Үндсэн агуулга руу

Судалгаа

Хархорум хотын туурийн орчимд ажиллах хээрийн шинжилгээний анги

2025.03.26  |  СудалгааfX⧉

А.Энхтөр, Г.Батболд

Дэлхийн өвийн (ЮНЕСКО) жагсаалтад Монгол Улсаас бүртгэгдсэн Орхоны хөндийн түүх соёлын цогцолбор дурсгалт газрын судалгааг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн түвшинд үргэлжлүүлэх тэр дундаа Монголын эртний нийслэл Хархорум хотын туурийн ойр орчим талбайд буй археологийн дурсгалт газрыг тогтоох ажлыг ШУА-ийн Археологийн хүрээлэн, Хархорум музейн хамтарсан баг хийж гүйцэтгэдэг билээ.

Бид 2024 оны 05 дугаар сард нийслэл хот Хархорин орчимд шилжин суухтай холбоотойгоор урьдчилан төлөвлөлт хийж буй бүс нутагт буй дурсгалын хүрээ хэмжээг нь харуулсан дэвсгэр зураг үйлдэх зэрэг хайгуул судалгааны ажлыг зохион байгуулав. Мөн оны хайгуулаар бүртгэн баримтжуулсан Дунд овоот орчмын дурсгалт газар болон Босоогийн хонхорын дурсгалт газарт 09 дүгээр сард археологийн малтлага судалгааны ажлыг тус тус зохион байгуулав.

Босоогийн хонхорын дурсгалыг анх 2012 онд нутгийн иргэд хүн, малын хөлөөр ил гарсан ваар савыг ухаж гарган гадаад дотоодын жуулчид болон Хархорум музейд худалдсаныг Хархорум музей эрдэм шинжилгээний ажилтан Ж.Цамбагарав мэдэж тухайн газарт очиж товч тодорхойлолт үйлдэж, гэрэл зургаар баримтжуулан холбогдох байгууллагуудад мэдэгдсэн.[1] Түүнээс хойш 2014 оны хавар 4 дүгээр сард МУИС-ийн НШУС-ийн Археологи-Антропологийн тэнхимээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт хийх археологийн авран хамгаалах малтлага судалгааны хүрээнд тус газарт 2 булш малтаж илэрсэн олдворыг Хархорум музейд шилжүүлэн өгсөн байна.[2] 2016 онд Монгол улсын ШУА-ын Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэн, Хархорум музей хамтран “Монголчуудын угсаатны бүрэлдэхүүн угсаа гарлын цогц судалгаа” төслийн хүрээнд тус хээрийн шинжилгээний анги “Босоогийн хонхор” хэмээх газарт археологийн малтлага судалгаа явуулсан байдаг. Бид энэ удаа 15, 16 дугаартай булш орон нутгийн авто машин замд өртөгдөж дурсгалын гадаад зохион байгуулалт эвдэгдсэн байсныг малтан судлав.

Босоогийн хонхорын дурсгалт газар нь Хархорум хотын туурьтай ойролцоо орших оршуулгын дурсгалт газар бөгөөд лал шашинт иргэд болон монгол жирийн иргэдийн оршуулга зэрэгцэн оршиж буй нь судалгаагаар тогтоогдоод байгаа билээ.

Эзэнт гүрний нийслэл Хархорум хотод олон үндэстэн ястны хүмүүс оршин сууж байсан төдийгүй уг хотыг барьж байгуулахад ч өөр орны урчууд өргөнөөр оролцож байсныг түүхийн сурвалж бичигт тэмдэглэн үлдээжээ.

Тухайлбал Персийн түүхч Рашид ад Диний эмхэтгэн бичсэн ²Судрын чуулган²-д Өгөдэй хаан Хархорум хотыг өргөтгөн барих үедээ Хятадаас авчирсан урчуудыг ажиллуулж байсан тухай өгүүлжээ. Түүнчлэн Персийн түүхч Жувэйни ²Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх² зохиолдоо мусульман урчууд Хархорумын ойр Карши Сури хэмээх орд байгуулсан тухай өгүүлсэн байдаг. XIII зууны үед Монголд айлчлан ирсэн францискан хувраг Гийом де Рубрук хотод хошоод хороо буйн нэг нь Саррацинуудых болой. Тэр хороололд худалдааны зах буй. Нөгөөдөх нь газрын гар урчуудын зах билээ. Янз бүрийн үндэстний дүрс тахигчдын арван хоёр дуган, Махомедийн сургаалыг номлогч лалын хоёр сүм, хотын захад Христийн нэжгээд сүм оршдог гэхчлэн өгүүлжээ. Эл байдлаас үзэхэд Их Монгол улсын нийслэл хот олон үндэстэн угсаатны хүмүүсийн хүч хөдөлмөрөөр бүтсэн бөгөөд хотын оршин суугчид ч олон янзын бүрэлдэхүүнтэй байжээ. Лал мөргөлтөн ч дотроо харилцан адилгүй, Туркестан, Согд, Иран, Ирак зэрэг өөр өөр газраас ирсэн түрэг, перс, араб угсааны хүмүүс байжээ. Дундад зууны үеийн Монголын эзэнт гүрэнд өрнө, дорнын олон орны хүмүүс зорчин ирж эндээ тогтвортой суурьшин амьдарч энэ орчим булш оршуулгын дурсгал цөөнгүй үлдээсэн болох нь мэдэгдээд байгаа билээ.

Үүнээс гадна хаварын хайгуул судалгааны хүрээнд 300 орчим дурсгалыг бүртгэн баримтжуулсан бөгөөд дийлэнх хувь нь хүрэл зэвсгийн үед хамаарах дөрвөлжин булш, хиргисүүр болон хүннү гүрний үед холбогдох хүннүгийн жирийн иргэдийн бүлэг оршуулгын газрууд байна. Мөн монгол орны төвийн бүсэд харьцангуй цөөн илэрч судлагдаад байгаа афанасьевийн соёлд хамаарах 2 дурсгал, ХIII - XIV зууны үеийн 22 дурсгалыг 6 газраас шинээр олж илрүүлж бүртгэн баримтжуулав. Уг хайгуул судалгааг түшиглэн Дунд овоот хэмээх газарт буй 16, 19, 22 дугаартай дурсгалуудад малтлага судалгааны ажлыг хийв. Эдгээр дурсгал нь XIII-XIV зууны үед холбогдох магадлалтай, цөөн тооны булштай оршуулгын газар юм. Уг дурсгалт газар Шинэ Хархорум суурьшлын бүсэд буй бөгөөд судалгааны эргэлтэнд оруулах нь эртний Хархорум хотын оршин суугчдыг тодруулахад чухал үүрэгтэй.

Байршил: 47.126500, 110.481083