Шуа-ийн археологийн хүрээлэн, газарзүй, геоэкологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Г.Эрэгзэн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн нар 2025 оны 4-р сарын 4-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол нутагт тархсан эртний хот суурин, булш оршуулга, үйлдвэрлэлийн газруудад геофизикийн цахилгаан хайгуулын судалгааг хамтран хийж, цаашид гүнзгийрүүлэн судлах зорилготой.
Археологийн салбарт геофизикийн судалгааг урьд өмнө өргөн ашиглаж ирсэн бөгөөд ихэвчлэн гадаадын судлаачидтай хамтран гүйцэтгэж байсан юм. Орчин үед геофизикийн хэмжилтийн багаж, төхөөрөмж нь нарийвчлал өндөртэй, боловсруулалт, тайллын программ хангамж шинэ шатанд хүрсэн давуу талуудтай тул археологийн судалгаанд ашигласнаар хайгуул, малтлага судалгааны ажлыг үр дүнтэй болгох чухал ач холбогдолтой билээ.
Дээрх арга хэмжээнд Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Б.Одсүрэн, Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын эрхлэгч, доктор Л.Ишцэрэн нар тус тус оролцлоо.