Хархул хааны балгас эртний хотын буддын сүмийн судалгаа
Н.Эрдэнэ-Очир, Л. Мөнхбаяр
Удиртгал
XIII зууны Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорум хоттой хамгийн ойр, түүнтэй нэгэн цаг үед холбогдох, хот төлөвлөлтийн дагуу баригдсан, гоёмсог барилга байгууламж, олон өргөн чөлөөтэй, нүсэр зохион байгуулалттай Хархул хааны балгас хэмээх эртний хотын туурьд 2022 оноос эхлэн доктор (Ph.D) Н.Эрдэнэ-Очирын удирдлага дор үндэсний археологийн судалгааны баг ажиллаж, малтлага судалгаа явуулсан нь эрдэм шинжилгээний хувьд чухал ажил болсныг тэмдэглэх хэрэгтэй. 2023 онд БШУЯ-ийн суурь санхүүжилтийн хүрээнд “Хархул хааны балгасын археологийн судалгаа” төслийг хэрэгжүүлж хотын хойд болон баруун хэсэгт орших зарим барилга байгууламжийн туурьд сорилын малтлага гүйцэтгэсний дотор анх удаа XIII зуунд холбогдох Буддын шашны томоохон хийдийн туурийг илрүүлсэн нь нээлтийн чанартай судалгаа болсон юм.
Хотын хоймор хэсэгт онцгойлон цогцолбор байдлаар байгуулсан нүсэр бүтэцтэй барилга байгууламжийн туурьд сорилын малтлага гүйцэтгэж томоохон сүмийн туурь болон түүнийг тойрсон олон сүм дуган бүхий буддын шашны томоохон цогцолбор болохыг тогтоов. Хийдийн цогцолборын ерөнхий тэг зүүн өмнө зүгт хандсан бөгөөд гадна талдаа 155 х 204 м хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэрийн намхан шороон хэрэмтэй, хэрмийн урд, хойд талд 15 м урт үүдний хэсэгтэй ажээ. Хэрмийн төв хэсэгт 24.5 х 23 м хэмжээтэй гол сүмийн барилга, өмнө талдаа 17.5 х 15.5 м хэмжээтэй үүдний хэсэгтэй, 4 талдаа дунджаар 90 х 90 см хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй баганын боржин чулуун суурьтай, тэдгээрийн 3 суурь чулууны гадна талд ташуу байрлалд тус бүр жижиг чулуун суурь байгаа нь магадгүй горооны зам байсныг илтгэнэ. Сүмийн үүдний хэсэгт мөн хоёр босоо боржин чулуун суурь анхны байрандаа хадгалагдан үлджээ. Гол сүмийн баруун, зүүн талд хойноос урагш цуварсан тус бүр 4 барилгын туурь, өмнө болон хойд талд тус бүр 1 барилгын туурь тодорхой мэдэгдэж байв. Гол сүмийг тойрсон зарим барилгын туурь болон тэдгээрийн орчимд олон тооны баганын боржин чулуун суурь, хөшөө чулуу эмх цэгцгүй байдалтай байгааг тэмдэглэх хэрэгтэй.
Сорилын малтлагыг гол сүмийн зүүн хойд талд 20 м.кв талбайд гүйцэтгэв. Малтлагын явцад 60 см зузаан нурангид дарагдсан сүмийн шалны хэсгийг илрүүлсэн бөгөөд мөн өөр хоорондоо 4.6 м тэгш хэмтэй зайнд орших баганын 3 боржин чулуун суурийг шинээр илрүүлэв. Багана хоорондын зайг хэмжихдээ чулуун суурийн гол тэнхлэгээс хэмжив. Эдгээр чулуун суурийг сайтар зассан 90 х 90 см, 93 х 93 см хэмжээтэй ажээ. Малтлагын явцад ногоон паалан бүхий дээврийн нөмрөг, тосгуур, нүүр ваар, шал болон ханын тоосго, олон төрлийн барилгын шавар чимэглэл, сац болон органик эдлэлийн хэсгүүд гэх мэт олон чухал олдворуудыг илрүүлсний дотор “Насан цаглашгүй” хэмээгч хамаг зүйл амьтан урт насалж удаан жаргахыг бэлгэдэгч “Аюуш бурхан”-ыг товойлгон урласан дээврийн хэд хэдэн нүүр ваар илэрч олдсон нь олон талын мэдээлэл өгөхүйц нэн ховор олдворт тооцогдоно. Урьдчилсан байдлаар сүмийг 36 баганатай, давхар вааран дээвэртэй байжээ гэж үзэв. Малтлагаас илэрсэн малын ясны дээжид хийсэн лабораторийн үр дүнгээр 95.4% магадлалтай 1224-1275calAD (784±21 BP) буюу XIII зуунд холбогдохыг тогтоогоод байна. Энэхүү хот нь төлөвлөлтийн хувьд Хархорум хоттой адилсах бөгөөд Буддын сүмийн бүтэц, зохион байгуулалт нь Өгөдэй хааны зарлигаар эхлүүлсэн Цогт Их сүмтэй хамгийн ойр байгаа, мөн он цаг тогтоох лабораторийн судалгааны үр дүн зэрэгт үндэслэн Хархул хааны балгасын буддын шашны сүмийг Өгөдэй хааны үед эхлүүлсэн байх боломжтой гэсэн таамаглал дэвшүүлсэн юм.
Мөн хийдийн цогцолбор дотор гол сүмээс урагш 41.5 м зайд 20 х 8 м хэмжээтэй, хөндлөн байрлалтай барилгын туурь орших бөгөөд хойд талдаа 6, өмнө талдаа 6, баруун талдаа 1 нийт 13 баганын чулуун суурь мэдэгдэж байв. Тэдгээрийн 11 суурь чулуу анхны байрандаа, 2 суурь чулуу нь анхны байрлалаасаа хөдөлжээ. Баганын чулуун сууриуд 70х70 см хэмжээтэй. Хойд талын 6 баганын чулуун сууриуд өөр хоорондоо 3.9 м зайтай, зөвхөн голын хоёр суурь хоорондоо 4.4 м зайтай ажээ. Харин баруун талын чулуун сууриуд хоорондоо 4 м зайтай байв. Сорилын малтлагыг барилгын туурийн зүүн өмнө талд 30 м.кв талбайд гүйцэтгэхэд 10-15 см зузаан нурангид дарагдсан 34 х 34 см хэмжээтэй, 7 см зузаан хөх тоосгоор хийсэн шалны эвлүүлж өрсөн 4 ш тоосгон хавтан анхны байрлалдаа илрэв. Тэдгээрийг дэлдсэн шороон тавцан дээр хөх шавар дэвсэж өржээ. Шалны тоосгонуудын нэг дээр буруу эргэсэн ширээтэй хас тамгыг дүрсэлсэн байв. Мөн малтлагаар барилгын төв хэсгээс 70 х 70 см хэмжээтэй дахин нэг баганын боржин чулуун суурь болон олон өнгө, төрлийн пааландсан барилгын гоёмсог чимэглэлийн хэсгүүд илрүүлсэн нь тухайн барилгыг 3 эгнээ нийт 18 баганатай асар хэлбэрийн гоёмсог дээвэртэй байсныг илтгэнэ.
“Өв соёлын голомт” төслийн тухай
2024 оноос ШУА-ийн Археологийн хүрээлэн нь МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран Голомт банкны “Өв соёлын голомт” төслийн дэмжлэгээр Хархул хааны балгасын буддын сүмийн археологийн судалгааг хэрэгжүүлж эхлээд байна. Тус төслийн хүрээнд Хархул хааны балгас эртний хотын буддын шашны сүм, хийдтэй холбоотой барилга байгууламжийн туурийг малтан судлах, бүтэц зохион байгуулалтыг тодорхойлох, цаашдын судалгааны чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээг оновчтой тогтоох, цогцолборын 3D сэргээлт, дурсгалын орчимд ил үзмэр, судалгаа мэдээллийн төв байгуулах санал боловсруулах зэрэг олон талт ажлуудыг гүйцэтгэх юм.
Төслийн 2024 оны хээрийн шинжилгээний ангийг доктор (Ph.D) Н.Эрдэнэ-Очир удирдаж, зөвлөхөөр доктор (Ph.D), дэд профессор Г.Эрэгзэн, доктор (Ph.D), дэд профессор Б.Цогтбаатар, шашны зөвлөхөөр Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Н.Амгалан, архитекторын зөвлөхөөр МУ-ын зөвлөх архитектор, доктор (Ph.D) З.Оюунбилэг, МУСГЗ Ц.Дуламсүрэн, эрдэм шинжилгээний ажилтнаар Л.Мөнхбаяр, Г.Цэнгүүн, Б.Лхагвасүрэн, М.Ууганбаяр, сэргээн засварлагч Н.Нандинцэцэг, 15 туслах ажилтан, 4 жолооч, 2 тогооч нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй экспедиц 2024 оны 7-р сарын 20-оос 8-р сарын 29-ийг хүртэлх 40 хоногийн хугацаанд ажиллав.
Мөн “Өв соёлын голомт” төслийг хэрэгжүүлэгч Голомт банкны ТУЗ-ийн дарга Ч.Мөнхцэцэг тэргүүтэй төслийн баг бүрэлдэхүүн, Далай ламын Чойжин буюу Найчүн сахиус, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж, Тамгын газрын дарга З.Батмөнх нар судалгааны ажилтай газар дээр нь танилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, хадгалалт хамгаалалтын талаар санал солилцов.
2024 оны малтлага судалгааны гол үр дүн
Хархул хааны балгасын буддын шашны хийдийн цогцолборын төвд орших гол сүмийн туурь нь 900 м2 талбайг эзлэх бөгөөд энэ удаагийн археологийн судалгаагаар сүмийн бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлох зорилгоор нийт 106 м2 талбайд малтлага судалгааны ажлыг гүйцэтгэв. Малтлага судалгааны үр дүнд буддын шашны сүмийн тухай дараах мэдээллүүдийг шинээр бий болгоод байна. Үүнд:
- Сүмийн туурийн боржин суурь байх магадлалтай цэгүүдэд малтлага явуулж шинээр 14 ш баганын боржин суурь (одоо 21 ш боржин суурь мэдэгдэнэ) илрүүлсний үндсэн дээр сүмийн үндсэн барилга нь (үүдний хэсэг ороогүй) 6 х 6 эгнээ нийт 34 ш баганаас
- бүрдэж буйг тогтоов. Хойноосоо 3 дахь эгнээний төв хэсэгт 2 ш боржин суурь дутсан бөгөөд малтлагаар шалны төвшинд суурь байсан ул мөр илрээгүй тул энэ хэсэгт задгай танхим байсныг илтгэж байв.
- 34 ш боржин чулуун сууриуд нь хойноос урагш 23 м, баруунаас зүүн тийш 24.6 м зайг эзлэх бөгөөд хойноос урагш хоорондоо 4.6 м хэмжээтэй жигд зайтай, баруунаас зүүн тийш 2 талын захын 3 суурь хоорондоо 4.6 м, голын 2 суурь хоорондоо 6.2 м зайтай буюу боржин сууриудын хойноос урагш хандсан голын эгнээ бусад эгнээгээс 1.6 м өргөн болохыг тогтоов.
- 2 ш боржин сууринд 50-60 см голчтой модон баганын шатсан ёзоор илэрсэн бөгөөд нэг ёзоорын өмнө талыг ховилдож давхар нарийн багана суулгасан нь илрэв. Энэ нь далбаа бүхий давхар тулгуур баганын үүрэг гүйцэтгэж байсныг илэрхийлнэ.
- Боржин суурийн хойд эгнээний төв хэсэгт хоорондоо 2.74 м зайтай ухмал ховилтой 2 ш боржин чулуу илэрсэн нь сүм хойд талдаа хаалгатай байсныг илэрхийлнэ. Хаалга байсныг гэрчлэх гол сүмээс хойд талын сүм рүү чиглэсэн явган жим тодорхой мэдэгдэж байв.
- Малтлагын үр дүнд гол сүмийг барихдаа эртний өнгөн хөрсөн дээр 27.8 х 26.2 м хэмжээтэй, 1.58 м өндөртэй үелж дэлдсэн суурь хийж гадна талын доод хэсгийг хоёр эгнээ, дээд хэсгийг нэг эгнээ тоосгон өрлөгөөр хашсан байв. Хашлага тоосгон өрлөгийн хамгийн доод үеийг босоо, түүнээс дээш хэвтээ тоосгон үе гаргаж цайвар шавраар шавж өржээ. Дэлдсэн суурийг хашсан тоосгон өрлөгөөс гадагш 12.5 м зайд 30 см зузаантай үелж дэлдсэн суурь давхар хийж сүмийн үндсэн суурийг хүчитгэж өгснийг тогтоов (Зур. 2).
- Ийнхүү 27.8 х 26.2 м хэмжээтэй, 1.58 м өндөртэй үелж дэлдсэн тавцан суурийн дээр 24.6 х 23 м хэмжээтэй талбайд дунджаар 90 х 90 см хэмжээтэй нийт 34 ш засмал боржин чулуун суурийг тэгш хэмтэй байрлуулж, 60 см хүртэлх голчтой модон баганын тусламжтай сүмийн гол барилгыг урлан бүтээжээ.
- Малтлагаас Аюуш бурхан болон Бурхан багшийг дүрсэлсэн 2 төрлийн ногоон паалантай нүүр ваар, мөн ногоон паалантай нөмрөг, тосгуур ваар, шал болон ханын тоосго, олон төрлийн паалантай барилгын чимэглэл, сүмийн дээврийн дэлний амьтны дүрст чимэглэл, пааландсан шавар бурхдын гар, хөл, нүд, үс нэр болон биеийн хэсэг зэрэг олон тооны олдвор хэрэглэгдэхүүн илэрч олдов.
- Хархул хаан балгасын буддын сүмийн барилгын чимэглэл болон бурхдын биеийн хэсгүүд, хэв зэрэг олон төрлийн олдворууд Хархорум хотын Цогт Их сүмийн малтлагаас илэрсэн олдворуудтай шууд ижилсэж байгаа нь эл хоёр сүмийг он цаг, бүтэц төлөвлөлт, ур хийцийн хувьд нягт уялдаа холбоотой болохыг гэрчилж байна.
Дүгнэлт
Хархул хааны балгасын буддын сүмийн малтлагын архитекторын хэмжилт тооцооллыг МУ-ын зөвлөх архитектор, доктор З.Оюунбилэг, МУСГЗ Ц.Дуламсүрэн нар хийж гүйцэтгэсэн бөгөөд урьдчилсан байдлаар дараах дүгнэлтэд хүрээд байна.
Хархул хааны балгас хэмээх хотын туурийн хойд хэсэгт тусгай хэрэмтэй, буддын сүм хийдийн ёс журам, төлөвлөлт, зохион байгуулалтын дагуу байгуулсан томоохон хийд байсан бөгөөд өдгөө 11 сүм дуганы барилга тодорхой мэдэгдэнэ. Архитектурын судалгаагаар дараах зүйлийг тодруулав.
Нэгдүгээрт. Хийдийн төв тэнхлэг дээр орших Гол сүм нь 24.6 х 23 м хэмжээтэй дөрвөлжин байгуулалттай, боржин чулуун суурьтай 34 багана бүхий модон араг бүтээцтэй, таван алхамтай, 60 см зузаан хөх тоосгон ханатай, 35.5 х 33 х 7 см хэмжээтэй хөх хавтан шалтай, голын 3-4 тэнхлэгийн хооронд урд, хойд талдаа хаалгатай, ногоон паалантай вааран дээвэртэй хоёр давхар барилга байжээ. Гол сүмийг шороо үелж дагтаршуулж, гадна талаар 46-50 см зузаан хөх тоосгон өрлөгөөр хашиж өрсөн 1.77 м өндөр, 26.2 х 24.6 м хэмжээтэй тавцан дээр барьжээ.
Сүмийн дотор талд хоймортоо Д тэнхлэг дээр 2-5 тэнхлэгийн хооронд буюу 2Д-5Д тэнхлэгийн огтлолцол дээр байрлах баганын хооронд хөх тоосгон хана бүхий Бурхан багш болон шүтээнээ байрлуулахад зориулсан модон араг бүтээц бүхий вааран дээвэр, чимэглэлтэй саравч байсан бололтой байна. Түүний өмнө 2-5 тэнхлэг болон В-Д тэнхлэгийн хооронд 16.40 х 9.20 м хэмжээтэй орон зай байгаа нь тахилын болон шашны үйлд зориулсан талбай юм. Гадаад байдлыг төсөөлөхөд хоёр давхар сүрлэг дээвэртэй, ногоон паалантай дээврийн гол болон бага дэлийн луу, өнцгийн лууг өнгө хослуулан хийсэн паалантай, уран хийцтэй байсан нь өнцгийн дам нурууны үзүүрийн чимэглэл лууны хэсгээс харж болно.
Туурийн археологийн малтлага судалгаа, газар дээр нь хийсэн архитектурын хэмжилт судалгааг үндэслэн уг сүмийн байгуулалт, араг бүтээц, хэмжээ зэргийг тооцоолон эскиз зургийг гаргасан боловч цаашид хийдийн хэрэм, хэрмийн гол хаалга болон Гол сүмийн шүтээний хэсэг буюу хоймрын ханын урд хэсэг зэргийг шалгаж үзэж тодорхой болгох нь зүйтэй юм.
Хоёрдугаарт. Гол сүмээс урагш 41.5 м зайд Махранзын сүм буюу Дөрвөн их хааны сүм байжээ. Буддын шашны номлолоор Ёлхорсүрэн, Жамьяансан, Пагжийбуу, Намсрай гэсэн гал, ус, газар, тэнгэр дөрвөн махбодын эзэд буюу дэлхий ертөнцийн дөрвөн зүгийн эзэд гэж байдаг. Ертөнцийн төвд сүмбэр уул гэж байдаг түүний дөрвөн талд дөрвөн тив оршино. Хойд тивийн өнгө - алтан шар, Өмнө тивийн өнгө – номин хөх, Баруун тивийн өнгө - шүрэн улаан, Зүүн тивийн өнгө – усан болрын цагаан тул тийм дөрвөн өнгийн дүртэй, их хаад Бурхан багшийн шашныг дайснаас хамгаалж хөгжөөн баясгах, сахин хамгаалах, анагаан аврах, өглөгийн эзэд гэсэн домогтой тул Дөрвөн их хааны сүм гэж нэрлэн буддын хийдийн хамгийн өмнө заавал байрлуулдаг.
Уг хийдийн Махранзын сүм нь 8 х 20.5 м хэмжээтэй, таван алхамтай, тэгш өнцөгт байгуулалттай, 24 баганатай, модон араг бүтээцтэй, хөх тоосгон ханатай, 34 х 34 х 7 см хөх хавтан шалтай, ногоон паалантай дээвэртэй дан барилга байжээ. Ер нь хийдийн гол сүм дуганууд ногоон паалантай дээвэртэй, зочид, лам нарын болон аж ахуйн зориулалтын жас жавын барилга нь хөх вааран дээвэртэй байсан болов уу.
Гуравдугаарт. Гол сүмийн туурийн археологийн малтлагаар илрүүлсэн барилгын хэрэглэгдэхүүнээс нэгэн тосгуур ваарын хэлбэр, хийц нь сүм дуганы дээврийн тосгуур ваарын уламжлалт хэлбэр, хийцээс өөр өвөрмөц бөгөөд урд өмнө гарч байгаагүй ваар байсан юм. Уламжлалт тосгуур ваарыг гулсахаас хамгаалж дээд талыг доод талаас нь өргөн, доод талыг шувдан хийдэг бол дээрх шинээр олдсон тосгуур ваарын дээд, доод талын хэмжээ ижил тэгш бөгөөд гулсахаас хамгаалахын тулд гүдгэр талд нь буюу шавартай наалдах хэсэгт тээглүүр гаргаж өгсөн байна.
Оросын судлаач Л.К.Минерт, С.В.Киселевийн экспедицийн малтлагын дэвсгэр зураг, хэмжилтийг үндэслэн хааны ордны буюу Цогт их сүмийн туурийн баганын хоорондын зайн модулийг тогтоосон талаар судлаач У.Эрдэнэбат өөрийн бүтээлдээ: “Баганын хоорондын зай 4.62-4.65 м ба 6.16-6.20 м байгаа нь 3 ба 4 гэсэн модуль болно. Үүнээс тооцон бодож уг барилгын хэмжээг 36.96-37.20 м гэсэн нь Киселевийн план дээрх 37 м-тэй тохирно. Модулийн хэмжээг 1.54-1.55 м гэж тооцсон. Энэ нь эртний хэмжээсний уламжлалаар 5 чи болох ба 1 чи = 10 фень = 16 цунь болох юм. Баганын хоорондын зайтай тохирох холбоос нь доу-гун байсан. Энэ бүхнээс үзэхэд Хархорумын ордон нь хятад хэлбэрийн уламжлалт барилга байжээ” хэмээн бичжээ. Доктор Л.К.Минерт нь архитектор учраас баганын тэнхлэгээр хэмжээг авч, Тогоонтөмөр хааны үед 1 чи = 31 см байснаар тооцож 1.54-1.55 м гэсэн модуль гаргасан нь Хархул хааны балгасын хийдийн Гол сүмийн баганын хоорондын зайны модультай ижил буюу 4.55-4.60 м, 6.18 м байгаатай таарч байна хэмээн дүгнэжээ.
Цаашид эл хотын сүм хийдийн судалгааг тогтвортой, үе шаттай явуулж, XIII зууны үеийн Монголын түүхэнд эзлэх байр суурийг тодорхойлох, бүтэц зохион байгуулалт, олдвор эд өлгийн зүйлсийн судалгаанд тулгуурлан шашин-соёлын үйл явцыг ойлгох олон талт судалгааг гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Байршил: 48.518417, 101.341264