MAPSS” төсөл ба археологийн судалгаанд хиймэл оюун ухаан, сансрын технологийн дэвшил ашиглах боломж
Ж.Баярсайхан, М. Фишер
Орчин үеийн технологийн дэвшил нь шинжлэх ухааны салбар бүрд эерэг үр дүн авчирч, илүү бага өртөг, хүний нөөцөөр томоохон үр дүнд хүрэх боломж олгож байна. Монгол улсын хувьд өргөн уудам нутаг, хүн амын таруу суурьшил, соёлын өвийн салбарт зарцуулж буй улсын төсөв, хүний нөөцийн дутагдал зэрэг олон шалтгааны улмаас түүх, соёлын өвийг бүрэн дүүрэн бүртгэн баримтжуулах үйл явц удааширч, тэдгээрийн хадгалалт хамгаалалт, ашиглалт, хяналт зэрэг үйл ажиллагаа хэвийн явагдах боломжийг хязгаарласаар байна. Нөгөө талаас соёлын өвийг устгах, сүйтгэх, тонох үйл явц сүүлийн 30 гаруй жил эрчимтэй үргэлжилж байгаа боловч түүнийг зогсоох, хязгаарлах, хууль эрхзүйн болоод ёс зүй, боловсролын тогтолцоо хангалттай ажиллахгүй өдийг хүрлээ. Хууль эрхзүйн заалтыг хэрэгжүүлэх, соёлын өвийн дурсгалуудад засгийн газрын хяналтыг тогтоож, шат дараалалтай бодлого боловсруулахад юуны түрүүнд тэдгээрийг бүрэн дүүрэн баримтжуулан бүртгэх ажил хамгийн чухал ач холбогдолтой. Монгол улс бүртгэлтэй соёлын үл хөдлөх өвүүдээ дөрвөн жил тутамд нэг удаа тоолдог боловч энэ үйл ажиллагааны цар хүрээ нь бусад дурсгалуудыг шинээр олж, бүртгэн баримтжуулахаас илүү улсын бүртгэлд нэгэнт бүртгэгдсэн дурсгалуудын нөхцөл байдалд мониторинг хийхэд чиглэсэн байдаг. Үүний зэрэгцээ жил бүр үндэсний болон олон улсын хамтарсан багууд археологийн судалгаа хийдэг боловч тодорхой малтлага судалгаанд голдуу төвлөрөхөөс бус цаг хугацаа, хөрөнгө шаардсан өргөн хэмжээний бүртгэл судалгаанд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Энэ бүгд нь Монгол улс археологийн дурсгалуудаа бүрэн хэмжээгээр бүртгэн баримтжуулах боломж тун хязгаарлагдмал болохыг харуулдаг. Мэдээж бүртгэл мэдээлэлгүй дурсгал хяналтгүй, хяналтгүй дурсгалууд тоногдож сүйтгэгдэх өндөр эрсдэлтэй. Хэрэв тоногдож сүйтгэгдсэн тохиолдолд хууль, эрх зүйн хариуцлага хүлээлгэхэд тодорхой бэрхшээл тулгардаг нь олон жилийн туршлагаар батлагдаж байна. Үүнээс үзэхэд өдөр өдрөөр эрсдэлд орж буй түүх, соёлын дурсгалуудаа бүртгэн баримтжуулж, үнэ цэнийг нь тодорхойлох нь манай улсын соёл, шинжлэх ухааны салбарын маш чухал тулгамдсан асуудлын нэг юм.
Миний бие 2017 онд Дархадын хотгорын бүс нутагт судалгаа хийж байхдаа Хориг хэмээх ууланд Монголын эзэнт гүрний үеийн язгууртнуудын маш чухал дурсгалыг тонуулчид тонон сүйтгэсэн байсныг нутгийн хүнээс санамсаргүй олж мэдсэн бөгөөд 2018-2020 оны хооронд авран хамгаалах судалгаа хийж, түүх, соёлын хосгүй гайхамшигт олдворуудыг илрүүлж, монголын соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулсан билээ. Харамсалтай нь энэхүү дурсгалт газар Монголын улсын соёлын өвд ямар ч бүртгэлгүй байсан юм. Энэ үйл явдал бидэнд эргэж хэзээ ч нөхөн сэргээх боломжгүй түүх, соёлын асар их дурсгал ийнхүү тонуулчдын гарт хараа хяналтгүй сүйтгэгдэж буйг тодорхой ойлгуулсан төдийгүй үүний эсрэг цаг алдалгүй тодорхой шат дараалалтай үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай мэдрүүлсэн билээ. Тиймээс хамтран ажилладаг гадаадын судлаачдын хамт монгол улсын нутагт буй түүх соёлын дурсгалуудыг уламжлалт болон орчин үеийн технологийн дэвшилтэт арга зүйгээр нээн олох, бүртгэн баримтжуулах, мэдээллийн сан бий болгох зорилготой “MAPSS" төслийн санал боловсруулж, Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын “ARCADIA” олон улсын хүмүүнлэгийн сангаас санхүүжилт хүссэн болно. Уг төслийг ARCADIA сан дэмжих шийд гаргаснаар 2021 оноос ХБНГУ-ын Макс Планкийн Гео-антропологийн хүрээлэнд олон улсын судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг төслийн ажлыг гүйцэтгэж эхэлсэн билээ. Төслийн ахлагчаар ХБНГУ-ын Макс Планкийн Гео-антропологийн хүрээлэнгийн профессор Николь Бойвин (Nicole Boivin), дэд ахлагчаар Австралийн Брисбэн хотын Гриффитийн их сургуулийн Хүний хувьслын Австралийн судалгааны төвийн захирал, профессор Майкл Петраглиа (Michael Petraglia) багийн ахлагч, мэдээллийн сангийн менежерээр доктор Майкл Фишер, төслийн археологийн зохицуулагчаар доктор Ж.Баярсайхан, мэдээллийн шинжээчээр Ж.Мина, Ю. Довыдас нар тус тус ажиллаж байна.
Уг төсөл нь 2025 оны дуустал хэрэгжих бөгөөд энэ хугацаанд Монголын археологийн дурсгалуудын мэдээллийн нэгдсэн сан бий болгох, судалгааг гүнзгийрүүлэх, аюул, эрсдэлд өртөж байгаа болон болзошгүй дурсгалуудад эрсдэлийн үнэлгээ хийх, улмаар үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын бодлого боловсруулахад суурь мэдээллийн сан бэлтгэхийг зорин ажиллаж байна. Уг судалгааны баг нь ийнхүү мэдээлэл цуглуулахдаа юуны түрүүнд орчин үеийн техник технологийн ололтод тулгуурлан сансрын нарийвчлал өндөртэй зургуудыг янз бүрийн эх үүсвэрээс олж, Монгол улсын нутаг дахь археологийн дурсгалуудыг агаараас тандах хайгуулаар бүртгэн баримтжуулах, “machine learning” буюу компьютерын алгоритм боловсруулах замаар тусгай туршлага, өгөгдлийг ашиглан автоматаар мэдээлэл цуглуулах, сансраас тандан судлах, дроны зураглал баримтжуулалт боловсруулах, газар дээр нь бататгах хайгуул хийх арга зүй болон өмнө нь хуримтлагдсан, хэвлэн нийтлэгдсэн, судалгаагаар бүртгэгдсэн мэдээллүүдийг нэгтгэн боловсруулсаар байна.
Өнөөгийн байдлаар 150 мянга орчим нэгж археологийн дурсгалыг зайнаас тандан олж, холбогдох анхан шатны мэдээллийн хамт газар зүйн мэдээллийн системд оруулаад байна. Мөн нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор 100 км орчим хавтгай дөрвөлжин газар нутагт агаарын өндөр нарийвчлалтай газрын зураг үйлдэж, археологийн дурсгалуудыг нь бүртгэн баримтжуулжээ.
2024 онд судалгааны төслийн баг Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Хайрхандулаан сумдын нутаг Хэцүү тээг уул, Тогоо хайрхан уул, Бага дөрөлж, Тахилгат уулын орчимд 18.3 хавтгай дөрвөлжин газар нутагт явган хайгуул хийж, нийт 401 нэгж түүх соёлын дурсгал бүртгэн баримтжууллаа. Үүнд хадны зураг бүхий хавтан 320, Хүрлийн үеэс Монголын эзэнт гүрний үед хамаарах булш болон тахилга ёслолын дурсгал 67, Хүрлийн үеэс Манжийн үе хүртэлх хүний ул мөр бүхий түүвэр олдвор бүхий өвөлжөө, хаваржаа, бууц суурин газар 14 тус тус багтана. Мөн Хэцүү тээг, Тогоо хайрхан, Их Дөрөлж, Бага Дөрөлж, Паалуу, Их Тахилгат, Бага Тахилгат зэрэг уулсыг хамарсан үндсэн 2 томоохон талбайд буюу нийт 27 км хавтгай дөрвөлжин газарт, дроны 26 цагийн нислэг, 9647 зургууд, 18136 цэгүүд авч, 805 дурсгалыг агаараас бүртгэн баримтжуулав. Судалгааны явцад Хэцүү тээг уулын зүүн энгэрт буй дугуй хүрээтэй хиргисүүрийн нэг тахилгын байгууламж, урд энгэр Элст хондын эртний бууц суурины газар жижиг сорилын малтлага тус тус хийж, дурсгалуудын он цагийн хүрээ, зан үйл, зориулалтыг тодруулах судалгааны эх хэрэглэгдэхүүн цуглууллаа.
Байршил: 45.340481, 102.760261