Арц Богдын нуруу орчмын анчин, түүвэрдэгчдын бууц суурингийн судалгаа
Д.Одсүрэн, М.Ёордецка
Монгол орны говийн бүс нутаг эртний анчин, түүвэрлэгчдийн бууц суурингийн дурсгалаар баялаг боловч сүүлийн 20 орчим жил судалгаа ихэд орхигдсон. Энэ хугацаанд судлаачид Монгол орны төв болон умард бүс нутагт томоохон гол мөрний сав газарт чулуун зэвсгийн соёлт давхаргатай дурсгалын судалгаанд анхаарал хандуулж шинжлэх ухааны олон салбарын огтлолцол дээр шинэ хэрэглэгдэхүүн бий болгохыг зорьсон юм.
Харин манай орны газар нутгийн ихэнхийг гандуу хуурай уур амьсгалтай нутаг говь, хээрийн бүс эзэлдэг. Одоогоор говь, хээрийн бүс нутгаас илрүүлсэн чулуун зэвсгийн дурсгалын ихэнх газрын хөрсөн дээр олон үеийн олдворыг агуулсан ил суурингийн төрөлд хамаардаг байна. Ил суурингийн судалгааг шинэ шатанд гаргах, сүүл үеийн арга зүйг өргөн ашиглаж шинэ хэрэглэгдэхүүн бий болгох нь Монголын чулуун зэвсгийн судалгааны нэг зорилт юм. Тиймээс Монгол-Польшийн хамтарсан судалгааны анги 2016, 2022, 2023 онд Говь-Алтайн нурууны зүүн эгнээний салбар уулсын нэг Арц Богдын нуруу орчмын бүс нутагт чулуун зэвсгийн судалгааг хийж гүйцэтгэж байна.
Хамтарсан судалгааны баг Арц Богдын нурууны өмнөд хэсэг, өвөр хоолой, зүүн биеийг хамруулан 150 км2 орчим талбайд археологийн хайгуул хийж нийт 152 байршилд чулуун зэвсгийн олдворыг илрүүлэн баримтжуулсан. Эдгээр дурсгалын газрын хөрсөн дээрх олдворын нягтаршил хийгээд элэгдэл өгөршлийн байдал харилцан адилгүй. Мөн чулуун зэвсгийн олдворын хэлбэр, хэмжээ, хийсэн арга барилын хувьд хоорондоо ялгаатай буй нь нэг үеийнх бус олон цаг үеийн дурсгал болохыг илтгэж байгаа юм.
Хайгуул судалгааны явцад Арц Богдын нурууны өвөр хоолойд Талингарын шал, Чавганцын шал, Зүүн хүрээний тойром, Луультын тойром, Баруун хүрээний тойром зэрэг том, жижиг таван эртний нуурын сав газраас анчин, түүвэрлэгчдийн бууц сууринг илрүүлж заримд нь сорилын малтлага хийж гүйцэтгээд байна.
Эртний нуурын сав дагуух дурсгалын дотор 2023 онд илрүүлсэн Баруун хүрээний тойрмын дурсгал ихээхэн сонирхол татаж байгаа юм. Баруун хүрээний тойром нь зүүн хойноос баруун урагш цуварч тогтсон гурван шалаас бүрдэх бөгөөд чулуун зэвсгийн хүний отог буудал хойд талын хоёр нуурын эргээр хоорондоо төдий л холгүй зэрэгцэн байрлаж байна.
Арц Богдын нурууны өврийн бусад нуурын савын дурсгалтай харьцуулахад, Баруун хүрээний тойрмын эрэг хөвөөгөөр тархсан анчин, түүвэрлэгчдийн отог буудлын үлдэгдэл харьцангуй сайн хадгалагдсан байна. Асар олон тооны чулуун зэвсгийн олдворын бөөгнөрөл, тулгын чулуу, галын ором, шаварлаг хөрсөнд шигдэж үлдсэн амьтны ясны үлдэгдэл, тэмээн хяруулын өндөгний хальс, түүгээр хийсэн гоёл чимэглэлийн зүйл, шавар ваар савны хагархай үүний тод томруун баримт болж байна.
Баруун хүрээний тойрмын хойд хэсэгт FV 133 хэмээн тэмдэглэгдсэн жижиг чулуун овоолго бүхий байгууламжийг эхэлж малтан шинжилэхэд 4-5 галын ором илэрсэн. Галын ормын төвд буй чулуунууд халтартаж түлэгдсэн байх ба огцом халалт, хөрөлтийн явцад олон жижиг хэсэг болж хагарч бутарчээ. Галын ормууд нимгэн, чулуун зэвсгийн олдвор цөөн байгаагаас харахад, уг дурсгал түр зуурын отог буудлын үлдэгдэл бололтой.
Дараагийн малтлагыг судалгааны баримтжуулалтад FV 139а, 139b хэмээн тэмдэглэсэн хоёр жижиг нуурын шалын хоорондох баялаг олдвор бүхий хэсэгт гүйцэтгэсэн. 139а дурсгалд 12 м2 талбайд малтлага судалгааг хийхэд олон дахин ашигласан 1 галын ором, 3000 орчим олдвор (үлдэц, багаж зэвсгийн зүйл, хагархай хэлтэрхий), амьтны ясны үлдэгдэл, тэмээн хяруулын өндөгний хальсны хагархай, түүгээр хийсэн гоёл чимэглэлийн зүйл илрүүлсэн юм. Зарим том хэмжээтэй хагархайн буланд нэвт нүх гаргасан бол тэгш өнцөгт маягийн нэг эдлэлийн зах ирмэгийг жигд иржийлгэн засаад гадагш ялимгүй сунасан нэг өнцөгт нь нэвт нүхэлжээ. Эдгээр нь хүзүүний зүүлтийн сондор байсан бололтой. Мөн 6-9 мм хэмжээтэй дугуй хэлбэртэй, дундаа нэвт нүхтэй зүүлт чимэглэл хэд хэд гарсан.
Энэ дурсгалын зүүн талд 139b хэмээн тэмдэглэсэн хэсэгт 9 м2 талбай сонгож малтлага судалгаа хийсэн бөгөөд 3 галын ором, тэдгээрийг тойрсон 16 нүхний орыг илрүүлсэн (Зураг 6a. 1, 3). Зарим нүх нэлээд гүн буюу 20 см хүрч байв. Зарим нүхнээс амьтны ясны үлдэгдэл, шатсан яс, заримаас нь чулуун зэвсгийн олдвор гарч буй бол заримаас нь хагарч бутарсан чулуу олдож байна. Энэ нь өөр өөр үүрэг зориулалттай байснаас үүдэлтэй. Эд өлгийн зүйл илрээгүй жижиг нүхнүүд нь шонгийн нүх байх магадлалтай. Харин амьтны яс гарсан зарим нүх агуулах, шатсан яс, галд хатаж хагарсан чулуу бүхий нүхнүүд нь хоол бэлтгэх зориулалттай бололтой. Энэ дурсгалд хийсэн малтлагаас 5000 олдвор илрүүлсэн бөгөөд тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн зүүлтээс гадна гадрыг нь хээлсэн гоёмсог нимгэн ваарын хагархай илрүүлсэн нь ихээхэн сонирхолтой байна.
Өмнөх малтлагын зүүн урд талд 10 м зайд байх дараагийн гал голомтын үлдэгдлийг 139с хэмээн тэмдэглэсэн. Энд 4 м2 талбайд археологийн малтлага судалгаа хийхэд 2000 орчим чулуун зэвсгийн олдвор, олон тооны амьтны яс, хээтэй ваарны хагархай илрүүлсэн. Галын ормын байдлаас харахад, урт хугацааны туршид ашиглаж байсан хийгээд үнс нурмаа хажуу тийш нь зөөж асгаж байсан ул мөр ажиглагдсан. Чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн аргад бичил ялтсан зэвсгийн технологи тод ажиглагдах бөгөөд үлдэц олон байна. Харин бусад дурсгалтай харьцуулахад хусуур цөөн. Хоёр талаас нь нимгэлсэн хутга маягийн зэвсэг, зуулга зэвсгийн чулуун ир, шөвөг цоолтуур зэрэг хоёрдогч боловсруулалт хийсэн багаж зэвсгийн зүйл байна.
Тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн сондор буюу зүүлт чимэглэлийн унжлага нэлээд сонирхолтой байна. Харин дугуй зүүлтүүд өмнө нь манай орны дээд палеолитын дурсгалаас нэлээд олдож байсан юм.
Баруун хүрээний тойрмын тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлийг харьцуулж болох хамгийн ойрын дурсгал бол Баянзагийн суурин юм. Р.Ч.Эндрьюсийн экспедицийн Баянзагийн суурингаас цуглуулсан олдворын дотор өндөгний хальсаар зүүлт чимэглэл олон байжээ.
Баруун хүрээний тойрмоос илрүүлсэн нэг сонирхолтой олдвор бол шавар ваар савны хагархай юм. Малтлагын явцад газрын хөрсөн дээр болон нүхэн дотроос шавар ваар савны жижиг хэлтэрхий нэлээд олныг илрүүлсэн нь бүгд дармал хээтэй хар саарал, бор өнгөтэй хагархай юм. Тэдгээрийг хавтгайлж нимгэлсэн шаврыг хоёр давхарлан хийсэн нь хагархай хэлтэрхийн хана, гадар давхарга нь хуурч унасан хэлтэрхийнээс төвөггүй мэдэж болно. Ваарын гадна талын давхаргыг хэвээр дарж хөндлөн чиглэлд жигд зайд гаргасан товгор шугам, тэдгээрийг холбосон босоо болон ташуу хонхроор ихэд уртай, жигд нэг янзаар гоёмсог хээ чимэглэл гаргажээ. Зарим жижиг хэлтэрхийг нэвт нүхэлсэн байна. Тэдгээрийн ихэнхийг дотор талаас нь гадагш, заримыг өөд өөдөөс нь уулзуулан цоолсон байна.
Чулуун зэвсгийн олдворын цуулалтын арга барил, шавар ваар савны хагархайд тулгуурлавал, Баруун хүрээний тойрмын бууц суурины үлдэгдлийг дунд чулуун зэвсгийн төгсгөл, шинэ чулуун зэвсгийн эхэн үед холбон үзэж болох бөгөөд он цаг тогтоох шинжилгээний хариу ч үүнийг баталж байна.
Эртний хүмүүс урт удаан хугацааны туршид агуйг оромж сууц болгон ашиглаж байжээ. Тиймээс хамтарсан судалгааны багийн судлаачид 2016 оноос хойш Арц Богдын нуруу орчмоос агуйн дурсгал сурвалжлан хайж буй бөгөөд Хөтөл усны агуй, Сүмт улааны агуйг илрүүлээд байна. Мөн Дулаан Богд ууланд хоёр газарт агуй илрүүлсэн боловч эртний хүний амьдралын ул мөр мэдэгдсэнгүй.
Тиймээс 2022, 2023 оны хээрийн судалгааны улиралд Арц Богдын нурууны зүүн өмнөд төгсгөлд орших Хөтөл усны агуйн сууринг малтан шинжилж байгаа бөгөөд зөөлөн сэвсгэр хурдаст 3.6 м гүнд хүртэл чулуун зэвсэг, амьтны ясны үлдэгдэл, тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн зүүлт чимэглэл хадгалагдан үлдсэн болохыг тогтоогоод байна.
Бид агуйн хөрсний тогтцыг нийт 8 ангилж буй бөгөөд 4-р давхарга 25930 ± 250 BP, 6-р давхарга 26240 ± 260 BP өмнөх үед холбогдохыг лабораторийн судалгаагаар тогтоогоод байна. Хөтөл усны агуйд хийсэн малтлагаас олон тооны амьтны ясны хэлтэрхий олдсон. Тэдгээр нь агуй хонгилын жижиг мэрэгч 70%, говь хээрийн дундаж болон том биет амьтдын үлдэгдэл 30% бүрдүүлж байна. Түүнчлэн том амьтдын ясаар хийсэн багаж зэвсгийн зүйл цөөн боловч илрүүлсэн нь сонирхолтой. Хөтөл усны агуйн ясан багаж өмнө нь Монголын умард хэсгийн Хүдэр голын сав нутгаас илрүүлсэнтэй ихэд төстэй байна.
Арц Богдын нурууны орчимд гүйцэтгэж буй Монгол-Польшийн хамтарсан чулуун зэвсгийн судалгааны үр дүнд олон шинэ дурсгалыг илрүүлэн баримтжуулсан бөгөөд голоцен буюу чулуун зэвсгийн төгсгөл үед холбогдох бууц суурингууд эртний нуурын сав газарт голлон тархсан байна. Мөн чулуун зэвсгийн хожуу үеийн дурсгалтай хамт дээд палеолитын хэв шинжит чулуун зэвсгийн олдворууд, леваллуагийн хэв шинжит олдвор хамт хадгалагдаж байна.
Байршил: 44.268500, 102.894667