Тарвагатайн амны чулуун зэвсгийн дурсгалын судалгаа
Б.Гүнчинсүрэн, Г.Лхүндэв
ШУА-ийн Археологийн хүрээлэн нь Япон улсын Токио Метрополитан их сургуультай хамтран "Монголын палеолитын судалгаа" төслийг 2013 оноос өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь Монгол орны умард хэсгээс чулуун зэвсгийн соёлт давхаргатай дурсгалыг шинээр олж илрүүлэх, малтан судлах, шинэ баримт, эх хэрэглэгдэхүүн олж илрүүлэх, тэдгээрийг нарийвчлан судлахад оршино. Хамтарсан төслийн хээрийн шинжилгээний анги чулуун зэвсгийн хайгуул судалгааг Хүдэр, Уялга, Цөх голын сав дагуу явуулж олон дурсгалт газрыг илрүүлэн олсон. Тэдгээрийн нэг нь Тарвагатайн амны дурсгал юм.
Тарвагатайн аманд 2015 онд гүйцэтгэсэн хайгуул судалгаагаар хөрсөн дээрээс чулуун зэвсгийн олдвор олноор илрүүлэн олж улмаар гурван газарт сорилын малтлага хийсэн. Тус дурсгалт газарт 2016 оноос өнөөг хүртэл малтлага судалгааны ажил хийж байна. Нийт малтлагын талбайн хэмжээ 18 м2. Малтлагын 1 м2 талбайг 4 (A, B, C, D өрөг) хувааж 1 үеийг 5 см гүн малтан судалсан.
2024 онд 12-р үе буюу 85 см гүнээс 22-р үеийг дуустал 140 см гүн малтлага судалгаа хийв.
Энэ жил буюу 2024 онд 12-р үе буюу 85 см гүнээс 22-р үеийг дуустал 140 см гүн малтлага судалгаа хийв.
Малтлагаас гардаг өөр нэгэн чухал олдвор бол мал амьтны яс юм. Ясны хадгалалт нь харилцан адилгүй. Тухайн яснаас ямар төрөл, зүйлд хамаарахыг тогтоох нарийвчилсан судалгаа хийгдэж байна. Одоогийн байдлаар зарим яс нь палеолитын үед амьдарч байсан эртний зэрлэг адуу, үхэр болохыг тогтоогоод байна. Ясанд хийсэн нарийвчилсан судалгаагаар зарим ясыг багаж зэвсэг болгон ашиглаж байсан ул мөр илэрсэн.
Тарвагатайн амны дурсгалт газар нь соёлт давхаргатай, эртний амьтдын ясны олдвор хэрэглэгдэхүүнээр баялаг суурин болох нь жил бүрийн малтлага судалгааны ажлын явцад улам тодорхой болж байна.
Тарвагатайн амны дурсгалт газраас илрүүлсэн чулуун зэвсгийн олдворууд нь цуулалтын арга барил, зэвсгийн төрөл зүйл, хэв шинж зэргээрээ дээд палеолитын эхэн болон дунд үед холбогдоно.
Малтлагын явцад илэрсэн мал амьтны яс, хөрсний дээж зэргийг лабораторийн орчинд байгалийн ухааны олон төрлийн аргаар судлан шинжилж байна. Энэхүү судалгааны үр дүнд дурсгалт газрын хамаарах он цаг, дурсгалын ач холбогдол зэрэг нь улам баталгаажих нь дамжиггүй.
Тарвагатайн амны суурин нь Монгол орны умард бүс нутгийн дээд палеолитын үед хамаарах соёлт давхаргатай дурсгалт газрын нэгд зүй ёсоор тооцогдоно. Тус дурсгалт газарт хийгдэж буй судалгаа нь палеолитын үеийн чулуун зэвсэг боловсруулах арга барил, түүний онцлог, эртний хүний нүүдэл суурьшил, шилжилт хөдөлгөөн, плейтоцены үеийн байгаль орчин, уур амьсгалын нөхцөл байдал, амьтны аймгийн гол төлөөлөгчдийг судлахад чухал хэрэглэгдэхүүн болох юм.
Байршил: 49.830833, 107.397694