Эрээн толгойн дурсгал
Г.Батболд, Б.Цогтбаатар
Хэнтий аймгийн Дадал сум Онон багийн нутагт Эрээн толгой хэмээх газарт малтлага судалгааг явуулав. Уг дурсгалыг анх Дадал сумын орон нутаг судлах музейн ажилтан Б.Бат-Эрдэнэ илрүүлж судлаачдын сонорт мэдээлсэн байдаг. Эрээн толгой хэмээх газар нь Онон багийн төвөөс хойш 2 кмт байрлана. Уг толгойн баруун талд Өндөр хайрхан хэмээх сондгой өдөр уул харагдах бөгөөд баруун талаар нь Сэрүүн булаг урсана. Урд талд Шар Тогоот хэмээх уул бий. Эрээн толгойд дэвсгэр зураг үйлдэхэд нийт 68 булштай болох нь тогтоогдсон юм. Оршуулгын газар Эрээн толгойн урд энгэрт толгойгоос буусан хоёр богино хошуу мэт байцын дунд урагш харсан энгэрт нь байрлана. Малтлага судалгааны үеэр булшны дарааснаас мал амьтны яс ихээр илэрч байсан нь сонирхолтой байна. Булшны дарааснаас илэрсэн олон тооны яс булшны тахилгатай холбоотой юу өвөлжөөнөөс болсон уу гэдэг эргэлзээтэй байна. Гэхдээ сүүлийн үеийн хаягдал яс хэмээн үзэхэд дараас гүн дарагдсан байгаа нь оршуулах үеийн тахил байж ч болохоор дүр харагдаж байна. Хамгийн том булш нь 7 м голчтой бол жижиг булшнууд 1 м орчим голчтой байна. Булшны хадгалалт маш муу дийлэнх булш тоногдсон шинжтэй бөгөөд томоохон булшны дараасыг гарган эргэн тойронд шидсэн нь хүннү булшийг санагдуулахуйц хэлбэртэй болжээ. Бид 2021 онд 4 булш, 2024 онд 6 булш буюу нийт 10 булш малтаад байна.
Нийт малтан судалсан булшны 4 булш нь эрэгтэй, 4 булш нь эмэгтэй, нэг булш 5-6 насны хүүхдийн булш байсан бол 62-р булш хос хүний оршуулга, 66-р булш нярайн хамт оршуулсан эмэгтэй хүний булш байв. Нийт 11 бодьгал илэрсэн юм. Малтлагаас нийтдээ 60 орчим тооны олдвор илэрсэн юм.
Эрэгтэй булшнаас зэр зэвсгийн шинжтэй зүйлс дагалдуулсан нь хоромсого, харвуулын зэв, нум зэрэг байв. Мөн 2 булшнаас хэт цахиур, хүйс хамаарахгүй зарим булшинд дангаар нь цахиур дагалдуулсан байв. Харвуулын зэвийн хувьд 24-р булшнаас илэрсэн ясан бороот зэв хамгийн онцгой зэв байсан бөгөөд бусад зэв дундад зууны үед түгээмэл хэрэглэгдэж байсан зэвүүд байв.
Булш-24 нумын ясан наалт ганцхан бариулын наалт бололтой ясан наалт илэрсэн. Булш тоногдсон байсан учир нумын бусад анги зөөгдөн гээгдсэн байхыг үгүйсгэхгүй юм. Булш-62 эзэн 55-60 насны эмэгтэй, дагалдуулсан хүн 12-13 настай эрэгтэй хэмээн тогтоосон юм. Уг булш тонуулд бусниулсан байсан учир бид эрэгтэй хүнтэй холбоотой эдлэл дагуул хүнд хамаатай байж болох юм гэж үзэж байна. Нумын гичрийн ястай адил жижиг ясан эдлэл байна. Урт 4 см урт, 0.5 см урт, хамгийн өргөн 0.7 см нумын гичрийн модонд суух хэсэгт бага зэрэг нарийссан шаантаг маягтай юм. Ж.Базарсүрэн гуайн бүтээл нумын “эвэр амагч” хэмээн нэрлэсэн байна. Гэвч яг нумд байрлаж буй хэсэгт хэр тохирч буй нь тодорхойгүй учир нум урлаач Т.Батмөнх гуайтай холбогдож ярилцахад “амгавчийн онийн зуулга яс” гэж дээхэн үед суулгаж өгдөг байсан хэмээв. Булш ихээр тоногдсон учир нумын бусад бүрдэл яс илэрсэнгүй. Ер нь 12 орчим настай хүүхдийн нум ясан амагчаас өөр ясан нэмэлт зүйлгүй байдаг байсан байж ч болох юм. Ийм нумыг Алангир нум хэмээн үзвэл зөвхөн хүүхэд хэрэглэгдэг бус мөн насанд хүрэгчид бүгд хэрэглэгдэг байсан бололтой. Магадгүй насанд хүрэгчдийн нумд шөрмөсөн эд анги илүү ихээр ордог учир гадна талаар нь үйсээр ороодог байсан байж болох юм. Энэхүү нум нь ямар ч гэсэн төмөр зэв бүхий сумтай жижиг ан болон ахуйн хэрэгцээг хангадаг байж хэмээн үзэхээр байна. 62-р булшнаас дөрвөн ширхэг төмөр зэв илэрсэн нь ингэж үзэхэд хүргэж байна.
Булш 24, 62 хоёроос мөн хоромсого илэрсэн юм. 62-р булшны хүүхдийн хоромсогын хэсэг бололтой 10х10 см давхарлан бортого маягтай байж байгаад дарагдсан үйсэн эдлэл илэрсэн юм. Харин 24-р булшнаас илэрсэн хоромсого Эрээн толгойн он цагийг мөн давхар баталсан олдвор болсон бөгөөд зүүх сэнжийг ясаар хийсэн байна.
Хэт цахиурын хувьд хавтгай хуягийн ялтас мэт хэлбэртэй бөгөөд 0.5 см зузаан хавтгай хэлбэртэй төмөрт цахидаг байжээ. Үүнээс арай хожуу үеийн цахиур нь гарын атгын гадна талаар ороосон хагас цагариган болон өөрчлөгдсөн байдаг. Эрт үед цахиур чулууг гүр гэдэг байжээ. Чин толгой балгасны малтлага судалгаанаас ийм төрлийн хэт хэд хэд илэрсэн байдаг. Тухайн үед хэтийг хуягийн ялтасны бэлдэц хэмээн багахан ташаарсан байна.
Эрээн толгойн булшнаас гоё чимэглэлийн зүйлс эмэгтэйчүүдийн булшнаас голлон илэрч байна. 66-р булш хөл хэсгээс нь орж нөмөргөсөн зүйлийг авсан бололтой хүний яс анхны байдлаараа хэр нь дал, хутга доош татагдан хөмөрсөн байдалтай илрэв. Мөн 3-р булшны хүнээс бүсэлхий орчмоос нь ямар нэг зүйл татаж авсан шинжтэй бөгөөд бид эрэгтэй хүний бүсийг татаж авсан хэмээн бодсон боловч хүний ясны хэмжилтээр эмэгтэй хүн болох нь тогтоогдсон юм. 20, 62-р булш бараг бүрэн тонуулд өртсөн бөгөөд тэдний алтан ээмэг, сувс зэрэг жижиг зүйлс тонуулын үед гээгдэн үлджээ. 66-р булшнаас хув чулуугаар сийлсэн усны шувууны дүр бүхий эдлэл илэрсэн. Гэвч бид тус эдлэл нь Хятаны үеийн ээмэг байж болох юм хэмээн үзсэн боловч унжлага гэхээсээ илүүтэй ямар нэгэн зүйл дээр хадах зориулалттай сүвлэх нүх нь доошоо чиглэлтэй байгаа юм. Бид хамт илэрсэн жижиг будаан сувс, мөнгөн гархи, усны дусал хэлбэртэй хув сувс зэргийг хамтад нь сэргээн ээмэг болгож үзсэн юм. Гэвч шувуу хэлбэртэй сувсны сүвлэх нүх тохирохгүй байгаа учир гоо зүйн хувьд зохимжгүй сэргээлт болж байна. Уг булшинд нярайн хамт эмэгтэй хүн оршуулсан байсан бөгөөд энэхүү эдлэл нярайд зориулан дагалдуулсан малгайн жинс байж болох юм. Үүнтэй төстэй Юанийн үеийн малгайн хаш жинс БНХАУ-ын хувь цуглуулагч хүнд хадгалагдаж байна.
Оршуулгын зан үйлийн хувьд оршуулгыг дагалдуулах идээ шүүсний төлөөл нь дал мах байна. Булшинд дал махан дагалдуулаад заавал далны залааны бага тал болох маяад хутга шааж тавьж байна. Хутга бүгд зуулга бүхий модон иштэй байсан бөгөөд зуулгын хамт хамгийн урт нь 1-р булшны хутга байв. Нийт урт нь 25 см бөгөөд ир нь 13 см, ишний зуулга 12 см орчим байв. 3-р булшны хутга 11 см урт байсан. Зуулган дээр модон ишний үлдэгдлээс харахад зуулга нь 3 см орчим сууж байсан нь харагдана. Монголчууд хүний ертөнцийн хүндэтгэлийн идээнд дал, дөрвөн өндрийг оруулдаг бөгөөд дал бол хамгийн их махтай бүхэл юм. Бүхэл мах чанаж тавих үед шүүсэнд хутга шааж орхих нь цээртэй байдаг билээ. Эрээн толгойн дал мах дагалдуулж далны маяад хутга шаан тавьж буй нь зөвхөн нөгөө ертөнцийн идээнд ийнхүү тавьдаг нь өнөө бид цээрлээд байгаа зан үлийн тайлал бололтой. Дал мах нь хойд насны арвин идээ баялагтай байхыг илтгэн дагуулж буй гэдэг нь илэрхий байна. Хутга заавал дагуулж буй нь Аягагүй бол Амгүй гэдэгтэй адил тухайн үед хүн бүр өөрсдийн хутгатай явбал ямар ч гэсэн идээ хүртэх боломжтой хэмээн үздэг байжээ. Монголчуудын дунд дал мах идэх арвин зан үйл байдаг бөгөөд ялангуяа далыг шүдээрээ зулгааж идэхийг хориглодог зан үйл мөн үүнээс улбаатай байж болох юм.
Бид Татар, Шивэй монголчуудын түүхэн газарзүй болон Монголын өндөрлөгөөр явж буй худалдааны замын тухай ойлголттой болохын тулд тал хээрийн нүүдэлчид болон ойн, ойт хээрийн иргэдийн харилцааг эдийн соёлын хувьд ямар хамааралтай байсныг харьцуулан харж соёл, бараа бүтээгдэхүүн хэрхэн тархаж байсныг тэдний булш оршуулгаас илэрсэн олдворт түшиглэн тодруулах боломжтой юм. Тус оршуулгын газар нь X зууны монголчууд Хятанчууд соёл, худалдааны өндөр харилцаатай, бараа бүтээгдэхүүний гол хэрэглэгч байсныг илтгэх дурсгал юм.
Байршил: 48.836339, 111.383400