Ингэт толгойн дурсгалын археологийн судалгаа” төсөл
Б.Цогтбаатар, Д.Содномжамц
Судалгааны тойм
Ингэт толгойн дурсгалт газар нь Булган аймгийн Сэлэнгэ сумын төвөөс зүүн тийш 1 км зайд Сэлэнгэ мөрний урд эрэгт оршдог. Тус дурсгалт газарт 2023 оноос ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хээрийн судалгааны анги “Өв соёлын голомт” төслийн хүрээнд малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэсний зэрэгцээ Соёлын өвийн үндэсний төвтэй хамтарч хүн чулуун хөшөөний гадаргуу хэсгийн бохирдол, гэмтлийн түвшин тогтоож, бүрэн хэмжээний гурван хэмжээст зураглал үйлдсэн билээ. Одоогоор бидэнд мэдэгдэж буйгаар Ингэт толгойн дурсгалыг 1953 онд О.Намнандорж гуай арслан зааны яс олдсон тухай мэдээ шалгах ажлын хүрээнд үзэж анх нийтэлсэн байдаг. Тэрээр Өмнөд Ингэт толгойгоос хуучин чулуун зэвсгийн хожуу үед хамаарах чулуун зэвсгийн зүйлс олон тоогоор олсны зэрэгцээ 30 х 30 м хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн балгасны буйр буйг онцлон тэмдэглээд дээврийн ваар, тоосгоны хагархай хэсгээс дээж авсан байна. Мөн Ингэт толгойн өвөрт орших “Далха ванданд” нэртэй чулуун хүн хөшөөнд хүмүүс одоо ч гэсэн мөргөдөг хэмээн тэмдэглэсэн байдаг. Түүний дараа нэрт эрдэмтэн Х.Пэрлээ 1961 онд хэвлүүлсэн “Монгол ард улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон” хэмээх бүтээлийн хавсралт хэсэгт “Өмнөд Ингэт толгойн орой дээрх сүмийн суурь. Сэлэнгэ голд бий. Булган аймаг. Тэр сүмийн суурь 30 х 30 м” хэмээн тэмдэглэсэн байна. 1964 онд Н.Сэр-Оджав, Д.Дорж, С.Михайлов нар, 1970 онд Н.Сэр-Оджав, 1990 онд Д.Баяр, Х.Лхагвасүрэн нарын судлаачид тус тус судлан шинжилсэн бөгөөд ялангуяа хүн чулуун хөшөөний холбогдох он цагийн талаар анхаарч өөр өөрсдийн таамаглалыг дэвшүүлсэн байдаг.
Малтлага судалгаа.
Ингэт толгойн орой дээр зориуд тэгшлэн зассан 40 х 30 метр хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэрийн овгор шороон байгууламж бий. Тус байгууламжийн гадна хүрээгээр чулууг босгон зоосон хашлагатай ба хойд талын шороон далангийн ханыг чулуу шигтгэн хийсэн болох нь сайтар хадгалагдаж үлджээ. 2023 оны малтлагын үр дүнд уг байгууламж дээрх дөрвөлжин хэлбэрийн чулуун өрлөг нь хоорондоо нарийн тасалгаатай 2 барилгын үлдэгдэл болох нь тодорхой болсон бөгөөд бид баруун барилгыг хэсэгчилсэн байдлаар малтан судалсан юм. Уг барилга нь 6.4 х 6.3 м хэмжээтэй ба голдоо 4 баганатай барилга болох тодорхой болсон бол 2024 онд зүүн талын барилгын бүтэц зохион байгуулалтыг нарийвчлан гаргах, он цаг тогтоох найдвартай хэрэглэгдэхүүн бүрдүүлэх зорилгоор малтлагын ажлын үргэлжлүүлэн хийв.
Зүүн барилгын гол хэсэгт 9 х 1 м хэмжээтэй зүсэлтийн ханыг үлдээж малтлагын ажлыг хийхэд бүтэц зохион байгуулалтын хувьд баруун барилгатай ижил болох нь мэдэгдэв. Тухайлбал зүүн барилга нь 6.5 х 6.4 м хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн суурьтай, 40-60 см-ын өргөн, 60 см өндөртэй барилгын чулуун ханатай (Зураг 2). Тус барилгын шалыг байгалийн ул хадыг ашиглан завсар хооронд чулуу, элс дэвсэж тэгшлэн засаж хийсэн ба гол хэсгээс модон баганын үлдэгдэл 3 илрэв. Харин зүүн хойд талын модон багана хадгалагдаж үлдээгүй байна.
Малтлагын явцад барилын чулуун хананы эргэн тойрноос дээврийн тосгуур ваар, нөмрөг ваар, нүүр ваар, толгой ваар, чивээ чимэглэл зэрэг олон тооны хагархай хэсгүүд илэрсэн нь тухайн барилга нь дэл болон дам нурууг бүрхсэн саарал өнгийн шавар вааран дээвэртэй байсныг илтгэхийн зэрэгцээ барилга ашиглагдахаа болж нуран унахдаа ойр орчимд жигд тархсан болохыг харуулж байна. Харин тухайн барилгыг нуран унасны дараа дахин ашигласан эсвэл бүр өмнөх үеийн гэх соёлт давхарга илрээгүй ба өөрөөр хэлбэл барилга бүхэлдээ нэг л цаг үед ашиглагдаж байжээ. Харин зүүн барилгын дотор талд баруун хойд талын баганын хажуу хэсэг буюу ВС 13-07 өрөгт газрын өнгөн хөрснөөс 35 см-ын гүнээс бүтэн шавар савны амсар хэсэг илрэв. Шавар савыг тойруулан боржин чулуугаар дөрвөлжин хэлбэрийн хашлага хийж хамгаалсан ба амсар дээр жижиг чулуугаар таглаж тавсан байжээ. Мөн хашлага чулууны зүүн урд булан хэсэгт дээврийн ваарын хагархайг ашиглаж хийснээс үзвэл хожуу үед хийсэн тахилын бумба байж магадгүй юм. Энэхүү ваар нь өндгөн ёроолтой, бутан хэлбэртэй ба амсар хэсэг дээд талаараа 3 хэсэг болж цуурсан боловч эх бие хэсэг бүтэн хадгалагджээ. Шавар савны дотор талд ямар нэг эд зүйлс хийсэн эсэхийг тодруулах зорилгоор дүрс оношилгооны лабораторид рентген зураг авхуулан үзэхэд жижиг металл зүйлс байгаа нь мэдэгдсэн ба улмаар савны дотор талаас шар торгон даавуу, үр тариа болон жимсний үр, мөнгөн эдлэлийн жижиг хэсэг тус тус илрэв.
Малтлагаас бадам цэцгэн хээтэй нүүр ваар олон тоогоор илэрч олдсон ба энэ нь тухайн барилгын он цагийг тогтооход чухал туслах хэрэглэгдэхүүн болж байна. Ингэт толгойгоос олдсон нүүр ваар нь 13 см-ын голчтой ба нүүрэн хэсэгт бадам цэцгийн 11 дэлбээ, гол хэсгийн хонхорцогт 7 ширхэг товгор үрийг дүрсэлсэн ерөнхий бүтэцтэй. Энэ нь Умард Вэй (386-534), Умард Чи (550-570) улсын үеийн сүм хийдийн тууриас олдсон бадам цэцгэн хээтэй нүүр вааруудтай ижил хийцтэй байна. Мөн улаан будагтай тахилын жижиг шавар аяганы хагархайнууд, төмөр хадаас, дугуй хэлбэртэй шавар эдлэл, шавар хэв, билүү чулуу, хүрэл товч, вүжү зоос зэрэг олдворууд илэрсэн болно.
Баруун болон зүүн барилгын голын тасалгааны нүүрэн талд зүүн урагш хандуулан тавьсан гэрэлт хөшөөний суурь болох чулуун яст мэлхий илэрсэн судалгааны чухал хэрэглэгдэхүүн болно. Уг мэлхий чулуу нь 92 х 64 см хэмжээтэй, 33 см өндөр бөгөөд мэлхийний орой буюу хуягийн хэсэгт 26 х 17.5 см тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн углуурга бүхий нүхтэй. Уг нүхэнд гэрэлт хөшөөг суурилуулж байсан ба гэрэлт хөшөөний суурь хэсгийн углуурга орох нүхний гүн 18 см байна. Углуургын нүхний дотор талыг хурц үзүүртэй багажаар зассан оромтой. Мэлхий чулууны толгой хэсгийг зориуд хагалж эвдсэн ба 7 см урт 9 см өргөнтэй хүзүү хэсэг л үлджээ. Харин мэлхийний сүүл, 4 хөл нь бүтэн ба хумсны хэсгийг нарийн зураасаар мэдэгдэх төдий гаргажээ (Зураг 5). Малтлагын явцад яст мэлхийний орой хэсэгт гэрэлт хөшөө суурилуулах углуурга нүхэн дотроос угалзарсан хээтэй боржин чулууны хагархай хэсэг илэрсэн нь магадгүй гэрэлт хөшөөний магнай хэсгийн чимэглэл хэсэг байж магадгүй юм. Мөн мэлхий чулууны ойр орчимд малтлагын үргэлжлүүлэн хийх явцад боржин чулууны нүүрэн талыг сайтар өнгөлж зассан жижиг хэлтэрхийнүүд илэрсэн боловч дээрээ ямар нэг бичээсний хэсэг мэдэгдэхгүй байна. Гэрэлт хөшөөний чулуун яст мэлхийний зүүн урд талд дэрс ихээр ургасан хонхор нүх байсныг малтан судлахад 260 х 240 м хэмжээтэй чулуун овоолго илэрч улмаар нүхний толбыг дагуулан доош 1.5 м гүн малтахад эх газрын хөрс гарав. Уг нүхний толбо нь 1.5 х 0.8 м хэмжээтэй ба нүхэн дотроос барилгын дээврийн хэрэглэгдэхүүн ихээр гарсны зэрэгцээ хойд талын хана нь бүхэлдээ байгалийн хад болно. Ерөнхийдөө уг нүхний үүрэг зориулалтыг бүрэн тодорхойлох зохион байгуулалт мэдэгдээгүй боловч нүхний байршлын хувьд ихээхэн сонирхолтой байна. Тухайлбал уг нүх нь мэлхий чулууны зүүн урд талд 4 метрийн зайд орших ба нүхний хойд ханыг байгалийн ул хадыг ашиглан хийсэн нь тодорхой ба магадгүй уг нүхэнд Ингэт толгойн хүн чулуу байсан байж болох юм. Хожим уг байгууламж нурж хаягдасны дараагаас хүн чулууг тойруулан ухаж сугалж гаргасан байж болзошгүй. Учир нь хүн чулуун хөшөөний дээлийн хормой хэсгээс доош газарт суулгах ёзоор нь 80 см урт ба нийт өндөр нь 300 см болох юм. Тэгэхлээр ийм өндөр хөшөө чулууг газарт сайтар суулгах үүднээс гүн нүх ухаж, ар талд нь байгалийн ул хадыг ашиглан түшүүлж хоёр хажуу, урд талаас нь чулуугаар чигжиж хийсэн хэмээн таамаглаж байна. Ингэт толгойн хүн чулуун хөшөөний одоо байрлаж байгаа газар бол түүний анх босгосон газар биш бөгөөд цээж хэсэг хүртлээ ил гарч булаатай байсныг 1954 онд ухаж гарган улмаар 3 удаа чирч зөөсөн байдаг.
Харьцуулсан судалгаанаас үзэхэд Ингэт толгойн хүн чулуун хөшөөний толгойн оройд үсийг дугуй хэлбэртэйгээр овойлгон урласан бол нүүрний хэсэгт нүд, хамар, хацар хэсгүүд тодорхой мэдэгдэнэ. Харин хамрын үзүүр, ам, чихний хэсэг хугарч унасан ба их биеийн хэсгээс баруун болон зүүн гар хугарч унасан хэдий ч хугарлын ормоос харахад яг ямар байдалтай байсныг тодруулан харах боломжтой. Тухайлбал баруун гарыг тохой хэсгээр нь нугалж, гарын алгыг урагш харуулсан бол зүүн гарыг бугуй хэсгээр нугалж, алгыг доош чиглэлд мөн урагш харуулсан байдлаар урлажээ. Ингэт толгойн хүн чулуун хөшөөний ерөнхий биеийн төрх, үсний засал, баруун зүүн гарын байрлал, дээл хувцас зэрэг дүрслэлийн онцлогоос харахад бурхан багшийн дүртэй төстэй. Ер нь аливаа бурхныг гадаад дүр байдлын үүднээс таних олон төрлийн арга бий. Эдгээрийн дотроос биеийн гадаад дүр байдал, нүүрний хэлбэр, тэргүүн буюу үс, мутарлаг буюу гарын байрлал, дээл хувцас зэрэг шинжээр ялган таньж болно. Ингэт толгойн хөшөөний баруун гар нь дээдийг өгөхийн мутарлаг бол зүүн гар нь аюулгүйн өглөгийн мутарлаг бүхий бэлгэдэлтэй ба бурхныг номт дээл өмссөн байдлаар дүрслэн харуулжээ. Тус бурхан багшийн дүр бүхий хөшөөтэй төстэй дүрслэл Хятадын Юүнган агуй, Лунсин сүм зэрэг Умард Вэй, Сүй, Тан улсын үеийн дурсгалаас олдсон байдаг.
Урьдчилсан үр дүн.
Судалгааны ажлын урьдчилсан үр дүнгээс харахад Ингэт толгойн орой дээрх байгууламж нь гадуураа чулуу хүрээтэй, зориуд засаж тэгшлэн хийсэн өндөр шороон тавцан дээр барьсан чулуун өрлөг бүхий хоорондоо тасалгаатай тусдаа хоёр барилгын үлдэгдэл болох нь тодорхой мэдэгдэж байна. Уг хоёр барилгын нүүрэн талд гэрэлт хөшөө босгож байсныг илтгэх чулуун яст мэлхий анхны байрандаа илэрсэн ба түүний ойр орчмоос нэг талыг сайтар өнгөлсөн болон угалзарсан хээтэй боржин чулууны хагархай хэсгүүд гарсан нь гэрэлт хөшөөний хэсгүүд бололтой. Мөн бадам цэцгэн хээтэй нүүр ваар, гол дэл нурууны хоёр захад байрлах шувууны сүүлэн хэлбэрт чивэй чимэглэл, хажуу дэл нурууны үзүүрийн толгой ваар зэрэг хаад язгууртан нарт зориулсан өндөр зэрэглэлийн барилга байгууламжаас олддог барилгын чимэглэлүүд олдсон нь тухайн барилгын дээврийн бүтэц зохион байгуулалт болоод үүрэг зориулалтыг тодруулан гаргах чухал материалууд болж байна.
Малтлагын явцад олдсон дээрх олдворын цогц байдлаас үзэхэд тус байгууламж нь язгууртан хүнд зориулан босгосон шүтлэг бишрэлийн зориулалттай гэрэлтэй хөшөө бүхий тахилын сүм бөгөөд энэ нь Монгол нутагт бурхны шашны түрүү үеийн дэлгэрэлтийн түүхийг судлах чухал хэрэглэгдэхүүн болох дамжиггүй юм. Харин холбогдох он цагийн хувьд Баруун барилгын модон баганын үлдэгдэлд хийсэн С14-ийн шинжилгээний хариу 416 (95.4%) 538calAD хэмээн гарсан нь Жужаны хаант улсын төгсгөл үед хамаарч байгаа бол барилгын дээврийн чимэглэлийн харьцуулсан он цаг нь мөн НТ V-VI зуунд хамаарч байна.
Байршил: 49.460500, 104.003664