Үндсэн агуулга руу

Судалгаа

Монгол нутаг дахь эртний төмөрлөг үйлдвэрлэлийн судалгаа

2025.03.26  |  СудалгааfX⧉

Л.Ишцэрэн, Ч.Амартүвшин

Удиртгал

Тус төсөл Монгол орны эртний нүүдэлчдийн төмөрлөг боловсруулалтын соёлын тод илэрхийлэл болох археологийн дурсгалуудыг малтан судалж технологийн гарал үүсэл, холбогдох он цагийг нарийвчлан тогтоосноор нүүдэлчдийн зэс, хүрэл боловсруулалтын түүхийг шинээр авч үзэх зорилготой билээ.

Энэхүү зорилгын хүрээнд Монгол орны хүрэл, төмөр зэвсгийн үеийн оршин суугчдын аж ахуйг тодруулах, бүс нутгуудын соёлын харилцан хамаарлыг шинжлэх ухааны түвшинд судлан үнэлэлт дүгнэлт өгөхийг хичээн ажиллаж байна.

Төслийн хээрийн шинжилгээний анги Монгол улсын Соёлын сайдын 2024 оны 5-р сарын 15-ний өдрийн А/255 дугаар тушаалын хавсралт №1-2 дугаар зөвшөөрлийн дагуу 2024 оны 9-р сарын 10-20-ны өдөр хүртэл ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын эрхлэгч, доктор Л.Ишцэрэн, 1 жолоочийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг Дээд, Доод улаан эрэг, Хэрээ гөхөл уулын дурсгалд судалгааны ажлыг хийсэн хийлээ. Бусад судлаачид лабораторийн судалгааны ажлыг хийсэн болно.

Хээрийн судалгааны хүрээнд сумын төвийн зүүн баруун талд Хэрлэн голын урд эрэг дагууд археологийн хайгуул, сорилын малтлага судалгааг хийсэн юм.

Дээд, Доод улаан эрэг

Хээрийн судалгааны ажлыг хийхийн өмнө ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг, лабораторид хадгалагдаж буй олдворуудад 2022 оны намар судалгааны ажлыг хийсэн билээ. Судалгааны үр дүнд Археологич Х.Пэрлээ абугайн 1966, 1967, 1968 онуудад “Аврагын балгас”-нд хийсэн судалгааны эх хэрэглэгдэхүүн дотор “Хэнтий аймаг, Баянмөнх сум, Доод улааны эрэг” хэмээн хаягласан 5 ширхэг модон хайрцганд ваарны хагархай, төмрийн баас, зуухны ханын хэсэг зэрэг олдворууд байгааг олсон билээ. Эдгээр олдворууд бол үйлдвэрлэлийн явцад гардаг эх хэрэглэгдэхүүнүүд байсан тул, зарим олдворын гэрэл зургийг авч анхны баримтжуулалтыг хийлээ. Эдгээр ваарны хагархай нь Хятан улсын үед хамаарах дармал хээтэй (хүрдэн хээ) бөгөөд амсар, бөөр, ёроолын хэмээн ерөнхийд нь 3 хэсэгт хуваан үзэж болохоор байна. Харин төмрийн хаягдал шлак нь төмрийн дарханы үйлдвэрлэл хийх явцад гардаг хаягдалтай ихэд адил бөгөөд, зуухны ханын хэсэг зэрэг нь зузаан 5 см орчим олон тооны түүхий тоосго бүхий хэсгүүд байсан тул зуух хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж болохоор байгаа юм. Энэхүү дурсгалт газрын тухайд Х.Пэрлээ абугайн зохиол, бүтээлүүдэд хайж үзсэн боловч одоогоор тэмдэглэгдсэн зүйлс олдсонгүй.

Хээрийн судалгааны ажлыг хийхдээ газар зүйн GIS програм ашиглаж Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт хайлт хийж үзэхэд  сумын төвийн зүүн болон баруун хэсгийн Хэрлэн гол руу шахсан эрэг, мөргөцөгийг “Улаан эрэг” хэмээн нэрлэдэг ажээ.

Хэрлэн голын урсгалыг даган сумын төвөөс зүүн тийш орших уг эргийг Х.Пэрлээ абугайн нэрлэсэн “Доод улаан эрэг” хэмээн таамаглаж хайгуулын ажлыг гүйцэтгэсэн болно.

Тус газар Хэрлэн голын өмнө талд өргөргийн дагуу сунаж тогтсон ба эргийн дагууд бороо, үерийн усанд ихэд идэгдсэн хоорондоо зайтай олон гуу жалга буй. Нутгийнхан ходоодонд сайн хэмээн эртнээс ундаалж ирсэн “Эргийн рашаан” хэмээх булгаас баруун тийш 300 орчим метр зайтай жалганд галд шатсан хөрсний үе, ваар савны хагархай зэрэг зүйлс ихээр тархсан байв. Шатсан хөрс нь ил гарсан хэсэгтээ 30 см орчим зузаан байна. Шатсан хөрсөнд ваарны хагархай ихтэй ба хатуурч шатсан шаварлаг хөрс байгааг зуухны үлдэгдэл хэмээн үзэж болмоор ажээ. Энэхүү жалга нь голоороо усанд идэгдэн эвдэрч нурсан ба жалганы дээд хэсгийн хоёр талаар нилэнхүйдээ шатсан хөрсөн үе болон ваар савны хагархай үлдэгдлүүд ихээр тархсан байгаа нь эрт үед энд үйлдвэрлэлийн газар байсныг гэрчлэх баримт хэмээн үзэж болохоор юм.

Мөн сумын төвөөс баруун тийш Улаан эргийг даган хайгуул хийх явцад шатсан хөрс, чулуун хүрээтэй голдоо шатсан төмрийн шаарны үлдэгдэлтэй, мөн ваар савны хагархайтай зуухны үлдэгдэл байж болох газрыг олсон юм. Тус дурсгалын эргэн тойронд ваар савны хагархай ихээр тархсан байх ба “Доод улаан эрэг” дурсгалтай газар зүйн хувьд адил байна. Тус дурсгалыг “Дээд улаан эрэг” хэмээн нэрлэв. Эдгээр шавар ваарууд саарал, хар саарал өнгтөй хээ чимэгэлийн хувьд Кидан маягийн хэв шинжтэй байсан тул НТ X-XI зууны үед хамаарах боломжтой хэмээн урьчилсан байдлаар таамагласан юм.

Хайгуулын явцад чулуун өрлөг бүхий галд түлэгдэж шатсан хэсэг газар илрүүлсэн бөгөөд зуухны үлдэгдэл байх магадлалтай хэмээн үзэж сорилын малтлага хийлээ. Газрын өнгөн хөрсөн дээр 2 ширхэг цувуулж хана мэт өрсөн чулууны үлдэгдлийг дагуулан цэвэрлэж үзэхэд 43 х 40 см хэмжээтэй чулуун өрлийн дотор тал галд түлэгдэж улайссан байна. Харин бусад хэсэгт эвдэрч хэлбэрийг бүрэн тодорхойлох боломжгүй болжээ. Хана хэмээн үзсэн чулуун өрлөгийн дотор тал өндөр хэмд халснаас үүдэн шатаж түлэгдэж улайссан шаварлан хөрс, түүний дотор хар үнсэн үе байх ажээ. Тус зуухны үлдэглээс бага хэмжээний төмрийн шаар гарсч байсан тул тэгш өнцөгт төмрийн дархны зуух боломжтой хэмээн урьдчилсан байдлаар үзэж байна. Харамсалтай нь сорилийн малтлагаар он цаг тогтоох боломжтой эх хэрэглэгдэхүүн хараахан олдоогүй юм.  Харин ШУА-ын Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй Х.Пэрлээ абугайн цуглуулсан олдвор хэрэглэгдэхүүнд зуухны шатсан ханын хэсэгт үлдэж хоцорсон модны нүүрснээс дээж авч чадсан билээ. Судалгааны дээжийг Япон улсын “Institute of Accelerator Analysis Ltd” лабораторид судлагаа хийлгэхэд 1168-1218calAD (1σ), 1157-1256calAD (2σ) хэмээн гарсан юм.

Хэрээ Гөхөл уулын шороон хэрэм

Хэрэв тус дурсгалт газар үйлдвэрлэлийн томоохон суурин газар байсан гэж үзвэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ойр орчимд байх хотууд юм уу, суурин газруудад зөөвөрлөж байсан хэмээн үзэх үндэстэй юм. Энэхүү таамаглалыг батлахын тулд тус дурсгалт газраас хамгийн ойр орших эртний хотуудыг шалгаж үзэв. Дээд, доод улаан эрэг дурсгалаас баруун хойш Хэрлэн голын хойд талд Аваргын голын хөндийд орших Монголын эзэнт гүрний анхны нийслэл “Аваргын балгас” дурсга орших ажээ. Мөн тухайн дурсгалаас баруун тийш шулуунаар 60 орчим км зайд Хэрлэн голын хойд эрэгт Кидан улсын үед хамаарах “Зүүн хэрэм, Баруун хэрэм” зэрэг хотууд байрлах ажээ.

Дээрх 2 хотын туурь газар зүйн байршлын хувьд Хэрлэн голын хойд талд, нилээн их зайтай байрлаж буй учир судалгааны багийнхан өмнөх судлаачдын зохиол бүтээл судалгааны эх хэрэглэгдэхүүнийг шалгаж үзсэн юм.

Х.Пэрлээ абугайн “Монгол ард улсын эрт, дунд үеийн хот суурины товчоон” номны “Тус зохиолд оролцоогүй Манжийн ба он цаг нь мэдэгдээгүй хот суурин, тарилангийн суурины товч мэдээ” гэсэн хэсгийн 78 дугаарт “Хэрээ гөхөлийн зүүнтэй бий шороон хэрэм. Хэнтий аймаг, Баянмөнх сум. Хэрлэн голын зөв талд байна” (“Пэрлээ, 2012: 242) гэсэн мэдээ байлаа. Харамсалтай нь дурсгалын дэвсгэр зураг, байр зүйг тодоххойлсон ямар нэг мэдээ баримт байхгүй байлаа. Бид тус дурсгалын газар зүйн байршлыг тогтоохын тулд GIS програм дээр Хэрээ гөхөл уулын солбицолыг тодорхойлж хайлт хийсний дүнд Хэрээ гөхөл уулнаас зүүн тийш 3 орчим км зайд хоёр ширхэг шороон хэрмийн үлдэгдэл бүхий газрыг илрүүлэн олсон билээ.

Тус хэрэм “Дээд, доод улаан хэрэм” дурсгалаас зүүн тйиш Хэрлэн голын урд эрэгт 27 км-т Хэрээ хөхөл хэмээх жижиг толгойн зүүн талд орших ажээ.

Хэрээ гөхөл I шороон хэрэм

Уг хэрэм нь 140х 140 м хэмжээтэй бөгөөд дундуураа зааглагсан хоёр хэсгээс бүрдэх бөгөөд ихэд хулширч муудсан буюу хэрмийн хана бараг мэдэгдэхээргүй болсон байлаа. Хэрмийн зүүн хана бараг мэдэгдэхгүй шахам урд болон баруун хана 50-60 см өндөртэй байна. Хэрмийн голд буюу хуваасан хэсгийн хойд талд 20х10 м хэмжээтэй 60 орчим см өндөртэй нэгэн байгууламж байх бөгөөд дээврийн ваар ихээхэн хэмжээтэй байв. Тус байгууламжаас зүүн урд хэсэгт 16х10 м хэмжээтэй 1 м орчим өндөр бас нэгэн байгууламж байх бөгөөд дээд хэсэгт нь чулуун өрлөг маягийн зохион байгуулалт мэдэгдэв. Мөн дээврийн ваар болон шаазангийн зүйл хөрсөн дээр ил их хэмжээтэй байлаа

Хэрээ хөхөл II

I хэрмээс 500 м зайд дунджаар 1,5 м өндөртэй хэрэмт байгууламж байна. Хойд ханын хэсэг хамгийн сайн хадгалагдсан бөгөөд 2,5 м өндөртэй 170 м байв. Урд хана 50 см өндөртэй 150 м урттай. Нийт хүрээлсэн хэрмийн дундаж өргөн 4 м байна.

Хэрмийн дотор хойд болоод зүүн баруун талд байрлах 3 тусдаа байгууламж нь “П” хэлбэрийг үүсгэж байна. Эдгээр байгууламжууд нь газрын гадаргаас дээш ойролцоогоор 2,5 м өндөртэй.

Тус гурван байгууламжийн 2 захын буюу баруун зүүн байгууламж ижил хэмжээтэй 16 м өргөн, нийт 100 м урттай, хойд хэсгээс 40 м орчимд заагласан багахан хотгортой бөгөөд хоёр талаараа 1 м орчим өргөнтэй чулуун өрлөг талаар 2 эгнүүлэн зассан байлаа.

Харин хоймрын буюу хойд хэсэгт байх байгууламж 16 өргөнтэй 50 м урттай мөн адил 1 м орчим өргөнтэй чулуун өрлөг 2 талаар нь эгнүүлэн зассан.

Энэхүү “П” хэлбэрийн байгууламжийн гол хэсэгт 14 м диамерт бүхий чулуун хүрээтэй багахан овгор бий. Мөн хэрмийн урд хэсэгт 5 м диаметр бүхий нэгэн чулуун байгууламж байна.

Хэрээ хөхөл III

Хэрээ гөхөл уулын зүүн дор хэсэгт 30х30 м хэмжээтэй 2 м өндөр шороон далан бүхий нэгэн хэрэм байна. Хэрмийн голд 2 м орчим өндөртэй дугуй байгууламжтай ажээ. Хэрмийн эргэн тойронд барилгын материал гэхээр зүйл ховор бөгөөд харин шаазангийн хагархай багахан хэмжээтэй тархсан байсныг түүвэрлэн авсан юм. Эндээс Юан улсын үед үйлддэг байсан Жун яо- 钧窑 гэх хөх шаазангийн цөөхөн хэсгүүд олдож байлаа.

Дээрх хэрмүүдээс гарсан шаазан савны хагархайнууд нь Сүн, Юан улсын үед үйлддэг байсан Жун яо- 钧窑 хөх шаазан, Лунчуан яо- 龙泉窑, Ру яо 汝窑шаазангууд олсон юм. Тус шаазангийн хэрэглэгдэхүүнээс үзэхэд лавтайяа XII-XIV зууны үед холбогдох боломжтой байна. 

Дүгнэлт

Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт орших Дээд, Доод улаан эрэг, Хэрээ гөхөл уулын шороон хэрэм дурсгалыг дараах байдлаар дүгнэж байна.

Нэрт археологич Х.Пэрлээ абугайн 1967 онд малтлага судалгаа хийсэн “Доод улаан эрэг”-ийн төмрийн дархны зуух болон ваар сав шатаах зуухны лабораторийн он цаг нь XII зууны төгсгөл XIII зууны эхэн үед хамаарч байгаа нь Их Монгол улсын эхэн үетэй давхцаж байна. Гэхдээ тухайн газарт Кидан улсын үед хамаарах ахуйн хэрэглээний ваар савны хэлтэрхий олон тоотой тархсан ажээ. Дээд, доод улаан эрэг дурсгалаас гарч буй шавар савнууд Кидан улсын үеийн онцлог бүхий хээ, хэв шинжтэй байгаа тул Зүүн, Баруун хэрэмтэй нэг он цагт хамаарна хэмээн дүгнэж үзэх боломжтой боловч он цагийн судалгааны үр дүн эргэлзээ төрүүлнэ. Судалгааны үр дүнд тулгуурлан үзвэл Аваргын балгас, Хэрээ гөхөл уулын хэрэмтэй тухайн дархны зуух илэрсэн “Дээд улаан эрэг” дурсгал холбогдох боломжтой хэмээн үзэхэд хүргэв.

Сан хөмрөгт хадгалагдаж буй эх хэрэглэгдэхүүнд хийсэн радиокарбоны он цаг болон тухайн газарт буй түүвэр олдворын харгалдах он цаг нь зөрүүтэй байгаа хэдий ч Хятаны үеэс Их Монгол улсын үе хүртэлх хугацаанд үйлдвэрлэл явагдаж байсан хэмээн тоймлон авч үзэж болно. Гэхдээ цаашид нарийвчилсан хайгуул болон сорилтын малтлага судалгаагаар төмрийн дарханы зуухны ул мөр, дурсгалын холбогдох он цаг, хамрах хүрээг тодорхойлоход анхааран ажиллах нь зүйтэй юм.

Хэрээ гөхөл уулын шороон хэрмийг XII-XIV зууны үед хамаарагдана хэмээн урьдчилсан байдлаар тогтоов. Хэрээ гөхөл уулын шороон хэрэм нь Их Монгол улсын анхны нийслэл “Их орд” буюу Аваргын балгасаас 50 орчим км зайтай Хэрлэн голын урд талд оршино. Энэхүү шороон хэрэм нь Аваргын балгастай нэг цаг үед холбогдох уу эсвэл түүний дараах (XIII зууны дунд үеэс XIV зуун) үед хамаарах уу гэдгийг малтлага судалгаа хийж тодорхойлох шаардлагатай юм.

Хэрээ гөхөл уулын II шороон хэрэмт байгууламж бол “П” хэлбэртэй барилгын бүтэцтэй байгаа зэргээс үзвэл сүм хийдийн туурь, тахилгын газар байх магадлалтай. Хэрэв тийм хэмээн үзвэл сурвалжийн мэдээнд гарч буй Хубилай хааны ач Камалагийн барьсан тахилгын сүмийн туурь байх боломжтой юм.

I шороон хэрэмт гудамлаж хуваагдсан зохион байгуулалттай бөгөөд барилгын ором ихтэй байгаа зэргээс үзвэл тухайн газар бол хүмүүсийн аж амьдрал өрнөж байсан хэсэг бололтой. Тухайн газарт шавар болон төмөр эдлэл хийж байсан жижиг хэмжээний дархан, урлангийн газар байсан байх магадлалтай тул цаашид малтлага судалгааг нарийвчлан хийснээр олон асуултын учир тайлагдах болов уу хэмээн найдаж байна.

Түүнчлэн Баянмөнх сумаас баруун урагш Дархан сумын нутаг Дархан уул ард буй төмөр дөш тахидаг газарт эрт үед Чингис хаан төмрийн дарх хийдэг байсан хэмээх домогтой ажээ. Судалгааны багийнхан тухайн газарт очиж тахилга хийдэг дөш бүхий газрыг үзсэн юм.

Сумын төвийн ард Дархан хэмээх хад асга ихтэй уул байдаг. Нутгийн хүмүүс тус уулыг Чингис хаан төмрийн дарх хийдэг байсан газар хэмээн хүндэтгэн үзэж зуны дунд сарын 15-нд уулын ард нэгэн том хаданд байрлуулсан төмөр дөшийг тахих зан үйл хийдэг ажээ.

Дархан уулын ард Дотуурын булагийн эхэнл байх том үхэр чулуун хадны хормойд жижиг чулуу өргөж хадаг сэлт уясан ба том үхэр чулууны үзүүр хэсэгт байх бага зэргийн дэгш гадаргуу дээр жижиг төмөр дөшийг хадгаар ороосон байдалтай байрлуулжээ. Тухайн газарт байсан төмөр дөшийг ардын хувьсгалын эхэн үед Улсын түүхийн музейн сан хөмрөгт аваачсан хэмээдэг бөгөөд оронд нь жижиг хэмжээтэй төмөр дөшийг орлуулан тавьсан байна.

Цаашид угсаатны зүйн судалгааг археологийн судалгаатай харьцуулан хийж түүхийг шинэ баримт хэрэглэгдэхүүнээр баяжуулах бүрэн боломжтой хэмээн үзэж байна.

Байршил: 47.096611, 109.162903