Ноён уулын хүннү булш
Евразийн өргөн уудам нутгаас Хүннү нарт холбогдох 15 мянга гаруй булш оршуулга илэрч мэдэгдээд байгаагийн дийлэнх буюу 13 мянга гаруй нь Монгол улсын нутагт байна. Эдгээрээс хамгийн алдартай нь Ноён уулын хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал юм.
Ноён уул нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумын заагт оршино. Уулын баруун талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт гэсэн 3 аманд нийт 300 орчим булш бий.
ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран “Ноён уулын булшны археологийн судалгаа” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлж, 4 язгууртны булшийг малтан шинжилсэн. Ноён уулын булшнууд нь хөрсний онцлогоос хамаарч оршуулгын хэсэгт байх модон байгууламжууд харьцангуй сайн хадгалагдсан байдаг ба хүн амьтны дүрсийг өнгийн утсаар хатгасан нэхмэл эдлэл, домгийн амьтдын дүрсийг зээглэн чимэглэсэн эсгий ширдэг, Грек-Ромын домгийн бурхдын дүрст хөөмөл мөнгөн эдлэл, хятад бичигтэй чий будагтай аяга, олон төрлийн алт, мөнгө, үнэт чулуун эдлэлүүд, хүрэл сав суулга, том шавар ваар зэрэг ховор содон олдворууд илэрч олджээ. Судлаачид олдвор эд өлгийн зүйлд хийсэн он цаг тогтоох судалгаагаар НТӨ I – НТ I зуунд хамаархыг тогтоосон байна.
Ноён уулын шинэ судалгааны үр дүнгээр тус хүрээлэнгээс тусгай үзэсгэлэн бэлтгэн 2021 оны 11-р сараас 2022 оны 9-р сар хүртэл Монголын Үндэсний музейд дэглэн тавьж нийтийн хүртээл болгосон