Монгол Алтайн нурууны хадны зургийн судалгаа
Н.Батболд, Д.В.Черемисин,
ШУА-ийн Археологийн хүрээлэн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран “Монгол Алтайн нурууны хадны зургийн судалгаа” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус төслийн хүрээнд 2024 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Шивээт хайрхан, Улаанхус сумын Бага Ойгор голын баруун эрэг дагуу хадны зургийн нэгэн сэдэвт бүтээл гаргах ажлын хүрээнд зарим нэг хадны зургийн гэрэл зураг авах, байршлыг нарийвчлан тогтоох зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. Хээрийн шинжилгээний ажилд Монголын талаас: Н.Батболд (ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч, доктор), ОХУ-ын талаас: Д.В.Черемисин (ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан), Б.Адилбек (Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны эрдэм шинжилгээний ажилтан) нар оролцон ажилласан болно.
Цагаан салаа, Бага Ойгорын хадны зургийн дурсгалт газрыг анх 1979 онд археологич Д.Цэвээндорж нээн илрүүлж, 1994 оноос Монгол-Орос-Америкийн хамтарсан “Алтай” төслийн хүрээнд нягтлан шинжилжээ. Тус шинжилгээний анги Бага Ойгор голын зүүн эрэг дагуу буюу наран энгэр талын хад асга бүхий газруудад судалгаа хийсэн, харин баруун эрэг дагуу хайгуул судалгаа хийгээгүй бололтой хэвлэж нийтэлсэн зүйл байгаагүй юм. Иймээс бид 2019 оноос эхлэн Орос-Монгол-Америкийн экспедицийн олон тооны хадны зургийн дурсгал илрүүлэн судалсан газрын эсрэг талд голын баруун эрэг дагуу хайгуул судалгааны ажил хийж хадны зургийг бүртгэн баримтжуулж эхэлсэн болно. Гэхдээ хээрийн шинжилгээний ангийн ажиллах цаг хугацаанаас хамааран голын урсгал дагуу дуустал нь явж чадаагүй, Хөх эргийн заставаас доош зураг байж болох хад асгатай эргээс эхлэн голын урсгал уруудан 4 хэсэг газар хадны зургийн дурсгал илрүүлэн бүртгээд дараа жил үргэлжлүүлэхээр болсон юм. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорионы улмаас ажил тасалдаж 2023 оноос үргэлжлүүлэн ажиллаж байна.
2024 онд Шивээт хайрхан уулын загварчилсан дүрслэлтэй том бугатай хамт буй олон жижиг амьтдын зурагтай зохиомж бүхий хадны зургийн дурсгалын үе давхаргыг судлах зорилгоор дахин гэрэл зураг авч баримтжуулалт хийсэн.
Түүний дараа Улаанхус сумын нутаг Бага Ойгор голын баруун эргээс илэрсэн хуучин чулуун зэвсгийн үеийн хадны зургийн дурсгалт газрын ерөнхий байршил болон хадны зургуудыг дахин баримтжууллаа.
Бага Ойгор баруун эрэг – 5 хэмээн тэмдэглэгдсэн дурсгал энэ бүс нутгийн янз бүрийн цаг хугацаанд хамаарах хадны зургийн чуулбарын дунд онцгой байр эзлэх хуучин чулуун зэвсгийн үед холбогдох гайхамшигтай дурсгал юм. Энэ дурсгалыг 2019 оны 8-р сард ХБНГУ-ын Бонны их сургуулийн санхүүжилтээр Ц.Төрбатын хэрэгжүүлсэн “Монгол орон хүрлийн үед” грантын хүрээнд Баян-Өлгий аймгийн нутагт хийсэн Хэмцэгийн соёлын хадны зургийг бүртгэн баримтжуулах судалгааны явцад олж илрүүлсэн.
Энэ дурсгалт газарт 23 нэгж хавтгайд буй 48 тооны хадны зургийг баримтжуулсан ба урьдчилсан байдлаар адуу, буга, үхэр, могой зэрэг амьтдын дүрслэл бүхий 16 зургийг хуучин чулуун зэвсгийн үед холбогдуулан үзэх боломжтой юм. Эдгээр зургуудыг дүрсэлсэн арга барил, өөр газрын он цаг нь тодорхой болсон дурсгалуудтай харьцуулан судлах зэргээр он цагийг тогтоож байгаа болно. Тухайлбал, адууны дүрслэл нь ОХУ-ын Уулын Алтайн Калгутин гэдэг газраас олдсон адууны дүрслэлүүдтэй адилхан юм. Бусад нь хүрэл зэвсгийн үед холбогдох морин тэрэг, буга, араатан амьтан, нохой зэрэг дүрслэл болно.
Бага Ойгор - 5 (баруун эрэг) хадны зургийн дурсгалт газар нь хамгийн эртний буюу чулуун зэвсгийн үед холбогдох зураг дүрс бүхий өвөрмөц тусгаарлагдсан байршилд оршиж буй бөгөөд энэ нь уг газрыг тухайн үеийн хүмүүсийн тахил тайлга, зан үйл хийдэг байсан онцгой ариун дагшин газар байж магадгүй гэж үзэх боломжийг олгож байна.
Мөн Бага Ойгор голын хойд эрэг дагуу хайгуул хийж хүрлийн үед холбогдох хадны зургийг шинээр олж илрүүлсэн.
Ийнхүү тус бүс нутгаас шинээр хадны зургийн дурсгалууд илрэн бүртгэгдэж буй тул тухайн бүс нутгаас өмнө нь илрүүлсэн дурсгалуудыг цаашид ерөнхийд нь дүгнэн тодорхойлох, бүртгэл мэдээллийн санг шинэчлэх шаардлагатай болж байна хэмээн үзэж байна.
Байршил: 49.312333, 88.459639