Үндсэн агуулга руу

Судалгаа

Монгол-Америкийн хамтарсан “УМАРДЫН ХЯЗГААР” төсөл

2025.02.24  |  СудалгааfX⧉

С.Хүрэлсүх, Жулиа Кларк

“Умардын хязгаар” төсөл сүүлийн арав гаран жилд Дархадын хотгорын бүс нутагт тасралтгүй судалгааны ажил гүйцэтгэж буй бөгөөд энэ жилийн ээлжит хээрийн судалгааны ажлыг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Дээд Цахир уулын монголын үеийн булшинд авран хамгаалах судалгааг 2024 оны 07 дугаар сарын 01 ээс - 22 нийг хүртэл хугацаанд, Цагаан нуур болон Улаан-Уул сумдын тайга орчмын зарим нутагт хайгуул, малтлагын ажлыг 08 сарын 06 аас – 26 хүртэлх хугацаанд, мөн “Өв хамгаалагчид” сургалт гэсэн 3 хэсэг ажлыг тус тус хийж гүйцэтгэв.

Булшны авран хамгаалах судалгаа. Дээд Цахир уулын дурсгалт газар нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг Хөгийн голын урд хөвөөнд оршино. Энэ уулын тэгш сайхан зоо болон зүүн хойд хэсэгт цувран байрласан булштай. Эдгээр булш нь дугуй хэлбэрийн чулуун дараастай дундад зууны үед холбогдох дурсгал бөгөөд энэ жил үргэлжлүүлэн, тоногдсон 15 булшинд авран хамгаалах малтлага судалгааг хийлээ.

Дээд Цахир уулын булш нь Дархадын хотгорын бүс нутгийн монгол булшны нэгэн адил уулын хяр дагаж модны захад цуварч байрлана. Харин энэ жилийн хувьд зарим булш нь уулын оройн өвөрт багахан тэгшдүү мөрөгцөгт байрлаж, нутгийн малчин айлууд болон төв зам газраас ил харагдах тул тонуулчдын тонож чадаагүй 2, хайгуулын явцад дараасыг нууцлаг байдлаар үйлдсэн 1 нийт 3 булшийг хөндөгдөөгүй байдлаар нь малтан шинжиллээ. Тухайлбал, 10-р булшны дараас илэрхий тодорхой биш ч өнгөн хөрсийг цэвэрлэн, малтаж үзэхэд 50 см гүнээс талийгаачийг зүүн тийш 760 хэмд хандуулан тэнэгэр байдлаар дээш харуулан, хоёр гарыг их биеийн дагуу, хоёр хөлийг уртааш жийлгэж тавьсан хөндөгдөөгүй оршуулга илэрсэн. Хүний баруун гарын хажууд 6ш төмөр зэв, зүүн шилбэ ясны хажууд хазаарын амгай, товруу тоноглол, ясан наалт, гичрийн болов уу гэмээр хугархай тавьсан ба хүнийхээ зүүн талд нас бие гүйцсэн бүдүүн эр хонийг бүтнээр нь баруун хажуугаар нь хэвтүүлж, толгойг зүүн тийш харуулан, дөрвөн хөлийг нугалж тавьжээ. Хонины нуруу хэсгээс төмөр арал илэрсэн ба шороог шигших явцад төмрийн жижиг хугархай гарч байв. 

Бусад булшинд авран хамгаалах судалгаа хийх явцад 13-р булшнаас торгон даавуун ууттай хүрэл толь, модон самын хамт, мөн эмэгтэй хүний гоёлтэй холбогдох алтан чимэглэлүүд, 14-р булшнаас төмөр зэвтэй дуут сум, 15-р булшнаас илэрсэн чонын? 9 шагай, 16-р булшнаас дөрөөг өнгөлсөн нимгэн ясан чимэглэл, 19-р булшнаас богтаг малгайн үйсээр маш гоёмсог хийсэн сүйхэн чимэглэл 12 ш, 20-р булшнаас үйсэн саадгийн хугарч гэмтсэн их бие болон түүний сийлбэртэй ясан чимэглэл илэрсэн. 

Тайгын бүс нутаг дахь судалгаа. “Умардын хязгаар” төслийн хүрээнд Монгол-Америк-Герман улсын хамтарсан судлаачид Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Баруун тайгын Овоолгын голын хөндийд археологийн малтлага судалгаа хийв. Тус багийн үндсэн зорилго нь хамгийн эрт үед холбогдож болох цаатан хүмүүсийн урцны буйранд малтлага судалгаа хийхийн зэрэгцээ түүнээс дооших үе давхаргад эртний чулуун зэвсгийн үед амьдарч байсан хүмүүсийн ямар нэгэн ул мөр буй эсэхийг тодруулах явдал байв. Учир нь энэ орчмоос чулуун зэвсгийн ялтас, залтас газрын хөрсөн дээрээс цөөн тоогоор олдсон билээ. Энэ тайгын бүс нутагт хэдэн мянган жилийн тэртээгээс хүмүүс амьдарч байсныг тодруулах чухал ач холбогдолтой юм.

“Өв хамгаалагчид” сургалт. ШУА-ийн Археологийн хүрээлэн, Их Британы Ливерпүүлийн Их сургууль, “Номад сайнс” ТББ хамтран Монгол, Америкийн “Умард хязгаар” төслийн хүрээнд “Өв хамгаалагчид” өдөрлөгийг Хөвсгөл аймгийн Мөрөн, Улаан-Уул сумдад гурван удаа зохион байгуулав. Мөрөн сумын төв Чингүнжавын талбайд 7-р сарын 3-ны өдөр зохион байгуулсан арга хэмжээнд 50 шахам хүүхэд багачуудаас гадна аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймгийн музей, СУГ-ын зарим удирдлага, ажилтан, албан хаагчид оролцов. Өдөрлөгөөр Хөвсгөл аймгийн төв музейд мотор, тог хураагч, гэрэл, самбар, гарын авлага зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнээр тоноглосон 6 ханатай гэрийг соёлын өвийн боловсролын сургалтад зориулан хандивласныг хүлээлгэн өгсөн юм. Улаан-Уул сумын наадмын талбайд 7-р сарын 10-ны өдөр, Мунгараг багийн нутаг Их Номт хэмээх газарт болсон наадамд 7-р сарын 17-нд өдөрлөг зохион байгуулахад нийт 150 гаруй хүүхэд оролцжээ. Археологийн олдвор, буган хөшөө зэрэг түүх соёлын дурсгалыг таних, ач холбогдлыг мэдэх, хайрлан хамгаалах, хүндлэн дээдлэх, бахархалт үзэл санаа төлөвшүүлэх, соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, цаашид өсвөр залуу үеэр дамжуулан өв соёлоо хамгаалах, уламжлан авч явахад нөлөөлөх зорилготой уг арга хэмжээнд ангийн сурагчдаа дагуулан ирсэн багш, хүүхдүүдтэйгээ ирсэн эмээ өвөө, эцэг эхчүүд цөөнгүй байв.

Сургалтаар хайрцагт хийсэн элснээс археологийн дурсгалыг нээж илрүүлэх, тодорхойлох, зурах, будах, цаасан хайчилбараар буган хөшөө урлах, соёлын өвийн талаар өөрийн мэддэг зүйлээ нэрлэх, сэтгэгдлээ бичгээр илэрхийлэх зэрэг танин мэдэхүйн ач холбогдолтой, сонирхолтой, хөгжилтэй хөтөлбөрийг бэлтгэн хийлгэж, оролцсон бүх хүүхдэд батламж, гарын бэлэг гардуулсан нь нутгийн иргэд, хүүхэд багачуудын талархлыг хүлээсэн үйл ажиллагаа болсон гэж дүгнэж байна.

Байршил: 49.665833, 99.608889