Талын нүүдэлчдийн археологийн судалгаа” төсөл
Г.Лхүндэв, К.Сүзүки
Монгол-Японы хамтарсан “Талын нүүдэлчдийн археологийн судалгаа” төслийн хээрийн шинжилгээний анги 2023 оноос Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Элгэн булгийн тахилын онгоныг малтан судалж байна.
Энэ удаагийн хээрийн судалгаагаар тахилын онгоны төв хэсэг, хоёр дагуул байгууламж болон зэл чулуу зэргийг малтав. Тахилын онгон нь тэгш өнцөгт хэлбэрийн 35х31 м хэмжээтэй овгордуу далантай. Далангийн өндөр 10-15 см. Далангийн дотор талд суваг байрлана. Урд суваг нь ёроол хэсгээрээ 20 см, дээд хэсгээрээ 195 см өргөн бол гүн нь 50 см.
Тахилын онгоны төв хэсэгт хийсэн туршилтын малтлага:
Сувгийн дотор талаар буюу далангийн төв хэсэгт шороон тавцан байсан бололтой. Энд одоогоор үл ялиг хонхор болон овгордуу ором л мэдэгдэнэ. Тухайлбал, зүүн хойд хэсэгтээ овгор, баруун хойд хэсэгтээ хонхор бол бусад хэсэгтээ тэгш байна. Төв хэсэг дэх туршилтын малтлагаас харахад жижиг хайрга болон шаварлаг хөрсийг дээр дээрээс нь давхарлаж хийсэн таван давхарга илэрсэн. Давхарга тус бүрийг хатууруулж дагтаршуулсан зүйл мэдэгдэхгүй байна. Эдгээр давхарга нь хүний гараар бүтсэн, өндөрсгөж хийсэн тавцан болох нь илэрхий юм. Гарди шувууны дүрстэй тахилын хавтант хашлагыг энэхүү шороон тавцангийн урд босгосон байв.
Тахилын байгууламжийн малтлага:
Хоёрдугаар дагуул байгууламж. Уг байгууламж нь тахилын онгоны зүүн талд байрлана. Дугуйдуу хэлбэрийн намхан дараастай. Хэмжээ нь 450х440 см. Дараас нь зүүн хойд хэсэгтээ сийрэг. Малтлагын явцад хавтгай том чулууг нэг үе зэрэгцүүлэн өрж үйлдсэн дөрвөлжин хашлага илэрсэн. Хэмжээ нь гадна талдаа 175х170 см бол дотор хэсэгтээ 120х120 см. Малтлагын гүн 25 см. Хашлага дотроос ямар нэгэн олдвор, тахил тайлгын чанартай эд мөрийн зүйл илрээгүй.
Гуравдугаар дагуул байгууламж. Уг байгууламж нь зэрэгцээ орших хоёр дагуул байгууламжийн зүүн талд ганцаар байрлана. Дугуйдуу хэлбэрийн намхан, хавтгай дараастай. Дараас нь газрын хөрсөн дээр мэдэгдэх төдий харагдах ба зүүн талдаа харьцангуй цөөн ажээ. Хэмжээ нь 270х230 см. Дараасны дор баруун хэсэгт хойноос урагш зууван хэлбэрийн зөөлөн хөрс бүхий толбо илэрсэн. Толбоны дагуу малтахад 65 см гүнээс толгойг нь үл ялиг зүүн урд зүгт хандуулж дээш харуулж тэнэгэр байдалтай тавьсан хүүхдийн оршуулга гарав. Оршуулгын цээжин хэсгээс үйсний хоёр хэсэг, баруун шилбэний орчмоос төмөр хадаасны хугархай олдсон.
Дурсгал 4 (зэл чулуу). Дагуул байгууламжуудын хамгийн зүүн талд бутлаг ургамал ургаж элс шороо овоорсон овгорын төв хэсэгт зэл чулууны хоёр хугархай цухуйж байв. Үүнийг хоёрдугаар эгнээний зэл чулуу болов уу хэмээн малтаж үзсэн юм. Малтлагын явцад гонзгой хоёр чулууг баруун болон зүүн талд нь, арай богино чулууг урд болон хойно нь тавьж дөрвөлжлөн үйлдсэн хашлага илэрсэн. Хашлаганы дотор 40 см гүнээс толгойг нь хойд зүгт харуулж тэнэгэр байдлаар тавьсан хүүхдийн оршуулга гарав. Оршуулгад ямар нэгэн эд өлгийн зүйл дагалдуулаагүй ажээ.
Зэл чулуу:
Тахилын онгоны зэл чулуудыг нэг эгнээнд цувуулан босгосон байжээ. Эхний зэл чулуу хавтант хашлаганы зүүн талд овгор далан дээр (зөвхөн суурь хэсэг) байх бол бусдыг нь түүнээс зүүн тийш цувуулан босгожээ. Бүх зэл чулуу нь унаж хөрс шороонд булагдсан, хугарсан байв. Нийт 33 зэл чулууг 100 орчим метрт босгосон байсныг тогтоосон.
Судалгааны ажлын үр дүн:
“Талын нүүдэлчдийн археологийн судалгаа” төслийн хүрээнд Элгэн булгийн тахилын онгоны төв хэсэгт туршилтын малтлага, хоёр болон гуравдугаар дагуул байгууламж, зэл чулуу зэргийг малтаж дараах үр дүнд хүрэв.
Тахилын онгон нь 35 х 31 м хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэрийн овгордуу далантай. Далангийн өндөр 10-15 см. Далангийн дотор талаар суваг, төв хэсэгтээ намхавтар тавцантай байжээ. Энэхүү тавцангийн урд талд тахилын хээтэй хавтант хашлагыг босгожээ. Хавтант хашлаганы хээ дүрслэл (гарди шувуу) нь Түрэгийн язгууртан угсааныханд зориулж босгосон дурсгал болохыг илтгэдэг. Он цагийн хувьд Түрэгийн хожуу хаант улсын үе буюу VIII зууны эхэн үед холбогдоно.
Зэл чулууг тахилын хашлаганы зүүн талд овгор далан дээрээс зүүн тийш нэг эгнээнд цувуулан босгосон байжээ. Зарим зэл чулуунд элдэв тамга? тэмдэг сийлсэн нь мэдэгдэнэ.
Тахилын онгоны зүүн талд байх нэг болон хоёрдугаар дурсгалыг уг онгонтой ойролцоо цаг хугацаанд бүтээн байгуулсан тахил тайлгын зориулалттай байгууламж хэмээн үзэж байна. Нэгдүгээр тахилын байгууламжаас ваар савны хэдэн хагархай л илэрсэн. Хоёрдугаар тахилын байгууламжаас ямар нэгэн эд өлгийн зүйл болон тахил тайлгын ул мөр илрээгүй.
Харин гуравдугаар дагуул байгууламж болон дурсгал-4 (зэл чулуу)-өөс хүүхдийн оршуулга илэрсэн. Үүнийг, бид тахилын онгоны дагуул байгууламжийн дараас болон зэл чулууг ашиглан хожим үйлдсэн булш хэмээн үзэв. Булшны холбогдох он цаг нь цаашид хийгдэх нарийвчилсан судалгааны үр дүнд илүү тодорхой болно.
Байршил: 46.796722, 107.168278