Пазырыкийн соёлын булшны судалгаа
Монголын төмөр зэвсгийн түрүү үеийг төлөөлөх гол дурсгал нь 1970-аад онд судалгаа хийгдсэн “Чандманийн соёл” болон Алтайн бүс нутагт тархсан “Пазырыкийн соёлын булшнууд” юм. Монгол Алтайн нурууны бүс нутагт одоогийн байдлаар 80 гаруй газарт 400 орчим пазырыкийн булшийг бүртгэн судалснаас 20 дурсгалт газарт 50 булшийг малтан шинжилсэн байна. Эдгээр дурсгалууд нь Орос Алтайд илэрч судлагдсан Пазырыкийн соёлтой нэг соёлын хүрээнд хамаардаг. Пазырыкийн булшны малтлага судалгааны дотроос 2006 онд Монгол-Орос-Германы хамтарсан төслийн хүрээнд малтлага хийсэн хүрээнд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Олон гүүрийн голд судалгаа хийсэн булш нь бүтэн хадгалалттай байснаар археологийн судалгааны явцад тэр бүр илэрч олддоггүй хувцас өмсгөл, бүрэн зэвсэгтэй дайчин эрийн оршуулга илэрч тэр жилийнхээ Дэлхийн шилдэг 10 нээлтийн нэгд тооцогдон олон улсад зарлагдаж байв. Олон гүүрийн голын олдворууд нь өдгөө Монгол Улсын хосгүй үнэт соёлын өвд бүртгэгджээ.
Пазырыкийн соёлын булшны судалгааг өргөн хүрээнд явуулсны үр дүнд тэдний амьдрал байнгын зэвсэгт тэмцлийн дунд байсан болохыг антропологийн судалгаагаар баталж улмаар түүхэн тэмдэглэлд бичигдсэн тоног авах ул мөрийг ч илрүүлсэн байна. Мөн палеозологийн судалгаагаар дагалдуулсан тахилгын малын зүсийг болон дан эр хүйсийнх байсан болохыг нь тогтоосон байна. Үүний зэрэгцээ эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, уран чамин хийцтэй гар урлалын бүтээл болох малгай хувцасны гайхалтай сайхан сийлбэрүүд, сав суулга, зэр зэвсэг, дүнзэн бунхан, ховд зэргийг тус тус илрүүлсэн юм.
Пазырыкчууд бол хагас нүүдлийн мал аж ахуйг эрхэлдэг, тэдний амьдралд газар тариалан, загас агнуур тодорхой үүрэгтэй байжээ. Мөн өндөр хөгжсөн гар урлалтай байсныг булшнаас гардаг урлагийн бүтээлүүд гэрчилдэг. Тэд антропологийн хэв шинжийн хувьд монгол, европ төрхтний холимог бөгөөд жирийн иргэдийн хувьд европжуу төрх давамгайлдаг бол язгууртны дунд монголжуу төрх давамгайлдаг байжээ. Нийгмийн зохион байгуулалтын хувьд нарийн бүтэцтэй давхраажсан болох нь “хаадын булш” ба жирийн иргэдийн булшны хэмжээ, хэлбэр, дагалдуулсан эд өлгийн зүйлийн хувьд эрс ялгаатай байдаг зэргээс харагдана. Пазырыкийн соёлын он цаг түрүү төмрийн үе буюу НТӨ VI-II зууны эхэн үед хамаарна.