MIA-SNU” төсөл
Я.Цэрэндагва, Ким Жан Сук
Удиртгал
2024 онд Монгол-Солонгосын хамтарсан “MIA-SNU” төслийн хүрээнд 07-р сарын 06 - ны өдрөөс 07-р сарын 20 хүртэл “Баруун булаг”-т археологийн сорьц малтлага судалгааг хийж гүйцэтгэсэн. Энэхүү төслийг манай талаас Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор (Ph.D), дэд профессор Я.Цэрэндагва удирдаж бүрэлдэхүүнд нь археологич С.Далантай, Г.Олзбаяр нар оролцон ажилласан. Солонгосын талаас Сөүлийн Үндэсний Их Сургуулийн профессор Ким Жан Сук ахалж бүрэлдэхүүнд нь Ким Хёнь Ү, У Юн Жэ, Мэтью Контэ, Пак Жи Ёон, Ким Сэ Жинь, Олзбаяр, Чон Дун Хи, И Е жи, Пак Жи Иын, Ким Чэ Ринь, Ким Нам Хонь нар оролцон ажилласан. Тус судалгааны баг 2024 онд Баруун булагт хайгуул судалгаа хийж олон тооны чулуун зэвсэг, вааран савны хагархай байгааг илрүүлэн бүртгэсэн. Тиймээс тухайн газрын чулуун зэвсгийн дурсгалт газар соёлт давхаргатай эсэхийг нягтлах, вааран савны үйлдвэрлэлийг судлах үүднээс булгийн “Маанийн салаа”-ны хойд болон урд хэсэгт (Талбай А:В) 4 газарт жижиг сорилын малтлага судалгаа хийсэн бол 6 газарт 1 м өргөн 2 м урт зүсэлт хийж хөрсний бүтцийг тодорхойлохыг зорьсон юм.
2024 оны хээрийн судалгаа
ШУА-ийн Археологийн хүрээлэн болон Сөүлийн Үндэсний Их Сургуулийн судалгааны хамтарсан баг 2023 онд Тус газартай танилцаж хайгуул болон малтлага судалгаа явуулах боломжтой газар хэмээн үзсэн тул зүүн талаас нь дугаарлаж “Баруун булаг”-ийг Онгон таван булаг-5 дурсгалт газар хэмээн тэмдэглэсэн. Тиймээс 2024 онд энэхүү дурсгалт газрын тархац, хөрсний давхаргын бүтцийг тодруулах зорилгоор хээрийн судалгааны эхлүүлсэн. Олдворын тархац харьцангуй бага С талбайг орхин А болон В талбайд сорилын малтлага хийсэн. Газарзүйн байршил нь хойд өргөргийн 49 Т 636638.96, зүүн уртрагийн UTM 5057663.02 солбицолд байрлана.
Баруун булгийн Маанийн салааны хойд тал буюу малтлагын А талбай
Голын хойд талын өндөр дэнж дагуу байрлах А талбайг олдворын тархац их хэсэг буюу А-1 талбай болон голын хажуугийн нам дэнж дагуух А-2 талбайд хэмээн ангилж малтлага судалгааг явуулсан. А-1 талбайд явуулсан сорилын малтлага судалгааны явцад гадна талаасаа ямар нэгэн содон шинж тэмдэггүй, элсэн дараас бүхий 2 булш илэрсэн. 2 булш бараг ижил түвшинд илэрч байв.
1-р булш. А-1 талбайн эхний сорилыг 1.5 х 1.5 м “Г” хэлбэртэй талбайд хийхээр болов. Газарзүйн байршил нь хойд өргөргийн 49 Т 636618.88, зүүн уртрагийн UTM 5057653.17 солбицолд байрлана. Тус газарт 2023 онд нарийн амсартай вааран сав ил цухуйсан байсан тул эхний малтлагыг талбай болгон сонгох болсон. Тиймээс тус газарт малтлага судалгааг эхлүүлсэн. Малтлагын явцад хөрсний бүтцэд ялгарах зүйл ажиглагдаагүй тул 10 см гүнээр үелэн малтахад газрын өндөрлөг хэсгээс 1.5 м, налуу хэсгээс 40 см орчим гүнд хүний оршуулга илэрсэн. Тиймээс гэрэл зургаар баримтжуулалт хийж малтлагын талбайг зүүн тал руу нь 1 м өргөнөөр тэлж малтсан. Ийнхүү малтахад баруун хойд зүгт чиглэлтэй, тэнэгэр байдлаар тавьсан оршуулга мэдэгдэнэ. Баруун хөл бага зэрэг дотогш махийсан нь хөрсний гулгалтаас үүссэн бололтой юм. Оршуулгын гадна талаар нарийн хар зураас мэдэгдэж байна. Энэ нь тухайн үедээ нимгэн банзан австай байсан нь хөрсөндөө шингэж, толбо болон үлдсэн ажээ. Тухайн оршуулгын толгойн дээд хэсэгт улбар шаргал өнгөтэй, элсэрхэг, бүдүүн ширхэгтэй, налуу ёроолтой, нарийн амсартай гар хийцийн бүтэн ваар дагалдуулсан нь анхны байрлалаа алдаагүй олдсон. Авсны хэмжээ 2.1 х 0.45 х 0.33 м.
2-р булш. 1-р оршуулгын баруун хойд талд 15 м орчим зайд дэнжийн налуу энгэрт 1.5 х 1.5 м “Г” хэлбэртэй талбайд хөрсний бүтэц үзэх сорилын малтлагын явцад илэрсэн Газарзүйн байршил нь хойд өргөргийн 49 Т 636614.20, зүүн уртрагийн UTM 5057654.03 солбицолд байрлана. 10 см гүнээр үелэн малтахад газрын өндөрлөг хэсгээс 1.2 м, налуу хэсгээс 85 см орчим гүнд хүний оршуулга илэрсэн.Тус булш нь баруун хойд зүгт чиглэлтэй ба ухмал модон австай юм. Толгой талд нь улаан шаргал өнгийн жижиг вааран сав дагалдуулсан байна. Хүний баруун мөрний харалдаа жижиг төмөр эдлэл дагуулсан ажээ. Тухайн хүний авсны гадна талд буюу хойд талд зүүн мөрний харалдаа өөр нэг хүний толгойн ясыг зулайгаар нь газар тавьсан байв. Тухайн толгойн амнаас 1 ш оюу сувс гарсан юм. Гавлын ясны чигт, модон авсны гадна дээд талаас жижиг ваар бүтнээрээ илэрсэн бөгөөд вааран савнаас зүүн урд чигт доод булангаас урвуу харуулан тавьсан гавлын яс илэрсэн. Гавлын ясан дотроос 1 ширхэг сондор олдсон. Авсны хэмжээ 2.2 х 0.61 х 0.42 м хэмжээтэй ба авсны зузаан 10, 12 см ажээ (зураг 8). Авсны дээд хэсэг цөмөрсөн ажээ. Авсан дах хүний ясыг авч малтлагыг үргэлжлүүлэхэд түүний доод талаас баруун хөлийг богочилж, хоёр гарыг ард нь зөрүүлсэн толгойгүй хүнийг зүүн хажуугаар нь харуулж оршуулсан байна.
Маанийн салааны хойд талын намхан дэнжид байрлах А-2 талбайд хар саарал хөрс мэдэгдэж байсан тул галын ором байж магадгүй хэмээн үзэж хоёр хэсэг газарт 2 х 2 м хэмжээтэй талбайд сорилын малтлага судалгаа хийсэн. Малтлагыг 10 см гүнд үелэн малтав. 2 үе малтахад галын ором гэхээс илүү эрт үедээ чийглэг уур амьсгалтай байсныг илтгэх хүхэрлэг лаг шаврын үлдэгдэл болох нь илэрхий байсан тул малтлагыг 20 см гүнд түр зогсоож дараа жил үргэлжлүүлэхээр болов. Газрын хөрснөөс үр цайруулах самбар чулуу болон чулуун зэвсгүүд түүвэрлэсэн хэдий ч бусад талбайтай харьцуулахад цөөн тооны юм.
Маанийн салааны урд талын В талбай
Маанийн салааны урд тал болон түүний баруун талын голын урсгал хоёрын бэлчирт түрж орсон налуу дэнжийг “В” талбай хэмээн тэмдэглэв. Тус газрын хөрсний бүтцийг нягтлах үүднээс 1 х 6 м талбайд 40 см гүн трасс малтав. Малтлагын явцад элсэн давхарга нь маш эртнийх ба янз бүрийн цаг үед хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэнэ. Элсэн давхаргаас өөр хөрсөн давхарга илрээгүй. Мөн тус газарт 2 х 3 м хэмжээтэй талбайг 1.5 м гүн малтаж үзэхэд өмнөхтэй адил давхаргатай байна. 40-50 см гүнд усны урсгалаас үүссэн бололтой хүхэрлэг хар саарал хөрсөн давхарга мэдэгдэх хэдий ч түүнээс доош өөр хөрсөн давхаргагүй ажээ. Энэ нь тухайн манхны бүтэц маш эртний тогтоцтой гэдгийг харуулна.
Үр дүн
Малтлага судалгааны ажлын урьдчилсан үр дүнгээр тухайн манхны тогтоц их эрт үед холбогдох төдийгүй манхан дагасан шинэ чулуун зэвсгийн үеийн томоохон дурсгалт газар төдийгүй “Сяньби”-чуудын оршуулгын газартай болохыг тогтоолоо. Тиймээс цаашид тухайн газарт нарийвчилсан малтлага судалгааг үргэлжлүүлж дурсгалуудын зааг ялгааг нарийвчлан тогтоох нь зүйтэй юм.
Байршил: 45.657381, 112.753089