Үндсэн агуулга руу

Судалгаа

Эртний Монголчуудын ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТҮҮХ” төсөл

2025.02.24  |  СудалгааfX⧉

Л.Ишцэрэн, Ч.Амартүвшин, Б.Анхбаяр, Т.Идэрхангай, Г.Галдан, Б.Өнөрбаяр, Т.Сасада, Я.Мүраками, И.Үсүки, К.Кияма, Т.Шоожи, М.Сагава, К.Мацүшита,

2011 оноос эхлэн Монгол-Японы хамтарсан "Эртний монголчуудын үйлдвэрлэлийн түүх" төсөл археологийн хайгуул малтлага судалгаа хийж байна. Судалгааны үр дүнд Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгурын үед холбогдох төмөр, шавар эдлэл үйлдвэрлэлтэй холбоо бүхий олон арван дурсгалыг илрүүлэн, Монголын түүхийн цагаан орон зай болох түүхэн сурвалж мэдээнд тэмдэглэгдэн бичигдээгүй нүүдэлчдийн үйлдвэрлэлийн түүхийг сэргээн судлах шинэ баримт хэрэглэгдэхүүнийг бүрдүүлж байна. 

Хажуу булаг дурсгал 

Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Дадал сумын нутагт "Дэлүүн болдог"-оос баруун тийш 2 км орчим зайд Нарсан ойн захад хус модон шугуйтай байгалийн үзэсгэлэн төгс амны устай газрыг нутгийнхан Хажуу булаг хэмээн нэрлэдэг. Орон нутгийн иргэд тус булгийг Чингис хааны ундаалж байсан газар хэмээн хүндэтгэн тахин шүтэж иржээ. Нууц товчоонд тэмдэглэгдсэн их хааны идэр насны нэр "Тэмжүн" хэмээхийг судлаачид "төмөр+жин" буюу "Төмөрчин"төмрийн дархан хэмээн тайлбарласан байдаг билээ.
1960-аад оны сүүл үед Дадал сумын нутагт хайгуул судалгааны ажил хийсэн нэрт эрдэмтэн Х.Пэрлээ абугай Бөөр булаг гэдэг газраас төмрийн дарх хийх үед гардаг төмрийн шаар олж Чингис хааны төмрөө дархалж байсан газар энд байжээ хэмээн үзсэн байдаг. 

Энэ үеэс хойш тус бүс нутагт археологийн хайгуул, малтлага судалгааны ажил хийгдэлгүй өдгөөг хүрсэн байна. Сүүлийн жилүүдэд Чингис хааны төрсөн "Дэлүүн болдог", түүний ойр орчмыг аялал жуулчлалын бүс болгох бүтээн байгуулалтын ажлын хүрээн 2022 онд Хажуу булгийг тойрсон эргийн дагууд газрын өнгөн хөрсөн дээр төмрийн шаар ил гарч ирсэн байсныг соёлын өвийн ажилтан Б.Бат-Эрдэнэ илрүүлэн олж судалгааны багт мэдэгдсэн билээ. 

Булгийг тойруулан барьсан модон хашааны доор буюу хуучин машин зам байсан газарт өндөр хэмд шатсаны улмаас улайж түлэгдсэн хөрс, чулуу зэрэг мэдэгдэж байсан юм. Тус хэсгийн эртний зуухны үлдэл байх магадлалтай хэмээн үзэж малтлага хийхэд 3 ширхэг зуухны үлдэгдэл байгааг тогтоосон юм. 

1-р зуух. Малтлагын талбайн төв хэсэгт эргийн ирмэгт 125 см урт, 67 см өргөн гонзгой хэлбэртэй чулуу мэдэгдэж түүний баруун талын ханын хэсэгт төмрийн шаар хайлж наалдсан ба эсрэг талын хана галд түлэгдэж улайссан боловч төмрийн шааргүй шавраар доторлосон ул мөр мэдэгдэж байлаа. Баруун талын ханын дээд хэсэгт 4 см голчтой 6 ширхэг салхи хөөрөгдөх нүхний оромыг илэрүүлсэн. Эдгээр нүх нь зуухны ёроол хэсэг рүү чиглэж зуухны доод хэсэг хүртэл салхи үлээлгэн хөөрөгдөж байсныг харуулж байна. 

Зуухны дотор талаас шавар ханын хэсэг их хэмжээтэй гарлаа. Өндөр хэмд шатсанаас болж улаан өнгөтэй болжээ. Зарим хэсгийн зузаан 4-5 см, нурсан байдлаас үзвэл чулуун ханын дээд талд байсан шавар ханыг нурааж зуухны дотор талд хаясан мэт байна. Мөн чулуун ханын дотор талыг гараар шавж байсны ул мөр болох гарын хурууны хээ, хурууны мөр үлджээ. Зуухны ёроол хэсэгт 10 см зузаан модны нүүрсэн үе, төмрийн шаарны үлдэгдэл гарч түүнээс доош зуухны шал гарч ирлээ. Шалнаас ханын дээд ирмэг хүртэл хойд хэсэгтээ 86см, дунд хэсэгт 92см, урд тал 110 см буюу хойноос урагш налуу ухаж хийжээ. Хавтгай чулуугаар урд талын ханыг хийсэн ба түүний доод талд салхи хөөрөгдөх хонгил гаргажээ. Зуухны шалнаас энэхүү хонгил хүртэл 40 см өндөр байна. Энэхүү хонгилыг хавтгай чулуугаар тагласан ба түүнээс доош 14 см-д мөн дахин нэг хавтгай чулуугаар таглаж хоёр дахь хонгилыг хийжээ.Үүнээс үзвэл тус зуухыг хэд хэдэн удаа ашиглаж байсан хэмээн үзэж болно. 

Малтлага судалгааны үр дүнд тус зуухыг гурван удаа засаж янзлан ашиглаж байсан нь тодорхой боллоо. Энэ зуухны зүүн талд залгаад хоёр зуухны үлдэгдэл илэрсэн юм. Зуухыг хийхдээ эртний шаварлаг эргийг хажуу болон дээд талаас нь ухаж, түүний дотор талыг чулуугаар өрж, шавраар доторлоод баруун талын хананд 6 ширхэг хөөргөний нүх гаргаж гадна талаас хөөргө суурилуулан хөөрөгддөг байжээ. Мөн зуухны үүдний хэсэг буюу эргийн доод талд төмрийн дархан сууж  хөөрөгддөг байжээ. Ийнхүү дээр болон доод талаас хөөрөгдөж өндөр хэм буюу 1100-с дээш хэмд халааж төмрийн хүдрийг хайлуулж байжээ. Тус дурсгалын холбогдох он цагийн хувьд НТ III-V  зуунд, Монголын түүхийн үечлэлээр Жужаны үед холбогдоно хэмээн үзэж байна.

Дунд төмөртэй дурсгал

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Ховд голд цутгах Дунд төмөртэй хэмээх голын хөндийд эртний төмөр үйлдвэрлэлийн дурсгал байгааг 2019 онд хайгуул судалгааны явцад илрүүлэн олсон билээ. 

Алтайн нурууны салбар уулсын дунд байрлах Дунд төмөртэй голын хөндий нь хоёр талаараа өндөр уулсаар хүрээлэгдсэн, эрэг дагуу Хайлаас мод ургасан байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар билээ. Нутгийн Урианхан, Казак иргэдийн аман ярианаас үзвэл энэ нутагт эрт үед Хятад хүмүүс төмөр хайлуулж байсан хэмээдэг ажээ. Монгол-Японы хамтарсан судлаачид тус бүс нутагт хайгуул судалгаа хийж НТ III-V зуунд хамаарах төмрийн хүдэр хайлуулах зуух олон газарт байгааг тодруулсан юм. Газар зүйн нэршлийн хувьд ч энэ хэсгийн уулсыг Дунд төмөртэй, Их төмөртэй, Мухар төмөртэй хэмээн нэрлэсэн ба төмрийн хүдэртэй газар болох нь тодорхой байдаг. 

Энэ жил Дунд төмөртэй голын урд эрэгт айлын хаваржааны ойр орчимд 10 х 10м талбайд өнгөн хөрсийг цэвэрлэхэд төмрийн хүдэр хайлуулах 11 ширхэг зуухны үлдэгдлийг илрүүлэн олов. Эдгээр зуух нь 90-100 см голчтой дугуй хэлбэртэй байна. Малтлага судалгааг зөвхөн 6-р зууханд хийсэн билээ.  Тус зуух 100 см голчтой, гүн 60 см орчим байна. Зуухны ёроолд төмрийн шаар царцаж, түүний доор модны нүүрс шаталгүй ихээр хуримтлагдан үлджээ. Түүний зүүн урд талд залгаад ажлын хэсэг буюу зуухны хаягдал агуулсан нүхний үлдэгдэл илэрч олдсон. Зуухны хэлбэр, хэмжээ зэргээс үзвэл НТ II-IV зуунд хамаарах болов уу хэмээн таамаглаж байна. Харин Харгайт дурсгалд нэг ширхэг төмрийн хүдэр хайлуулах зуухны үлдэгдэл, дагуул ажлын нүхний хамт малтсан. Тус зуух нь Дунд төмөртэй дурсгалаас гарсан дугуй хэлбэрийн зуухыг бодвол жижиг хэмжээтэй буюу 40-60 см, гүн 30 см орчим ажээ. Зуухны ёроолын хэсэгт төмрийн шаар модны нүүрс царцаж үлдсэн байна. Хүннү гүрний үед холбогдох боломжтой хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж байна. Их төмөртэй дурсгалд нийт таван зуухны үлдэгдэл илрүүлсэн. Эдгээрээс 3 зуух нь голын эрэг нурах үед ил гарч ирсэн бөгөөд ихэнх хэсэг нь нурж үгүй болжээ. Бид гэрэл зураг авч, гар зураг үйлдэн баримтжуулалтыг хийсэн юм. Мөн хайгуул судалгааны явцад Их төмөртэй аманд төмрийн хүдэр хайлуулах хоёр газрыг шинээр илрүүлэн анхан шатны баримтжуулалтыг хийсэн. Мөн Ховд голд цутгах Дунд төмөртэй, Их төмөртэй голын хөндийд хүрэл зэвсгийн үед хамаарах 60 орчим булш, хиргисүүр, Түрэгийн үеийн тахилын байгууламж, хадны зураг зэргийг  бүртгэн баримтжууллаа.

Шалз уулын шороон хэрэм

"Эртний монголчуудын үйлдвэрлэлийн түүх" төслийн хүрээнд Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших "Шалз уулын шороон хэрэм" дурсгалд малтлага судалгааг хийлээ. Энэ жил шороон хэрмийн зэрэгцээ хоёр барилгын баруун талын туурьд малтлага судалгаа хийсэн юм. 2019 оны малтлагаар төв барилгын туурийн гол тэнхлэг дагуу баруун тийш харсан барилгын хаалга, шатны үлдэгдэл, харин зүүн талдаа хажуу барилгатай тоосго битүү дэвсэж шат хийлгүй налуу хүзүүгээр холбосон байлаа. Малтлагаар барилгын үүдэн хэсэгт хоёр том баганын суурьтай, хоёр барилгыг холбосон тоосгон замтай байгууламж 4 модон багана бүхий дээврийн ваараар хучсан гоёмсог хийцтэй байсныг тогтоосон юм. Мөн баруун талын барилгын хэлбэр хэмжээг тооцоолж, тоосгоор хийсэн шат бүхий хаалгатай байсныг тогтоож чадлаа. Тус дурсгал Монгол орны хамгийн зүүн хэсгээс илрээд буй Уйгурын эзэнт улсын үед хамаарах хотын туурь учир тухайн үеийн түүхийг бүс нутгийн хэмжээнд судлахад чухал эх хэрэглэгдэхүүн болж байна.

Хархираагийн дурсгал

Архангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Хүннүгийн шавар эдлэл шатаах Хархираагийн дурсгалд малтлага судалгааг хийж гүйцэтгэв. 

Хавчуугийн аманд Хархираа голын эрэг үерт идэгдэх үед шатсан модны нүүрс, дээврийн ваар ил гарч ирснээр мэдэгдсэн юм. Тус дурсгал нь Харганы дөрвөлжин дурсгалын шавар барилгын материалыг шатааж байсан зуухны үлдэгдэл болох нь малтлага судалгаагаар тодорхой болсон юм. Энэхүү зуухнаас зүүн урагш 5 км орчим зайд гадуураа шороон хэрэмтэй, төв хэсэгтээ барилгын үлдэгдэл, баруун урд талдаа хиймэл нуур бүхий Хүннүгийн хааны зуны ордон "Харганы дөрвөлжин" суурин байх тул барилгын материалыг энд шатааж байсан хэмээн үзсэн юм.

Зуухыг голын эргийг ухаж хийсэн ба зуухны үлдэгдлийн нийт урт 2.6 м байна. Зуухны ихэнх хэсэг буюу гал өрдөх, үнс нурам гаргах хэсэг зэрэг үүдний гол байгууламж нь голын усанд идэгдэн нурж нэгэнт үгүй болжээ. 
Шавар эдлэлийг шатаах өрөөний тасалгаа нь бага зэргийн дугуйвтар хэлбэртэй урт 1.6 м, өргөн 1.6 м, баруун зүүн ханыг чулуугаар өрж түүний гадуур шавраар доторлосон байна.  Ханын одоо үлдсэн өндөр 0.9 м байна.  Шавар эдлэл шатаах өрөөний шалыг шавар түрхэж, шалны голоор 0.4 м өргөнтэй нарийн ховил ухаж яндантай холбожээ. Энэ бол утаа гүйлгэх сувгийн үлдэгдэл ажээ. Яндан болон түүний хоёр талын хэсгийг эрт үед нурааж эвдсэн тул зуухны хойд ханын хэсгийг нарийвчлан тодорхойлох боломжгүй байна.

Зуухнаас "Тэнгэрийн хүү Шанью" хэмээх ханз үсэг бүхий дээврийн нүүр ваарны хагархай 3 ширхэг, садармал хээтэй шалны хавтангийн хагархай, дээврийн нөмрөг, тосгуур ваар, ахуйн хэрэглээний ваарны үлдэгдэл зэрэг эд өлгийн зүйлс илэрсэн юм. Харамсалтай нь голын эрэг үерт нурж эвдэрснээс үүдэн зуухны ихэнх хэсэг нурж үгүй болжээ. Үлдэгдэл хэсэг буюу барилгын материал шатаах өрөөний хэсэг л бүтэн үлджээ. Судалгааны үр дүнд тус зууханд Харганы дөрвөлжин дурсгалын барилгын материалыг шатааж байсан нь тодорхой боллоо. Мөн зуухны хойд талд 1.9 х 1.7 м тэгш өнцөгт хэмжээтэй  хавтгай чулууг дэвсэж тэгшилсэн байгууламжийг илрүүлэн малтахад шавар ваарны хагархай 2 ширхэг илэрч өөр ямар нэгэн эд өлгийн зүйл гарсангүй. Энэ тухайн зууханд шавар эдлэл шатаахын өмнө ямар нэгэн тахилга хийх зорилгоор ашиглаж байсан болов уу хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж байна. 

Байршил: 49.045875, 111.614167