасны дороос эртний хүмүүсийн ан гөрөө, амьдрал ахуйтай холбоотой маш сайн хадгалагдсан органик олдвор хэрэглэгдэхүүн гарч байгалийн шууд нөлөө, нар салхинд маш хурдан өгөршин муудаж, алга болж байгаа нь соёлын өвийн өөр нэгэн төрлийн томоохон эрсдэл юм. Тухайлбал, 2019-2020 онд бидний хийсэн хайгуул, ажиглалт, орон нутгийн хүмүүстэй хийсэн ярилцлага судалгаагаар Монгол Алтайн мөнх цаст уулсын хайлж алга болсон хэсгүүдээс эртний эд өлгийн зүйлс илэрч олдож буйг нотолсон билээ. Тиймээс энэ төрлийн судалгааг эхлүүлэх, идэвхжүүлэх, эртний соёлын дурсгалуудыг аврах, судлах шаардлага гарсан хэрэг. Бид 2019 оноос эхлэн “Алтайн археологи” төслийн хүрээнд өнөөг хүртэл Баян- Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Цэнгэл хайрхан уул, Улаан хус сумын нутаг Алтай таван богд уулын зарим хэсэг, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур сумд, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумдын заагт орших Цамбагарав уулын орчимд богино хугацааны хайгуул судалгаа хийж, мөнх цаст уулсын хайлсан цастай хэсгүүдэд эртний хүмүүсийн үлдээсэн ул мөр, олдвор хэрэглэгдэхүүнүүдийг цуглуулсаар байна. Уг төсөлд Монголын талаас ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, тус салбарын эрдэм шинжилгээний ажилтан археологич Т.Түвшинжаргал, АНУ-ын талаас Колорадогийн их сургуулийн туслах профессор, археологийн куратор, доктор Вильяам Тэйлор, Юта их сургуулийн судлаач, доктор Айзик Харт нар хамтран ажилладаг. Судалгааны үр дүнд Цэнгэл хайрхан уулын мөнх цасны хайлсан хэсгээс эртний анчдын хэрэглэж байсан яс, хүрэл, төмөр зэвүүд, сумын модон мөс, модон таяг, эрт үед агнасан аргалын толгой, бугын эвэр зэрэг эртний амь зуулга, аж ахуйтай холбогдох санаанд оромгүй олдворуудыг илрүүлэн олсон. Түүгээр ч үл барам НТӨ 1400 оны орчимд хамаарах буюу Монгол нутаг дахь хамгийн эртний гаршуулсан адууны ясыг илрүүлэн судлаад байна. Уг үр дүн нь манай улсад энэ төрлийн археологийн судалгааны нөөц бололцоо өргөн буйг нотлоод зогсохгүй мөнх цасан дороос эртний түүх соёлын маш чухал органик эд өлгийн зүйлс ил гарч, задралд орж, устаж үгүй болох эрсдэл үүссэнийг харуулсан билээ.
2024 онд манай судалгааны баг Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Мөнххайрхан уулын мөнх цасны орчимд хайгуул судалгаа хийлээ. Хайгуулаар эртний олдвор, соёлын ул мөр бүхий гурван газрыг олж тогтоов. ДТД 3400-3800 метрийн өндөрт байрлах эдгээр цэгүүдээс адууны толгой, эрүү, нум сумын модон мөс зэргийг илрүүлэн, судалгааны эх хэрэглэгдэхүүн болгон цуглуулж, нарийвчлан судалж байна.
Мөн манай судалгааны анги Монгол Алтайн эртний гайхамшигт дурсгалт газар болох Хойд цэнхэрийн агуйд 2022 оноос эхлэн судалгаа хийж байна. 2022-2023 онд тус агуйд эртний хүмүүс амьдарч байсан соёлт давхарга буй эсэхийг тодорхойлох зорилгоор 1х1 хэмжээтэй талбайд 1 метр гаруй орчим гүн сорилтын малтлага хийж, галын ором, эсгийн тасархай, үс ноос, мөн хялгас болон давуугаар томсон оосор бүчний хэсгүүд, сумын мөсний оньтой хэсгийн хугархай, ваарын хагархай, өрмийн нүхтэй гал гаргадаг мод, мал амьтны яс, үс, адууны хомоол болон бүрэн бүтэн хадгалагдаж үлдсэн нарийн хялгасан сагалдаргатай, дээсэн үзүүртэй, жижиг модон ташуур (хүүхдийн тоглоом), утсан оосортой хонины шагай, торго даавуу эдлэлийн тасархай, мал, амьтны яс зэрэг маш сайн хадгалалтай олдворууд илрүүлсэн. Энэхүү сорилтын малтлага нь цаашид агуйд өргөн хэмжээний малтлага явуулах боломжтой болохыг бүрэн харуулсан бөгөөд бидний 60 см гүнээс илрүүлсэн гал гаргадаг мод нь Хүрлийн сүүл үед буюу НТӨ 1000 орчим онд холбогдох нь тогтоогдсон бол түүнээс доош 1 м гаруй гүн дэх давхарга нь Неолитын үед холбогдох боломжтой юм. Тиймээс бид цаашид агуйд өргөн хэмжээний малтлага хийхээр төлөвлөөд байна. Энэхүү томоохон хэмжээний малтлага хийхээс өмнө агуйн өнөөгийн нөхцөл байдал, ханын зургуудыг сайтар баримтжуулж, хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдлыг шинжлэх ухааны үүднээс тодорхойлох, судлах шаардлагатай гэж бид үзсэн тул 2024 онд агуйн хана туурга, адар тааз дахь эртний зосон зургуудыг Artec LEO зөөврийн сканер ашиглан гурван хэмжээст, өндөр нарийвчлалтай баримтжуулалт хийлээ.
Ийнхүү “Алтайн археологи” төслийн баг Монгол Алтайн нурууны мөнх цасан дор болон мөнх цэвдэг, агуй оромжид хадгалагдаж буй эртний соёлын баримтуудыг илрүүлэн судлах, аюул эрсдэлээс аврах, цуглуулсан баримтуудаа үндэслэн археологийн судалгааны олон талт асуултад хариулт олох зорилт дэвшүүлэн тодорхой үр дүнд хүрсээр байна.
Байршил: 46.889203, 91.457961