Археологийн олдворт тулгуурласан хүннү ба хангийн харилцаа, хүннүгийн нийгмийг тодруулах нь” төсөл
Л.Ишцэрэн, И.Отани
“Археологийн олдворт тулгуурласан Хүннү ба Хангийн харилцаа, хүннүгийн нийгмийг тодруулах нь” төсөл 2024 онд төслийн эрдэм шинжилгээний төлөвлөгөөний дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Энхийн талд орших Хандгайтын сууринд археологийн малтлага судалгааны ажлыг гүйцэтгэв. Энэ жилийн малтлага судалгааг өмнөх жил хийсэн 1-р сууцны үлдэгдлийг малтаж гүйцээх, шороон хэрмийн гадна талын сувгийн өргөнийг тодорхойлох, шороон хэрмийн хойд ханын дагууд байх хаалга хэмээн урьдчилсан байдлаар үзэж буй хэсэгт сорилын малтлага хийх, хайгуул судалгааг хийлээ.
“Хүннүгийн төр, нийгмийн зохион байгуулалт ба Хангийн харилцааг археологийн олдвор хэрэглэгдэхүүн дээр тодруулах нь” хамтарсан төсөл 2020 оноос. ШУА-ийн Археологийн сан хөмрөгт хадгалагдаж буй олдвор хэрэглэгдэхүүний сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтаас эхэлсэн бол өнгөрсөн жил буюу 2022 оноос хээрийн судалгааны ажлыг эхлүүлэн хийсэн билээ. Тодруулбал, 2020 онд Архангай аймгийн Хайрхан сумын Гол модны дурсгал болон Дорноговь аймгийн Чандмань хар уулын дурсгалаас илэрсэн чий будагтай аяганд судалгаан хийн сэргээн засварлан сан хөмрөгт хүлээлгэн өгсөн билээ.
Уг хамтарсан төслийн багийнхан гол зорилго бол эртний нүүдэлчдийн төрт улсын нийгэм, эдийн засгийн зохион байгуулалтыг археологийн хэрэглэгдэхүүнээр тодруулах явдал юм.
Энэхүү зорилгын хүрээнд Монголын газар зүйн хувьд ялгамжтай бүс нутгуудад үе шаттайгаар археологийн хайгуул судалгаа хийж, эртний нүүдэлчдийн бууц суурин, булш оршуулга, хөшөө дурсгалыг шинээр илрүүлэн олж мэдээллийн санг бүрдүүлэх, шинжлэх ухааны эргэлтэд оруулж, олон талт нягт судалгааг гүйцэтгэдэг билээ.
Монгол-Японы хамтарсан “Археологийн олдворт тулгуурлан Хүннү ба Хангийн харилцаа, Хүннүгийн нийгмийг тодруулах нь” төсөл нь 2020 оноос хойш археологийн дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, малтлага судалгаа хийх ажлыг гүйцэтгэж улмаар Монголын умард бүс нутаг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Улаанбулагт буй Хүннүгий жирийн иргэдийн оршуулгын газарт малтлага судалгаа хийж байна. Энэ нь одоогийн байдлаар археологийн судалгааны эх хэрэглэгдэхүүнд хамгийн эрт он цаг гарсан Иволгын дурсгалтай ойр байх дурсгалт газраас магад эртний хүннүгийн үеийн булш илрүүлэн малтах, малтлагаар Хангийн гаралтай олдвор хэрэглэгдэхүүн илрүүлэх зорилгыг тавин ажилласан болно. Ийн ажиллахдаа Улаан булаг дурсгалт газарт Хүннүгийн жирийн иргэдийн 3 булшны малтлага судалгаа хийсэн байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт нэгэн эртний балгасын туурь байгаа тухай мэдээг анх 2021 онд Археологич Б.Буян-Орших ШУА-ийн Археологийн хүрээлэнд мэдэгдсэний дараа тус хүрээлэнгийн судалгааны бэсрэг анги очиж танилцаад он цаг тогтоох дээж авч холбогдох он цагийн талаарх таамаг хийсэн байдаг. Япон улсад хийлгэсэн уг дээжийн хариу судлаачдын төсөөлж байснаас эрт цагт гарсан тул дурсгалыг малтан судлах үндэслэл болсон юм. Мөн 2022 онд дээрх судалгааны ангийн үндсэн бүрэлдэхүүн багтсан Монгол-Японы хамтарсан археологийн хээрийн шинжилгээний анги сууринаас төдий л холгүй орших Улаан булаг хэмээх газарт буй хүннүгийн оршуулгын газарт малтлага судалгаа явуулсан байдаг.
Хандгайтын суурингийн малтлага
1-р талбайн малтлага: Уг талбайн судалгаа бол үндсэндээ өнгөрсөн жил эхлүүлээд дуусгаж амжаагүй 1-р сууцыг үргэлжлүүлэн малтсан ажил байв. Гэхдээ малтлагыг зөвхөн төв хэсэгт буюу А1, А2, В1, В2 гэсэн дугаартай тус бүр 5 х 5 м хэмжээтэй 4 талбайд хийж байна. Өөрөөр хэлбэл сууцны гадна болон орчны хэсгийн малтлага дууссан гэж үзээд дотор талд ажиллаж тодорхойгүй зүйлүүдээс мэдээлэл авах зорилготой гэж хэлж болно. Малтлагыг өнгөрсөн жилийн малтлагын түвшинд хүртэл цэвэрлэж гаргаад нийт талбайгаар нь 5-10 см малтаж цөөнгүй олдвор хэрэглэгдэхүүн илрүүлээд байлаа. Мөн хэвтээ босоо тэнхлэгийн дагуух сорилын малтлагын зарим хэсэгт үргэлжлүүлэн доош малтаад нэгэнт байгалийн гэмээр хөрсөнд хүргэжээ. Түүнчлэн зуухны арын хүхээг хэсгийн шавар шороог зайлуулж ханзны чулууг гаргасны зэрэгцээ нийт ханзны босоо хавтгай чулууны ёроол хэсгийг цэвэрлэж гаргаад яндан хэсэг буюу төгсгөлд шавар савны хагархай мэт зүйлээр яндангийн өрлөгийг хийж байсан болов уу гэмээр зохион байгуулалт харагдана.
А2 талбай буюу сууцны баруун урд хэсэг. Энд сууцны сууцны талаар 90 см орчим өргөн хэмжээтэй хана маягийн хөрс мэдэгдэж байгаа булангаар эргэх үеэс урд хана гэхээр зүйл огт мэдэгдэхгүй тэр чигтээ шар саарал шавар байдаг. Нөгөө талаар энэ талбайн баруун захад босоо тэнхлэгийн дагуулан өмнө жил малтсан 50 см өргөн сорилын сувгаар одоо байгаа малтлагын түвшнээс даруй 25 см орчим гүнд ахуйн хэрэглээний шавар сав суулганы хагархайнууд илэрсэн тул энэ түвшинд хүртэл нь талбайг малтах зорилт тавьж ажиллаа. Ингээд сууцны дотор 15 см гүн жигдлэн малтахад урд захаас үйрмэг ясны хамт шавар савны хагархай, түүний зүүн талд 92 см зайд 42 х 35 см талбайд тарсан хөх саарал өнгийн шавар сав хажуу бөөрөөрөө унасан хагархайнууд илэрлээ.
А1 талбай нь сууцны баруун урд хэсэг юм. Уг талбайд халаалтын ханзны төгсгөл, яндангийн хэсэг таарч байгаа тул ханзнаас зүүн тийш буй үүдний хэсэгт А2 талбайтай хамт малтлага хийж эхэллээ. Талбайд сууцны өмнөд ханын баруун хэсэг гарч боломжтой тул хэд хэдэн удаа маш бага гүнээр хусаж цэвэрлэсэн боловч тийм хана байсан гэмээр хөрс мэдэгдэхгүй байна. Тиймээс А2 талбайн өмнөд хэсэгтэй дүйцүүлэн тэгшилж сууцны дотор гэж үзсэн талбайдаа 15 см гүн малтлаа. Чингэхэд цөөн хэдэн шавар савны хагархай илэрлээ.
Баримтжуулалт дууссаны дараа А1, А2 талбайн дунд байсан босоо тэнхлэгийн хамар даланг авч жигд 10 см орчим малтлаа. Яг энэ үеэр бороо тасралтгүй орсон тул шавар хөрс нь малтлага цэвэрлэгээнд үлэмж саад учруулсан юм. Ингээд үндсэндээ сорилын малтлагын түвшинд хүргэж шавар шалбаагийг авахад сууцны шалд хүрсэн байв. Шал дээр шавар савны хагархай их тархжээ. Ялангуяа төв хэсэгт 200 х 150 см хэмжээтэй зайд бөөнөөр хэвтэнэ. Сууцны баруун урд хэсэгт шал хананы заагт буюу А2 талбайгаас тээрмийн чулууны дээд хэсэг бүтнээрээ олдсон бол тун удалгүй А1 талбайгаас нөгөө тал буюу дээд хэсэг нь бүтнээрээ олдлоо. А1 талбайд илэрсэн тээрмийн чулуунаас хойш 60 см зайд мөн шалан дээрээс шавар савны хагархайг засаж хийсэн 1 ш ээрүүлийн бүтэн дугуй олдлоо. Мөн босоо хэвтээ тэнхлэгийн огтлолцсон хэсэг буюу сууцны төв хэсгээс шалан дээрээс 1 ш хүний 1 ш шүд олдоо. Шавар савны хагархай, чулуун судлал, мал амьтны яс зэрэг олдворуудаас гадна хөрс хар сааралдуу өнгөтэй, хатуу, тэгшхэн гадаргуутай юм. Олдвор хэрэглэгдэхүүнээс гадна сууцны гадуурх хана, үүдний хэсэг огт мэдэгдсэнгүй.
В1, В2 талбай бол сууцны хойд талд таарч байгаа. Тиймээс сууцны өмнө талын малтлагатай ижил хэвтээ босоо тэнхлэгийг дагуулан малтсан сорилын талбайн гүнд хүртэл малтаж цэвэрлэлээ. Шалны орчмоос их хэмжээний шавар савны хагархай илэрсэн. Гэхдээ өөр нэг сонирхолтой зохион байгуулалт нь В2 талбайгаас зуухны амнаас урагш 13 см зайд 68 см голчтой хар өнгийн толбо мэдэгдсэнийг шалгаж үзэхэд 61 х 72 см хэмжээтэй зууван хэлбэртэй бол өөрчлөгдөөд 41 см гүн үргэлжлээд байгалийн хатуу шар хөрсөнд хүрээд зогсов. Нүхнээс нэлээд хэдэн шавар савны хагархай олсон. Харин түүнээс зүүн тийш 1.6 м зайд 37 см өөр нэг нүх илэрснийг малтаж үзэхэд 42 см гүн үргэлжлээд байгалийн хатуу хөрсөнд хүрлээ. Нүхнээс өмнөх олдворуудын адил цөөвтөр шавар савны хагархай илэрсэн. Энэ 2 нүх чухам ямар үүрэг зориулалттай болох талаар шууд хэлэх боломжгүй байна. Урдчилсан байдлаар баганы нүх байх магадлалтай хэмээн үзлээ. Мөн сууцны шалнаас 3 ш дунд зэргийн хэмжээтэй нимгэн хавтгай чулуу гарсан. Тэдгээр нь сууцны модон тулгуурын ивүүр юм уу халаалтын ханзны чулуунаас унасан уу гэдэг нь мэдэгдсэнгүй. Сууцны гүн хойд талд өнгөн хөрснөөс доош 72 см, баруун хэсгээр 80 см, зүүн хэсгээр 81 см, өмнөд хэсгээр 77 см байна. Харин халаалтын ханзны чулуун өрлөгөөс доош 115-130 см гүн байгаа юм. Сууцны дотор зай 7 х 8 м хэмжээтэй аж.
2-р талбайн малтлага: Бид өнгөрсөн жил малтсан 1-р сууцны баруун талд 12 м урт, 1 м өргөн сорилын суваг малтсан. Уг малтлага дөрвөлжин хэрмийн бүтцийг үзэх зорилготой байсан юм. Гэтэл хэрэм дээр нэгэн нүх мэт зохион байгуулалт илэрсэн юм. Уг нүхний үүрэг зориулалтыг тодруулж чадаагүй тул сорилын сувгийн ард залгуулан 5 х 5 м хэмжээтэй 4 талбайг шинээр нээж суваг хэрмийн байдлыг дахин нягтлах зорилготой малтлага хийлээ. Гэвч дээрх 4 талбайд өнгөн хөрснөөс доош 15 см гүн нийтэд нь цэвэрлэж үзэхэд гарцаагүй хэрэм болон шуудуу байгааг харж бататган мэдэж авсан юм. Өнгөрсөн жил малтаж нүх мэт зохион байгуулалт гаргаж авсан талбайн хойд талд залгуулан 250 х 200 см дөрвөлжин талбай татаж түүнийхээ дундуур босоо хэвтээ тэнхлэгийн дагуу 20 см өргөн зүсэлтийн далан үлдээлээ. Уг талбайг малтахад нүх мэт байгууламжийн үлдэгдэл 100 см гүн үргэлжлэв. Тиймээс өмнөх жилийн малтлагаар нүх гэж тодорхойлсон зүйл бол хэрэм дээгүүр 80 см орчим өргөн, 100 см гүн хэмжээгээр давхар суваг байгаа бололтой. Уг сувгийн үүрэг зориулалт тодорхойгүй.
3-р талбайн малтлага: Хэрмийн хойд хана дагууд баруун хойд булангаас зүүн тийш 80 орчим метр зайд төв хэсэгтээ бага зэрэг овгор, цөөн хэдэн чулуу өнгөн хөрснөөс цухуйж харагдана. Түүнийг хаалга үүдний зохион байгуулалт юм уу? өөр зүйл үү? гэдгийг мэдэх зорилгоор малтлага хийхээр төлөвлөв. Дээрх овгор хэсэгт 5 х 5 м хэмжээтэй зүүнээс баруун тийш 4, өмнөөс хойш 3 нийт 12 талбайг өмнө талаас нь эхлэн А1-А4, В1-В-4, С1-С4 хэмээн дугаарлаж, талбай бүрий өмнө, баруун захад 50 см өргөн зүсэлтийн далан үлдээж өнгөн хөрсийг 10 см орчим гүн малтав. Өнгөн хөрсийг цэвэрлэсний дараа талбайн баруун захаар буюу В1 талбайн баруун хойд булан, С1 талбайн баруун урд буланд 120х200 см хэмжээтэй бөөн байдалтай чулуу илрэв. Гэвч тэдгээр нь бүгд сул. Хамгийн том хэмжээтэй чулуу нь 30х16х13 хэмжээтэй. Гэвч эдгээр чулууг булшны дараас ч гэж хэлэхэд хэцүү хэрэм дээрх хаалга үүдний зохион байгуулалтаас үлдсэн ч гэж хэлэх хэцүү байна. Мөн сонгож авсан талбайн төв хэсэгт буюу С2, В2, В3 хэсэгт чулуунууд үзэгдэж эхэлсэн. Талбайн хөрс шаварлаг шар болон зөөлөн бор өнгөтэй. Тиймээс энэ чулууны байршлаас харахад халаалтын ханз биш биз гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна. Тиймээс чулууны чиглэлийг дагуулан сорилын малтлага хийх нь зүйтэй хэмээн үзлээ.
Сорилын сувгийг А3, В3, С3 хэсгийн баруун ханыг дагуулан босоо тэнхлэгийн дагуу 50 см өргөн хэмжээтэй, В1, В2, В3 хэсгийн өмнөд ханыг дагуулан баруунаас зүүн тийш хэвтээ тэнхлэгийн дагуу 50 см өргөн хэмжээтэй тус бүр 2 малтлага төлөвлөн эхлүүлэв. Сорилын сувгийн малтлагыг 20 см гүнээр жигдлэн үелж малтлаа. В2 хэсгийн дунд хэсэгт явж байсан сорилын малтлагаар өнгөн хөрснөөс 18 см гүнээс 46 см өргөн босоо болон хэвтээ байдалтай чулуунууд илэрсэн нь халаалтын ханзны хашлаганы хэсэг бололтой. Харин босоо тэнхлэгийн дагуу малтсан сорилын сувгаас ямар нэгэн зохион байгуулалт харагдсангүй. Тиймээс дээрх чулуун байгууламжийн зарим хэсгийг тодруулж баталгаажуулах зорилгоор В2, В3 талбайн хойд ханыг дагуулан 50 см өргөн сорилын суваг малтлаа. Чингэхэд өнгөн хөрснөөс доош 17 см гүнд В2 хэсгийн зүүн хойд булан, В3 хэсгийн төв хэсгээс 330 см урт хэмжээтэй чулуунууд замбараагүй байдалтай илэрсэн. Иймээс А2, В2, В3 хэсгийн талбайг дамнасан Г хэлбэрийн зохион байгуулалттай 530 х 580 см хэмжээтэй эртний сууцны халаалтын ханз байна хэмээн тогтоолоо. Өөрөөр хэлбэл хойд хэрмийн төв хэсэгт буй хэрмийн бусад хэсгээс илэрхий өндөр хэсэг бол халаалтын ханзтай сууц байна хэмээн үзлээ.
Малтлага судалгааны явцад бид хайгуул судалгааны ажлыг хисэн юм. Хандгайтын сууринаас зүүн тийш 8 км зайд Хүдэр сум явдаг засмал замаас урагш 3 км зайд, засмал замын урв байх тарилангийн талбайн зүүн урд буланд зэрэгцээ 2 ширхэг хэрэмт байгууламж байгааг тогтоосон юм. Урьдчилсан байдлаар мөн хүннүгийн үед холбогдох боломжтой хэмээн үзэж байна. 1-р хэрэм 125 х 120 м хэмжээтэй шороон хэрэмтэй ба түүний дотор талд халаалтын ханз хэмээн үзэж болохоор “Г” хэлбэртэй чулуун өрлөг байгаа нь Хандгайт суурингийн хагас нүхэн сууцтай адил ажээ. Хайгуул хийх үед өвс их ургасан тул дурсгалыг бүтэн байдлаар тодорхойлох боломжгүй байлаа.
Тус дурсгалын зүүн хойд талд 90 орчим метр зайд 180 х 180 м хэмжээтэй тэгж өнцөгт шороон хэрэмтэй, хэрмийн зүүн болон хойд тал бараг мэдэгдэхгүй болсон хэрэм байна. Тухайн 2 дурсгал тариалангийн талбайн ойрхон айлын хашаа хорооны дэргэд байгаа тул яаралтай арга хэмжээ авч тухайн дурсгалыг хамгаалах шаардлагатай юм.
Дүгнэлт
Энэ жилийн малтлага судалгааны үр дүнд өмнөх жилийн малтлага судалгаашг үргэлжлүүлэн хагас нүхэн сууц 1 ширхэгийг малтаж дуусгав. Тус сууц нь халаалтын ханз бүхий хагас нүхэн сууц бөгөөд 7 х 8 метр хэмжээтэй ажээ. Байшингын зүүн хойд талын төв хэсэгт зуух байрлах бөгөөд зуухтай залгаад хавтгай чулууг хавиргалан босгоц “Г” хэлбэртэй ханз хийж түүний төгсгөл хэсэг хар хөө тортог болсон бөгөөд түүгээр утаа гаргаж байсан нь тодорхой ажээ. Сууцны гүн хойд талд өнгөн хөрснөөс доош 72 см, баруун хэсгээр 80 см, зүүн хэсгээр 81 см, өмнөд хэсгээр 77 см байна. Харин халаалтын ханзны чулуун өрлөгөөс доош 115-130 см гүн байна. Тухайн чулуун ханын гадна талд шавар ханатай байсан хэмээн үзсэн бөгөөд байшин нурах үед шавар хана барилгын дотогш нурж 20-30 см шар хөрсөн үе болжээ. Түүний доороос барилгын шал гарч ирсэн юм.
Цаашид малтлага судалгааг өргөжүүлэн судалгааны эх хэрэглэгдэхүүнийг баяжуулж, гарч буй олдворын харьцуулсан судалгаа, байгалийн шинжлэх ухааны аргыг хэрэглэх шаардлага тулгарч байна. Түүнчлэн шинээр илрүүлсэн Хандгайтын суурин 2, Хандгайтын суурин 3 дурсгалд нарийвчилсан хайгуул, зургийн судалгааг дараагийн жилүүдэд хийхээр төлөвлөж байна.
Байршил: 49.754592, 106.744808