Монгол, Солонгосын соёлын өвийн судалгаа, шинжилгээ” төсөл
Г.Эрэгзэн , С.Энхболд
Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, БНСУ-ын Төвийн бүсийн Соёлын өвийн судалгааны хүрээлэн зэрэг 5 байгууллага хамтран “Монгол, Солонгосын соёлын өвийн судалгаа, шинжилгээ” төслийг 2016 оноос эхлэн 8 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. 2024 онд төслийн хээрийн шинжилгээний анги Дархан уул аймгийн Хонгор сумын нутаг, Цагаан овоотын дурсгалт газар малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.
Уг дурсгалт газрыг 2020 онд тус хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын судлаачид нутгийн иргэн Н.Баасанжаваар заалган үзэж, бүртгэн баримтжуулсан.
Цагаан овоотын дурсгалт газар Хүрлийн үеийн хиргисүүр, шоргоолжин булш, монгол булш гээд нийт 21 тооны дурсгал оршино. Судалгааны анги хүрлийн үед холбогдох шоргоолжин булш 6, хүрээгүй хиргисүүр 1, монголын үеийн булш 1-ийг тус тус малтан судалсан.
Дурсгалт газар орших шоргоолжин булшнуудын дийлэнх нь уртрагийн дагуу байрлалтай байдгаараа бусад булшнаас онцлог байлаа. Шоргоолжин булшны дийлэнхэд хүнээ түрүүлгэ нь харуулж оршуулдаг бол дээрх 6 булшны оршуулгаас хүний яснууд бүгд дээш тэнэгэр байдалтай илэрсэн. Олдвор, эд хэрэглэгдэхүүний хувьд дөрөө хэлбэрийн алтан ээмэг, ороомог хэлбэрийн алтан чимэг зэрэг онц сонирхолтой олдворууд илэрсэн нь монголд малтан судалсан шоргоолжин булшнуудаас урьд өмнө нь илэрч байгаагүй гэдгээрээ ихээхэн онцлогтой.
Түүнчлэн TsO.Gr-02 дугаартай (Шоргоолжин булш) хүүхдийн оршуулгаас цагаан өнгийн сувсыг хэлхэж дунд нь хув сувсаар чимсэн хүзүүний зүүлт иж бүрнээрээ илэрсэн.
Энэ мэтчилэн 2024 оны “Монгол, Солонгосын соёлын өвийн судалгаа, шинжилгээ” төслийн археологийн малтлага судалгааны ажил цаашид олон сайхан үр дүн гарахуйц онц сонирхолтой судалгаа боллоо. Одоогийн байдлаар дараагийн түвшний судалгаа болох олдворын харьцуулсан судалгаа, Палеоантропологи, Зооархеологи, он цаг тогтоох C14 зэрэг лабораторийн судалгааны ажил үргэлжилж байна.
Байршил: 49.510694, 106.479917