Дуурлиг нарсны хүннүгийн язгууртны булшны малтлага судалгаа, хадгалалт хамгаалалт
Г.Эрэгзэн, С.Энхболд
ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музей зэрэг 3 байгууллага хамтран хэрэгжүүлж буй Мон-Сол төсөл нь 1997 онд анх эхэлж байснаас хойш 26 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Энэ хугацаанд тус төслийн хүрээнд олон газар томоохон суурин малтлага судалгаа хийсний нэг нь “Дуурлиг нарс”-ны дурсгалт газар билээ. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг Дуурлиг нарсны дурсгалт газар нь манай улсын нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны булш бүхий 10 газрын нэг бөгөөд хамгийн зүүн захад байрладгаараа онцлог юм. Энэхүү дурсгалт газарт “Мон-Сол” төслийн археологийн хээрийн судалгааны анги 2006-2011 оны хооронд ажиллан дурсгалт газрын тархцын зургийг нарийвчлан үйлдэж нийт 301 булш бүртгэн өмнө тэмдэглэснээс 100 булшийг нэмж илрүүлсэн ба археологийн малтлага судалгааны ажил явуулж Хүннүгийн язгууртны 3 булш, дагуул 13 булшийг малтан судлан багагүй үр дүнд хүрсэн юм. Төслийн хүрээнд хийгдсэн малтлага судалгааны ажлын үр дүнг “Дуурлиг нарсны Хүннү булш I, II” нэрээр цуврал ном болгон хэвлүүлж нийтийн хүртээл болгосон ба илэрсэн олдвор эд өлгийн зүйлсийг Солонгосын Үндэсний музейд бүрэн сэргээн засварлаж, тэдгээр олдворуудаар Монголын Үндэсний музейд 2, Солонгосын Үндэсний музейд 2, Хэнтий аймгийн музейд 1, Баян-Адарга суманд 1 удаа тусгай үзэсгэлэн зохион байгуулж олны хүртээл болгосон. Малтлагаар илэрсэн олдвор эд өлгийн зүйлийн зарим хэсэг нь өдгөө Монголын Үндэсний музей, Чингис хаан Үндэсний музейн Хүннүгийн танхимд тавигдсан ба зарим хэсэг нь ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Монгол, Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хээрийн шинжилгээний анги Дуурлиг нарсны хүннүгийн язгууртны булш, оршуулгын дурсгалт газар 2024 оны 7-р сараас 19-өөс 9-р сарын 04-ий өдрийг дуустал 48 хоногийн хугацаанд ажилласан.
Судалгааны ангийн бүрэлдэхүүнд “Мон-Сол” төслийн Удирдагч ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн. Хээрийн судалгааны ангийн ахлагч С.Энхболд, судлаач Д.Мандах, Э.Амарболд, Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Бүрэнтөгс. Туслах ажилтнаар 26 оюутан (МУИС, МУБИС), тогооч, жолооч. Солонгосын талаас Солонгосын Үндэсний музейн албаны дарга доктор Юүн Сандог, Судлаач Ким Тэён, Ким Сантэ, Ну Хёншин, Чуи Гёнхуан, И Жинмин нар оролцон ажиллав.
Малтлага судалгааны явцад язгууртны 160-р булшны үүдэвч болон хүрээг гүйцэт гарган цэвэрлэж, 2-р үеийн чигжээс чулууг бүрэн хуулсан. Мөн 1-р үеийн шатлалыг бүх талбайгаар гүйцэт гаргаснаас гадна булшны төвийг дайруулан татсан хөндлөн хамрын хойд талд 2 м өргөн сувгийн малтлага хийж 2-р үеийн шатлалын гүн, өргөн хэд байгааг тандсан. Тандалтаар 1-р үеийн шатлалаас 3.31 м гүнд, 1.27 м өргөнтэй 2-р үеийн шатлал илэрсэн бол баруун талд 3.51 м гүнд, 1.43 м өргөн шатлал тус тус илэрсэн.
Бид 2-р үеийн чигжээс чулуудыг бүрэн хэмжин баримтжуулсны дараа чулуудыг хуулж талбайг бүрэн цэвэрлэсэн.
Цэвэрлэгээний дараах байдлаар булшны үндсэн байгууламж доторх хэмжээ 32 м урт, 27 м өргөн байв. Үндсэн байгууламжийн голд байх тонуулчдын нүх 5.5 м голчтой дугуй хэлбэртэй болон багассан байна.
Төслийн баг 48 хоногийн хугацаанд малтлагыг нийт талбайгаар өнгөн хөрснөөс доош 5 м гүнд хүргэн тэгшлэн цэвэрлэсэн. Мөн үүдэвч хэсгийн малтлагыг өнгөн хөрснөөс доош 1 м гүн болгосон.
Малтлага судалгаагаар бод малын цөөн хэдэн яс, хүрэл эдлэлийн хугархай зэрэг олдворууд тонуулчдын нүхний орчмоос илэрснээс гадна хөндлөн тавьсан мод үүдэвч болон үндсэн байгууламж дотроос гарсныг баримтжуулан дээжлэн авч лабораторийн шинжилгээнд явуулахаар бэлдээд байна.
Малтлага судалгаа хийхийн тулд хүн хүч, техник тоног төхөөрөмж, цаг хугацаа ихээр шаардагдаж байсан. Бид малтлага судалгаандаа сүүлийн үеийн 2 долгионы GPS, гэрэл зураг, дүрс бичлэгийн хэрэгслийг ашиглан баримтжуулж, хүнд даацын (Zoom lion) кранаар булшны шороо, чулууг тэвшээр зөөн гаргаж байв.
Түүнчлэн малтлагын талбайг хялгар хамгаалалтын хучлагаар битүү хучиж, тойруулан булшнаас гарсан чулуу болон модоор бүтэн хашаалсан. Хашаа, болон хучлага нь малтлагын талбайд хүн мал орохоос сэргийлэхийн зэрэгцээ бороо, цаснаас булшийг хамгаалж нуралтаас сэргийлсэн ажил байлаа.
2024 оны малтлага судалгаа төлөвлөсний дагуу амжилттай явагдаж дуусан. Ирэх жил буюу 2025 онд үргэлжлүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байна.
Байршил: 48.546806, 111.082250