Үндсэн агуулга руу

Судалгаа

Дорнод Монгол хүн чулуу

2025.02.24  |  СудалгааfX⧉

Г.Батболд, М.Барс

Монгол орны нутгаас дундад эртний үеийн хүн чулуу хийгээд тахилын онгоны дийлэнхийг нь Түрэг-Уйгурын үед хамаатуулан үзэж байна. Дорнод Монголд Түрэгийн үеийн он цагтай тахилын онгон хэд хэд байгаа бөгөөд одоогоор нарийн он цаг тогтоогоогүй жижиг ерөнхий дүрслэлтэй хүн чулууд олон байна.

Дорнод Монголын хүн чулуу төслийн зорилго нь энэхүү хүн чулуут жижиг тахилын онгоны холбогдох он цаг, хамрах хүрээ зэргийг тодруулж, түүхэн газарзүйтэй харгуулан үзэхээр ажиллаж байна. Ялангуяа Дорнод Монголын хүн чулуут тахилын онгон нь төвийн бүсийн тахилын онгоноос илт ялгарч буй нь тэдний угсаа гарвалын ялгарал байж болохыг илтгэж байна. Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт буй дүрслэл багатай хүн чулуут тахилын онгон магадгүй Түрэг-Уйгурын үеийн Есөн Татар овгийн түүхэн газарзүйтэй тохирч мэдэхээр урьдчилсан таамаг байна. Бид эдгээр дурсгалаас сонгож Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт буй Талын булгийн бүлэг дурсгалын №1, 5 мөн 2024 онд Хэнтий амйгийн Өлзийт сумын нутагт Жаргалантын №2, 5 хэмээх дурсгалд малтлага судалгааг явуулаад байна.

Дурсгал №2. Тус байгууламж нь №1 байгууламжаас баруун тийш 25 орчим метр зайд бараг зэрэгцээ оршино. Одоо 9 м голчтой чулуун байгууламжийн урд захад саарал боржин чулуугаар хийсэн хүн чулуу зоолттой харагдана. Тус байгууламжийг малтахаар сонгосон бөгөөд чулуун дараас бараг ил харагдахгүй шороонд ихээр дарагдсан байлаа. 

3-р хүн чулуу.

Байгалийн саарал боржин чулуунд хүнийг дүрслэхдээ гурван хэмжээст маягаар сийлэхийг эрмэлзсэн байна. Учир нь чулууны хоёр хажуу талд хүний гарын тохой, чих сийлсэн байна. Ар талд ямар нэгэн дүрслэл харагдсангүй тиймээс чулууны гурван талд ямар нэгэн байдлаар сийлжээ. Уг чулуу нь 67 см урт юм. Хүний нүүрийг 17-19 см-т нь эрүүний хамт дүрсэлжээ. Хүзүүг дотогш хонхойлгон ор гаргаж сийлсэн. Хүний хөмсгийг хамрын хянганы хамт доош буулгаад дээд уруулын залга маягтай урлажээ. Хөмсөгний доор хоёр нүдийг зууван дугуй дүрсээр сийлсэн байна. Хамрын урт 8 см бөгөөд дээд уруулын хамт 10 см болж байна. Хамрын өргөн 1 см. Нүдний урт 3 см өргөн нь 0.5 см байна. Дээд уруул 5 см урт, 1.8 см өргөн, 0.8 см яваад доод уруулыг гаргажээ. Доод уруулыг эрүүний хамт доош харсан гурвалжин дүрсээр сийлсэн байна. Түүнээс залгаад зангиа мэт хоёр талдаа хурц үзүүртэй гонзгой урт зүйл сийлжээ. Сахал уу, зүүлт үү? Тодорхойгүй байна. Тус зүйл нь өргөн нь 3 см урт нь 7 см бөгөөд түүний хоёр талд 2 см голчтой хөх дүрсэлжээ. Цээжинд дүрсэлсэн гонзгой урт зүйлээс доош 10 см-т аяганы амсар эхлэх ба түүний дээд талд цөнгөрөгийг илүү гүн гаргаж өгчээ. Цөнгөрөг аяганаас дээш 4.5 см өндөр өргөн нь 5 см, гүн нь 2 см орчим байна. Уг аяга нь өндөр суурьт цом аяга гэдэг нь илэрхий харагдах бөгөөд зүүн гараар аягыг барьж баруун гараар түшсэн нь тухайн хүн солгой нэгэн байсныг илтгэж буй бололтой. Аяганы нийт урт 12.5 см бөгөөд аяганы сууриас барьсныг илтгэн хүний гарыг 2 –р хүн чулууны адил тав таван хурууг хос зураасаар 1 см өргөн зайтай гарган өгчээ. Аяганы суурь бариул 6 см өндөр, аяга 6.5 см бөгөөд амсар орчим дотогш багахан хумигдсан аяга. Аяганы амсрын өргөн 5 см бол гол их бие 8 см байна. Аяганы сууриас доош 2 см зайд хүйсийн нүхийг 2 см голчтой онгиор дүрсэлсэн байна. Хүйсээс доош 8.5 см-т эр бэлгэ эрхтнийг доош харсан гурвалжин дүрсээр дүрслээд түүний хоёр талд ижил арай том гурвалжин дүрсээр хоёр хөлийг тойм дүрсэлжээ. Уг хүн чулуу нь бусдаас онцлог нь хоёр талд нь хүний тохой, бугалга, шууг хагас оруулан сийлж өгсөн, зүүн талын чихийг чулууны хажууд сийлж өгсөн байна. Чихний өндөр 5 см бөгөөд бүтэн нэг онги гадуур нь хагас саран хэлбэр сийлж өгсөн нь илэрхий чих гэдэг нь харагдана. Хажуу талд сийлсэн гарын хос зураасны голын зай 5 см өргөн байна.

Дурсгал №5. Тус хөндийд буй 6-р хүн чулуу юм. Тахилын байгууламжийн баруун урд буланд бор саарал өнгийн чулуугаар хийсэн босоо байрлалтай хүн чулуу бий. Энэхүү хүн чулууны дүрслэлийг нарийн зураасаар сийлбэрлэн, чулууны өмнө зүг харсан хэсэгт бүх дүрслэлийг гаргажээ. Хүний нүүр хэсгийг тусгайлан засаж янзлаагүй бөгөөд хамрын орчмыг хөвөөлөн цохиж хамрын дүрслэлийг товойлгон гаргасан бол нүд, ам, чих, гар, хоёр гартаа барьсан сав суулганы зүйл зэргийг зураасаар сийлбэрлэсэн байна. Харин барьсан сав суулга болон гарын дээд талын хэсэг газарт нийтээр нь тусгайлан хонхойлон гаргасан дүрслэл ажиглагдана. Барьсан сав, суулганы дунд хэсэгт хоёр талд нь хоёр дугуй дүрсийг товойлгон гаргасан байх бөгөөд энэ дүрслэлийг хөхний товч хэмээн үзэж болох юм. Гарын дүрслэлийн доод талд үргэлжлүүлэн гаргасан дүрслэл бүдэг мэдэгдэж байна. Бид бүдэг үргэлжилсэн дүрслэлийг хүн чулуун хөшөөний хөл байх боломжтой хэмээн үзсэн. Энэ дурсгалтай хамт байх чулуун байгууламж нь хэмжээний хувьд 2.5х2.5 метр орчим бөгөөд газрын хөрсөн дээр бага зэрэг овгор харагдана. Энэхүү хүн чулууны дүрслэлд буй барьсан сав, суулганы зүйлийг бид дүрсэлсэн байдлаас үндэслэн эвэр сав байж болох талтай хэмээн таамаглав. Хүн чулууны хэмжээ: Өндөр-44см, өргөн-37.5-40см, зузаан-15-20см, хамрын урт-7см, өргөн-1-2.5см, нүд-3х1.5см, хөмсөг-6.5см, чих-2х6.5см, амны дүрслэл-5х1см, хурууны урт-3.5-5.5см,  гарын өргөн-7см, эвэр савны өндөр-17.5см, өргөн-8, суурийн голч-2см.

Эдгээр дурсгал нь “Монголчуудын чулуун хөрөг” хэмээх сонгодог XIII-XIV зууны үеийн чулуун хөрөгтэй тун төстэй бөгөөд бүс нутгийн хувьд ч хаяа зэргэлдээ юм. Ийм жижиг, хийц загвар нь ерөнхий дүрслэлтэй хүн чулуут тахилын онгоны бүрэн бүртгэл хийгдэж амжаагүй ч багцаалвал 200 гаруй болохоор байна. Хамрах хүрээ нь голлон Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь, Дундговь, Хэнтий, Дорнодын зүүн өмнө, Сүхбаатар, Өвөр Монголын Үзэмчин, Шилийн гол, Авга хошуу гэх нутгуудыг хамарч байна. Бидний урьдчилсан таамагаар энэ бүс нутаг хожим XII зууны үед хүчирхэгжин гарч ирсэн Монгол угсаатны өлгий нутаг хэмээн үзэж байна.

Энэхүү хүн чулууны онцлог нь аягыг илүү тод дүрслэхийг хичээдэг бөгөөд өвгөдийн хөрөгт идээ ундаа өргөдөгөөс үүдэлтэй хэмээн үзэж байна. Хүн чулуунд ямар нэгэн гар дүрслээгүй ерөнхий дүрсэлсэн ч цээжний орчим аягатайг илтгэн цээжин тушаа цөнгөрөг гарган сийлж өгдөг. Энэ аяга төлөөлсөн цөнгөрөг бүх хүн чулуунд сийлээгүй ч их түгээмэл ажиглагдаж байна.  Монголчуудын дунд өнөөг хүртэл аяганы бэлгэдэл өндөр бөгөөд аман зохиол, хэлц үгэнд аягатай холбоотой үгс маш олон бий.

“Аягагүй бол амгүй”, “Аягатай нь амсаж, Адуутай нь исгэрдэг” гэх мэтээр аяга хэмээх зүйл нь амь нас, амьдралтай холбоотойг харуулах бөгөөд ихэс дээдсийг тахиж тайх чулуун хөрөгт заавал аяга, цөнгөрөг хийж өгч буй нь идээ будаа өргөхөөс гадна үлдэж буй хүмүүсийн эд баялаг, идээ будаа элбэг байхын бэлгэдэл байж болохоор байна.

Байршил: 47.719169, 110.299386