Хануй голын сав дагуух чулуун зэвсгийн судалгаа
Төслийн удирдагч: Я.Цэрэндагва, Н.Эрдэнэ-Очир
"Өлзийт дэнжийн археологийн судалгаа" төслийн хээрийн судалгааны ажлын хүрээнд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Хануй голын савд 2023 онд чулуун зэвсгийн хайгуул судалгааг хийж гүйцэтгэв.
Тус төслийн гол обьект нь Эрдэнэмандал сумын төвөөс холгүй орших Өлзийт дэнж юм. Хануй, Цүүр голын завсарт байх энэхүү дэнжид Эрдэнэмандал сум байрлах бөгөөд неолитын үед холбогдох хүний оршуулга бүхий дурсгал 2021 онд тус төслийн судлаачид анх илрүүлэн олсон тул чулуун зэвсгийн хайгуул хийх зайлшгүй шаардлага бий болсон юм. Ийм учир Хануй голын дунд урсгал Эрдэнэмандал сумын төвийн орчимд голлон хайгуул судалгаа хийгдэв.
Хануй голын дунд урсацын дагуу чулуун зэвсгийн хайгуул судалгааны ажил үндсэндээ хийгдээгүй явж иржээ. Харин Хануй голын адгаар 2007 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн судалгааны анги хайгуул хийж олон тооны чулуун зэвсгийн дурсгал илрүүлэн олж байжээ. Сумын төв байгаа газарт дэнжийн өндөр 20-30 метр чулуун зэвсгийн дурсгалт зүйлс тархсан, хадгалагдан үлдсэн байх магадлал өндөртэй боловч, хөрс зузаан тогтсон, өвс ургамал шигүү ургасан зэрэг олон шалтгааны улмаас газрын гадаргуу дээр илээр чулуун зэвсэг таарах нь ховор болохыг тус газарт очсоны маргааш өглөө гүймэг хайгуул хийхэд тодорхой мэдэгдсэн билээ.
Хануй голын баруун этгээдэд Хар хул хааны балгас байрлах уудам хөндийтэй. Хөндийн дунд Хар хул хааны балгасны зүүн урдхан Шанд толгой хэмээх шовх оройтой халзан толгой байдаг. Энэ толгойн баруун талаар хойноос урагш чиглэлтэй тогтсон олон тооны жижиг нуруудтай. Мөн Шанд толгойн урд хөндийд Их нуур хэмээх томоохон нууртай. Хануй голын зүүн эрэгт Тойром нэртэй жижиг нуур бий. Тэдгээр нуурын эрэг хөвөөгөөр хайгуул хийх зайлшгүй шаардлагатай байсан тул эхний ээлжинд явган хайгуулыг Шандын баруун нуур, Их нуурын хойд эрэг, Тойром нуурын эрэг хөвөөгөөр хийсэн юм. Улмаар Хануй голын хоёр талын дэнж, Өлзийт дэнж, Цүүрийн голын зүүн дэнжээр хийсэн явган хайгуул зохих үр дүнгээ өгч чулуун зэвсгийн хэд хэдэн бууц, буудал илрүүлэн олов.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Хануй голын дунд урсгал, Цүүр голын адаг дагууд явуулсан хайгуул судалгааны үр дүнд чулуун зэвсгийн үеийн олдворт 11 газрыг шинээр нээн илрүүлж, 40 чулуун зэвсэг түүвэрлэн цуглуулав.
Олдворт газар бүр газар зүйн байрлалын хувьд өөрийн онцлогтой хэдий ч ихэнх нь Хануй, Цүүр голын өндөр дэнжид байрлаж байна. Тухайлбал Хануй голын дэнжээс 4, Цүүр голын дэнжээс 4 дурсгалт газар олдов. Тухайн олдворт газруудаас чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүн цөөн тоогоор, зарим газраас завхөн ганц ширхэг олдвор илэрч байв. Энэ нь тухайн газарт хөрс тогтох үйл явц эрчимтэй явагдсантай холбоотой юм. Тухайн газруудад хадгалагдан үлдсэн байх магадлалтай чулуун зэвсгийн ихэнх хөрсөөр хучигдсан нь тодорхой бөгөөд цаашид суурин малтлага судалгаа хийж олдвор хэрэглэгдэхүүний тархалт, соёлт давхарга бүхий дурсгал байгаа эсэхийг зайлшгүй тогтоон тодруулах шаардлагатай.
Чулуун багаж зэвсгүүдийн хийсэн арга барил, төрөл зүйлийн ангилал, хэв шинжид хийсэн урьдчилсан судалгаагаар энэ бүс нутагт дунд палеолитын үеэс неолитын үе хүртэл эртний хүмүүс нутаглаж байсан нь тогтоогдож байна. Өлзийт дэнжийн буудлаас дунд палеолитын үед холбогдох хянгар, шүдлэг хүнхэр иртэй хосолмол багаж зэвсэг олсон нь одоогоор хамгийн эрт үед холбогдмоор байна. Үүнтэй төстэй аргаар үйлдсэн чулуун зэвсгүүд Орхоны хөндийн дунд палеолитын үеийн цуглуулгад тааралддаг. Цаг хугацааны хувьд дараагаар нь Олон овоот-1, Эрдэнэмандал-1-ийн олдвор хэрэглэгдэхүүн холбогдох ба дунд палеолитын төгсгөлийн шатанд холбогдохоор байна. Дээд палеолитын эхэн шатны олдворууд Олон овоот-2, Улаан толгойн баруун хамар, Цүүр гол-1-ээс олдлоо. Олон овоот-2, Улаан толгойн баруун хамраас олдсон иртэй хавирган цуулдас, хавирган цуулдсууд хэдийгээр хоорондоо олон км-ийн зайтай газарт байсан боловч нэг арга барилаар хийсэн байгаа нь анхаарал татна. Ямартай ч энэ хоёр эдлэлийг үйлдсэн чулуун зэвсгийн арга барил монголын хойд бүс нутагт дээд палеолтын эхэн шатанд өргөн хэмжээгээр тархсан байсан нь Төлбөрийн голын олдворуудаас тодорхой харагддаг.
Палеолитын сүүл үеийн олдворууд Улаан толгойн өвөлжөө , Хошуу дэнгээс олдсон бол неолитын үеийн чулуун зэвсэг, ваар савны олдвор хэрэглэгдэхүүн Шандын баруун нуур, Их нуур, Олон овоот-2, Хошуу дэн, Улаан толгойн баруун хамар , Тойром нуурын эргээс олдож байна. Энэ бүхэн нь Хануй, Цүүр гол, Их нуурыг дамжин эртний хүмүүс дунд палеолитын үеээс неолтын үе хүртэл тасралтгүй нутаглан амьдарч байсныг батлан харуулахын зэрэгцээ тухайн бүс нутгийн чулуун зэвсгийн үе үеийн үйлдвэрлэлийн онцлог, тархалт, эртний байгаль газарзүйн орчин нөхцлийн байдлыг ч тандан судлахад ач холбогдлоо өгөх нь дамжиггүй юм.
Хануй Цүүр голын бэлчир, Тэнүүн Хангай, Сүүл толгой, Их өвөлжөө, Хайлаастын үзүүр зэрэг олон газрыг дамнан гүймэг, нарийвчилсан хайгуул хийсэн боловч чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүн тааралдсангүй. Харин Сүүл толгойн баруун талын хойш харсан амны зүүн бэлээс газрын хөрсөн дээр ваар савны хагархайнууд ил тархсан байсныг үзэж, цөөн хэдийг түүвэрлэн цуглуулав.
Хэдийгээр хоног хугацаа давчуу байсан хэдий ч Хануй голын дунд урсгал, Хануй, Цүүр голын бэлчир зэрэг Өлзийт дэнжийн археологийн дурсгалт газрын эргэн тойрны нутаг дэвсгэрээс палеолит, неолитын чулуун зэвсгийн олдвор бүхий 11 ил бууц, буудал илрүүлэн олж, Монголын чулуун зэвсгийн судалгааг шинэ олдвор хэрэглэгдэхүүнээр баяжууллаа.
Байршил: 48.518417, 101.341264