Үндсэн агуулга руу

Судалгаа

Монгол - Олон Улсын Түрэг Академийн хамтарсан “НОМГОН” төсөл

2025.02.24  |  СудалгааfX⧉

А.Энхтөр, Ц.Буянхишиг

Бид энэ жил Номгон-1 дурсгалыг шинээр малтаж эхэлсэн бөгөөд эхний ээлжид тус тахилын онгоны махбодуудын хэлбэр хэмжээ хийц зэргийг амжилттай тодруулж чадсан юм. Үүнд тахилын онгоны суваг, далан, сүм, тахилын хашлага зэргийг тодорхой болгосон. Тахилын онгоны үүд хэсгээс наран ургах зүүн зүг чиглэн цуварсан балбал чулуу 20 гаруй мэдэгдэж байв. Харин балбал чулууд нь хоорондоо ойролцоо хэлбэр хэмжээтэй байх боловч дээрээ ямар нэгэн тамга тэмдгийн зүйл мэдэгдсэнгүй. Харин тахилын онгоны төв тэнхлэгээс жишүү буюу зүүн зүг цуварсан балбал чулуудын 1-р балбалтай зэрэгцэн G11 талбайн сувгийн ирмэгээс нэг балбал илэрсэн байдал нь тун сонирхолтой бөгөөд энэ нь Номгон-2 болон Хөшөө Цайдамын дурсгалуудтай ижил цогцолборыг тойрсон балбал чулууд байсан уу? эсвэл зэрэгцээ хоёр балбал чулуутай байсан эсэх нь ирэх жилийн малтлага судалгаагаар тодорхой болох юм. Хэрэв зэрэгцэн цуварсан балбал байх аваас тахилын хашлага чулуу мөн хоёр байх зүй тогтол байдаг.

Хөндлөн зүсэлтийн малтлагаар сувгийн хэмжээ тодорхой болсон бөгөөд сувгийн өргөн 2м, гүн 1.8м байна. Онгон цогцолборыг тойрсон суваг нь 34.3 х 24.4 м хэмжээтэй бөгөөд үүд хэсгийн сувгийн төгсгөл буюу хаалганы үзүүр байгаа нь Номгон 2 - оос ялгарч байна. Сувгийн малтлагаас адууны яс бог малын яс зэрэг гарсан ба үүд орчмоос модны хэлтэрхий илэрч байлаа. Сувгийн дотор талын тавцанг засахдаа гадна талаар нь тойруулан захлаад саарал шаврыг дагтаршуулан тэгшилж хийсэн байв. Мөн сувгийн гадна талаар, сувгаас гарсан шороог овоолж нуруулдсан далан байна. Далангийн одоо байгаа өндөр 22 см, өргөн 380 см байна.

Тахилын онгоны хоймор хэсэгт орших хашлага чулууг тойроод их хэмжээний хайрга чулуу цагариг хэлбэрээр тарсан байв. Энэ нь хашлаганы дотор талд байсан хайргыг гадагш тарааж шидсэний үлдэгдэл бололтой. Хайрга чулуудын дотор захаас 1ш тахилын хавтан илэрсэн бөгөөд түүн дээр цэцгэн хээ сийлсэн байна. Хавтан чулууны зүүн доод булангийн нүүрэн тал бага зэргийн эмтэрч унасныг цайвар шаргал шохойгоор нөхөж тэгшилсэн байжээ. Мөн эндээс тахилын хашлаганы булан чулуу илэрсэн бөгөөд энэ нь Номгон 7 болон Тонюкукийн тахилын онгоныхтой ижил байна.

Тахилын онгоны төв хэсэгт сүмийн суурь илэрсэн бөгөөд дунджаар 5.5 х 5.5 м хэмжээтэй болох нь малтлага судалгаагаар тогтоогдсон. Тус тахилын сүм дан тоосгон ханатай бөгөөд вааран дээвэртэй түүний үзүүрт байх нүүр ваар нь бадам цэцгийн хээтэй, мөн араатны дүрстэй хосолмол байгаа нь өмнө судлагдсан дурсгалуудаас өвөрмөц байна. Үүний учир шалтгаан нь дараа дараагийн судалгаагаар тодорхой болох юм. Мөн энэ малтлагаас дам нурууны үзүүрээс дөрвөн тал руу буусан жижиг нурууны үзүүрт орших дөрвөн булангийн араатны дүрслэлтэй шавар чимэг 3 ш олдсон байна. Мөн сүмийн суурийг тэгш дөрвөлжин тоосгоор хийсэн байдал нь урьд өмнө нь олдож байгаагүй өвөрмөц хэлбэр юм.

Малтлагаас бусад тахилын онгонуудын адил амьтны дүрст чулуун хөшөө гэрэлт хөшөө зэрэг нь олдоогүй бөгөөд хожим зөөгдөж алга болсон байх магадлалтай. Гэвч дараа дараагийн малтлага судалгаагаар эдгээрийн учир зангилаа тайлагдах боломжтой хэмээн үзэж байна.

Байршил: 47.330781, 103.590492