Монгол-Германы хамтарсан "Орхон" төсөл
Т.Батбаяр, К.Франкен
Монгол-Германы Орхон Экспедиц (МONDOrEx) 2024 оны 07-р сарын 8-наас 22-ны өдрийн хооронд Дэлхийн өвийн (ЮНЕСКО) жагсаалтад Монгол Улсаас бүртгэгдсэн Орхоны хөндийн түүх соёлын цогцолбор дурсгалт газрын судалгааг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн түвшинд үргэлжлүүлэх зорилгоор тухайн бүс нутагт орших эртний хот суурины зарим дурсгалт газруудад хэмжилт, зураглал, баримтжуулалт, археологийн сорилын малтлага зэрэг судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэв.
Монгол-Германы Орхон Экспедицийн (MONDOrEx) судалгаа 1999 оноос эхлэн Их Монгол улсын нийслэл Хархорум хотод төвлөрч байгаад 2007 оноос Уйгурын эзэнт гүрний нийслэл Хар балгас хийгээд түүний ойр орчмын бүс нутгуудад өргөн цар хүрээтэйгээр явагдаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, Орхоны хөндийн дунд биед орших Хархорум болон Хар балгас гэсэн хоёр алдартай дурсгалуудад 20 гаруй жил төвлөрч судалгаа гүйцэтгэсэн юм.
Хот суурины энэхүү хоёр цогцолбор дурсгалаас гадна Орхоны хөндий нь түүх-археологийн дурсгалт газрууд, нэн ялангуяа хүрэл зэвсгийн үеэс дундад зууны хожуу үе хүртэлх дурсгал ихтэй бүс нутаг юм. Үүнд янз бүрийн эрин үеийн булшнууд, хүн чулуу, тахилын байгууламж, том жижиг хэрэм бэхлэлт бүхий хот, суурин газрын үлдэгдэл, бие даасан байдалтай орших барилга байгууламжийн цогцолборууд ордог. Эдгээрийн дотроос хот суурин, суурьшлын ул мөр бүхий дурсгалт газрууд онцгой анхаарал татдаг боловч судалгаа маш бага, баримтжуулалт харьцангуй сул хийгдэж ирсэн юм. Тиймээс хамтарсан төслийн 2024 оны хээрийн судалгааны хүрээнд Орхоны хөндийн дээд эх болон дунд хэсэгт байрлах хот суурины зарим дурсгалыг орчин үеийн судалгааны түвшинд баримтжуулах, зураглал үйлдэх, түүвэр олдвор цуглуулах, боломжит тохиолдолд он цаг болон археоботаникийн дээж авах зорилгоор бага хэмжээний сорил малтлага гүйцэтгэх, Хар балгас болон Хархорум хотуудыг дэлгэрүүлэн судлахад нэмэр болохуйц эд өлгийн баримт хэрэглэгдэхүүн цуглуулах, цаашдын судалгааны чиг хандлагаа тодорхойлох зэрэг зорилготойгоор ажилласан юм.
Хар балгас. Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутаг Шанага уулын зүүн өвөр Нарийны амны адагт байгаа нэгэн эртний туурийг нутгийнхан “Хар балгас”, “Бөөр довын балгас” гэж лавтай хоёр өөрөөр нэрлэдэг ажээ. Энэ балгас нь баруун талаас Орхон голын хөндий рүү орж ирсэн Нарийн хэмээх амны адгийн өмнөд этгээдэд холгүйхэн, жижиг дэвсэг дээр байна. Уг балгасыг урьд өмнө судлаачид бага хэмжээгээр малтан шинжилж он цагийг урьдчилсан байдлаар Уйгурын үед холбогдуулан үзсэн байдаг. Судлаачдын тодорхойлсноор, балгасын гадуур дөрвөлжин сувагтай. Сувгийн хойд, урд талын урт тус бүр 55 м орчим, баруун, зүүн тал тус бүр нь 50 м орчим, сувгийн өргөн 15 м, гүн нь ойролцоогоор 1 м орчим аж.
Монгол-Германы Орхон экспедиц орчин үеийн техникийн дэвшлийг ашиглаж Хар балгасын дэвсгэр зургийг шинээр боловсруулахад зориулж агаараас нисгэгчгүй камераар зураг авч баримтжуулахад гол ажлаа төвлөрүүлэн ажилласны зэрэгцээ хээрийн шинжилгээний ажлын хүрээнд тус байгууламжийн гадуур тойрсон сувгийг бага хэмжээгээр зүсэж түүний бүтэц зохион байгуулалтыг баримтжуулав. Энд гүйцэтгэсэн сорилын малтлага судалгаа нь үндсэндээ тус байгууламжийн сувгийн хадгалагдсан байдал, ерөнхий бүтэц зохион байгуулалт, газрын хөрсний үе давхаргын онцлог, түүний үндсэн үүрэг зориулалт зэргийг тандан мэдэж геоархеологи-археоботаникийн судалгааны дээж авах зэрэгт чиглэгдсэн юм.
Дээр дурдсан хэдэн зорилгын хүрээнд тус байгууламжийг тойрон хүрээлсэн сувгийг баруун хэсэгт нь 1x3 м хэмжээтэйгээр зүсэлт хийв. Үүний үр дүнд, усан шуудууны ор үлдэц болох дагтаршсан шавар шороогоор дүүрч идгэсэн сувгийн үе давхаргууд, тодорхой хугацаанд ус гүйж байсныг илэрхийлэх шинж тэмдгүүд, тохиолдлын шинжтэй малын ясны хугархай зэрэг илэрч мэдэгдсэн юм. Ерөнхийдөө эндээс хөрсний дөрвөн өөр үе давхарга илэрч малтлагын гүн 70 см хүрэхэд байгалийн эх хөрсөнд тулж малтлага зогссон бөгөөд хөрс тус бүрээс археоботаникийн судалгааны дээж авсан болно. Сорил малтлагаас гадна судалгааны хүрээнд, тухайн байгууламжийг багтаасан уртраг, өргөргийн дагуу 50 м хэмжээтэйгээр хуваасан 100x100 м талбайд хоорондоо 2 метрийн зайтай явганаар шугаман хайгуул хийж 20 гаруй олдворын зүйлсийг илрүүлж олсны дотор уйгурын хэв шинжтэй хэд хэдэн шавар ваарны хагархай, барилгын дээврийн ваар, тоосго, төмөр зэв, хадаас зэрэг олдворууд бий. Эдгээр нь тухайн дурсгалын он цаг, үүрэг зориулалтыг тодруулан судлахад чухал ач холбогдолтой хэрэглэгдэхүүн болох юм.
Ногоон балгас. Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутаг Орхон голын хойд эргийн өндөр дэнж дээр нутгийнхан “Ногоон балгас” хэмээн нэрлэдэг эртний нэгэн балгас байна. Энэ нь ерөнхий тэнхлэгээрээ хойноос урагш чиглэсэн цувраа хоёр барилгын довжоо суурь мэт бөгөөд хоорондоо хүзүүвч мэт гүвгэрээр холбогдсон. Мөн эдгээрээс холгүй, баруун зүүн хоёр этгээд хоёр овгор буй нь барилгын суурь бололтой. Өөрөөр хэлбэл, энэхүү цогцолбор дурсгал дөрвөн байгууламжаас бүрдэж байна. Хоймор талын гол овгор нь ойролцоогоор 1,6 м өндөр, 23x23 м хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй бол урд талын багавтар овгор байгууламж нь 12x12 м хэмжээтэй, тэгш өнцөгт шороон тавцан юм.
Шороо шавар дэлдэж байгуулсан энэхүү нүсэр зузаан суурийн дээр ямар нэгэн барилга байгууламж байсан гэдэг нь тавцан суурийн дээгүүр орших ханын үлдэгдэл бололтой зах ирмэг нь ил гарсан тоосго өрлөг, ойр орчимд нь ил хөглөрөх дээврийн ваар, тоосго зэрэг барилгын материалын хэдэн зуун хагархай хэлтэрхийнээс тодорхой боловч бидний мэдэхээр, археологийн нарийвчилсан судалгаа хийгдээгүй өдийг хүрсэн бололтой юм. Уг дурсгалын ерөнхий төлөвлөлт, хандсан зүг чиг, гол тэнхлэгийн онцлог, газрын хөрсөн дээр ил харагдах түүвэр олдворын байдал зэргээрээ Монголын дундад зууны үеийн хийгээд түүнээс арай хожуу үеийн дурсгалуудтай нэлээд төстэй байгаа нь ихээхэн сонирхолтой. Тиймээс төслийн энэ оны хээрийн судалгааны хүрээнд уг дурсгалын дэвсгэр зургийг үйлдэхэд голлон анхаарч дроноор агаарын зургийн баримтжуулалт хийсэн юм.
Цагаан сүмийн балгас-I. Архангай аймгийн Хотонт сумаас баруун урагш 50 орчим км зайтай, Цагаан сүмийн голын эхэнд, уг голын Цэнхэр сумын нутагт хамаарах талд эртний шороон хэрэмт их бага хоёр балгасын турь байдаг. Судлаачид энэ хоёр балгасыг Цагаан сүмийн балгас-1, 2 хэмээн ялган тэмдэглэж ирсэн билээ. Цагаан сүмийн балгас-1 дурсгалыг судлаачид бага хэмжээгээр малтан шинжилж он цагийг урьдчилсан байдлаар Уйгурын үед холбогдуулан үзсэн байдаг.
Орхон экспедиц Цагаан сүмийн балгас-1 дурсгалын дэвсгэр зургийг шинэчлэн боловсруулахад зориулж агаараас нисгэгчгүй камераар зураг авч, зураглалын ажилд төвлөрч ажилласны зэрэгцээ энэ оны хээрийн шинжилгээний ажлын хүрээнд тухайн дурсгалын гол хаалганы харалдаа гадна буюу их хэрмээс зүүн зүгт залгасан хэрмийн тус газарт 1x1,6 м хэмжээтэй сорил малтлага гүйцэтгэж хөрсний бүтцийг нь баримтжуулав. Үүний үр дүнд, соёлт давхарга огт мэдэгдээгүй юм. Эндээс 3 өөр хөрс бүхий давхарга илэрч гарсан нь ихэнхдээ элсэрхэг, ердийн байгалийн шороон хөрс байв. Малтлагын гүн 80 см болсон бөгөөд хөрс тус бүрээс археоботаникийн судалгааны 3 дээж авсан болно.
Сорил малтлагаас гадна энэ оны судалгааны хүрээнд, Цагаан сүмийн балгас-1 дурсгалыг уртраг, өргөргийн дагуу 50 м хэмжээ бүхий зохиомол талбайд хувааж тэдгээрийн доторх зайд хоорондоо 2 метрийн зайтай явганаар системтэй хайгуул хийж 30 орчим олдвор илрүүлэн нарийвчилсан аргаар бүртгэсэн болно. Олдворын дотор уйгурын хэв шинжтэй бүсний хүрэл товруу чимэглэл, шавар ваарын хагархай, барилгын дээврийн ваар, тоосго, төмөр хадаас зэрэг олдворууд бий.
Сүм. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Цагаан сүмийн балгаснаас баруун зүгт 10 орчим км зайд, уулын аманд “Сүм” хэмээх эртний нэгэн барилгын суурийн үлдэгдэл байдаг. Энэ нь ерөнхий тэнхлэгээрээ хойноос урагш чиглэсэн цувраа хоёр барилгын довжоо суурь мэт бөгөөд хоорондоо хүзүүвч мэт гүвгэрээр холбогдсон. Ар талын гол овгор нь ойролцоогоор 1,6 м өндөр, 30x30 м хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй бол урд талын багавтар овгор байгууламж нь 10x15 м хэмжээтэй, тэгш өнцөгт шороон тавцан юм.
Шороо шавар дэлдэж байгуулсан энэхүү нүсэр зузаан суурийн дээр ямар нэгэн барилга байгууламж байсан гэдэг нь ойр орчимд нь ил хөглөрөх дээврийн ваар, тоосго зэрэг барилгын материалын хэдэн зуун хагархай хэлтэрхийнээс тодорхой боловч бидний мэдэхээр, археологийн нарийвчилсан судалгаа хийгдээгүй өдийг хүрсэн юм. Судалгааны хүрээнд уг дурсгалын дэвсгэр зургийг үйлдэхэд голлон анхаарч дроноор агаарын зургийн баримтжуулалт хийсэн. Үүнээс гадна, уг байгууламжийн төв овгорын зүүн хойд ёроолд 1x1,6 м хэмжээтэй сорил малтлага хийж хөрсний давхаргын онцлог, суурийн тавцангийн бүтэц зохион байгуулалт зэргийг баримтжуулж, геоархеологи-археоботаникийн судалгааны дээж авсан болно.
Гэзэг бүрдийн балгас. Архангай аймгийн Хотонт сумын төвөөс урагш 60 орчим км зайд, Дунд нуруу хэмээх уулын таг дээр орших Гэзэг бүрд хэмээх жижиг нуурын баруун талд орших Гэзэг бүрдийн балгас гэдэг шороон хэрэмт эртний нэгэн хот суурины дурсгалт газар хамтарсан төслийн хүрээнд богино хугацааны судалгааны ажил гүйцэтгэсэн билээ. Уг балгасыг 2011 онд судлаачид илрүүлэн олж дэвсгэр зураг, тодорхойлолтыг нь үйлдэн нийтэлжээ.
Энэхүү балгас нь тэгш өнцөгт дөрвөлжин шороон хэрэмтэй. Хэрэм нь баруун хойноос, зүүн урагш чиглэсэн бөгөөд зүүн урд талдаа үүдтэй байсан бололтой. Шороон хэрмийн төв хэсгийн урд зэрэгцүүлэн барьсан гурван барилга байсан ор мэдэгддэг. Шороон хэрмийн үүд нь зүүн зүг ханджээ. Хэрмийг тойрсон суваг мэдэгдэх бөгөөд түүний өргөн нь ойролцоогоор 7 м, гүн нь 60 см хэмээн судлаачид тодорхойлсон байдаг.
Энэ жилийн хээрийн шинжилгээний хүрээнд Гэзэг бүрдийн балгасны дэвсгэр зургийг шинээр боловсруулахад зориулж дроноор төлөвлөгөөт нислэг үйлдэн зураг авч, уг хэрмийн баруун хойд булан болон сувгийг хамарсан 1x2 м хэмжээтэй сорилын малтлага гүйцэтгэж, дурсгалыг уртраг, өргөргийн дагуу 50 м хэмжээ бүхий зохиомол талбайд хувааж тэдгээрийн доторх зайд хайгуул судалгаа хийх зэрэг ажлуудыг хийсэн юм.
Ийнхүү Дэлхийн өвийн (ЮНЕСКО) жагсаалтад Монгол Улсаас бүртгэгдсэн Орхоны хөндийн түүх соёлын цогцолбор дурсгалт газрын судалгааг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн түвшинд амжилттай үргэлжлүүлж, Орхоны Хар балгас, Ногоон балгас, Цагаан сүмийн балгас, Сүм, Гэзэг бүрдийн балгас зэрэг эртний хот суурины дурсгалуудын судалгааны чухал мэдээллийн санг бий болгосон юм.
Байршил: 47.431708, 102.658953