Үндсэн агуулга руу

Мэдээ

“өв хамгаалагчид” олон нийтийн оролцоо ба боловсролын бодлого хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөв.

2025.06.04  |  МэдээfX⧉

ШУА-ийн Археологийн хүрээлэн, Их Британийн Ливерпүүлийн их сургууль, Номад сайнс ТББ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, олон нийтийн соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, ач холбогдлыг таниулах, соёлын өвөө хүндлэн дээдлэх, хайрлан хамгаалах, бахархалт үзэл санаа төлөвшүүлэх зорилгоор 2023 оноос “Өв хамгаалагчид” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Сүүлийн үед нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, олон нийтийн ёс суртахууны доройтол, соёлын өв мэдлэг, мэдээллийн хүртээмж зэрэг олон асуудлуудаас шалтгаалан түүх, соёлын олон төрлийн өв тоногдон сүйтгэгдэж, дахин хэзээ ч сэргээх боломжгүйгээр устсаар байна. Энэхүү гамшигт байдлыг яаралтай зогсоож, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг хангахад хүн бүрийн хүчин чармайлт, зөв хандлага зайлшгүй шаардлагатай юм.

Дээрх зорилгын хүрээнд төслийн баг 2023-2024 онд Улаанбаатар хот, Хөвсгөл, Архангай аймгийн 2000 орчим багш, сурагч, иргэдэд лекц уншиж, хүүхэд багачуудад үзүүлэн таниулах сургалт хийсэн бөгөөд лекц, сургалтад хамрагдсан хүн бүрд төслийн судлаачдын хамтран боловсруулсан “Өнгөрснөө ойлгож, Ирээдүйгээ хамгаалцгаая” гарын авлага, бусад дагалдах багцыг бэлэглэсэн. Бидний хүчин зүтгэлийн үр дүнд зорилтот бүс нутаг дахь хүүхэд залуус, иргэдийн соёлын өвийн талаарх ойлголт, хандлагад эерэг үр дүн гарч эхэлсэн бөгөөд цаашид энэхүү санаачилгаа улам өргөжүүлэхээр чармайж байна.

Бидний санаачлан хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Монгол улсын Засгийн газраас түүх, соёлын өв, үндэсний онцлогийг тусгасан нийгмийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн өргөн хүрээтэй зорилтуудад тодорхой хувь нэмэр оруулж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Энэ удаа бид 2025 оны 6 дугаар сарын 1-нд болох “Эх, үрсийн баярын өдөр”-ийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд соёлын өвийн мэдлэг, мэдээлэл түгээх “Өв хамгаалагчид” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, 6 дугаар сарын 2-нд Чингис хаан үндэсний музейд “Өв хамгаалагчид” хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Н.Бэгз, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн, Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Л.Лхагвасүрэн, Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, Унгар улсын элчин сайд, доктор Борбала Обрушански, Ливерпүүлийн Их сургуулийн профессор Петер Хоммел, Номад Сайнс ТББ захирал, доктор Жулиа Кларк, Чингис хааны үндэсний музейн менежер, доктор Д.Эрдмаа болон МУИС, МУБИС, Соёлын өвийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Монголын үндэсний музей, Мэдлэ цахим сургууль, Монголын өв соёл, хүүхэд хөгжлийн төв ТББ-ын төлөөлөл болох эрдэмтэн багш, судлаачид оролцов.

Энэхүү хэлэлцүүлэг нь “Өв хамгаалагчид” төслийн олон нийтийн оролцоо, боловсролын хөтөлбөрийг өргөжүүлэх ажлын нэг хэсэг бөгөөд үүгээр дамжуулан бид Монгол улсын бүх шатны боловсролын хөтөлбөр, ялангуяа Ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн хичээлийн хөтөлбөрт соёлын өвийн суурь мэдлэг олгох тодорхой хөтөлбөр оруулах боломжийг эрэлхийлж буй болно.

Бид 2023-2024 онд Монгол улсын хот, хөдөөгийн сургуулиудад ажилладаг нийт 342 багш нарын дунд судалгаа явуулсан. Тус судалгааны үр дүнд багш нарын олонх нь (70%+) соёлын өвөө үндэсний онцлогийг тодорхойлогч чухал үнэт зүйл гэсэн хариулт өгсөн бол 30-аас доош насны оролцогчид соёлын өвийн ач холбогдлыг дутуу үнэлэх хандлагатай байгаа нь харагдсан. Мөн багш нар соёлын өвийн боловсролын цар хүрээ хязгаарлагдмал байгаад санаа зовж, сурагчдад соёлын өвийн үнэ цэн, ач холбогдлыг сайтар ойлгуулах, түүхэн дурсгалт газар, соёлын өвийг биеэр үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх хичээл, сургалт шаардлагатай байгааг онцолсон. Судалгаанд оролцогчдын 74% нь сургалтын хөтөлбөрт соёлын өвийг хамгаалах, хадгалах сэдэв агуулгыг илүү хялбар байдлаар тусгах өөрчлөлтийг дэмжсэн байр суурьтай байна. Энэхүү судалгаа болон манай төслийн багийн Хөвсгөл болон бусад бүс нутгийн сургуулиудад соёлын өвийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлага нь манай энэхүү хэлэлцүүлгийн суурь болох боловч соёлын өвийн боловсрол, салбарын бодлогын олон талын оролцогч талууд, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, хамтран хэлэлцэх нь чухал гэж үзэж байгаа болно.

Уг төслийг ХБНГУ-ын “Герда Хенкел”, Английн Олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааны сан (ISPF), Судалгаа, инновацын агентлаг (UKRI), Албан ёсны хөгжлийн туслалцаа (ODA) зэрэг гадаадын хүмүүнлэгийн сангууд ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.

Бидний урилгыг хүлээн авч, эх орныхоо соёлын өвийг хадгалан хамгаалах, сурталчлан таниулах, энэ чиглэлийн мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх зорилгод нэгдэж, бидэнд өөрийн үнэт саналаа хуваалцсан эрдэмтэн багш нар, эрхэм судлаачид та бүхэнд “Өв хамгаалагчид” төслийн багийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.