Шуа-ийн археологийн хүрээлэн "монгол, байгал, өмнөд сибирь ба умард хятадын эртний соёлууд" олон улсын xiii эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа
Олон улсын болон салбар шинжлэх ухааны эрдэм шинжилгээ хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол, Байгал, Өмнөд Сибирь, Умард Хятад ба тэдгээртэй хөрш зэргэлдээх бүс нутгийн эртний соёлууд, түүх, археологи, угсаатны зүй, эртний газарзүй ба байгаль орчны судалгааны чиглэлээр шинэ мэдлэг, мэдээлэл солилцох зорилгоор Монгол, ОХУ, БНХАУ-ын 14 эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд хамтран «Монгол, Байгал, Өмнөд Сибирь ба Умард Хятадын эртний соёлууд» олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2 жил тутамд зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Анхны эрдэм шинжилгээний хурлыг 2010 оны 9 сард Улаан-Үд хотноо, 2 дахь хурлыг 2011 онд Эрхүү хотод, 3 дахь хурлыг 2012 оны 9 сард Улаанбаатар хотод, 4 дэх хурлыг 2013 оны 9 сард Чит хотод, 5 дахь хурлыг 2014 оны 9 сард Кызыл хотод, 6 дахь хурлыг 2015 оны 10 сард Хөх хотноо, 7 дахь хурлыг 2016 оны 10 сард Красноярск хотод, 8 дахь хурлыг 2017 оны 10 сард Чаньчунь хотод, 9 дэх хурлыг 2018 оны 9 сард Улан-Үд хотод, 10 дахь хурлыг 2019 оны 10 сард Бээжин хотод, 11 дэх хурлыг 2021 оны 9 сард Абакан хотод, 12 дахь хурлыг 2023 оны 9 сард Эрхүү хотноо зохион байгуулжээ. 13 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн хариуцаж 2025 оны 9 сарын 11-16-нд Улаанбаатар, Хархорум хотноо амжилттай зохион байгууллаа.
Хурал уламжлал ёсоор Төв, Зүүн, Хойд Азийн соёлын судалгааны чиглэлээр дараах салбараар хуралдав:
• Чулуун зэвсгийн үе
• Хүрэл, түрүү төмрийн үе
• Нүүдэлчдийн Эзэнт гүрнүүдийн үе
• Угсаатан ба соёлын гарал үүсэл
• Эртний газарзүй ба байгаль орчин
• Байгалийн шинжлэх ухааны арга зүйг археологийн судалгаанд ашиглах
Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд 13 орны 71 эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулийн 373 судлаачийн 171 итгэл 3 ботиор хэвлэгдэж, 130 илтгэлийг хурлаар хэлэлцэж, гадаадын 105 эрдэмтэн судлаачдыг өндөр төвшинд хүлээн авч шинжлэх ухааны ач холбогдол бүхий томоохон эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан Үндэсний музейн Их танхимд нээж, Хархорум хотноо үргэлжлүүлж, Орхоны хөндийн ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн дурсгалт газрууд болон Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурьтай танилцуулах аяллыг мөн зохион байгууллаа.
Хуралд оролцсон олон судлаачид сэтгэгдэл, талархалаа бидэнд ирүүлсээр байна.