Үндсэн агуулга руу

Судалгаа

Цагаан агуйн судалгаа

2025.02.24  |  СудалгааfX⧉

Төслийн удирдагч: Я. Цэрэндагва, А.М. Хаценович

Монгол нутагт эртний хүн амьдарч эхэлсэн цаг хугацааг тогтоон тодруулах, палеолитын үеийн чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн үүсэл, түүхэн хөгжил, хувьсал өөрчлөлтийг тандан судлах, тухайн үйлдвэрлэлийн зүй тогтлын асуудлыг бодит баримтаар нотлон шинжлэх, говийн бүс нутгийн эртний байгаль, газар зүйн нөхцөл байдлыг сэргээн авч үзэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэж буй дурсгалт газар нь Цагаан агуй юм. Энэ агуй нь Монголын өндөрлөг, Говь Алтайн нуруу, говийн бүс нутгаас анхлан олдсон соёлт давхарга бүхий дурсгал гэдэг утгаараа археологийн шинжлэх ухааны судалгааны чухал объект, соёлын нандин өв билээ.

Цагаан агуй нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт оршдог. Энэ агуйд анх 1987 оноос МЗТСХЭ-ийн чулуун зэвсгийн судалгааны анги малтлага хийснээс хойш 1988-1989, 1995-2000 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан археологийн экспедици 7 улирал, 2021-2023 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан археологийн экспедици 3 улирал, нийт 10 улирал малтан судалсан байна.

Цагаан агуйд 2024 онд хийсэн малтлага судалгаа

Цагаан агуйд “Алтайн нуруу дагуух плейстоцены үеийн эртний хүн, амьтны төрөл зүйлийн тархалт” нэртэй Монгол улсын ШУТСан, ОХУ-ын Шинжлэх ухааны сантай хамтарсан суурь судалгааны төслийн 2024 оны малтлага судалгааны ажил нь Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн (МЗТСХЭ) чулуун зэвсгийн судалгааны ангийн 1987-1989 он, Монгол-Орос-Америкийн хамтарсан археологийн экспедицийн 1995-2000, 2021-2023 онуудад хийсэн судалгааны ажлын шууд үргэлжлэл болсон юм.

Хээрийн судалгаа 2024 оны 09-р сарын 07-ны өдрөөс 9-р сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн.

Судалгааны ангийн бүрэлдэхүүн

Энэхүү судалгаанд Монголын талаас: Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн судалгаа салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Я.Цэрэндагва, эрдэм шинжилгээний ажилтан, магистр С.Далантай, эрдэм шинжилгээний ажилтан, докторант Г.Маргад-Эрдэнэ болон тогооч Соёл-Эрдэнэ, жолооч Н.Түвшинцэнгэл, туслах ажилтнаар Баянлиг сумын  иргэн Б.Тойвгоо, Г.Болдбаатар, Баатархүү нар ажилласан. 

Оросын талаас: ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.М.Хаценович удирдан, судлаачаар тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Е.П.Рыбин, доктор А.М.Клементьев нар ажиллав.

2024 оны малтлага судалгаа

2024 оны хээрийн шинжилгээний хугацаанд Цагаан агуйн гол хонгил дахь 2-р малтлагыг (Pit 2) доош үргэлжлүүлэн малтах явдал нь төслийн гол зорилго байв.

2023 онд гол хонгилын энэхүү малтлагын гүн 3,3 м болсон байсан бөгөөд ханыг хамгаалан хулдаж,  шуудайтай шороогоор эргүүлэн булж, нөхөн сэргээлт хийгдсэн байв. Энэ жилийн малтлага судалгаа дээрх булсан шороог буцаан гаргах ажлаар эхэлсэн. Цагаан цахир уулын урд хөндий хавар намрын цагт тогтмол салхи шуургатай байдаг бөгөөд байгаль цаг уурын энэ үзэгдэл ч агуйн малтлага, шороог буцаан гаргах ажилд тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь жирийн үзэгдэл. Энэ жилийн малтлага эхлэх цаг үетэй давхцан салхи мөн л маш хүчтэй салхилж хэд хэдэн майхныг нурааж хийсгэсэн төдийгүй агуйн малтлагын ажлыг ч тодорхой хугацаагаар хойш татсан юм. Ямартай ч байгалийн хүнд ширүүн нөхцөлтэй тэмцэлдэн байж агуйн гол хонгилын малтлагын булсан шороог 4 хоногт багтаан гаргаж чадсан билээ.

2024 онд Цагаан агуйд хийгдсэн малтлага судалгааны үндсэн зорилт бол гол хонгилын 2-р малтлагыг доош нь үргэлжлүүлэн ул хаданд хүргэх явдал байлаа. Мөн түүнчлэн малтлагын явцад илрэх хөрсний давхарга зүйг нарийвчлан тогтоон тодорхойлох, эртний ургамлын мөхлөг илрүүлэх дээжийг цуглуулахад чиглэгдэж байв.

Гол хонгилын малтлага (Pit 2).

Малтлагыг өмнөх жилүүдэд нэгэнт тогтсон арга зүйн дагуу явуулав. 4 м2 талбайн өрөг тус бүрийг тус бүрд нь дөрвөн хэсэгт хуваан, уг хуваасан хэсгээ дугаарлан доош 5 см-ийн гүнтэйгээр үелэн малтах замаар малтлага хийгдэж байв. Өрөг тус бүр нь өөрийн дугаартай бөгөөд олдвор олдсон тохиолдолд Total station багажаар тус бүр гүн, байршлыг хэмжин, дэс дугаа өгч өгөгдлийг хадгалан, цаасан шошго дээр дэс дугаарыг гараар тэмдэглэн олдвортой хамт уутлан авч хэрэглэгдэхүүн бүрдүүлсэн. Малтлагаас гарсан шороог төмөр хувинд хийн мөн гүн, байршил, өргийг хэмжүүлэн, шошгожуулан шигшүүрийн дамжлагад авч очин 0,5 см шигшүүр ашиглан анхан шатны шигшилтэд шилжүүлэх ба анхан шатнаас гарсан шороог 0,3 см, 0,1 см шигшүүрээр дахин шигшиж, уутлан авч отог дээр аваачин угааж шигшин хатааж мэрэгч амьтны ясны хэлтэрхийнүүдийг цуглуулж ясны цуглуулга бүрдүүлж байв.

2024 онд өмнөх жилийн малтлага хүрсэн 7-р давхаргаас доош үргэлжлүүлэн 11-р давхарга хүртэл малтлага хийгдэв. 8-р давхаргаас доошлон малтах явцад хөрсний давхаргын бүтэц нэг их өөрчлөгдөхгүй зөвхөн өнгөний хувьд л ялгарах төлөвтэй байсныг цохон дурдах хэрэгтэй. Малтах явцад агуйн хана таазнаас унаж тогтсон шохойн чулууны асар том хагархайнууд олноор гарч ирж малтлагын явцад саад учруулж байв. Тэдгээр том чулуудыг 3,5 м гүнээс дээш хүний хүчээр гаргах ямар ч боломжгүй байсан тул цахилгаан цохилтот өрөм, шаантаг гадас, лантуу ашиглан бутлах замаар жижгэлэн хувааж гаргаж байв. Өндөр хүчин чадалтай цохилтот өрөм ашиглах нь малтлагын ханыг нураах эрсдэлтэй байсан тул ийм аргаас аль болох зайлсхийж лантуудан бутлах замаар ихэнх чулуудыг хагалан жижгэлэн гаргасан. Том чулууд малтлагын нүх дагуу тэгнэн тааралдах, түүнийг зайлуулах үйл явц хүнд хэцүү байсан зэрэг нь малтлагын эрчимд бас тодорхой хэмжээгээр нөлөөлснийг цохон дурдах нь зүйтэй. Ямартай ч хээрийн шинжилгээний 20 гаруй хоногийн хугацаанд 1 м гаруй доош үргэлжлүүлэн, малтлагын гүнийг 4,10 м-т хүргэсэн хэдий ч агуйн шаланд хүрч чадаагүй болно.

Бидний хийсэн малтлагаар байрлал дээр нь 24 ш чулуун зэвсгийн эд өлөг, 1 ш чулуужсан модны хагархай, 4 ш эртний амьтны ясны хэлтэрхий, шигшүүрээс мөн тодорхой тооны эд өлгийн зүйлс илэрч олдлоо.

Чулуун зэвсгийн олдворууд

Цагаан агуйн 7-р давхаргын олдворууд доод палеолитын үеийн зэвсэг үйлдвэрлэлийн хэв шинжийг ерхийдөө илтгэнэ. Зарим чулуун зэвсгүүд тодорхой хүчин зүлийн нөлөөгөөр исэлдэж гадаргуу нь арзайж барзайн анхны төрхөө гээж химийн корразид орсон байдалтай олдсон нь цуулалтын гадаргуун дээрх ул мөрийг бүдгэрүүлж, зарим тохиолдолд ор мөргүй алга болгожээ. Гэсэн хэдий ч зарим залтас цуулдасны гадаргуу дээрх цуулалтын ор мөрийг бүдэг ч гэсэн харах бололцоотой байна. Ихэнхдээ чулуун зэвсгийн хоёр өргөн тал исэлд орж барзайсан байх ба хажуу ирмэг, цохилтын талбайн хэсэг зарим эдлэлд бага исэлдэж анхны төрхөө хадгалжээ. Ийм чулуун зэвсгүүдээс ямар чулууг түүхий эд болгон ашиглаж байсан нь тодорхой мэдэгдлээ. Хэрэв Цагаан агуйд одоогоор хийгдэж байгаа малтлагаас гарсан олдвор хэрэглэгдэхүүнээс харахад, дундаас дээш давхаргуудад шар, шар хүрэн өнгийн девоны гаралтай цахиур (хас) чулууг түлхүү ашиглаж байсан бол энэ жилийн малтлагаас харахад доод талын давхаргуудад улаан, бор саарал, саарал өнгийн хагас тунгалаг цахиур чулуугаар голдуухан түүхий эд болгон ашиглаж байсан нь харагдаж байна. Энэ нь эдгээр цахиурууд илүү хатуулаг бөгөөд нүх сүв, ан цав, хагарал багатай тул цуулахад тун тохиромжтой байсан нь гарцаагүй юм. Харин нөгөө шар, шар хүрэн өнгийн хас чулууны хувьд агуйн ойр гарштай, уг гаршийг дархны газар болгон олон мянганы турш ашигласан тул түүхий эдийн хомсдолгүй чулуун зэвсгийн үйлдвэрлэлээ явуулж байжээ.

2024 оны Цагаан агуйд хийсэн малтлагын 7-р давхаргын доод түвшин, 7 ба 10-р давхаргын заагаас 33 ш чулуун зэвсгийн олдвор илэрч олдсон. Төрөл зүйлийн хувьд ядмагхан ч үлдэц, цуулалт бүхий хагархай, залтас, хагархайнуудаар илэрхийлэгдэнэ.

Нийт 6 үлдэц олдсон ба хэмжээний хувьд бүгд том биш, дөш чулуун дээр тавьж цуулалт хийсэн ормыг хадгалсан шинжтэй. Урдаас болон хажуугаас тэгш өнцөгт хэлбэртэй хоёр туйлт цуулалтын аргаар цуулагдсан үлдцүүд 3 ш байна. Тэдгээрийн нэгний бүх гадаргуугийн талбайг цуулалтын ором эзэлнэ. Өмнөх цуулалт хийсэн гадаргуу дараагийн цуулалтын цохилтын талбайн үүргийг гүйцэтгэж байжээ. Өөр нэг үлдцийг босоо болон хэвтээгээр нь эргүүлж дөш чулуун дээр тавьж цуулалт хийж байсан бололтой ором тод мэдэгдэнэ.

Цохилтын хоёр талбайт, цуулалтын эсрэг чигтэй хавтгай үлдцийн баруун хажууг талбайгаас уртын дагуу өргөн цуулжээ. Цохилтын үндсэн талбайг хөндлөн цуулалтаар, ар тийш огцом налуулан бэлдсэн байна. Цуулалт хийхдээ дөш чулуун дээр тавьж байсан нь суурь хэсэгт үлдсэн сөрөг цохилтын ормоос тодорхой мэдэгдэнэ. Дөш чулуун дээр тавьж цуулсан пирамид хэлбэрийн үлдэц 2 ш байна. Тэдгээрийн нэгийн гадаргуу дээр хоёр цуулалтын ором мэдэгдэнэ. Шар өнгийн чанар тааруу девоны цахиураар хийсэн үлдцэнд ихэнх нь хагарч жишиж цуурсан таван цуулалтын ором хадгалагджээ. Дөш чулуун дээр өргөн гадаргууг тавьж цуулалт хийсэн байжээ. Хоёр туйлт цуулалтын арга ажиллагаанаас тэс өөр нэг үлдэц байгаа нь цуулалтын нэг талбайт нэг чигийн цуулалттай. Ар талыг хөндлөн цуулан том залтас ховхлон хавтгайлсан байгаа нь өөр нэг цуулалтын гадаргуу гаргах зорилготой байсан бололтой. Харамсалтай нь дунд хэсэгтээ жишиж цууржээ).

Цуулалт бүхий хайрга 4 ш байна. Бүгд бага хэмжээтэй, гадаргуу дээр нь замбараагүй цуулалтын ормууд хадгалагджээ.

Залтас - 10 ш. Дор хаяж таван залтас хоёр туйлт цуулалтын арга ажиллагааны дүнд ховхлогдсон байна. Тэдгээрийн нэг нь хөндлөн, хоёр талстат цохилтын талбайн үлдэгдэлтэй. Өөр нэг эдлэл мөлгөр цохилтын талбайн үлдэгдэлтэй, үлдцийн дээд хэсгээс жишүү цуулагдсан шинжтэй. Доод үзүүрийн буланд хусуурын өндөр ир гаргах оролдлого хийж хоёр урт холтлолт хийгдсэн харагдана. Хоёр туйлт үлдцээс цуулагдсан хоёр залтсанд цохилтын товгор тодорхой мэдэгдэнэ. Нэгний дотор, гадар химийн урвалд өртөж барзайсан хэдий ч цохилтын талбайн тод хадгалагджээ. Өөр нэг залтас хоёр туйлт эргэмэл, хэвтээ үлдцээс цуулагдсан, гөлгөр цохилтын талбайн үлдэгдэлтэй, огтлолцмол цуулалтын оромтой ажээ. Хоёр туйлт цуулалтын ага ажиллагаатай холбогдолгүй бусад залтаснуудын хувьд хөндлөн-босоо, хөндлөн, огтлолцсон цуулалтын ормыг гадар дээрээ хадгалсан гол төлөв гөлгөр цохилтын талбайн үлдэгдэлтэй байна. Том хэмжээний цуулдаснаас хагарсан залтасны дотор талыг цуулан нимгэлэх гэж оролдсон ул мөр харагдана. Цуглуулгад ганцхан багаж зэвсэг байгаа нь хатгуур юм. Хатгуурын нарийн шовх үзүүрийг баруун урт хажуугийн буланд дотор талаас ховилтуулан ухаж гаргажээ.

Дүгнэлт

Энэ жилийн малтлага судалгааны үр дүнд Цагаан агуйн Гол хонгилын 2-р малтлагын давхарга зүйн бүтэц нь 1990-ээд онд малтсан хэсгийн давхарга зүйгээс эрс ялгагдаж байгаа нь тогтоогдлоо. Малтлага хийж буй хэсэгт 5-р давхаргаас эхлэн агуйн өмнөд хэсгээс тэм өмнөө хурдас хуримтлагдсан байжээ. Энэхүү малтлагын дунд хэсгийн давхаргууд дунд плейстоцены үед хамаарах магадлал маш өндөр байна. 5-р давхаргын хурдасны шинжээс харахад Цагаан цахир уулын орчимд ихээхэн усархаг байсан нь харагдана. Энэ жилийн малтлагаар 7-р давхаргын доод хэсгээс үлэмж биет мэлхийн ясны хэлтэрхий гарсан нь үүнийг давхар баталж байна. Энэхүү аварга биет мэлхийн олдвор нь Хойд Ази, Төв Азийн хувьд анх удаа олдсон гэдэг утгаараа шинжлэх ухааны томоохон ая холбогдолтой юм.

7-р давхаргын доод хэсгийн чулуун зэвсгийн үйлдвэрлэлд эсрэг цуулалтын аргыг хэрэглэж байсан нь баримтаар батлагдав. 6-р давхаргад энэ цуулалтын аргын улбаа илрээгүйг дурдах нь зүйтэй. Энэхүү үйлдвэрлийн аргын хувьд арай илүү адилсах олдворууд Хятадын доод болон дунд палеолитын дурсгалуудад тааралдаж байна. Дөш чулууг ашиглан цуулалт хийж байсан маш тодорхой харагдаж байна.

Байршил: 44.714806, 101.170389