УЙГУРЫН СОЁЛЫН ӨВ: БЭЛЧЭЭРИЙН ЛАНДШАФТ ДАХЬ ЭРТНИЙ ХОТУУД” төсөл
Т.Батбаяр, Ричард Киолек-Торелло
Монгол улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн 2024 оноос АНУ-ын Аризонагийн их сургуультай хамтран “Уйгурын соёлын өв: Бэлчээрийн ландшафт дахь эртний хотууд” төслийг хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд тус шинжилгээний анги 2024 оны 8-р сарын 07-ноос 8-р сарын 27-ны хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Цагаан сүмийн балгас, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг орших Бий булгийн балгас зэрэг уйгурын хот суурины дурсгалт газруудад агаарын зураглал, баримтжуулалт, сорилын малтлага хийх зэрэг судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэв.
Бий булгийн балгаст хийсэн судалгаа: Монгол орны умард нутаг, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвөөс баруун зүгт 11 км, Сэлэнгэ мөрний хойд бие, Тээлийн хөндийд тус тусдаа гурван хэрмээс бүрдэх Бий булгийн балгас хэмээх эртний нэгэн хот суурины туурь оршдог бөгөөд уг балгасыг судлан шинжсэн эрдэмтэн мэргэд бичиг үсгийн дурсгалд хадгалагдан үлдсэн мэдээ занги, уг хот балгасыг нэрлэж буй нэр, газар дээрээ эртний орон барилгын үлдэгдлийг агуулж буй зэрэгт үндэслэн энэ нь VIII-IX зууны үед Монгол нутагт төр улсаа байгуулж оршин тогтнож асан Уйгур улсын Байбалык хотын ор үлдэгдэл болохыг нэгэнт тогтоосон билээ.
Энэхүү хот суурины чухал дурсгал нь судлаачдын анхаарлыг онцгой татдаг боловч сүүлийн хэдэн жилд энд тогтмол малтлага гүйцэтгэж буй Монгол-Оросын хамтарсан төслийг эс тооцвол судалгаа маш бага, баримтжуулалт харьцангуй сул хийгдэж ирсэн юм. Тиймээс 2024 оны 8 дугаар сарын 8-наас 18-ны хооронд Монгол-Америкийн хамтарсан “Уйгурын соёлын өв: Бэлчээрийн ландшафт дахь эртний хотууд” төслийн хээрийн шинжилгээний анги Байбалык хотын гурван хэрмийг орчин үеийн судалгааны түвшинд баримтжуулах, зураглал үйлдэх, түүвэр олдвор цуглуулах, боломжит тохиолдолд он цаг болон археоботаникийн дээж авах зорилгоор “Байбалык-2” болон “Байбалык-3” дурсгалын талбайд бага хэмжээний сорил малтлага гүйцэтгэх, Уйгурын үеийн бусад хот, суурины дурсгалтай харьцуулан судлах эх хэрэглэгдэхүүн цуглуулах, цаашдын судалгааны чиг хандлагаа тодорхойлох зэрэг зорилготойгоор ажилласан юм.
“Байбалык-2” хэмээх хэрэмт дурсгал нь нэгдүгээр хэрмээс чанх урагш 740 м зайд, Сэлэнгэ мөрний хөндийн намгархаг дов бүхий тал газарт байна. Дөрвөн талаараа бараг ертөнцийн зүг чигийн дагуу байрлалтай бөгөөд хэрмийн далан орчны гадаргаас төдий л өндөргүй, ихэд сунаж эдгэрсэн ба дээгүүр нь өвс ургамал битүү ургажээ. Дөрвөн талын ханын голд үүд бололтой овгортой. Зүүн, баруун ханын гол дахь овгор, баруун хойд булан бусдаас илүү өндөр, ялангуяа зүүн талын овгор нэн өндөр, бараг 2 м орчим. Хэрэм нь бусад газраараа тун намхан бөгөөд энд тэндээ овон товонтой, зарим хэсэгтээ бараг тасарсан байдалтай.
Хэрмийн хойд хана 154 м, өмнөд хана 158 м, баруун хана 152 м, зүүн хана 156 м тус тус хэмжээтэй. Хэрмийн дотуур барилгын ор суурь гэмээр тодорхой мэдэгдэх зүйлгүй, ихэвчлэн дэрс, халгай зэрэг эртний барилга байгууламжийн дээр ургасан байдаг өвсөн бүрхэвч бүхий олон хонхор судаг, жалга мэт овон товон ихтэй. Хэрмийн доторх талбайд тоосго болон барилгын дээврийн ваарын хагархай хэлтэрхий цөөн боловч мэдэгдэж байсны зэрэгцээ хэрмийн баруун урд хананы орчимд баганын чулуун суурь мэт зүйл ил хэвтэж байв.
Монгол-Оросын хамтарсан “Бий булаг” төслийн хээрийн шинжилгээний анги 2018 оноос хойш “Байбалык-1” ба “Байбалык-2” дурсгалуудын дэвсгэр талбайд археологийн нарийвчилсан хайгуул, малтлага судалгааны ажлыг амжилттай зохион явуулж байгаа бөгөөд тус төслийнхөн энэ 2024 оны хээрийн шинжилгээний хүрээнд уг дурсгалын баруун хана, хаалганы хэсэгт малтлага хийж гүйцэтгэсэн болохыг гэрчлэх малтлагын талбайн ором орчин тойрны газраас тод ялгарч байсныг ч мөн энд зориуд тэмдэглэх хэрэгтэй юм.
Тус хээрийн шинжилгээний анги 2024 оны судалгааны ажлын хүрээнд энэхүү хоёрдугаар хэрмийн хойд ханын тус газарт сорил малтлага гүйцэтгэв. Энэ нь тус хэрмийн яг төв хэсэгт, хэрмийн ханын гол төв хэсгээс дотогш хандуулан 2 x 6 м газарт буюу нийт 12 метр квадрат талбайг хамарсан билээ. Энд гүйцэтгэсэн сорилын малтлага нь үндсэндээ археоботаникийн судалгааны дээж авах, тус хэрмийн ерөнхий бүтэц зохион байгуулалт, хадгалагдсан байдал, газрын хөрсний үе давхаргын онцлог, түүний үндсэн үүрэг зориулалт зэргийг тандан мэдэх зэрэгт чиглэгдсэн юм.
Малтлага судалгааны ажлын явцад өмнө өгүүлсэн эртний хэрмийн бүтэц зохион байгуулалтаас гадна цөөн тооны барилгын дээврийн ваарын хэсгүүд, ямар эдлэл байсныг тогтоох аргагүй болсон өмхөрсөн модны өөдөс, бог ба бод малын ясны хэдэн хугархай зэрэг жижиг олдворууд олдов.
Эртний шороон хэрмийн дотор ханатай залгаж томоохон нүх байсны ул мөр болох бараан толбо тодорхой мэдэгдсэн нь сонирхолтой юм. Үүний дотор дүүрсэн хөрс шороог малтах явцад дээд хэсгээс ганц том хавтгай занар чулуу, барилгын дээврийн ваарын цөөн хэдэн хагархай, бог малын ясны хэдэн хугархай хэлтэрхий зэрэг зүйлээс өөр зүйл гараагүй. Ерөнхийдөө хөрс шороогоор дүүрч аньж эдгэсэн болох нь тодорхой байлаа. Малтлагын зүсэлтийн ханаас харахад, энэ нүх нь амсраас ёроол руу хумигдсан хэлбэртэй, 1 м орчим гүнтэй байсан аж. Малтлагаас гарсан цөөн хэдэн олдворын зүйл, малтсан талбайн хязгаарлагдмал байдал зэрэгт тулгуурлавал, үүрэг зориулалтыг нь одоогийн судалгааны хүрээнд тодорхойлоход хүндрэлтэй байна.
2024 оны зун Байбалык хотын дэвсгэр талбайн хоёр газарт судалгааны ажил явуулсны нөгөө нэг нь өмнө өгүүлсэн хэрмээс чанх баруун тийш шулуун шугамаар 1000 м зайд байрлах “Байбалык-3” хэмээх нэг том дөрвөлжин хэрмийн ор үлдэгдэл болно. Энэ нь мөн л түрүүчийнхтэй адил Сэлэнгэ мөрөнд илүү ойрхон, дов намгархаг тэгш талбайд байрласан. Дөрвөлжин хэлбэрт хэрмийн далан ихээхэн хулширч бүдгэрсэн бөгөөд орчны гадаргаас төдийлөн товойж мэдэгдэхгүй, энд тэндээ овгор хонхортой, зарим хэсэгтээ тасалдсан байдалтай.
Хэрмийн хойд хана 329 м, өмнөд хана 320 м, баруун хана 314 м, зүүн хана 332 м хэмжээтэй. Далангийн дээгүүр болон доторх талбайд дэрс ургасан овгорууд байгаа нь тодорхой хэлбэр дүрсгүй. Хэрмийн дундуур хэд салаалсан жалга орж ирсэн нь зарим газраараа хэрмийг хөндлөн огтлон гарчээ. Хэрмийн зүүн хойд өнцгөөс урагш 100 м орчим зайд их л чамбай товойлгон сийлсэн маанийн үсэгтэй чулуун хөшөөг далангийн дээр суулгасан байна.
2024 оны судалгааны хүрээнд, уг хэрмийн зүүн ханын тус газарт 1x5 м хэмжээтэй зүсэлт хийж, түүний бүтэц зохион байгуулалтыг судлах малтлага хийв. Үүний үр дүнд эртний шороон хэрмийн ор үлдэц, модон баганууд тулж байсныг гэрчлэх баганын хэд хэдэн суурь чулууд зэргийг илрүүлэн олсон нь энэ үеийн хот суурины судалгаанд сонирхолтой хэрэглэгдэхүүн боллоо. Уг хэрмийн ханыг барихдаа хэвд цохисон түүхий тоосгыг ээлж дараалуулан үелүүлж өрсөн болох нь мэдэгдсэн юм. Хэрмийн энэ хэсгийн хана нь 3 м орчим өргөнтэй, 110 см орчим зузаан хадгалагдан үлдсэнийг тогтоов. Сорил малтлагын үр дүнд хэрмийн дотор, гадна талын хүрээ хязгаар, түүнчлэн үүний ханын дотроос баганын суурь чулуудыг илрүүлэн олсон нь хэрмийн хийц маягийг дэлгэрүүлэн судлахад чухал хэрэглэгдэхүүн болох юм. Дараагийн жилүүдэд уг хэрмийн хийц байдлыг лавшруулан судлахыг зорьж байна.
Тус шинжилгээний анги дээр өгүүлсэн хоёр сорилын малтлагаас гадна, “Байбалык-2” дурсгалыг уртраг, өргөргийн дагуу 50 м хэмжээтэй хэд хэдэн талбайд зохиомлоор хувааж хоорондоо 1-2 метрийн зайтай явганаар шугаман хайгуул хийж гуч гаруй олдворын зүйлсийг илрүүлэн нарийвчилсан аргаар хэмжин бүртгэж тэдгээрийн тархац, нягтрал, төвлөрөл зэргийг тодорхойлсон болно. Эдгээр түүвэр олдворын дийлэнх нь барилгын дээврийн ваар, тоосгоны хагархай зэрэг барилгын хэрэглэгдэхүүн бөгөөд ширмэн эдлэлийн хагархай, төмөр хадаас зэрэг цөөн хэдэн төмөрлөг олдворууд бий.
Цагаан сүмийн балгасны судалгаа: Архангай аймгийн Хотонт сумаас баруун урагш 50 орчим км зайтай, Цагаан сүмийн голын эхэнд шороон хэрэмт их, бага хоёр эртний балгасын туурь байдаг. Судлаачид энэ хоёр балгасыг Цагаан сүмийн балгас-1, 2 хэмээн ялган тэмдэглэж ирсэн билээ. Цагаан сүмийн балгас-1 дурсгалыг судлаачид бага хэмжээгээр малтан шинжилж он цагийг урьдчилсан байдлаар Уйгурын үед холбогдуулан үзсэн байдаг.
Тус шинжилгээний анги 2024 оны судалгааны хүрээнд, Цагаан сүмийн балгас-1 дурсгалын дэвсгэр талбайд хоёр сорил малтлага явуулсны нэг нь их хэрмийн дотор ханын дагууд цуварч байрласан тэгш өнцөгт олон жижиг хэрмийн нэгийнх нь хаалган хэсэгт зүсэлт хийж, түүний бүтэц зохион байгуулалтыг судлах ажил байлаа. Энэ нь хэрмийн зүүн урд булан дахь хамгийн эхний байгууламж болно. Энд 2 x 5 м буюу нийт 10 м2 хэмжээ бүхий талбайгаар зүсэлт хийв. Үүний үр дүнд эртний шороон хэрмийн ор үлдэц, хаалга байсныг гэрчлэх модон баганын үлдэгдэл зэргийг илрүүлэн олсон.
Хэрмийг барихдаа бор шаварлаг хөрсийг 20 см зузаантайгаар ээлж дараалан дагтаршуулан дэлдсэн болох нь мэдэгдсэн юм. Энэ хэрэм нь хаалган хэсгээрээ 2 м орчим өргөнтэй, 1 м зузаан хадгалагдан үлдсэнийг тогтоов. Хэрмийн үүдэн хэсгийг хамруулан явуулсан сорил малтлагын үр дүнд хэрмийн хатавчны хүрээ хязгаар, түүнчлэн нэг талын хатавчийг бэхэлсэн бололтой модон баганыг малтлагаар олсон нь хэрмийн хаалганы өргөний хэмжээг тогтооход чухал ач холбогдолтой болсон юм.
Хэрмийн хаалган хэсэгт явуулсан энэхүү сорил малтлага судалгааны явцад дээрх зохион байгуулалтаас гадна барилгын дээврийн ваарын хагархай, бог малын ясны цөөн хугархай, уйгур болон хятаны хэв шинжтэй вааран савны хэдэн хагархай зэрэг олдворын зүйл таранги байдлаар олдсон болно.
Тус оны шинжилгээний ажлын хүрээнд гүйцэтгэсэн нөгөө нэг малтлага нь гол хэрмийн үүдэнд түүнтэй залгаа өөр нэг томоохон хэрэм байдгийн дотор явагдсан. Тодруулбал, түүний баруун урд буланд нь барилгын үлдэгдэл бололтой 11x16 м бүхий ганц овгор шороон байгууламж байдгийн дэргэд 1x5 м сорил малтлага хийсэн юм. Энд гүйцэтгэсэн сорилын малтлага нь үндсэндээ тус байгууламжийн хадгалагдсан байдал, ерөнхий бүтэц зохион байгуулалт, газрын хөрсний үе давхаргын онцлог, түүний үндсэн үүрэг зориулалт зэргийг тандан мэдэж археоботаникийн судалгааны дээж авах зэрэгт чиглэгдсэн юм.
Байршил: 47.070153, 102.072928