Их мандал уулын палеолитын дурсгал
Я.Цэрэндагва, Г.Лхүндэв
Удиртгал
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт 2023 онд хийгдсэн хайгуул судалгааны үр дүнд 970 дэсийн 1100 орчим дурсгал бүртгэсэн. Эдгээр дурсгалуудын дотор өвөрмөц 1 дурсгал байсан нь “Их мандал уулын палеолит”-ын дурсгалт газар ажгуу. Энэхүү дурсгалт газрын онцлог нь “Гилбэр” зэвсэг бүхий суурин юм. Учир нь зүүн монголын нутаг дэвсгэрээс “Гилбэр” зэвсэг бүхий суурин урьд өмнө илэрч байгаагүй. Тус газраас олдсон ”Гилбэр” зэвсгүүд нь говийн бүс нутгаас олддог “Гилбэр” зэвсгүүдээс хэмжээний хувьд 1-2 дахин том төдийгүй хадан хясааны орой дээр байрладгаараа онцгой ялгардаг. Энэхүү дурсгалт газраас олдсон “Гилбэр” зэвсэгтэй харьцуулах олдвор бүхий суурин манай улсын болон хөрш зэргэлдээх нутаг дэвсгэрт одоогоор олдоогүй байна. Гилбэр зэвсгийн үйлдвэрлэл бүхий суурин дурсгалт газар манай улсын нутаг дэвсгэрт цөөхөн байдаг. Ярх уул болон говийн бүсийн Жавхлант хайрхан зэргийг дурдаж болох юм. Гэвч тус газруудаас олдсон гилбэр зэвсгүүдийг бодвол хэмжээний хувьд том, өөр арга техникээр үйлдвэрлэсэн өвөрмөц нэг дурсгал “Их мандал-3” дурсгалт газарт бүртгэгдсэн. Тиймээс дараах зорилгыг агуулж төслийн ажлыг эхлүүлсэн.
Үүнд: 1-рт. Өвөрмөц гилбэр зэвсэг бүхий дурсгалт газарт суурин малтлага судалгааны ажил зохион байгуулж, он цаг, харилцан хамаарлын асуудлыг шийдвэрлэх.
2-рт. Тус дурсгалт газрын тархцыг нарийвчлан тогтоох, багаж зэвсгийн үүрэг зориулалтыг нарийвчлан судлах.
3-рт. Судалгааны ажлын үр дүнд зүүн монголын бүс нутаг дахь “Гилбэр” зэвсэг бүхий дурсгалт газрыг дэлхий нийтэд таниулах гэх мэт үндсэн 3 зорилгын хүрээнд 2024 оны малтлага судалгааны ажлаа эхлүүллээ.
Их Мандал хайрхны археологийн хайгуул болон малтлага судалгаа
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг, сумын төвөөс зүүн хойш 17 км зайд их талын дундах Ар голын урд хөвөөнд орших, араас нь харвал эгц өндөр уул, урдаас нь харвал намхан жижиг толгой мэт харагдах, мөлгөр боржин хад чулуулаг бүхий баруунаасаа зүүн тийш сунаж тогтсон гол хэсэгтээ гүн жалгатай хайрхныг нутгийн ардууд Их Мандал хэмээн нэрлэдэг (Зураг 1). Хайрхан нь баруун хойд талаараа Хөх хөв, хойд талаараа Ар гол зэрэг эртний том голуудын үлдэгдэл хуурай сайрын нэг хажуугаар урсах жижиг булгуудтай. Уулын ар эгц хадан хясаатай төдийгүй урд энгэр нь аажим налуу тул өдрийн турш нарны гэрэл маш сайн тусдаг. Тус газрын зүүн зүүн урд талаар эртний том нууруудын ай сав бүхий хотгор, хотос тогтоц элбэгтэй. Их Мандал уулын баруун урд, урд энгэр, зүүн хойд хөндий, ар шилээр палеолитын үед холбогдох чулуун зэвсгийн бууц, суурин байрлана. Дээрх газраас олдсон чулуун зэвсгийн дурсгалуудыг Их мандал-1-8 хэмээн дугаарласан. Дурсгалт газруудаас Их мандал-3 дурсгалт газар нь доод палеолитын үед хамаардаг. Тус газраас олдсон олдвор хэрэглэгдэхүүн хийсэн арга барил, өвөрмөц байдал, хэмжээгээрээ онцгой ялгарна. Тиймээс тус газарт ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн салбарын судалгааны баг ШУА-ийн ерөнхийлөгчийн грант төслийн хүрээнд 2024 оны 07-р сарын 23-с 08-р сарын 03-ны хооронд жижиг сорилын малтлага судалгаа хийж гүйцэтгэсэн.
Төслийн багийн зөвлөх удирдагчаар Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор (Ph.D), дэд профессор Я.Цэрэндагва, удирдагчаар Г.Лхүндэв доктор (Ph.D) нар ажилласан. Төслийн бүрэлдэхүүнд чулуун зэвсгийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан С.Далантай, Сөүлийн их сургуулийн докторант Г.Олзбаяр нар оролцон ажиллаа.
Хайгуул судалгаа
Бид 2024 оны хайгуул судалгааны явцад олж илрүүлсэн “ их мандал-3” дурсгалт газарт хайгуул судалгааны ажлаа дахин үргэлжлүүлсэн. Учир нь өмнө жил дурсгалын бүрэн хэмжээний тархцыг тодорхойлж чадаагүй юм. Тус дурсгалт газар нь бүдүүн ширхэгтэй боржин чулуун уулын ард, Ар голын урд хавцлын урд ирмэгт зүүн урдаас, баруун хойд зүгт чиглэлтэй дэллэсэн Диорит чулуун тогтоцтой дэл дагуу байрлана. Хайгуул судалгааг зүүн урдаас баруун хойд, хойноос урд зүгт гэсэн чиглэлд 20 м зайтай шугаман хайгуул хийж гүйцэтгэлээ. Хайгуулын үр дүнд зүүн урд тал нь газарзүйн 49 Т 617697.54, UTM5068058.86 солбицолд, баруун хойд тал нь 49 T 6175816678 UTM5068066.39 солбицолд, Хойд тал нь 49 T 617640.15, UTM5068106.15 солбицолд, Урд тал нь 49 T 617642.31, UTM5068036.92 солбицолд, далайн төвшнөөс дээш 999 м өндөрт байрлана. Тус суурингийн урт 210 м, өргөн 120 м зайд байрлана. Гол тархац нь орой хэсэгт байрлах дэллэсэн хадны хоёр талаар шигүү тархалттай ажээ. Тархац шигүү газартаа 1 м/кв талбайд 50-60 ширхэг байгаа бол захын тархац багатай хэсэгтээ 5-6 ширхэг байна. Үйлдвэрлэлийн гол түүхий эд болох Диоритын тархац бүхий хаданд чулуу цуулж авсан ул мөр их ажиглагдана. Бид хайгуулын явцад сонголтын зарчимд тулгуурлан 24 ш чулуун зэвсгийг түүвэрлэн цуглуулсан. Бид тус сууринд хайгуул хийж, тархцыг тодорхойлохоос гадна Баяндэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 40 орчим км зайд орших “Дунд зээрдийн уул” хэмээн баруунаас зүүн зүгт сунаж тогтсон ууланд хайгуул судалгаа явуулсан. Учир нь тус сумын малчин иргэн н.Ганбаяр, Г.Будсүрэн нар “Дунд зээрдийн уулын” тэнд чулуун хүний толгой байдаг хэмээн мэдээлсэн юм. Мөн тэрхүү чулуун толгой 1970 аад оны үеэс хойш тэнд байсан хэмээн соёлын төвийн номын санч, бүртгэл мэдээллийн мэргэжилтэн Г.Урнаа 2023 онд хайгуул судалгаа хийхэд хэлж байв.Тиймээс судалгааны багийн хамт олон “Дунд зээрдийн уул”-ын урд талын цагаан чулуун хадтай жижиг толгойн энгэрт бэсрэг хайгуулын ажил хийж гүйцэтгэлээ. Хайгуулын явцад хадтай толгойн баруун талд хавтгай хадан дээр нарийн ширхэгтэй боржин чулуугаар хүний нүүрийг тодорхой дүрсэлсэн байна. Хөмсөг төвгөр ба урт хянган хамартай, хоёр шанаа шулуун төдийгүй урд тал руугаа бага зэрэг ээтэн юм. Хоёр хажуу талд чих дүрсэлсэн ба доод талын ар хэсэгт шилний хонхорхой дүрсэлсэн ажээ.
Малтлага судалгаа
Голын урд талын сунаж тогтсон дэл хадтай олгойн орой хэсэгт 2 том чулуу бүхий цохио бий. Тэрхүү цохио хаднаас чулуу цуулсан оромтой төдийгүй өмнө талаар нь том том хэмжээтэй гилбэр зэвсгүүд цувраа байдалтай тархсан байна. Тиймээс сорилын малтлага судалгаа хийх талбайг тус цохио хадны өмнө талд сонгосон. Хойноос урд зүгт чиглэлтэй 1 х 2 м талбай татаж 1 мкв талбайгаар нь А1, А2 хэмээн дугаарлалаа. Малтлагын талбайг бүрэн татсаны дараа гэрэл зургаар баримтжуулалт хийж 10 см гүнд үелэн малтав. Малтлагын 1-р үед ургамлын үндэс бүхий элсэрхэг хөрсөн давхаргатай ажээ. Тиймээс ургамлын үндсийг авч малтахад цул хаднаас урд зүгт 4 м зайтай малтлагын А1 талбайд 1 ш гилбэр зэвсэг ил мэдэгдэнэ. Зүүн хананаас 10 см, хойд хананаас 97 см зайд олдлоо. Мөн малтлагын А2 талбайн урд хананаас 96 см зайтай зүүн хана дагуу дахин өөр нэг гилбэр зэвсэг олдсон. Малтлагын 1-р давхарга А1 талбайд 10 см зузаан А2-р талбайд 10-18 см зузаантай ажээ. Малтлагын явцад 10 см гүнд А1 талбайгаас 5 ш залтас илэрч олдсоныг гэрэл зургаар баримтжуулалт хийж малтлагын дараагийн үеийг эхлүүлсэн. Малтах явцад А1 талбайд цагаан саарал хөрсөн давхарга мэдэгдсэн тул малтлагыг А2 талбайд үргэлжлүүллээ. Зөөлөн цайвар хүрэн хөрсөн давхаргаас 8 ш залтас олдлоо. Үргэлжлүүлэн малтахад А1 талбай 19 см гүнд цул хадан давхаргад тулсан бол А2 талбайд малтлагын 2-р үед буюу 2-р хөрсөн давхаргад бөөгнөрсөн залтас бүхий давхарга илэрсэн. Залтаснууд босоо болон ташуу байрлалтай байна. Тус давхарга 21-35 см гүнд үргэлжилнэ. Тус хүрэн бор хөрсөн давхарга нь тухайн үед бөөгнөрсөн залтасны завсраар салхи шуурга, усны түрэлтэд хуримтлагдан үүссэн хөрсөн давхарга бололтой. Учир нь чулуун зэвсэг анхны байрлалаараа байгаа тохиолдолд босоо болон ташуу байрлалд байдаггүй. Бүгд анхны байрлал буюу хэвтээ байрлалтай байдаг. Тиймээс тухайн хөрсөн давхаргаас илэрсэн 69 ш залтас нь ямар нэг байдлаар хөдөлгөөнд орсон ажээ. Халуун, хүйтэн, салхи, ус гэх мэт янз бүрийн тектоник хөдөлгөөний улмаас зүй бус хөдөлгөөнд орж болох юм. Ийнхүү 2-ын 2-р үеийн малтлагыг гэрэл зургаар баримтжуулалт хийж дараагийн үеийг эхлүүлсэн. Малтлагын 2-ын 3-р үе нь А2 талбайд 10 см гүнд үргэлжилсэн. Учир нь малтлагын талбайг хэт өндөрлөг газарт сонгосон тул А1 талбай эрт ул хөрс болох чулуун шаланд тулсан юм. Харин малтлагаас А2 талбайгаас 13 ш залтас илэрч олдсоныг гэрэл зургаар баримтжуулалт хийж баримтжуулав. Малтлагын 4-р үе А2 талбайн баруун урд буланд үргэлжлүүлсэн. Учир нь А2 талбай налуу газар байрлалтай тул хөрсжилд сайн явагдсан байна. Тиймээс тус талбайд цагаан саарал хөрсөн давхарга мэдэгдэнэ. Тус давхаргад малтлага судалгааг үргэлжлүүлэхэд 2 ш залтас илэрсэн ба 56 см гүнд ул хөрсөндөө тулж малтлагын ажлыг дуусгав (Хавсралт 3). Энэхүү цагаан саарал шаварлаг хөрсөн давхарга нь эртний хөрсөн давхарга бололтой. Тус давхаргаас олдсон 2 ш залтас нь ямар нэгэн механик хөдөлгөөнд ороогүй, хэвтэй байрлалд байх ажгуу.
Товч үр дүн
Төслийн хүрээнд өгүүлэн буй суурины хайгуул судалгаа хийж тархцыг бүрэн тогтоохоос гадна А1, А2 гэсэн хоёр жижиг талбайд чулуун зэвсгийн сорилын малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Хайгуул болон малтлага судалгааны ажлын явцад дараа үр дүнд хүрлээ. Үүнд:
- Хайгуул судалгааны ажлыг хийснээр тус дурсгалт газар нь үйлдвэрлэлийн гол түүхий эд бүхий дэл хад дагасан 210 х 120 м газарт тархсан суурин дарханы газар болохыг тогтоолоо. Мөн хайгуул судалгааны ажлын үр дүнд шинээр чулуун онго илрүүлэн олж бүртгэсэн нь дахин давтагдашгүй хийцтэй ба шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн сүсэг бишрэлийг илэрхийлэх ховор олдвор юм.
- Малтлага судалгааны ажлыг 1 х 2 м талбайд А1, А2 гэсэн 2 мкв хоёр талбайд үргэлжлүүллээ. Малтлагын явцад А1 талбай нь 19 см гүн үргэлжилсэн 2 өөр хөрсөн давхаргатай бол А2 талбай нь 56 м гүн үргэлжилсэн, 3 өөр соёлт давхаргатай болохыг илрүүллээ. Ингэснээр тухайн суурин нь зүүн өмнөд монголын нутаг дахь соёлт давхаргатай цөөхөн суурингийн нэг гэдгийг тогтоосон юм. Ингэснээр цаашид олон жилийн суурин малтлага судалгаа явуулж он цаг, харилцан хамаарлын асуудлыг илүү сайн нарийвчлан хийх боломжтой болно. Их мандал хайрхны чулуун зэвсгийн
3-р суурин нь жалга хөндийн зүүн хажуу, уулын шил, голын урд байрлах өндөр хадан хавцлын дагуу байрлаж буй нь усанд ирэх ан амьтныг олноор нь хашиж (шахаж) хавцал руу унагаж агнах балар эртний анчдын суурин, дарханы газар хэмээн үзэж байна. Учир нь газарзүйн байршил, тус газраас гилбэр болон хянгар зэвсэг түлхүү олдож буй явдал нь үүнийг бататгана. Малтлага судалгааны явцад он цаг тогтоох ямар нэгэн амьтны яс илрээгүй. Гэвч соёлт давхаргатай тул суурин гэдгийг тогтоосон тул цаашид хөрснөөс OSL дээж авч шинжилгээнд хамруулах бүрэн боломжтой. Гэвч зэвсэг үйлдвэрлэлийн онцлогт хамааруулан хуучин чулуун зэвсгийн доод үед хамаарна хэмээн үзэж байна.
Байршил: 45.723528, 112.512614