Үндсэн агуулга руу

Судалгаа

Неолитын оршин суугчид

2025.03.25  |  СудалгааfX⧉

Т.Түвшинжаргал, Д.Содномжамц, Н.Батболд

Энэхүү малтлага судалгааны зорилго нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баян цогтын булан, Дорнод аймгийн Булган сумын Нарийны голд неолитын үед холбогдож болзошгүй хэмээн таамагласан зарим дурсгалыг малтах судлах байв. Судалгааны баг 2024 оны 6-р сарын 23-наас 7-р сарын 1 хүртэлх 10 хоногийн хугацаанд ажилласан болно.

Баянцогтын булан: Хэрлэн голын мөргөцөг дээр байрлах, газрын хөрснөөс үл мэдэг цухуйх намхан чулуун дараастай 1 булш малтан судлав. Булшны өнгөн хөрсний цэвэрлэгээний дараа дараас дундаас дөрвөлжин хүрээ мэдэгдэж, улмаар зүүн хэсгээс  зүүн зүгт хошууг нь хандуулан тавьсан 2 үхэр, 3 бог малын толгойн ясны үлдэгдэл илрэв. Малтлагыг цааш үргэлжлүүлэхэд булшны төв хэсгийн80 см гүнээс тоногдож, сүйтгэгдээгүй бүтэн оршуулга илэрсэн болно. Хүний толгойн баруун хажууд хонины дал, баруун гарын хажууд ясан зэв 2, дундаа нүхтэй дөрвөлжин ясан эдлэл 1 зэргийг дагалдуулан тавьсан бөгөөд бүсэлхий хэсгээс жижиг хүрэл товруу 16, том хүрэл товруу 1 олдсон. Тус булш нь бидний таамагласан неолитын оршуулга биш болох нь малтлагын эхэн үед дараас дундаас дөрвөлжин хүрээ бүхий өрлөг, зүүн зүгт хандуулан тавьсан малын яс зэрэг илэрснээр тодорхой болсон юм. Хэдий тийм ч энэхүү малтлага судалгааны үнэ цэнэ, эрдэм шинжилгээний ач холбогдол огт буурахгүй бөгөөд Баянцогтын булан орчим байх хавтгай чулуун дараастай булшнуудын холбогдох он цагийг тодорхойлсон чухал малтлага судалгаа боллоо хэмээн үзэж байна. Уг олон малын толгой, шийр дагалдуулдаг булш нь Монгол болон хил залгаа бүс нутагт цөөвтөр малтан судлагдсан ч маш өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан хожуу хүрлийн үед холбогдох дурсгал болох нь тогтоогдоод байгаа. Мөн зарим судлаачид ийм хэлбэрийн булшийг дөрвөлжин булшны нэг хэлбэр ч гэж үзэх нь бий. Үүнээс гадна судлаачдын өмнө ихэвчлэн товч хэмээн тодорхойлдог хүрэл эдлэл нь бүсний товруу болохыг бидний малтан судалсан булшны анхны байрлалаасаа хөдлөөгүй олдвороос тодорхой харж болохоор байна.

Нарийны гол: Хэрлэн голын салаа, Нарийны голын Улаан эрэг гэх газарт голын эргээс оршуулга цухуйсан байсныг нутгийн нэгэн иргэн малаа хариулж явахдаа үзсэн талаар мэдээлсэн билээ. Биднийг очиход голын эргээс хүний дал (зүүн), хавирга, бугалганы ясны толгой зэрэг цухуйсан ба газрын дээд хөрсөн дээр ямар нэгэн чулуун дараас байхгүй байв. Бид хөрсний ялгарал болон эргээс цухуйсан хүний ясаар баримжаалан булшны нүхийг тодорхойлон малтлага судалгаа хийв. Малтлага хийхэд нүхийг чигжсэн ямар нэгэн чулуу илэрч олдоогүй болно. Харин нүхний шороо байгалийн хатуу хөрснөөс тодорхой ялгарч мэдэгдэж байв. Малтлагын гүн 1 м орчим үргэлжлэхэд тэнэгэр байдлаар дээш харуулан тавьж, толгойг баруун хойд зүг хандуулсан оршуулга илэрсэн. Хүний цээжин хэсэгт тавьсан маш жижиг төмрийн зэвэрсэн хэлтэрхийнээс өөр ямар нэгэн эд өлгийн зүйл илэрч олдоогүй. Харин хүний ясыг авсны дараа нурууны дороос бог малын нурууны нугалам яс 2 ширхэг илрэв.

Тус булшинд бог малын нуруу, шагай чөмөг дагалдуулсан байгаа нь дундад зууны үеийн монгол булш болохыг илэрхийлнэ. Харин ямар учраас голын эрэг дээр ийнхүү оршуулга үйлдэх болсон нь сонирхолтой бөгөөд монголчуудын уулын энгэрт газар сонгож хүнээ оршуулдаг зан үйлээс эрс өөр байгаа юм.

Байршил: 46.977833, 110.020444