Цагдуулт уулын орчимд явуулсан малтлага судалгаа
А.Энхтөр, Г.Батболд
Хархорум музей, Шинжлэх Ухаан Академийн Археологийн хүрээлэнтэй хамтарч эртний Хархорум хот орчмын дурсгалд хайгуул тандалт судалгаа хийх санамж бичиг байгуулсан билээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд 2018, 2019, 2022 онуудад Хархорин сумын нутаг дэвсгэрт малтлага судалгааны ажил зохион байгуулсан. Уг судалгааны анги хамтын ажиллагааны хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг "Цагдуулт" уулын орчимд орших бүлэг дурсгалд аль үед хамаарах дурсгал болох түүний дэвсгэр зургийг үйлдэх зэрэг баримтжуулалтын ажлыг 2023 оны 9 дүгээр сард хийж гүйцэтгэлээ.
Орхоны хөндий, тэр дундаа Хархорум хот орчмын бүс нутаг түүх-археологийн судалгааны баялаг түүхтэй. Түүнчлэн түүхийн бүх цаг үед хүн төрөлхтөн тасралтгүй аж төрж, суурьшиж булш оршуулгын болон хот суурины олон арван дурсгалууд үлдээсэн газар юм. Энэ бүс нутгийг XIX зууны сүүлчээс эхлэн археологийн талаар шинжлэн судалж, дэлхийн олон хэлээр судалгаа шинжилгээний ном өгүүлэл нийтэлжээ. Сүүлийн жилүүдэд Орхоны хөндийгөөс археологийн дурсгал шинээр болон давтан бүртгэх, судлах ажлыг орон нутагт байгаа соёлын байгууллагууд хийж буйг дурдах хэрэгтэй. Эдгээр соёлын байгууллагууд дан ганц археологийн хайгуул, малтлага судалгааны ажлаас гадна олон нийтэд сурталчлан таниулах мэдээлэх чиг үүргийн хувьд гүйцэтгэдэг билээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг сумын төвөөс баруун урагш 10 орчим км зайд Бугат болон Цагдуулт хэмээх хоёр уулын баруунаас зүүн тийш сунаж тогтсон энгэрт оршино. 2022 онд уг дурсгалт газрыг Хархорум музей, Монгол Улсын Их сургууль, Италийн Ази Дорно дахиныг судлах хүрээлэнгийн хамтарсан баг Хархорум хот орчмын хот суурин, дурсгалуудтай танилцах ажлын үеэр анх үзэж танилцсан байна. Түүнчлэн уг дурсгалт газрыг А.Очир, Такаши Мацукава нар үзэж сонирхон Хүннүгийн үеийн булш, Монголын үеийн булш оршуулга бүхий дурсгалт газар байх магадлалтай гэж үзсэн билээ.
Хархорум хотын ойролцоох үл хөдлөх дурсгалуудтай танилцах, эрсдэлд өртөөд буй дурсгалуудыг ирлүүлэх, үл хөдлөх дурсгалын бүртгэн баримтжуулах ажлыг Хархорум музей жил бүр энэ бүс нутагт бага хэмжээгээр зохион байгуулдаг. Тус ажлын хүрээнд Хархорин сум нутаг Цагдуулт уул орчмын газарт буй эртний булш оршуулгын дурсгалт газруудын үл хөдлөх дурсгалын бүртгэн баримтжуулах ажлыг зохион байгуулж дэвсгэр зургийг хийж гүйцэтгэв. Бид энэхүү газарт хайгуул хийж булшнуудад нэг бүрчлэн дугаар өгч хэмжээ, GPS авч бүртгэн баримтжуулалт хийсэн болно. Бидний бүртгэснээр нийтдээ 40 дурсгалтай. Үүнээс 29 хүннүгийн жижиг булш, түрэгийн тахилын онгон 6, он цаг тодорхойгүй дугуй булш 5 гэж тус тус бүртгэн баримтжуулав.
Хархорум музей, Шинжлэх Ухаан Академийн Археологийн хүрээлэнтэй хамтарч эртний Хархорум хот орчмын дурсгалд хайгуул тандалт судалгаа хийх ажлын хүрээнд уг дурсгалт газарт орших бүлэг дурсгалд аль үед хамаарах дурсгал болох түүнийг нарийвчлан судлах эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилгоор тус газарт буй 3 дурсгалыг сонгон авч малтан судалсан билээ.
Орхоны хөндий тэр дундаа Хархорум хот орчмын бүс нутаг түүх-археологийн судалгааны баялаг түүхтэй. Түүнчлэн түүхийн бүх цаг үед хүн төрөлхтөн тасралтгүй аж төрж, суурьшиж булш оршуулгын болон хот суурины олон арван дурсгалууд үлдээсэн газар юм. Бидний малтлагын үр дүнд Цагдуулт уулын дурсгалт газрыг Хүннүгийн үеийн булш, Түрэгийн тахилын онгон бүхий дурсгалт газар болох нь оршуулгын зан үйл, илэрсэн олдвор зэргийг үндэслэн тогтоогоод байна. Уг дурсгалт газарт хүннүгийн жижиг хэмжээтэй булш зонхилох боловч түрэг, монголын эзэнт гүрний үед холбогдох дурсгалууд зэрэгцэн оршиж буйгаараа онцлог юм. Мөн энэхүү оршуулгын газар нь Хархорин сумын нутаг дэвсгэрээс олдоод байгаа Хүннүгийн 6 дахь бүлэг оршуулгын газар бөгөөд, Орхон голын хөндий, энэ бүс нутагт малтан судалсан хүннүгийн төмөрлөг үйлдвэрлэлийн дурсгалтай хамруулан үзвэл нэлээд сонирхолтой үр дүнд хүрч болох юм.
Байршил: 47.148275, 102.842100