Монголын эзэнт гүрэн” төсөл
Н.Батболд, Т.Түвшинжаргал
ШУА-ийн Археологийн хүрээлэн нь 2023 оноос эхлэн “Монголын эзэнт гүрний археологи” төслийг хэрэгжүүлж буй билээ. Төслийн хүрээнд дундад зууны үеийн Монгол булшны хайгуул судалгааг эрчимжүүлж, бүртгэл мэдээллийн сан бий болгох, улмаар хайгуул судалгаанд тулгуурлан боломжит газруудад археологийн малтлага судалгаа хийж гүйцэтгэх юм. 2023 онд зүүн аймгийн нутаг, Хэрлэн голын урд хэсгээр Монгол булшны хайгуул судалгаа хийж Дорнод аймгийн Булган сумын Боонго уул, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Хэрлэн баян цагаан, Тээг уул гэсэн газруудад малтлага судалгаа хийсэн билээ.
Судалгааны баг 2024 онд Сэлэнгэ аймгийн нийт сумдыг хамарсан өргөн хэмжээний археологийн хайгуул судалгааг хийж гүйцэтгэсэн. Тус оны хайгуул судалгааны үр дүнд илрүүлж бүртгэсэн дундад зууны үеийн Монгол булш бүхий дурсгалт газруудаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Цогт болон Өлзийт уул, Жавхлант сумын Дэлгэрхан уул зэрэг 3 газарт нийт 10 дурсгал малтан судлав.
Ерөө сумын Цогт ууланд 5 булш малтан судалсан ба 1-р булшнаас ээрүүлийн дугуй, үйлийн хайч зэрэг олдворууд илэрсэн бөгөөд тус булшинд эмэгтэй хүнийг оршуулсан бололтой. Харин 2-р булш нь тоногдсон бөгөөд хүний яснаас өөр эд өлгийн зүйл илрээгүй бол 3, 5 дугаартай 2 булшнаас сумын үйсэн хоромсогын үлдэгдэл, зарим төмөр зэвийн үлдэгдлүүд илэрч олдсон бөгөөд хоёулаа 14-17 настай өсвөр насны хүүхдийн оршуулга байв. Харин 4-р булшнаас гэрийн 2 хананд дээд доод талаас нь хавсарч тавьсан оршуулга илэрсэн бөгөөд булшны хөл талд эмээлийн мод, 1 ш төмөр дөрөө, олмын бололтой арал, толгой талд төмөр тогоо, модон аяга, модон иштэй төмөр ооль зэрэг олдворууд илэрч олдсон. Хэдийгээр эдгээр олдвор нь харьцангуй хадгалалт сайтай ч бүгд эвдрэл гэмтэлтэй. Жишээ нь оолины иш хэдэн хэсэг болж хугарсан, модон аяга болон төмөр тогоо хагарсан, эмээлийн хойд бүүрэг болон 2 хавтас хадгалалт маш муутай байв. Оршуулгын дээд талын хана харьцангуй сайн хадгалалтай ч доод талын хананы хадгалалт маш муу. Харин нас барагчийн толгойг бүтээсэн даавуу хадгалагдаж үлдсэн байх төдийгүй баруун ташааны орчмоос даавуунд боодолтой эдлэл илэрч олдсон нь гал асаах хэт цахиур байв.
Мөн Ерөө сумын Өлзийт ууланд 2 булш малтан судлахад тоногдоогүй оршуулга илэрсэн бөгөөд хадгалалт муутай, зэвэнд идэгдсэн төмөр зэв, нумын наалт эсвэл саадганы бололтой ясан эдлэл зэрэг цөөн тооны олдвор хэрэглэгдэхүүн дагалдуулан оршуулсан байв. Тус хоёр булшинд нас барагчийн зүүн мөрөн дээр хонины зүүн шагай чөмгийг нарийн үзүүрээр нь дээш гозойлгон тавьсан байлаа. Мөн хонины 2-3 нугалам нуруу, сээрний нугалам яснууд илэрч олдсон. Түүнчлэн тус 2 булшны нүхийг ухах явцад байгалийн боржин чулуун давхарга таарч, улмаар боржин чулууг 20 см орчим гүнтэй ухаж, 160-170 см хэмжээтэй богино нүхэнд хүнээ өвдгөөр нугалан оршуулжээ.
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг Дэлгэрхан ууланд 3 дурсгал малтсаны 1-р булшнаас хос төмөр дөрөө, том цагариг зуузайтай хазаарын төмөр амгай, саадгын дэгээ, сумын төмөр зэв 3 ширхэг зэрэг олдворууд илрэв. Үүний зэрэгцээ тус оршуулгыг чандарлаж оршуулсан бололтой байгаа нь сонирхолтой. 2-р булшинд босоо хүзүүтэй жижиг ваар, бүсний чимэглэл бололтой модон дээр хадаж байсан ялтсан мөнгөн эдлэл зэрэг олдворууд илэрч олдсон. Харин 3-р дурсгалаас оршуулга илэрч олдоогүй боловч улаан зос асгасан ул мөр, модны шатсан нүүрс, ваарны хагархай 3 ширхэг зэрэг олдлоо. Уг дурсгал нь хүрлийн үед холбогдох магадлалтай.
Урьдчилсан байдлаар дүгнэхэд бидний малтсан 9 булш нь Монголын эзэнт гүрний үе (XIII-XIV зуун) болон эзэнт гүрний дараах үед (XIV-XVI) холбогдох бололтой. Одоогоор эдгээр дурсгалаас илэрсэн олдворыг цэвэрлэх, сэргээн завсарлах, хүний ясанд палео-антропологийн судалгаа хийх, үнэмлэхүй он цаг тогтоох зэрэг судалгааны ажлууд хийгдэж байна.
Байршил: 47.880769, 113.864731