Үндсэн агуулга руу

Судалгаа

Монгол-Германы хамтарсан “ХАРХОРУМ” төсөл

2025.02.24  |  СудалгааfX⧉

Л.Мөнхбаяр, Ян Бемманн

Монгол-Германы хамтарсан Хархорум шинжилгээний анги 2023 онд Монголын археологийн судалгаанд эзэнт гүрний буюу Өгэдэй хааны хаврын орд өргөө хэмээн судалгааны хүрээнд нэрлэгддэг Дойтын толгой хэмээн нэрлэгдсэн дурсгалын орчимд үйлдвэрлэлийн газар /MOR-962 /илрүүлсэн нь тухайн дурсгалын тухай судалгааг улам нарийвчлан тодруулах боломжтой болов. 2024 онд хайгуул судалгааны хүрээнд шинээр олдсон тус дурсгалыг бид “Жарантай голын үйлдвэрлэлийн суурин” хэмээн нэрлэсэн бөгөөд тус судалгааны сонгосон талбайд малтлага судалгааны ажил гүйцэтгэв.

Тус дурсгал нь Архангай аймгийн Хотонт сумын нутагт орших бөгөөд Дойтын толгойн дурсгалаас зүүн тийш 2,1 км-д Жарантайн голын эрэгт оршино.

Малтлага I-зуух

Тус сууринд хайгуулын явцад илэрсэн дугуй хэлбэрийн зуухны хэлбэр мэдэгдэх төдий байсан бөгөөд бүх зуухыг хамруулан 6 х 9 м хэмжээтэй талбай татав.

Тус талбайн урд хэсэгт буюу зуухнуудын өмнөд хэсэгт ихээхэн хэмжээний шатсан болон харласан тоосгоны тархац өнгөн хөрсийг хуулах явцад илэрсэн бөгөөд тус хэсгийг бүх талбайгаар шалгах зорилгоор малтлагын талбайг өргөтгөж 10 х 9 м болгож малтлагын талбай татав.

Ингээд тус талбайн өмнө үүсгэсэн 6 х 9 талбайг А-талбай хэмээн нэрлээд, дараа нэмэлтээр татсан 4 х 9 талбайг В-талбай хэмээн нэрлэв.

А-талбайд 2 х 2,2 м хэмжээтэй дугуй хэлбэрийн зуух мөн түүний зүүн хэсэгт 1,8 м хэмжээтэй гонзгой дугуй хэлбэрийн байгууламж байх бөгөөд бидний таамаглалаар тус 2 байгууламж хоорондоо холбоотой байх боломжтой хэмээн үзэв.

Талбайн өнгөн хөрсийг нийтээр хуулах үед тус талбайд байх зуухыг үлдээж бусад хэсэгт буй тоосгоны хагархай зуухны хаягдал болоод бүтээгдэхүүний үлдэгдэл тарсан бололтой байлаа.

Малтлага судалгааг нийт талбайгаар хийхэд А-талбайд буюу зуухнуудын хэсэгт малтлагыг цааш гүнзгийрүүлэн малтахад зуухны гадна талд шатсан бололтой дугуй хэлбэр ажиглагдана. Үүний дотоод хэсэгт зуухны жинхэнэ хана, баруун болон урд хэсэгт үлдсэн байсан бөгөөд хэмжээний хувьд 20 х 24 хэмжээтэй дөрвөлжин хэлбэр гарган дугуйруулан хийсэн тоосгоор хүрээлүүлсэн байна. Зуухны дотор хэсэгт шатсан шавар үйрмэг ихтэй багахан хайргатай холимог шатсан хөрс зэргээс үзвэл зуух 3 хэсгээс бүрдэж буй бололтой байв. Зуухны дотор хэсэгт шатсан шавар үйрмэг ихтэй багахан хайргатай холимог шатсан хөрс зэргээс үзвэл зуух 3 хэсгээс бүрдэж буй бололтой байв.

Зуухнууд нийтдээ ижил хэлбэрийн бөгөөд бүгд 2,2-2,5 м диаметртэй гадуураа түүхий тоосгоор хүрээлсэн дотоод хэсэг буюу зуухны шатаах хэсэг нь 1,5 м диаметртэй, хойд талдаа гал оруулах “үүд”-“ам”-тай байна. Зуух хоорондын зай ойролцоогоор 40 см болох бөгөөд зэрэгцүүлэн хийсэн 3 зуух байв. Зүсэлтээс үзэхэд тус зуухнуудыг газар ухан хийсэн бөгөөд газрын өнгөн хөрснөөс доош 90 см өндөртэй байна. Зуухнуудыг 2-3 удаа лавтайяа ашигласан болох нь зүсэлтээс харагдах бөгөөд үе хоорондын зай ойролцоогоор 20 см бөгөөд шатаалтын үе бүр нь модны нүүрс хийгээд үйлдвэрлэлийн хаягдлыг ул мөр нь 10 см орчим байна. Харин 3-р зуухыг жижиг хэлбэртэй зуух анхлан үйлдээд түүний дээр дахин том зуух хийсэн бололтой байна.

Уг 3 зуухнаас бидний энэ жилийн судалгаанд 1 болон 3-р зуухыг малтсан бөгөөд 2-р зуухыг цэвэрлэж хэмжилт хийн хэвээр нь үлдээв.

В- хэсэгт шатсан тоосгоны хэлтэрхий тархан байх бөгөөд анхлан 2-3 зуух төрлийн толбо байв. Бүх талбайд цэнхэр өнгийн шаар, шатсан хэлтэрхий (туркиз-оюу), үйлдвэрлэлийн ул мөр болох шатсан зуухны дотор хэрэглэгддэг “тулгуур”, тоосгоны хэлтэрхий ихээхэн хэмжээтэй байв. Малтлага судалгааны явцад тус хэсэг нь зуухны “хаягдал”-ын хэсэг болох нь тодорхой болов. Тус хэсгээс малтлага судалгаагаар илэрч буй дугуйдуу хэлбэрийн “хаягдлын нүх”-нд зуухны дотор хэрэглэдэг тулгуурын 3 төрөл хэлбэр олдож байв. Нийтдээ 4-5 газарт харилцан адилгүй хэмжээтэй “хаягдлын нүх” байх бөгөөд хэмжээний хувьд 2,0 м урттай, 70 орчим см өргөнтэй, болон 2,4 м урттай 1,5 м өргөнтэй ч байх бөгөөд олон жилийн бороо ус болон голын түвшин зэрэг байгалийн үйлчлэлээс хамааран хэмжээнд өөрчлөлт орж зарим газраа нийлмэл хэлбэртэй  болжээ. Зүсэлтээс үзэхэд уг “хаягдлын нүх”-ийг анхлан ухаж бэлтгэсэн бололтой байна. Гүний хувьд ойролцоогоор 30-50 см байна. Тус хэсгүүдээс үйлдвэрлэлийн хаягдал, зуухны тулгуур, зааглагч зэрэг маш их хэмжээгээр олдох бөгөөд  ихэнхдээ хагарсан хугарсан байдалтай ихээхэн хэмжээний хөө тортгийн хамт олдоно.

Тус суурингийн талбайн нэгэн онцлог бол Жарантайн голын орчимд буй хөрсний бүтцийн хувьд ихээхэн наанги төрлийн тусгайдуу саарал, шаварлаг газар бөгөөд бүтээгдэхүүний түүхий эдийг дагаж уг сууринг байгуулсан байж болох талтай байна.

Уг үйлдвэрлэлийн суурин нь Дойтын толгойгоос зүүн зүгт 2,1 км-т орших хийгээд уг зуухнууд болон хаягдлын нүхнээс олдож буй олдвор хэрэглэгдэхүүн, тухайлбал шалны тоосго, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрэглэдэг зааглагч болон тулгуур зэрэг ихэнх хэрэглэгдэхүүн ногоон өнгийн паалантай хэлбэр хэмжээний хувьд ч ижил болоод зуухны байдал, үйлдвэрлэлийн хаягдал зэргээс үзэхэд Дойтын толгойд орших Өгэдэй хааны ордонг барьж байгуулахад зориулагдсан бололтой байна.

Дундад зууны үеийн түүхийн гол сурвалжийн нэг болох Ата Малик Жувейнийн туурвисан Tārikh-i jāhān-gushāy (Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх)-д ...Өгэдэй хааны барьсан хаврын ордыг Qarshi-“Sūrī”... хэмээдэг байсан гэж бичжээ. ...Барилгын үйлд лалын мэргэшсэн дархчууд, урчууд оролцож байжээ. Уул харшийн өмнө этгээдэд Өгэдэй хаан усны шувуудад шонхор тавьж ан хийж цэнгэдэг байсан жижиг нуурууд байсан.

Мөн түүнчлэн Рашид ад-Дин Jāmi‛ al-tavārīkh (Судрын чуулган)-д хаврын ордыг  “KRZ-JAĠAN” /Gegenchaghan/ хэмээн нэрлэдэг байсан гэжээ. Энэ нь Хархорумаас өдрийн газарт байсан бөгөөд Өгэдэй хаан шонхроор ан хийхээр очдог  гэх зэрэг сурвалжийн мэдээтэй ихэд таарч буй энэ жилийн судалгааны хамгийн чухал ач холбогдол юм.

БАЯНГОЛЫН АМНЫ СУУРИН

Монгол-Германы хамтарсан Хархорум шинжилгээний анги сүүлийн жилүүдэд Орхоны хөндийн хойд хэсгийн дэвсгэр талбайд хайгуул судалгаа хийж нарийвчилсан зургийг үйлдэн тус хэсгийн археологийн дурсгалын нягтшил, тархалтын судалгааг гүйцэтгэсэн бөгөөд үүний үр дүнд монголын эзэнт гүрний үед холбогдох боломжтой зарим сууринд малтлага судалгааны ажил гүйцэтгэж эхлэв. Тус судалгааны хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Хотонт сумын нутгийг дамнан оршдог Баянголын аманд малтлага судалгааны ажил гүйцэтгэв. Баянголын аманд олон үеийн дурсгал арвин бөгөөд лавтайгаар Уйгурын үеэс Манж Чин улсыг хүртэлх он цагийг хамаардаг болохыг өмнөх үеийн болон бидний хийсэн шинэ судалгааны үр дүн харуулсан билээ.

Тус шинжилгээний ангийн хүрээн суурингийн зүүн болон зүүн хойд хэсэгт тархмал байдлаар орших олон жижиг байгууламжуудаас нэг байгууламжийг, мөн Хулхийн амны буусан үзүүрт байрлах “дөрвөлжин” хэмээх дурсгалаас багагүй ялгаатай нэгэн байгууламжийг сонгон малтав.

Малтлага I

Суурингийн зүүн хэсэгт байх гадуураа хэрэм бүхий нэгэн байгууламжийг сонгов. Малтлагын хувьд гадуур хэрэм, суваг, дотоод хэсэг, голын байгууламжийг дайруулан сорилын малтлагын талбайг 19 х 8 м хэмжээтэй татав. 

Малтлагаар баганын боржин суурь 60 х 60 см болон 48 х 48 см хэмжээтэй хоорондын зай 3,9 м 2 суурь олдов. Тус 2 суурийн баруун талд буюу байгууламжийн дотоод хэсэгт 32 х 32 см хэмжээтэй түүхий тоосгон хавтангаар 10 эгнээ битүү шалласан болох бөгөөд гадуур нь 26 см урт тоосгоор хүрээлсэн аж. Эдгээр нь өнгөн хөрснөөс 60 см-д байна. 

Гадуур сувгийн зүсэлтээс үзэхэд өнгөн хөрснөөс доош 60 см-д анхны сувгийн ул мөр мэдэгдэх бөгөөд сувгийн өргөн 3 м бөгөөд 1,2 м ул хөрсөнд тулах бөгөөд бор болон саарал хөрсийн холилдуулан хийжээ. Уг сувагтай залгуулан хэрмийг үйлдсэн бөгөөд хэрмийн дор 2 м хайрган чулуун үеийг 40 см хэмжээтэй хийж хатууруулан тус үеийн дээр хэрмийг дагтаршуулсан үйлджээ.

Малтлага II

Хулхийн амны буусан үзүүрт байрлах “дөрвөлжин” хэмээх дурсгалаас багагүй ялгаатай нэгэн байгууламжийн голын байгууламжийн хэлбэр суурийн бүтцийг тодорхойлох зорилгоор уг сорилын малтлага хийв. Тус байгууламжийн дээр барилгын материал элбэг бөгөөд ихэнх нь ногоон паалантай байв.  Малтлагыг талбайг сонгохдоо тус байгууламжийн хэрэм, үүдийг холбосон хоолой /коридор/, болон голын байгууламжийн баруун урд үзүүр мөн түүнчлэн ил гарсан боржин суурийг дайруулан 7 х 3 м хэмжээтэй талбай сонгон малтав. 

Малтлагын явцад анх ур суурийн дээр хэсэгт байрлаж байсан баганын боржин суурь нь 60 х 60 см хэмжээтэй 20 см зузаантай байсан бөгөөд гүнзгийлэн малтах явцад уг суурь анхны байрлалаараа бус зөөгдсөн байна. Тус суурийн доод хэсэгт дахин нэг баганын суурь илэрсэн бөгөөд хэмжээний хувьд 40 х 40 см, зузаан нь 40 см байв.

Зүсэлтээс үзэхэд суурийн хэсгийг 20 см зузаантай 5 үе чулуун үеэр зааглан дагтаршуулан үйлдсэн бөгөөд суурийн өндөр 15м болох юм.

Суурингийн рельеф зурагт ажиглагдаж буй зарим суваг шуудуу болон тариалангийн байх магадтай газарт сорилын малтлага хийж дээж авав. 

Байршил: 47.216594, 102.853250