Тахилын усны суурины дурсгал (Дундговь, Гурвансайхан)
А.Энхтөр, С.Хүрэлсүх
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутагт Их газрын чулууны баруун хойд талд Тахилын ус хэмээх хуурай сайрын хоёр хөвөөгөөр өгүүлэн буй суурины дурсгал байрлана. Энэ хавийн газрыг нутгийхан Тогоотын хотгор хэмээх нэрийднэ. Тахилын усны суурингийн баруун хойд талд буй Ерлөг хэмээх хайрханыг нутгийн иргэд Чингис хааны өрлөг жанжингуудтай холбон домоглон ярьдаг аж.
Тахилын усны голын хуурай сайрын хоёр талаар барилгын чулуун суурь, халаалтын чулуун ханзны үлдэгдэл нэлээд их мэдэгдэх бөгөөд зүүн талынх нь элс, дэрсэнд дарагдаж мэдэгдэх төдий болжээ. Харин баруун талын хэсэг нь харьцангуй сайн хадгалагдсан. Барилгын сууриуд нь хэмжээний хувьд харилцан адилгүй аж. Хамгийн жижиг нь 4х4м, том нь 10х12м хэмжээтэй, 0,2-0,6м орчим өндөр. Тус суурингийн баруун талын хэсгийн сайр талын буюу зүүн хэсэгт том барилгуудын суурь байх бөгөөд түүнээс хойш хоёроос гурван эгнээ жижиг барилгууд байна. Сайрын зүүн талын хэсэг нь зохион байгуулалт нь сайн мэдэгдэхгүй байна хэмээн өмнөх судлаачдын тайланд тэмдэглэн үлдээжээ.
Энд барилгын суурь чулуунаас гадна халаалтын чулуун ханз байгаа нь мэдэгдэж байна. Тэдгээр нь хэмжээний хувьд мөн харилцан адилгүй аж.
Эл дурсгалт газрыг анх Х.Пэрлээ агсан нутгийн иргэдийн аман мэдээнд тулгуурлан олж илрүүлэн тойм зураг товч тодорхойлолт сэлтийг үйлдэн бүтээлдээ тэмдэглэн үлдээжээ. Үүнээс хойш тоймтой судалгаа хийгдэлгүй явсаар 2013 оны үед Монгол-ОХУ-ын хамтарсан судалгааны багийнхан хүрэлцэн ирж тодорхойлолт сэлтийг дахин үйлдсэн байдаг.
Энэ суурингийн үндсэн зохион байгуулалт нь голын хоёр эрэг дагуу байрласан, голоороо том урт гудамтай, гудамны хоёр талаар зэрэгцээ олон байшингийн суурь бүхий юм. Голын эрэг рүү барилгууд нь нилээд шахсан зарим барилгыг голд тулган барьсан, гадуураа хана хэрэм байхгүй задгай суурин аж.
Өдгөө суурин энгийн нүдэнд бараг харагдаж үзэгдэхгүй шахам болтолоо элэгдэн балархайшсан. Суурингийн хойноос урагш үргэлжилсэн гол гудамж сайн мэдэгдэх бол гудамжны хоёр талаар байрлах барилгууд нь элэгдэн баларч цөөн тооны барилгын баганын суурь бололтой зассан чулуу болон чулуун суурийн үлдэц, хонхор хотгор газруудаар ялгаран харагдаж байна.
Тус суурингаас төрөл бүрийн хэмжээ хийцтэй, өнгө будагтай шаазан, ваарны хагархай болон төмөр эдлэл олдож байна. Ахуйн хэрэглээний голдуу шавар ваарнууд нь жижиг аяганаас асар том хэмжээний ваар хүртэл янз бүрийн хийц, хэлбэр, хэмжээтэй хоорондоо эрс ялгаатай байна.
Хуурай сайрын эрэг дагаад шавар дэлдэн босгосон ханатай, дөрвөлжин хэлбэрийн чулуун суурьтай барилгууд байсан бололтой сууриуд үлдэж хоцорчээ. Гэвч зарим нэг сууриуд нь голын эрэгт шахсан байсан тул үер усанд идэгдэж эвдэгдсэн байна. Энэ хавиар өргөн тархсан ваар, савны хагархай хэлтэрхий зэргээс харвал сууринд нилээн урт удаан хугацаанд олон тооны хүмүүс суурьшин амьдарч байсан болохыг илтгэж байна.
Бид Тахилын усны сууринг голын 2 талаар байгаа сууринд хэмжилт судалгааг хийдээ голын баруун талыг суурин 1, голын зүүн талаар байгаа үлдэгдлийг суурин 2 хэмээн нэрийдэж тодорхойлолтыг үйлдэв.
Суурин 1. Хамгийн хойт талдаа нэг томоохон барилгын туурьтай, түүнээс эхлэн өмнө зүгт үргэлжилсэн урт, өргөн гудамжтай, түүний хоёр талаар 1-3 эгнээ барилгууд бүхий зохион байгуулалттай суурин байжээ. Голын эрэг дээр тулгаж барьсан зарим барилгуудын хана, суурь нь голын усанд идэгдэж тарсан шинжтэй, эдгээрийн тууриас шаазан ваар савны хагархай, тухайн цагт дарагдсан байдалтай малын яс, үнс нурам зэрэг зүйлс ил гарч урссан байна. Эдгээрээс тухайн сууринд амьдарч байсан хүмүүсийн хоол хүнсний зүйлс, тэдний ахуй амьдралын олон талт асуудлыг тодруулах боломжтой юм.
Бас нэг онцлог нь баруун талын барилгын баруун урдуур нь ус гүйдэг байсан бололтой нарийн жалга судаг байна. Энэ судаг зүүн талын том гол хоёрын дундуур арал мэт цагаан дэнж дээр нь энэхүү суурингаа босгож цогцлоосон нь мэдэгдэж байна. Баруун талын нарийн судагны эрэг дэнжээр нь суурингийн зарим барилгуудаа тулгаж барьсан бололтой байна. Судгийн ойр орчмоос паалантай сав шаазан ваарны хагархай олдож буй боловч барилгын хэрэглэгдэхүүн болох тоосго, дээврийн ваар гэх мэт зүйл олдохгүй байна.
Тахилын усан суурингийн хамгийн хойд талд голын урсгалын тохойрч дугуйрсан хэсэгт нэг томоохон барилга байжээ. Голын том барилгаас чанх урагшаа үндсэн гол гудамж үргэлжлэх агаад энэ гудамжны 2 талаар суурингийн барилгууд зэрэгцэн үргэлжилж байжээ. Суурингийн барилга байгууламжууд нь он цагийн уртад ихэд элэгдэн тарсан учир барилга нэг бүрийн хэмжээ болон хэлбэр зохион байгуулалтыг тодорхойлох боломжгүй байна.
Хамгийн хойд талын гол засаг захиргааны бололтой барилгын туурь нь нилээн том хэмжээтэй, тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэртэй байсан бололтой. Эл барилгын туурь дээр цөөн тооны тодорхой зохион байгуулалтгүй чулууд байгаа нь барилгын суурь нь бололтой. Тоосго олдохгүй байгаагаас харвал, чулуун суурьтай, түүхий тоосгон эсвэл дэлдсэн шавар ханатай барилга байсан болов уу. Өдгөө ихэд эвдэгдэн тарж шавар хана нь урсан тархжээ. Эл гол барилгын туурь нь хойноос урагшаа 26м урт, зүүнээс баруунш 14м өргөн, 50-60 см өндөртэй байна.
Гол барилгын ойр орчмоос барилгын хэрэглэгдэхүүн тоосго, дээврийн ваар гэх мэт зүйл олдохгүй, харин ахуйн хэрэглээний эд зүйлс түгээмэл олдож байгаа нь сонирхолтой. Энэ барилгаас чанх урагшаа томоохон гудамж үргэлжилж, гудамжны 2 талаар жижиг барилгууд зэрэгцэн байрласан үндсэн зохион байгуулалттай. Гол гудамж хойноос өмнө зүгт хандан үргэлжлэх бөгөөд баруун хойш 3550 хэмд ханджээ.
Гол барилгын тууриас хойш ахуйн хэрэглээний эд зүйлс мэр сэр олдож байгаа боловч барилга байшингийн үлдэгдэл мэдэгдэхгүй байна. Тэгэхээр энэ барилга бол яах аргагүй суурингийн хамгийн хойд захын гол засаг захиргааны газар байсан бололтой.
Хойд талын гол барилгын баруун талд арай жижгэвтэр чулуун суурьтай барилга байсан үлдэгдэл мэдэгдэж байна. Гол хэсэгтээ хонхор, зарим нэг булангуудад нь суурийн босоо чулуу үлдэж хоцорсон. Чулуун суурьтай, зүүн тийш харсан үүд хаалгатай, шавар дэлдэн барьсан ханатай, хавтгай модон дээвэртэй барилга байжээ.
Энэ барилгын туурийн баруун хойд талд нь бас нэг байшингийн туурь байна. Гол барилгын туурийн өнцөгөөс баруун хойд зүгт 31м орчим зайтай агаад чулуун суурьтай байсан болтой ойр орчимд нь чулуу маш ихэд тарсан. Хэмжээ нь жижиг 8,0х4,0м хэмжээтэй, маш их тарж эвдэгдсэн, ойролцоогоор 30см өндөр. Барилгын туурь орчмоос нь ахуйн хэрэглээний зүйл элбэг олдож байна. Эл барилгын баруун хойд өнцөгт чулуун суурь нь сайтар мэдэгдэж байгааг хэмжвэл 1,0м өргөн чулуудыг зэрэглэн өрж хийсэн суурьтай байжээ.
Энэхүү хоёр дахь барилгаас баруун урагшаа 22м бас нэгэн жижиг барилгын туурь тодорхой мэдэгдэнэ. Мөн л чулуун суурьтай, дөрвөлжин хэлбэрийн барилга байсан бололтой, чулуун суурь нь ихэд эвдэрч баларшсан, цөөхөн чулууд нь үлдэж хоцорсон. Чулуу өрж үйлдсэн суурь нь 0,8-1,0м орчимтой өргөн, 12х7,0м хэмжээтэй, зүүн зүгт хандсан хаалга үүдтэй, гонзгой хэлбэртэй барилга байжээ.
Голын том барилгын баруун урд талд бас нэгэн том барилга байна. Гурав дахь барилгаас урагшаа 25м орчим зайтай нилээн том хэмжээний чулуун суурьтай барилга байсан нь мэдэгдэнэ. Барилгын баруун талын хэсгээр ус урсдаг бололтой судагт идэгдсэн. Хойноос урагшаа 24х16м хэмжээтэй үргэлжилсэн томоохон барилга байжээ. Барилгын чулуу өрж зассан чулуун суурь нь 1,0м өргөн. Барилгын зүүн хойд, хойд тал нь харьцангуй бүтэн үлдэж хоцорсоноос харвал, баруун, зүүн тийшээ харсан 2 хаалгатай, хаалганы сэтэрхийн өргөн 3м байна. Барилгын туурийн баруун хойд тал нь усанд идэгдэж суурь нь үгүй болсон, харин зүүн хойд тал болон зүүн урд талын ханын үлдэгдэл харьцангуй сайн хадгалагдан үлдсэн. Ойролцоогоор 40-60 см орчим өндөртэй барилгын туурь байна. Ойр орчимоос нь ахуйн хэрэглээний ваар савны хагархай гэх мэт зүйл олдож байгаа боловч барилгын хэрэглэгдэхүүн олдохгүй байна.
Гол барилгаас өмнө тийш үргэлжлэх үндсэн том гудамжны 2 талаар хооронд нь залгаж шахам баригдсан олон тооны барилгын тууриуд байх агаад тэдгээр нь ихэд хулширч дарагдан мэдэгдэхгүй шахам болжээ. Барилгууд нь өвөл, зунгүй хүмүүс оршин суудаг байсныг илтгэх халаалтын ханзны үлдэгдэл нилээд таарч байна. Он цагийн уртад дээд талын барилга нь бороо усанд урсан тарахад зөвхөн шалны дор байсан халаалтын сувгийн хэсэг нь үлдэж хоцорсон бололтой.
Гол барилгаас чанх урагш гудамжны хойд талд чулуун суурьтай томоохон барилгууд байсан бололтой олон тооны суурийн чулууд эмх замбараагүй хэвтэж байна. Үлдэж хоцорсон энэ барилгын баруун хойд болоод зүүн хойд суурийн хэсэг анхны байрлалаараа үлдсэн. Барилгын чулуун суурь нь сайтар мэдэгдэж байна. Дөрвөлжин гонзгой хэлбэртэй 7,0х15м хэмжээтэй барилга байжээ. Барилгын ойр орчмоос тун цөөхөн тооны барилгын хэрэглэгдэхүүн олдсоны нэг нь шавраар хийж сайтар шатаасан, хоорондоо залгагддаг хэсэгтэй сүүлтэй нөмрөг ваарны хагархай илэрч олдлоо. Мөн эл барилгын туурин дээр халаалтын сувгийн үлдэгдлээс гадна жижгэвтэр 1,0х1,0-1,0х1,2м хэмжээтэй дөрвөлжин зохион байгуулалттай чулуун өрлөгүүд байгаа нь зуухны үлдэгдэл бололтой. Эдгээр зууханд түлсэн галын халуун утаа барилгын шалны дор байрлуулсан сувгаар дамжин гүйц халаадаг байжээ.
Суурингийн гол гудамжны өргөн нь ойролцоогоор 10-11м хэмжээтэй байна. Гудамжны эхлэл болон төгсгөл хэсэгт гудамжны өргөн болон бусад зохион байгуулалт нь ижилхэн. Мөн эл 2 эгнээ байшингуудаас гадна энэхүү эгнэсэн байшингуудын хойд талд нь залган гадна талаар нь дахин нэг эгнээ барилгууд байжээ. Эдгээр барилгуудын ойр орчмоос цөөхөн тооны дээврийн тосгуур ваарны хагархай олдож байгаа ч түгээмэл бус байгаа нь зарим нэг барилга вааран дээвэртэй байсан бол ихэнх балга модон дээвэртэй байсныг илтгэнэ.
Гудамжны хоёр талаар чулуун хашлага маягийн босгосон чулуунууд анзаарагдаж байна. Барилга байшингийн туурийн үлдэгдэлээсээ бага зэрэг зайтай босгосон эдгээр чулууд нь гудамж болон барилгыг тусгаарласан зориулалттай болов уу хэмээн таамаглаж байна.
Суурин хойноос урагшлах тусмаа барилга байшингийн хэмжээ багасах зүй тогтол ажиглагдаж байна. Хойд хэсгээрээ нилээн том хэмжээтэй чулуун суурьтай барилгууд голлож байсан бол өмнө тал руугаа чулуун суурьтай боловч хэмжээний хувьд жижгэвтэр барилгын тууриуд ажиглагдаж байна. Мөн суурингийн өмнөд талын барилгууд дээр зуухны үлдэгдэл, халаалтын ханзны сувгийн эвдэрхий үлдэгдэлүүд бас байна. Суурин өмнө тийшлэх тусам барилгуудын хэмжээ жижгэрсэнээс гадна барилгын туурь дээрээс олдож байгаа олдворын зүйлүүд бас ялгаатай нь мэдэгдэнэ. Суурингийн хойд талын хэсгийн барилгын тууриудын орчмоос ихэвчлэн үнэтэй хөх болон ногоон шаргал өнгийн шаазангийн хагархай эвдэрхий нилээн түгээмэл олдож байгаа бол өмнө талын барилгуудын тууриас төдийлөн олдохгүй, харин гадуураа хүрэн болоод шаргал өнгийн паалантай зузаан бөөртэй том хэмжээний ваар савны хагархай, ногоо даршлах дарах, ус шингэн зүйл хадгалах зориулалттай ахуйн хэрэглээний томхон ваар савны хагархай нилээн түгээмэл олдож байна. Энэ нь суурингийн оршин суугчдын зэрэг зиндааг илэрхийлж байгаа болов уу.
Суурингийн гудамжны урт нь хамгийн хойд талд байгаа гол барилгын өмнөд үзүүрээс 470-500 метр үргэлжлээд гудамжны төгсгөлд ирж байна.
Тахилын ус 2. Баруун талын суурингийн харалдаа голын зүүн эрэгт нарийн гудамж бүхий, түүний хоёр талаар олон тооны барилгуудтай зохион байгуулалт мэдэгдэж байна. Тахилын усны суурин 2 нь суурин 1-тэй харьцуулбал арай жижгэвтэр хэмжээтэй, Тахилын усны гол тохойрч байгаа хэсэг дээр тулаад гудамж төгсөж байна. Гол гудамж нь богино. Мөн энэ суурингийн зүүн талаар нь ус гүйдэг бололтой нарийн жалга судаг байна. Энэ судаг баруун талын гол хоёрынхоо дундах залгаа тэгш хэсэг дээр 2 голын дунд цалгай дэвсэг дээр байрлаж байжээ. Үлдэж хоцорсон тууриудын үлдэгдлээс харвал ихэвчлэн чулуун суурьтай, дөрвөлжин тэгш өнцөгт хэлбэрийн жижгэвтэр барилгууд байжээ.
Зүүн эргийн барилгууд тодорхой зохион байгуулалтгүй голын эрэг тулгаж барьсан барилгуудтай, тэдгээр нь хавар, намрын үер усны нөлөөгөөр ихэд тарж эвдэрсэн. Эдгээр барилгуудын ойр орчмоос ахуйн хэрэглээний ваар сав, шаазангийн үлдэгдэл ихээр олдож байна. Үлдэж хоцорсон барилгын суурь болон хана туурганы үлдэгдэлүүдээс харвал энд чулуун суурьтай, шавар дэлдсэн эсхүл түүхий тоосгон ханатай барилгууд голлож байсан бололтой, зарим барилгын чулуун суурь нь 1,0м өргөн байжээ.
Суурингийн хамгийн хойд талд баруун талын сууринтай адил гудамжны эхэнд нэг том хэмжээтэй барилгын туурь байна. Хэмжээ нь ойролцоогоор 10х16м, 60 орчим см өндөр барилгын туурь байна. Энэ барилгын тууриас өмнө тийшээ гол гудамж нь үргэлжлэх агаад гудамжны 2 талаар эгнэсэн олон барилгуудтай. Суурингийн хойд хэсгээр барилга нь илүү шигүү хоорондоо зайгүй шахам зэрэгцэн байрласан байсан бол, урагшлах тусмаа барилгууд шингэрч цөөн барилгатай байжээ. Энд гудамжны хойд талд нэг барилгын туурь маш сайн тодорхой мэдэгдэж байна. 7,0х8,0м орчим хэмжээтэй, 80 см орчим өргөнтэй чулуун суурьтай барилга байсан нь мэдэгдэнэ.
Гэвч баруун талын суурингаа бодвол энд арай цөөн тооны барилга байсан гэмээр байна. Баруун талын суурингийн хойд талд засаг захиргааны бололтой томхон барилгын үлдэгдэлтэй бол энд зүүн талын хэсэгт иймэрхүү зохион байгуулалт ажиглагдахгүй байна. Суурингийн гудамж төдийлөн сайн мэдэгдэхгүй боловч агаарын зурагт тулгуурлан багцаалан ажиглавал голын дэргэд тулгаж барьсан нэг эгнээ барилга, түүний зүүн талаар үргэлжилсэн нарийвтар гудамж, түүнээс 20 орчим метр зайтай бас нэг хойноос урагш үргэлжилсэн байдалтай зэрэгцээ барилгын тууриуд мэдэгдэж байна. Барилгын тууриуд дээр хөх саарал өнгийн үнс нурам хуралджээ.
Зарим нэг барилгын тууринд хавтгай чулуу зэрэглэн босгож үйлдсэн утаа гүйдэг халаалтын сувгийн үлдэгдэл үлдэж хоцорчээ. Гол гудамж нь баруун талын сууринг бодвол нилээн нарийн, ойролцоогоор 10м орчим өргөнтэй байна. Гудамжны 2 талаар цөөнгүй барилгуудтай ч гудамжныхаа баруун талаар нь буюу голын эрэг дагуу арай олон тооны барилгатай. Харин зүүн талд нь цөөвтөр барилга байсан бололтой. Энэ байгаль газар зүйн нөхцөлтэй нь холбоотой бөгөөд энэ хэсэгт хонхор хотгор ус гүйдэг нарийн жалгатай учир төдийлөн олон барилга байгаагүй шинжтэй байна.
Суурин 2-ын суурингийн гол гудамжны урт нь хойноос өмнө тийш 280-300м үргэлжлээд төгсөж байна. Баруун талын суурин 1-ийг бодвол арай богино, үүнтэй уялдан цөөн барилгатай. Суурингийн барилгажилтийн талбай нийт 100м орчим өргөн боловч эргэн тойрон 200-300м зайтай ахуйн хэрэглээний эд зүйлс тархсан байна.
Зүүн талын суурингийн төв барилгаас зүүн тийш 100м зайтай сонгойдуу нэгэн барилгын туурь байна. Энэ нь 15х8,0м орчим хэмжээтэй, мөн чулуу өрж хийсэн суурьтай, чулуун суурийнх нь үлдэгдэл хойд тал болон зүүн талдаа анхны байрлалаараа хадгалагдаж үлдсэн, зүүн урагшаа харсан үүд хаалгатай байсан нь мэдэгдэх агаад, 50-60см өргөн, 2 эгнээ чулуу өрж хийсэн суурьтай байна. Мөн ойр орчмоос нь ваар савны хагархай хэлтэрхий олдож байна.
Зүүн талын гудамжны төгсгөлд 2 томоохон барилга байсан бололтой. Нэг нь 6,0х9,0м, нөгөө нь 5,0х6,0м хэмжээтэй бөгөөд өмнө талын барилгын зарим хэсэг үер усанд урсаж эвдэрсэн байна.
Дурсгалын зохион байгуулалт бүтцийн хувьд нилээн эвдэгдсэн учраас судлаачид тойм төдий л зураглал үйлджээ[1]. Тойм дэвсгэр зураглалаас ажиглавал эл суурин нь голоороо нэг том гудамжтай түүний хоёр талаар зэрэглэсэн олон байшин барилгатай, барилгууд нь чулуун суурьтай, шавар ханатай байжээ. Гол гудамны зүүн талаар давхар барилгуудтай байсан нь мэдэгдэнэ.
Голын ус бороо хуртай жил халих, давж урсах үед голын эргийг идэж, зарим нэг барилгын туурьтай холбоотой зүйлүүд ил гарч иржээ. Ихэвчлэн мал амьтны яс, ваар савны хагархай хэлтэрхий, үнс нурмын зүйлүүд голлож байгаа нь суурингийн оршин суугчдын худалдаа наймааны мухлагууд нь гол гудамжаа дагасан маягтай байсан бол түүний зүүн талаар нь буюу хойд талд нь залган өөрсдийнх нь амьдардаг сууцууд байсан болов уу гэмээр байна. Тэд гарсан ахуйн хэрэглээний хог хаягдлын зүйлсээ голын эрэг рүү, суурингийн гадна асгадаг байжээ.
Энэ суурингийн үлдэгдэлээс цагаан шаргал өнгийн паалантай болон паалангүй таваг, сав суулганы бөөр, ёроол, хятадын Сүн болон монголын Юань улсын үеийн хөх шаазангийн хэлтэрхий байгагүй олдож байгаа нь жирийн нэгэн хүмүүс амьдардаг бус худалдаа наймаа эрхэлдэг, чинээлэг хүмүүс амьдарч байсан болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.
Монголын эзэнт гүрний үед холбогдох суурин газруудын нийтлэг шинж бол гадуураа ямар нэгэн хэрэм хаалтгүй, голоороо өргөн гудамтай, түүнийг дагасан олон барилгуудтай худалдаа арилжааны газрууд байсан нь мэдэгддэг.
Байршил: 44.413000, 108.771667