Үндсэн агуулга руу

Судалгаа

Тал хээрийн бүс нутгийн палеолитын судалгаа

2025.03.25  |  СудалгааfX⧉

Д.Одсүрэн, Д.Базаргүр

Монгол орны зүүн өмнөд хэсгийн бэсрэг уулс бүхий тал хээрийн бүс нутагт палеолитын судалгаа цөөн хийсэн билээ. Тиймээс тухайн бүс нутгийн палеолитын дурсгалыг судалж, хоёр орны хөрш зэргэлдээ бүс нутгийн эртний түүхийн шинэ хэрэглэгдэхүүн бий болгох зорилгоор Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Эртний сээр нуруутан ба палеонтологи, палеолантропологийн хүрээлэн, Бээжингийн Их Сургуулийн Археологи ба Музей судлалын сургуультай хамтран говийн бүс нутгийн зүүн хэсэг, тал хээрийн бүс нутагт чулуун зэвсгийн хамтарсан хайгуул судалгааг 2024 онд амжилттай зохион явуулсан юм.

Хайгуул судалгаанд тал хээрийн бүс нутгийн хойд хэсгийн бэсрэг уулс, говийн зүүн тал буюу Дорноговь, Сүхбаатар аймгийн зааг нутаг, Онгон сумаас урагш улсын хилийн ойролцоох газар нутаг хамрагдсан. Судалгааны үр дүнд дунд палеолитын үеэс неолитын үед холбогдох өргөн цаг хүрээлэлд багтах 38 дурсгалыг баримтжуулсан.

Эдгээрийн олонх нь шинээр илрүүлсэн дурсгал тул Монголын эртний түүх, ялангуяа, судалгаа бага хийсэн газар нутгийн өвөг түүхийн үеийг шинэ хэрэглэгдэхүүнээр баяжуулсан үр дүнтэй ажил болсон билээ.

Хайгуул судалгааг Сүхбаатар аймгийн хойд хэсэг буюу Мөнххаан сумын ойролцоох Ачаат уулаас эхлүүлсэн юм. Ачаат уулын хадан тогтцын орчимд, түүхий эдтэй ойр газарт чулуун зэвсгийн олдвор өндөр нягтаршилтай буйг тогтоосны зэрэгцээ тухайн дурсгалын чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга ажиллагаа, он цагийн асуудлыг хөндөн үзэх зорилгоор цөөн олдвор түүвэрлэн цуглуулсан билээ. Ачаат уулын палеолитын дурсгалын чулуун зэвсгийн үйлдвэрлэлд леваллуагийн арга барил нэлээд тодорхой ажиглагдаж байна. Леваллуагийн үлдэц хэмжээгээр янз бүр бөгөөд их төлөв нимгэн залтас, үзүүр мэс цуулж авахад зориулагдсан ажээ. Леваллуагийн үлдцүүдтэй хамт дээд палеолитын эхэн үеийн чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга ажиллагааг илтгэх зэрэгцээ цуулалтад үлдэц олон илрүүлсэн байна. Ер нь Ачаат уулын дурсгал леваллуагийн чулуун зэвсгийн уламжлал, дээд палеолитын эхэн үеийн ялтсан зэвсгийн үйлдвэрлэлийн арга ажиллагааг илэрхийлсэн сонирхолтой дурсгал юм. Олдворын дотор байх олон тооны ялтас нь дээд палеолитын эхэн үеийн чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга ажиллагааг тод илэрхийлж байна. Түүнчлэн хоёр талаас нь холтчин нимгэлсэн бифас, цоолтуур, ирлэсэн ялтас зэрэг хоёрдогч боловсруулалт хийж ирлэж зассан эдлэл нэлээд тааралдаж байна.

Тал, хээрийн бүс нутгийн палеолитын дурсгалын онцлог бол леваллуагийн чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга ажиллагаа дээд палеолитын дунд үед хүртэл хадгалагдаж, хэрэглэгдсэн байдаг явдал юм. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Зараа уулын Оцон цохио, Зүүн шовх зэрэг дурсгалын малтлагаас дээд палеолитын эхэн болон дунд үед леваллуагийн арга ашиглагдаж байсныг тогтоосон билээ.

Ачаат уулын палеолитын сууринд чулуун зэвсгийн олдвор нэлээд өндөрлөгт, уулын хадан тогтоцтой ойр газарт нягтаршилтай тархсан нь дархны газар болохыг илтгэх ажээ. Ачаат уулын хадан тогтцыг бүрдүүлэх улбар өнгөтэй бөсөл чулуу эртний хүмүүсийн багаж зэвсэг хийх түүхий эд болж байсан нь цул хадыг хагачиж цуулсан ормоос ч мэдэгдэж байна. Янз бүрийн хэлбэртэй леваллуагийн үлдэц, бэлдэц, дээд палеолитын эхэн үеийн зэрэгцээ цуулалтын арга ажиллагааг илтгэх эдлэл зэрэг нь энэ газарт дунд палеолитын төгсгөл, дээд палеолитын эхэн үеийн анчин – түүвэрлэгчдийн суурин дархны газар буйг илтгэж байна. Чулуун зэвсгийн олдвор өндөр нягтаршилтай тархсан хэсэгт хадан суурь буй нь хөрс тогтож соёлт давхарга бүрэлдсэн байх боломжийг багасгаж байна.

Ачаат уулын орчимд, хээрийн бүс нутгийн хойд хэсэгт орших өөр нэг сонирхолтой дурсгал бол Богд уулын суурин – дархны газар юм. Богд уулын өвөр бэлийн дэвсэгт өмнө нь илрүүлсэн дурсгалаас гадна өөр нэг байршилд шинээр чулуун зэвсгийн суурин илрүүлсэн. Газрын хөрсөн дээр тархсан олдворын бүрдэлд леваллуа ба зэрэгцээ цуулалтын арга ажиллагаа тод ажиглагддаг. Гэхдээ зарим леваллуагийн үлдэцийн хэмжээ том, хийсэн арга ажиллагаа илүү эртний шинжтэй ажээ. Богд уулын чулуун зэвсгийн цуглуулгад Ачаат уулын дурсгалтай адил тэндхийн түүхий эдийг ашиглаж хийсэн цөөн олдвор байх бөгөөд тэдгээр нь гол төлөв дээд палеолитын эхэн үеийн ялтас, үлдцийн зүйл ажээ. Харин эндэхийн ихэнх чулуун зэвсгийг тухайн орчинд элбэг тааралдах хайрга чулуугаар хийсэн байна.

Багаж зэвсгийн төрөл зүйлд тал, хээрийн бүс нутгийн палеолитын дурсгалын адил ирлэсэн ялтас, залтас зонхилно. Багаж зэвсгийн ихэнхийг залтас ашиглан хийсэн нь анхаарал татаж байна. Цоолтуур, хүнхэр ирт зэвсэг зэрэг палеолитын дурсгалуудад элбэг тааралддаг эдлэл нэлээд олон байна. Багаж зэвсгийн төрөлд хамаарах өөр нэг сонирхолтой олдвор бол сүх юм. Богд уул орчимд залтас, байгалийн чулуу ашиглан хийсэн сүх маягийн бахим зэвсэг нэлээд олон тааралдаж буй нь сонирхолтой байна. Олдворын овор хэмжээ, леваллуагийн цуулалтын арга ажиллагаа, зарим эдлэлийн элэгдэл өгөршил зэрэгт тулгуурлан Богд уулын дурсгалыг дунд палеолит, дээд палеолитын эхлэл үед хамаатуулан үзэж буй бөгөөд уулын өвөр дулаан энгэр бараадсан суурин – дархны газар ажээ.

Хамтарсан төслийн судлаачид Богд уулын орчимд бага хэжээтэй сорилын малтлага гүйцэтгэхэд, уулын өвөр бэлд хамгийн гүнд 40-60 см хүртэл олдвор хадгалагдаж буйг тогтоож хөрсний дээж авсан юм.

Богд уул, Ачаат уултай нэг бүс нутагт буюу ойролцоо орших, хайгуул судалгааны явцад шинээр илрүүлсэн өөр нэг сонирхолтой дурсгал бол Хөхүүр Далайн худгийн суурин – дархны газар юм (Зураг 6). Богд уулаас хойш 4 км орчимд, үргэлжилсэн уулын урагш харсан цэлгэр амны эхэнд Цагаан Номун ханы хийдийн хулширсан туурь оршдог.

Хийдийн туурийн арын овоотой жижиг толгойн шил, хажуу, уулын аманд хайргаар хийсэн чулуун зэвсгийн олдвор газрын хөрсөн дээр элбэг тааралдаж байна. Энд гурван байршилд чулуун зэвсгийн олдворын бөөгнөрөл тодорхойлсноос хамгийн өндөр нягтаршилтай нь толгойн оройн ар шил, овооны орчимд байна. Газрын хөрсөн дээр цохилтын нэг талбайт, цуулалтын нэг болон олон гадаргууд залтас цуулсан оромтой бахим үлдэц олон тааралдаж байна.

Мөн гүйцэд болон дутуу зассан гилбэр, бахим бифасны хугархай зэрэг эртний хэв шинжтэй хоёрдогч боловсруулалт хийсэн багаж зэвсгийн зүйл олон байна. Ийм гилбэр, бифас зэвсэг өмнө нь Монголын говийн бүс нутгийн эртний дурсгалуудад тохиолдож байв. Тухайлбал, Дорноговь аймгийн Мандах сумын Шарилын уул, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Галбын говийн хойд хэсгийн Хацавчийн толгод, Зүрх уул, Байшинт зэрэг газраас хэмжээ, хийсэн арга барилын хувьд тун төстэй олдвор бүхий дурсгалыг илрүүлж, доод палеолитын төгсгөл, дунд палеолитын эрт үед холбогдуулан үзсэн билээ. Хөхүүр Далайн худгийн өгүүлэн буй дурсгал мөн энэ он цагийн хамааралд багтах магадлалтай хэмээн үзэж байна. Газрын хөрсөн дээр тархсан олдворын ихэнх том залтас, бахим хагархай хэлтэрхий юм. Залтасны цохилтын товгор ч том буй нь нэлээд эртнийх гэдгийг илэрхийлнэ.

Ир гаргаж хоёрдогч боловсруулалт хийсэн багаж зэвсгийн ихэнхийг хийхдээ залтас ашигласан нь чулуун зэвсгийн үйлдвэрлэлд залтсан зэвсгийн арга ажиллагаа давамгай байсныг илтгэх ажээ.

Хөхүүр Далайн худаг буюу Цагаан Номун ханы хийдийн тууриас шинээр илрүүлсэн энэ дурсгал палеолитын эрт үед холбогдох хүний ул мөрийг хээрийн бүс нутгийн хойд тал руу үлэмж тэлсэн тул судалгааны өндөр ач холбогдолтой байна.

Хайгуул судалгааны явцад Хөхүүр Далайн худгийн суурин – дархны газар дахь бахим залтастай хийсэн материал, арга барилын хувьд адилсах эдлэлийг тухайн дурсгалын эргэн тойрны газраас илрүүлсэн. Хөхүүр Далайн худгийн суурин – дархны газраас зүүн тийш 12 км зайд орших Замын хашаатын худаг буюу Баруун-Уртын төв замаас Уулбаян сум руу салах хэсэгт тал дээрээс том хэмжээтэй залтаснууд, Богд уулаас урагш 4 км орчим зайд Хадан хошуу хэмээх газрын сайрын хоёр эргээс том цохилтын товгортой бахим залтас илрүүлсэн. Энэ нь тухайн газарт Хөхүүр Далайн худагтай төстэй чулуун зэвсгийн үйлдвэрлэлийг илэрхийлсэн олдвор өргөн тархсаныг харуулж буй баримт юм. Тиймээс дараа жил Хөхүүр Далайн худаг хийгээд тухайн орчны бэсрэг уулсын бүсэд хайгуул судалгааг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Энэ хавийн палеолитын дурсгалын ерөнхий байршил зүйд тулгуурлавал, нэлээд эрт үед хамаарах буюу дунд палеолитын үед холбогдох хүн урт удаан хугацаанд суурьшсан баялаг олдвортой суурин үргэлжилсэн уулсын нөмөр дулаан аманд буюу уулын гүнд оршиж буй зүй тогтол ажиглагдаж байна. 

Хайгуул судалгаа хийсэн өөр нэг бүс нутаг бол Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын зүүн, өмнөд хэсэг буюу говийн бүс нутгийн зүүн тал билээ. Өмнө нь ахмад судлаачид палеолитын олдвор илрүүлсэн хэмээн тэмдэглэсэн Баяндэлгэр сумын Их, Бага Өргөө, Үхэр уяа уулын орчимд судалгааг гүйцэтгэсэн. Энд баялаг олдвортой том дурсгал илрүүлээгүй боловч Их Өргөө уулын өврөөс дээд палеолитын төгсгөл, неолитын хэв шинжтэй цөөн олдвор бүхий бууц, Бага Өргөө, Үхэр уяа уулын орчмоос дээд палеолитын үед холбогдох түүвэр олдвор илрүүлсэн.

Баяндэлгэр сумын орчимд хайгуул судалгаа хийх явцад илрүүлсэн сонирхолтой дурсгал бол Сайрын уул – 1, Хужирын хавцал – 3 юм. Сайрын уул – 1 дурсгалаас дээд палеолитын эхэн үеийн ялтсаар хийсэн өндөр хамартай хусуур, леваллуагийн үзүүр мэс, залтсаар хийсэн хянгар, үлдэц зэрэг олдвор илрүүлсний зарим нь кальцийн карбонатаар бүрхэгдсэн байв. Энэ нь олдвор хөрсөн доор байсныг илтгэх бөгөөд энэ хавьд хөрсөөр хучаастай соёлт давхаргатай дурсгал байх магадлалтай ажээ.

Хужирын хавцал – 3 хэмээн тэмдэглэгдсэн дурсгалаас жадны үзүүр, хянгар, шүдлэг ирт зэвсэг, иртэй ялтас, залтас зэрэг сонирхолтой олдвор илрүүлсэн нь бүгд дээд палеолитын эхэн үеийн чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга ажиллагааг илтгэж байна. Эдгээр дурсгал тус бүс нутгийн дээд палеолитын үйлдвэрлэлийн арга, олдворын төрөл зүйлийг лавшруулан судлах чухал хэрэглэгдэхүүн хэмээн үзэж буй юм.

Баяндэлгэр сумын өмнөд хэсэг, Өргөн сумтай зах нийлэх хэсэгт буюу Сүүл толгой,  Хужиртын толгод, Баян хошуу, Чивчид булаг, Хар овоот зэрэг газруудад хийсэн хайгуул судалгааны явцад том дурсгал илрүүлээгүй. Эдгээр газраас их төлөв неолитын хэв шинжтэй цөөн олдвор бүхий бууцны үлдэгдэл илрүүлсэн. Өмнө нь судлаачдын илрүүлсэн Тойг толгой орчимд хайгуул хийж, дахин баримтжуулсны дараа Баяндэлгэр сумын өмнөд хэсэг Төхөмийн Бор овооноос зүүн тийш Цахиуртай хэмээх газраас чулуун зэвсэг хийх сайн чанартай түүхий эдэд түшиглэсэн багавтар суурин – дархны газар илрүүлсэн. Эндээс шаргал өнгөтэй цахиураар хийсэн дээд палеолит, неолитын хэв шинжтэй олдвор газрын хөрсөн дээр элбэг тархсаныг тогтоож, судалгааны хэрэглэгдэхүүн болгон цөөн олдворыг сонгон түүвэрлэж цуглуулав. Ер нь хээрийн бүс нутагт цахиур, хас, мана зэрэг хатуулаг сайн чулуулагтай газарт үе үеийн хүний ул мөр илрэх өндөр магадлалтай бөгөөд үүний нэг жишээ нь Цахиуртайн суурин – дархны газар юм. Бэлдэц, леваллуагийн үлдэц, шаантган үлдэц, багаж зэвсгийн зүйл он цагийн хувьд нэг үеийнх биш бөгөөд дээд палеолит, неолитын эрт үед холбогдох магадлалтай ажээ.

Энэ онд хайгуул судалгаа явуулсан сүүлийн газар бол Сүхбаатар аймгийн Онгон сумын Шартын хад юм (Зураг 10). Уудам говийн дунд орших онцгой тогтоцтой энэ газарт судалгаа хийх явцад 7 байршилд олдворын бөөгнөрөл буйг тогтоосон. Харин энэ газар хадан суурьтай тул соёлт давхарга бүрэлдсэн хөрсөөр хучигдсан дурсгал байх магадлал бага ажээ. Эндэхийн чулуун зэвсгийн олдворыг хас, мана, цахиур зэрэг олон төрлийн материалаар хийжээ. Мөн жижиг болон бичил ялтас цуулж авсан үлдэц олон төрөл буй нь сонирхолтой юм. Дээд палеолитын хэв шинжийг илэрхийлэх хусуур, үлдцээс гадна хоёр талаас нь нямбай зассан сумны чулуун зэв зэрэг олдвор неолитын үеийн анчин – түүвэрлэгчид энэ газарт өөрсдийн ул мөрөө үлдээснийг илэрхийлж байна.

Чулуун зэвсгийн бууц сууринаас гадна Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг Хайлаастад цөөн булштай хүннүгийн оршуулгын газар, Сайрын уул, Хужирын хавцал зэрэг газарт дундад зууны үед хамаарах магадлалтай булш оршуулгын дурсгалыг илрүүлж бүртгэсэн билээ.

Монгол, Хятадын хамтарсан “Тал хээрийн бүс нутгийн палеолитын судалгаа” төслийн баг ирэх жилүүдэд Мөнххаан, Уулбаян сумын зааг нутаг Богд уул, Хөхүүр далайн худаг орчимд малтлага судалгаа, тухайн орчны бэсрэг уулыг бүсэд хайгуул судалгааг хийхээр төлөвлөж байна. Мөн бүс нутгийн агуйн мэдээллийг цуглуулах, агуйн дурсгалыг илрүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байна.

Байршил: 46.900278, 112.247056