Үндсэн агуулга руу

Судалгаа

Монгол-Данийн хамтарсан “ХҮННҮГИЙН АРХЕОЛОГИ, АНТРОПОЛОГИЙН СУДАЛГАА” төсөл

2025.02.24  |  СудалгааfX⧉

Л.Ишцэрэн, Д.Эрдэнэбаатар

2001 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Балгасан тал дахь "Гол Мод-2" хэмээх дурсгалт газрыг археологич Д.Эрдэнэбаатар нээн илрүүлсэн юм. 2002-2005 онд Монгол, Америкийн хамтарсан "Хануй хөндий" төслийн багийнхан дурсгалт газрын дэвсгэр зураг үйлдэж, язгууртны 1-р булшны 29 дагуул булшийг малтан судалжээ. Үүний дараа 2006-2010 онд Улаанбаатарын Их сургуулийн (тухайн үеийн нэрээр) оюутны хээрийн  дадлага ажлаар язгууртны 1-р булшны үүдэвч болон чулуун өрлөгийн өнгөн хөрсийг цэвэрлэж, 2010 онд уг язгууртны булшны 30-р дагуул булшийг малтан судлаж Ромын шилэн аяга илрүүлсэн нь Хүннү нарын өрнө дахинтай соёлын харилцаатай байсны нэг чухал баримт болсон билээ.

2017-2019 онд Улаанбаатарын Их сургуулийн Д.Эрдэнэбаатарын удирдсан судалгааны баг "Гол Мод 2"-ын дурсгалт газар язгууртны 189-р булшны малтлага судалгааг БНХАУ-ын Хенан мужийн соёлын өв болон Археологийн хүрээлэн, Лоян хотын Соёлын өв болон Археологийн хүрээлэнтэй хамтран малтан судалжээ. Хамтарсан судалгааны баг язгууртны 189-р булшийг 12 дагуул булшны хамт, мөн язгууртны 10-р булшийг тус тус малтан судлав. Язгууртны 189-р булш эрт цагт тоногдож сүйтгэгдсэн хэдий ч адуу малын тоног хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлс, хүрэл толь, ваар савны хагархай хэсгүүд зэрэг цөөнгүй олдвор илрэв. Эдгээр олдвор дундаас хэвэнд цутгаж хийсэн алтаар шарсан, хос мөнгөн лууны олдвор дэлхий нийтийн анхаарлыг татаж, 2019 оны Гол Мод 2-ын судалгааны ажлыг АНУ-ын Археологийн хүрээлэнгийн "Archaeology"сэтгүүлээс "2019 оны дэлхийн шилдэг 10 нээлт"-ийн нэгээр шалгаруулсан байна. Язгууртны 10-р булш нь гадаад зохион байгуулалт хэмжээний хувьд төдий л томгүй хэдий ч тоногдогүй байсан нь хүннү нарын оршуулгын зан үйл, эдийн соёлын зэрэг асуудлыг нөхөн сэргээхэд чухал хэрэглэгдэхүүн болох юм. Өнөөг хүртэл Монгол болон бүс нутгийн хэмжээнд малтан судалсан хүннүгийн язгууртны булшны ихэнх нь эрт цагт тоногдсон байдаг.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс Монгол нутаг дахь Хүннүгийн археологи, антропологийн судалгаанд судалгааны шинэ арга зүй, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх зорилгоор Дани улсын Аархус хотын Моосгаардын музей, Өмнөд Данийн Их сургуулийн Антропологийн тэнхимтэй хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулсан юм. Уг төслийн хүрээнд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасан тал дахь Гол Мод-2 дурсгалт газар дээр судалгаа явуулсан. Энд буй 470 гаруй Хүннүгийн үеийн булшнаас жирийн иргэдэд хамаарах хоёр жижиг булшийг сонгон авч, археологи, антропологийн судалгааг хийхээр төлөвлөж байв. Энэ удаагийн судалгаа нь Монгол-Дани улсын археологич, антропологичдын хувьд туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, боломж нөхцлийг газар дээр нь турших зорилготой юм. 

Дээр дурьдсанчлан язгууртны 2-р булшны дагуул 6 болон 7-р булшийг малтан шинжилсэн. Агаарын зураг, фото зургийн баримтжуулалтуудыг хийсний дараа уг хоёр булшийг нийтэд нь хамарсан 9.2м х 6м хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэрийн зохиомол талбай татаж өнгөн хөрсний цэвэрлэгээг эхлүүлэв.

Булшны оршуулга өнгөн хөрснөөс 140 см гүнээс илэрсэн ба уг хоёр булш нь нилээд тоногдсон байв. Булшнаас төмөр эдлэлийн үлдэгдлүүд болон ваар савны хагархай олдов. Булшнаас илэрсэн хүний ясыг үзэхэд 6-р булшнаас илэрсэн хүн нь 17-20 орчим насны эрэгтэй хүн байв. Ясны хадгалалт муу ясны бүрэн бүтэн байдлаас үүдэн бусад хэмжилт судалгаа хийх боломжгүй байлаа. 7-р булшнаас 22-36 орчим насны эрэгтэй хүн байлаа. 

Уг судалгаагаар илэрсэн хүний ясны олдвор ба хөрсний дээжүүдийг нарийвчилсан шинжилгээнд явуулсан шинжилгээний хариу гарсны дараа дэлгэрэнгүй судалгааны тайлан хэвлэгдэх болно. 

Байршил: 48.004786, 101.209858