Хүрээт дов” хүннүгийн хотын туурьд хийсэн малтлага судалгаа
Г.Эрэгзэн, С.Энхболд
Оршил
Сүүлийн үеийн археологийн хайгуул, малтлага судалгаагаар Монгол Улс болон ОХУ-ын Буриадын БНУ, Хакасын БНУ, Тувагийн БНУ, БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО, Шаньси мужийн нутгаас Хүннүгийн хот суурины үлдэгдэл болох 20 гаруй дурсгал илэрч бүртгэгджээ. Тэдгээрийн дийлэнх буюу 20 нь манай улсын нутагт байна.
Хүннүгийн хот суурингийн дурсгалууд дотроос Хэрлэн голын дунд урсгал, голын баруун эргийг даган байрлах Гуа дов, Өндөр дов, Хүрээт дов, Бүрхийн дөрвөлжин, Тэрэлжийн дөрвөлжин зэрэг 5 дурсгал үе үеийн судлаачдын сонирхлыг татсаар ирсэн.
Эдгээрээс Тэрэлжийн дөрвөлжин, Гуа дов, Хүрээт довд археологийн малтлага судалгаа хийгдээд байна.
Хүрээт дов дурсгалын байршил
"Хүрээт дов" дурсгал нь Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд Багануур хотоос зүүн тийш 10 км зайд Баруун байдлагийн голын зүүн эрэгт байрлана. Газрын байршил хойд өргөргийн 47 52 02.32 зүүн уртрагийн 108 25 18.69 солбицолд оршино.
Судлагдсан байдал
Дурсгалыг анх археологич Х.Пэрлээ нутгийн иргэн Базарваань хэмээх хүний авчирч үзүүлсэн дээврийн ваарын хагархайд тулгуурлан Хүннүгийн үед хамаарна хэмээн тодорхойлсон. Тэрээр 1960-аад онд Ардчилсан Германы археологич Шульцын хамт очиж үзэн, дэвсгэр зургийг үйлджээ. Түүнээс хойш 2019 оныг хүртэл ямар нэгэн археологийн судалгааны ажил хийгдээгүй байсан. Учир нь Баруун Байдлагийн голын адагт Оросын цэргийн дивиз байрлах болж, цэргийн хээрийн сургуулийн талбайд уг дурсгалт газар орсон байна. Ингэснээр хаалттай бүсэд багтаж, судалгаа шинжилгээ хийх боломжгүй болсон ажээ. Цэргүүд дурсгалын шороон хэрмийг олон газраар сэтлэн шуудуу татсан байхын зэрэгцээ төв барилгын ойр орчмын өнгөн хөрсийг хуулж овоолон, хяналтын байгууламж босгож дурсгалыг ихэд сүйтгэсэн байна. Түүгээр ч үл барам Төв барилгын баруун урд байрлах жижиг барилгыг дундуур нь сэтлэн хүнд техник явах зам гаргасан байна. Дээрх үйл ажиллагааны уршгаар Хүннүгийн үеийн соёлт давхарга өртөж, дээврийн ваар зэрэг барилгын хэрэглэгдэхүүн их хэмжээтэйгээр өнгөн хөрсөн дээр ил гарч тархжээ. Өнгөн хөрсөн дээр ил гарсан барилгын дээврийн ваарын хагархайнууд нь ихэвчлэн долгио хээтэй нөмрөг болон тосгуур ваарын үлдэгдэл байх бөгөөд цөөн тоотой нүүр ваарын хагархайнууд ч тохиолдоно. Дээврийн ваарын хийц, хэлбэр, хээ чимэглэл нь Хэрлэн гол дагуу цуварч байрлах Гуа дов, Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин зэрэг Хүннүгийн дурсгалаас илэрдэгтэй төстэй. Тиймээс дурсгалын холбогдох он цагийг таамаглахад төвөггүй ажээ.
Малтлага судалгаа
Энэхүү дурсгал нь 420 х 420 м хэмжээтэй шороон хэрмээр хүрээлэгдэх агаад зүүн хаалганы хэмжээ 25 м, хойд хаалганы хэмжээ 22 м, баруун талын хаалганы хэмжээ 25 м өргөн байна. Харин өмнө талын хэрэм Баруун байдлагийн голын усанд идэгдэн олон газарт сэтэрч, зарим хэсэгт мэдэгдэхээргүй болжээ. Хэрмийн одоогийн өндөр 0.5-1 м орчим, ихэд хулширч баларсан шинжтэй, суурь хэсгээр шороо нь тарж 4-5 м, дээд хэсгээр 1-2 м орчим өргөнтэй болжээ. Энэ хэрэм Тэрэлжийн дөрвөлжин дурсгалын хэрмээс бага зэрэг намхан харагдах боловч хэлбэр нь харьцангуй сайн ажиглагдахаар хадгалагдаж үлджээ.
ШУА-ийн Археологийн хүрээлэн, БНСУ-ын Төвийн бүсийн соёлын өвийн хүрээлэн зэрэг таван байгууллагын хамтарсан "Монгол, Солонгосын соёлын өвийн судалгаа шинжилгээ" төслийн хээрийн шинжилгээний анги 2019, 2023 онуудад эл дурсгалт газар археологийн малтлага судалгаа хийсэн.
2019 онд Судалгааны баг хэрмийн дотор байрлах төв ордны үлдэгдэл хэмээн таамагласан барилга (KhD-1) болон хэрмийн зүүн хойд талд байрлах тусгай хэрэмт барилга (KhD-2) гэсэн 2 газарт малтлага судалгаа хийсэн бол 2023 онд төв барилгын малтлагыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хэрмээс баруун тийш 1 км гаруй зайд байрлах KhD-3 хэмээн дугаарласан хоорондоо холбоотой 2 барилгын туурьд сорилын малтлага судалгаа хийж гүйцэтгэсэн байна.
Малтлагын явцад төв ордон хэмээн таамаглаж байсан барилгын суурийг түүхий шавар дөрвөлжлөн засаад ханалан өрж, түүн дотроо олон үе шороо хийн дагтаршуулсан, урдаа шаттай өндөр тавцант 26х21 м хэмжээтэй суурьтай байгууламж болох нь мэдэгдсэн. Уг байгууламж нь баруун талдаа хойноос урагш цувруулан барьсан 4 жижиг барилгатай. Дээрх барилгууд хоорондоо вааран дээвэрт дагтаршуулсан шороон зам бүхий хүзүүвчээр холбогдох аж. 4 барилгын суурийн дундаж хэмжээ 15 х 14 м, өөр хоорондоо 5 – 8 м зайтай байх ажээ. Тус барилгуудын суурийг хийхдээ төв барилгатай ижил аргаар хийсэн байна. Үүнээс гадна хэрмээс баруун зүгт 1 км орчмын зайд орших барилгын туурьд сорилын малтлага хийсэн. Судалгааны явцад тус барилгуудын суурийн хэмжээг гаргасан. Том нь 32х27 м, жижиг нь 17х15 м хэмжээтэй байх бөгөөд хоорондоо вааран дээвэртэй, дагтаршуулсан шороон зам бүхий хүзүүвчээр холбогдсон болох нь мэдэгдсэн.
Дээрх хоёр барилгад хийсэн сорилын малтлагаас гарсан ваар, барилгын суурь, зүг чиг зэргээс харахад "Хүрээт дов" дурсгалтай нэг цаг үеийнх болох нь мэдэгдэж байна.
"Хүрээт дов" дурсгал нь Хүннүгийн үед холбогдох хотууд дундаа нэлээд томд тооцогдох бөгөөд хэрмийн бүтэц, зохион байгуулалт, хэрмийн доторх барилгууд, хиймэл цөөрөм зэргээс харахад хүннүгийн дээд язгууртны ордон бүхий хэрэмт хот байсан болох нь эргэлзээгүй юм.
2023 оны археологийн хээрийн малтлага судалгааны явцад их хэмжээний дээврийн ваарууд илэрснээс гадна адууны толгой, хонины яс, ахуйн хэрэглээний ваарын хагархай, шатсан мод зэрэг олдвор хэрэглэгдэхүүн илэрсэн. Энэ нь дурсгалын нарийвчилсан он цаг тогтооход чухал хэрэглэгдэхүүн болж буй юм.
Энэ жилийн "Монгол, Солонгосын соёлын өвийн судалгаа, шинжилгээ" төслийн хээрийн судалгааны ажил дууссан хэдий ч лабораторийн түвшний ажил үргэлжилж байна.
Байршил: 47.867311, 108.421858