Суман голын хадны зургийн судалгаа
Н.Батболд, Г.Цэнгүүн
Удиртгал
Суман гол нь Тэрхийн цагаан нуураас эх авч Гичгэнийн гол, Их Жаргалант, Хөвсийн голтой нэгдэж, галт уулын хүрмэн чулуу бүхий хавцлаар 60 км орчим урсаад Чулуут голын зүүн гар болж цутгадаг билээ. Суман гол нь эрт цагаас нүүдэлчдийн оршин суух таатай бүс нутаг тул археологийн дурсгалаар нэн баялаг. Тэр дундаа Гичгэнийн голын цутгалаас Чулуут голын бэлчир хүртэлх эгц босоо хавцлуудад түрүү хүрлээс дундад зууны үе хүртэлх олон үеийн хадны зураг тархсан өвөрмөц тогтоц бүхий газар юм.
"Суман-Чулуут голын хадны зураг" төслийн хүрээнд 2023 оны 9 дүгээр сард ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Н.Батболд, эрдэм шинжилгээний ажилтан, магистр Ц.Цэлхагарав, Инновац, хамтын ажиллагааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Г.Цэнгүүн, Тариат сумын Мөрөн багийн Дунд сургуулийн захирал Э.Хишигбаяр нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг Суман голын эх Тэрхийн цагаан нуураас Суман-Чулуут голын бэлчир хүртэл хадны зургийн хайгуул, баримтжуулалтыг нарийвчлан хийх зорилго тавин ажиллав.
Судалгааны тойм
Чулуут-Суман гол сав дагуух хадны зургийн дурсгалыг анх 1977 онд ЗХУ-ын геологич П.В.Коваль шинжлэх ухаанд анх мэдээлж, Правда сонинд нийтлүүлж байжээ. 1981 онд А.П.Окладников "Чулуутын голын хадны зураг" нэгэн сэдэвт зохиолдоо Суман голын цөөн хэдэн дүрслэлийг хэвлүүлсэн бол Э.А.Новгородова 1984 оны "Монголын хадны зургийн ертөнц" болон 1989 онд хэвлэгдсэн "Эртний Монгол орон" бүтээлдээ Чулуут голын хадны зургийг нэлээд дэлгэрэнгүй нийтэлсэн бөгөөд Чулуут голын хадны зургийн талаар тусгайлсан хэд хэдэн өгүүлэл бичиж франц, герман хэлээр хэвлүүлжээ. Харин Т.Санжмятавын 1995 онд хэвлүүлсэн "Монголын хадны зураг" хэмээх нэгэн сэдэвт бүтээлд Олгой булан, Таван салаа, Цагаан асгын бөөн хад зэрэг газруудын зарим хадны зургийг товч тодорхойлолт, гар зургийн хамт нийтэлжээ.
2011 онд Д.Цэвээндорж, А.Энхтөр, Г.Батболд нар Чулуут голын Тулын булан орчмын газарт ажиллаж олон зуун хадны зургийн гэрэл зургийн баримтжуулалтыг хийжээ. Мөн 2016 онд Н.Батболд, Д.Батсүх нар Аваргын булангаас Хамрын булангийн хооронд мөн олон зуун гэрэл зургийн баримтжуулалт хийсэн байдаг. 2017 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл төмрийн судалгааны салбарын судлаачид Суман голын Долгорын булан, Хамрын булан, Чимэдийн тохой, Олгой, Цагаан асгын Бөөн хад зэрэг дурсгалууд, Чулуут голын Ёлтын хясаа, Рашааны хөл, Давхарын булан (Ёлын ам), Ар булан зэрэг дурсгалт газруудад ажиллаж хэдэн зуун хадны зургийн гэрэл зургийг авсны дээр урьд өмнө бүртгэгдээгүй олон зургийг илрүүлэн баримтжуулжээ .
2022 онд Н.Батболд, Д.Содномжамц, Б.Буян-Орших нар Чулуут голын Аваргын буланд хадны зургийн хайгуул баримтжуулалт болон малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ. 2023 онд судлаач Г.Цэнгүүн, Ц.Цэлхагарав, Н.Батболд, Э.Хишигбаяр нар Суман голын хадны зураг дахь буддын шашинтай холбогдох дүрслэлийн тухай эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлжээ.
Хайгуул судалгаа
Энэхүү судалгааны төслийн хүрээнд Монгол орны төв хэсэгт орших Суман голын сав дагуух хадны зургийн тархалтыг тогтоох, бүртгэн баримтжуулж мэдээллийн сан бүрдүүлэх, улмаар Монголын хүрэл ба төмөр зэвсгийн үеийн хадны зургийн хөгжлийн ерөнхий зүй тогтол, өнөөгийн шинжлэх ухааны түвшинд он цагийг баттай тогтоож, хадны зургийн дурсгалуудыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилго тавьсан билээ.
Бид Суман голын сав дагуу Бөгтөр гүүр, Бухт, Гүүрний хөвөө, Долгорын булан, Дээд Элстэй, Доод Элстэй, Олгой булан, Таван салаа, Хамрын булан, Хөвсний гол, Цагаан асгын бөөн хад, Цагаан оруулга, Чимидийн булан, Чулуун хороот зэрэг дурсгалт газруудад хадны зургийн хайгуул, бүртгэн баримтжуулах ажлыг гүйцэтгэж нийт 430 гаруй хаданд дүрслэгдсэн 1520 гаруй зургийг баримтжуулав. Дээрх газруудаас хамгийн олон зураг бүхий газар нь Цагаан оруулга бөгөөд энэхүү газарт нийт 90 гаруй хаданд олон зуун хадны зураг дүрслэгджээ. Тухайлбал Цагаан оруулгын хадны зурагт нэлээд олон тоогоор дүрслэгдсэн амьтан бол үхэр. Үхрийг ихэвчлэн эгц дээш чиглэсэн хагас дугүй хэлбэрийн урт эвэртэйгээр дүрсэлсэн байна.
Суман голын хадны зургийн тархалт нь ихэвчлэн голын хойд эрэг дагуу гол төлөв урагш болон зүүн, зүүн өмнө зүгт хандсан хаданд, зарим тохиолдолд голын хөндий дагуу жижгэвтэр хадны дээш харсан толигор гадаргуун дээр мөн сийлсэн байна.
Хадны зургийн дүр дүрслэлийн хувьд янгир хамгийн олон байв. Мөн араатан амьтад болон буга, согоо, гөрөөс, адуу зэрэг амьтдыг олон дүрсэлжээ. Тухайлбал, буга, согоо, адуу зэрэг амьтныг сүргээр нь дүрсэлсэн тохиолдол нэлээд байна. Хадны зургийн сэдэв зохиомжийн хувьд нум сумаар ан ав хийж буй байдлыг харуулсан зураг, адуу унаж, хөтөлсөн зургууд мөн тохиолдож байв. Мөн хожуу хүрлийн үеийн загварчилсан бугын дүрслэл цөөн тоогоор илэрсэн бөгөөд хос морь хөллөсөн нэг морин тэрэгний дүрслэлийг Долгорын булангаас шинээр илрүүлэн олж баримтжуулав. Түүнчлэн Чулуут-Суман голын бэлчир, Тариат суман голын гүүр, Бөөрөлжүүт, Мөрөн багийн төв орчмын газруудад булш оршуулгын дурсгалуудын агаарын зургийг тус тус хийж гүйцэтгэсэн болно. Тус судалгааны ажлын үеэр Тариат сумын Мөрөн багийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдад Монголын археологи, хүрлийн үеийн археологийн дурсгалуудын талаар танилцуулга хийж, Суман голын хадны зургийн дурсгалт газартай танилцуулах, хадны зураг хайж олуулах, хэв авах, хадны зургийг зурах зэрэг бэсрэг хөтөлбөрийг зохион байгуулав.
Товч үр дүн
Судалгааны ажлын үр дүнд Суман голын хадны зургийн дурсгалт газруудыг тогтоож дээр дурдсан газруудын хадны зургийг нарийвчлан бүртгэж баримтжуулав. Хадны зургийн он цагийн хувьд хүрлийн үеэс хүннүгийн үе хүртэл, түүнчлэн бурхны шашинтай холбогдолтой хожуу үеийн сийлмэл болон зосон зураг зэрэг олон үеийн түүхэнд холбогдох зургууд дүрслэгджээ. Суман голын сав дагуух хадны зургийн баялаг мэдээллийн санг бий болгосон нь хойшид хадны зургийн хөгжил, он цагийг нарийвчлан судлах, энэ бүс нутгийн эртний оршин суугчдын нийгэм, аж ахуйн олон асуудлыг сэргээн тодруулах чухал хэрэглэгдэхүүн болох юм. Цаашид үргэлжлүүлэн өргөн хэмжээний хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Байршил: 48.239947, 100.375906