Үндсэн агуулга руу

Судалгаа

Туул голын эхэн орчмын чулуун зэвсгийн дурсгалууд

2025.02.24  |  СудалгааfX⧉

Д.Базаргүр, Ц.Болорбат

Удиртгал

“Туул голын эхэн бие орчмын чулуун зэвсгийн дурсгалууд” суурь судалгааны төслийн хүрээнд 2024 онд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нутаг Өлийн тохой хэмээх дурсгалд малтлага, хайгуул судалгааны талаарх эхний үр дүнг танилцуулж байна. 

Энэ бүс нутагт анх чулуун зэвсгийн судалгааг 1949 онд С.В. Киселевын үндэс суурийг нь тавьсан Монгол-Зөвлөлтийн түүх-этнографийн хамтарсан экспедицийн бүрэлдэхүүнд А.П. Окладниковын удирдсан “Чулуун зэвсгийн дурсгал судлах” анги Туул голын сав дагууд хайгуулын ажил хийж, үүний дараа 1960-1966 онд А.П. Окладников, Д. Дорж нарын удирдсан Монгол, Зөвлөлтийн археологичдын бүрэлдэхүүнтэй “Монголын чулуун зэвсгийн дурсгал судлах” анги манай улсын бараг бүх аймгийн нутгийг хамарсан хайгуул судалгаа явуулж, Улаанбаатар хотын ойролцоо Сонгино уул, Буянт Ухаа, Шар хадны дэнжээс цөөн тооны палеолитын үед хамаарах чулуун зэвсгийг олж түүвэрлэсэн байдаг. Эдгээр дурсгалаас Сонгино уул, Буянт-Ухаагийн дэнжээс олдсон олдвор хэрэглэгдэхүүний талаар Д.Дорж, Д.Цэвээндорж нар “Монголын палеолит” бүтээлдээ бичжээ. 2018 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн судлаач Д.Базаргүр, Г.Лхүндэв нар Горхи-Тэрэлжийн нутагт хамаарах Туул голын дэнж дагуу болон Өвөр горхины аманд  хайгуул судалгааны ажлыг хийж, голын эрэг дагуу плейстоцены үеийн давхарга байгааг тогтоон, авто замын ажил хийгдэх явцад энэ давхаргаас чулуун зэвсгийн зүйлс ил гарсан байгааг илрүүлж, Өвөр Горхины аманд байгаа Агуйт хад (Зуун ламын агуй) агуйд бага зэрэг туршилтын малтлага хийж, соёлт давхаргатай агуйн дурсгал болохыг тогтоосон байдаг. 2020 онд ШУТИС-ийн судлаачид “Улаанбаатар хот орчмын археологийн дурсгалууд” төсөлд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн судалгааны салбарын судлаач Д.Базаргүр оролцон ажиллаж Горхи-Тэрэлжийн бүс нутгаас чулуун зэвсгийн үед холбогдох хэд хэдэн дурсгалыг олж илрүүлэн бүртгэсэн байна.  

Судалгааны ажлын зорилго. 

Монгол орны төвийн бүс нутгийн Бага Хэнтий нурууны баруун урд биеэс эх авсан Туул гол, Тэрэлж голын бэлчир Өлийн булан, Өлийн тохой хэмээх газарт хайгуул, малтлага судалгаа хийж дурсгалын тархалт, соёлт давхаргатай эсэхийг тодорхойлох юм. Мөн Өлийн тохойн дурсгалын малтлагаас илэрсэн олдвор хэрэглэгдэхүүний нарийвчилсан он цагийн асуудлыг тодруулах, хүрээлэн буй орчин, плейстоцены үеийн байгаль, цаг уурын байдлыг нөхөн сэргээн үзэх зэрэг судалгаанд тулгуурлан дурсгалын олдворын хэрэглэгдэхүүний чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга, түүний хөгжил, онцлог, нэр төрөл зэргийг тодорхойлон, эртний хүний амьдралын тухай байгаль, цаг ууртай хэрхэн дасан зохицон амьдарч байсан болон Монгол орны нутаг дахь эртний хүний нүүдэл, шилжилт хөдөлгөөний зам мөрийг олж тогтооход чиглэгдсэн. Энэ бүс нутгийн чулуун зэвсгийн үеийн дурсгалуудыг бүртгэн, судалгааны эргэлтэд оруулснаар тухайн дурсгалт газрын хадгалалт, хамгаалалтад ихээхэн чухал ач холбогдолтой болно хэмээн үзэж байна.

Өлийн тохойн палеолитын дурсгалын малтлага судалгаа

Өлийн тохойн палеолитын дурсгалын малтлага судалгаа

Өлийн тохойн дурсгал нь Мөст уулын зүүн урд талын гол руу шахсан өндөр дэнж бөгөөд Туул, Тэрэлж голын бэлчрээс уруудан 5 км зайтай юм. Хоёр голын бэлчир нь баруун талдаа Өгөөмөр уул (1949 м), хойд талдаа Баян булгийн зоо (2158.9 м), зүүн талаараа Эрдэнэ уул (1933 м) зэрэг уул болон тэдгээрийн салбар уулуудаар хүрээлэгдэн тэдгээр уулуудаас эх авах олон тооны булаг мөн энэ хэсэгт цутгаж байна. Тэрэлж, Туул голын бэлчрийн өндөр хясаатай бүхий уулыг Өлийн булан гэх ба эндээс уруудан 6 км зайд мөн өндөр хясаа бүхий уулыг ороож баруун тийш эргэсэн өндөр дэнж нь аажмаар намсан Мөстийн амны адагт  өндөр нь 5 – 6 м болж байна. Энэхүү тохойрсон өндөр дэнжийг Өлийн тохой гэнэ. Өлийн булан, Өлийн тохойн дэнж дээрээс болон зарим газар тариалангийн ажлын явцад ухагдсан шороонд дээрээс чулуун зэвсэг элбэг тархацтай олдож байна.

2024 онд Өлийн тохойн дурсгалт газарт 200 х 100 см хэмжээтэй гурван сорилын малтлага судалгаа хийсэн.

Туршилтын малтлага 1. Энэ дурсгал Өлийн тохой хамгийн өндөр дэнж бөгөөд Туул голын нэг салаа дэнжийн өмнө талаар тулж урсана. Хадан хясаан тогтоцтой ба уг хясаанаас хойш хамгийн өндөрлөг газрыг сонгон малтсан ба давхарга, олдвор нь дараах байдалтай байна.

1-р давхарга. Энэ давхарга нь 30 см зузаантай, хүрэн бор шаргал өнгийн давхарга юм. Давхаргын дээд талын 10 см зузаан хөрс нь ялзмагжсан үндэс ихтэй, бичил чулуу багатай бол түүний доод талын 10 см зузаан хөрс нь жижиг хайрга чулуу ихтэй, давхаргын доод хэсэг нь 2-р давхаргатай холилдсон байх ба өнгө нь бага зэрэг шаргал болж өөрчлөгдөж байна. Энэ давхаргаас олдсон  5 ш олдвороос анхдагч цуулалтад 4 ш залтас, зэвсгийн төрөлд цоолтуур зэвсэг 1 ш байна.

2-р давхарга. Энэ давхарга нь 50 см зузаантай, саарал өнгийн шохойлог болон элс, шаварлаг бүтэцтэй юм. Давхаргад бутарсан үйрмэг чулуу ихтэй, давхаргын доод хэсэг нь хагарсан бутарсан чулуу хэмжээний хувьд ихсэж байна. Эндээс цөөн цооны хайрган чулуу ашигласан олдвор илэрч олдож байна. 2-р давхаргаас анхдагч цуулалтад хамаарах залтас 3 ш, хагархай, хэлтэрхий 4 ш олдсон.

Туршилтын малтлага 2. Энэ дурсгал Өлийн тохойн хамгийн нам дор байрлах дэнж 1-р малтлагаас баруун урагш 300 м зайд байрлана. Голоос 50 м орчим зайтай. Энд мэрэгчийн нүх ихтэй ба хөрсөн дээр чулуун зэвсэг тархалт ихтэй байна. Энд мэрэгчийн нүхнээс 5м зайд малтлага хийсэн. Малтлагын давхарга дараах байдалтай байна.

1-р давхарга. Энэ давхарга нь 25 – 30 см зузаантай, хүрэн бор шаргал өнгийн давхарга юм. Давхаргын дээд тал нь ялзмагжсан үндэс ихтэй, бичил чулуу багатай, доод хэсгээрээ жижиг хайрга чулуу ихтэй байна. Энд байгаа 16 ш чулуун зэвсгийн зүйлс нь үлдэц 1 ш, залтас 6 ш, цуулдас 1 ш, хагархай 8 ш байна.

2-р давхарга. Энэ давхарга нь 30 – 35 см зузаантай, саарал өнгийн шохойлог болон элс, шаварлаг бүтэцтэй юм. Давхаргад бутарсан үйрмэг чулуу ихтэй, давхаргын доод хэсэг нь шаварлаг юм. Энд байгаа 23 ш чулуун зэвсгийн зүйлс нь залтас 14 ш, ялтас 5 ш, цуулдас 1 ш, хагархай 3 ш байна.

3-р давхарга. Энэ давхарга нь 30 см зузаантай, бутарсан жижиг болон том чулуу ихтэй. Цагаан цайвар болон шаргалдуу өнгийн шавар, элс холилдсон давхарга юм. Давхаргын доод хэсэг шууд ул хаданд тулах ба ул хадны дээд талаас чулуун зэвсэг олдож байгаагаас үзэхэд тухайн үед хөрс хуримтлал маш явагдсан нь мэдэгдэнэ. Энд байгаа 40 ш чулуун зэвсгийн зүйлс нь анхдагч цуулалтад залтас 21 ш, ялтас 7 ш, цуулдас 3 ш, хагархай 6 ш, зэвсгийн төрөлд үзүүр мэс 2 ш, хүнхэр иртэй зэвсэг 1 ш байна.

Туршилтын малтлага 3. Энэ дурсгал малтлага 1 болон малтлага 2 дунд хоёр дэнжийн уулзвар хэсэг судгийн эхэн бие хавьцаа байрлана. Малтлагын ойр орчим чулуун зэвсгийн тархалт их бага байх ба судгийн эхэн хэсэгт элсэрхэг давхарга 60 см зузаантай байсан учир өмнөх хоёр малтлагаас хөрсний давхарга өөр байж болох учир энд сонгон малтсан. Малтлагын давхарга дараах байдалтай байна.

1-р давхарга. Энэ давхарга нь 25 – 30 см зузаантай, хар хүрэн өнгийн давхарга юм. Давхаргын дээд тал нь ялзмагжсан үндэс ихтэй, бичил чулуу ихтэй, доод хэсгээрээ жижиг хайрга чулуу ихтэй байна. Энэ давхаргын олдвор нь ялтас 2 ш юм.

2-р давхарга. Энэ давхарга нь 25 – 35 см зузаантай, саарал өнгийн шохойлог шавар бүхий бүтэцтэй юм. Давхаргад бутарсан үйрмэг багатай, давхаргын доод хэсэг нь элсэрхэг юм. Энэ давхаргын олдвор залтас 2 ш, ялтас 2 ш, зэвсгийн төрөлд үзүүр мэс 1 ш, хүнхэр иртэй зэвсэг 1 ш.

3-р давхарга. Энэ давхарга нь 50 см зузаантай, бутарсан жижиг болон том чулуу ихтэй. Шаргал өнгийн шаварлаг, элс ихтэй давхарга юм. Давхаргын дунд хайрган үе судалтай ихтэй байгаагаас үзэхэд энэ давхарга бүрэлдэх явцад цаг уурын хэт хуурайшилт, дулааралт явагдсан байх үндэслэлтэй байна. Мөн энэ хэсэгт уулын хормойн хурдас хуримтлал ихээхэн нөлөөлсөн байна.

4-р давхарга. Энэ давхарга нь бичил бутарсан чулуу ихтэй элсэрхэг давхарга юм. Давхаргын зузаан 20 см байна. Энэ малтлагын 1 ба 2-р давхаргаас чулуун зэвсэг илэрсэн ба доод давхаргуудаас чулуун зэвсэг илрээгүй.

Хайгуул судалгаа

Өлийн тохой дурсгалт газраас түүвэр цуглуулга хийхдээ чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн аргыг тодорхойлж болох эдлэл болон зэвсгийн шинж чанартай эдлэлүүдийг сонгон түүвэрлэсэн. Өлийн тохой, Өлийн булан хэмээх газраас нийт 34 газарт чулуун зэвсгийн бөөгнөрөл байгааг тогтоон олдвор олдож буй байршлыг Өлийн тохой – 1, 2 хэмээн дугаарлан тэмдэглээд ерөнхий тархцыг газрын зураг буулгасан юм. Зарим байршлаас сонгон 1 ширхэг чулуун зэвсэг түүвэрлэсэн бол зарим газраас олон тоотойгоор түүвэрлэсэн. Эдгээр дурсгалын Өлийн тохой – 7, 8 дурсгалаас леваллауагийн олдвор илэрч олдож байна.

Товч үр дүн

Хэнтий нурууны баруун талаас эх авдаг Туул, Тэрэлж голын бэлчир нутагт чулуун зэвсгийн үеийн дурсгалыг олж илрүүлэх хайгуул, соёлт давхаргатай дурсгал тогтоох малтлага судалгаа хийснээр дурсгалын ач холбогдлыг тодорхой болгохоос гадна эртний хүний хүрээлэн буй орчин, байгаль цаг уурын нөхцөл байдлыг бүрэн тодруулах боломжтой болсон.

Туул голыг дагасан дурсгалуудын чулуун зэвсгийн түүхий эд нь ихэвчлэн голын хайрга чулууг ашиглан хийсэн байгаа бол голын хөндийгөөс зайдуу уулын энгэр бэлээр олдож байгаа чулуун зэвсгийн түүхий эд нь хас, цахиурын төрлийн чулууг голлон ашиглаж байгаа нь сонирхолтой.

Туул, Тэрэлж голын бэлчир орчмын чулуун зэвсгийн түүвэр олдвор болон малтлагаас илэрч олдож буй олдворуудыг үйлдвэрлэлийн аргыг үзэхэд дунд палеолитын арга, дээд палеолитын арга голлох ба ялангуяа леваллуа, мусьтегийн арга ихээхэн ажиглагдаж байгаа юм. Мөн энэ бүс нутагт Орхоны хөндий орчмоор нүүдэллэн ирсэн болох нь тодорхой болж байгаа юм. Эртний хүний хөгжил хувьсал ч гэсэн дунд палеолитоос дээд палеолит руу шилжих үеийн Хомо сапиенс (homo sapiens) байх магадлал өндөр байна. Энэ нь чулуун зэвсэг хийх арга, чулуун зэвсгийн төрөл зүйлээс ажиглагдаж байна. Нөгөөтээгүүр дээд палеолитын үеийн хүмүүс агуй, хонгилыг оромж болгон ашиглаж байснаас гадна нөмөр дулаан, энгэр ээвэр газруудад амьдарч ирсэн байна.

Байршил: 47.907222, 107.424722