Хүрэл зэвсгийн үеийн булш, хөшөө дурсгалын судалгаа
Саяхныг хүртэл Монгол орны хүрэл зэвсгийн үеийг хиргисүүр, дөрвөлжин булш, буган чулуун хөшөөгөөр төсөөлдөг байв. Хүрээлэнгийн судлаачдын судалгаа шинжилгээний үр дүнд хүрэл зэвсгийн үеийн Хэмцэг, Сагсай хэлбэрийн булш, түрүүлгэ нь харуулсан оршуулгат булш зэрэг олон соёлуудыг шинээр нээж судалснаар хүрэл зэвсгийн үеийг дотор нь эхэн, дунд, төгсгөл шатанд хувааж үзэх боломж бүрдсэн. Мөн эдгээр соёлуудын тархцын хүрээ, бүс нутгийн нөлөөлөл, хоорондын харилцан хамаарал, эзэн холбогдогчийн асуудал зэрэг судалгааны маргаан дагуулдаг олон асуудлууд цэгцэрч байна. Сүүлийн үеийн судалгааны үр дүнд Монгол болон бүс нутагт тархсан буган чулуун хөшөөний нэгдсэн бүртгэлийг хийж, өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд хийгдсэн судалгааг нэгтгэн “Монгол ба бүс нутгийн буган хөшөөд” 3 боть бүтээлийг хэвлүүлсэн. Түүнээс гадна олон үеийн булш оршуулгын дурсгалын судалгааны үр дүнг нэгтгэн авч үзсэний үндсэн дээр хүрэл зэвсгийн төгсгөлийн шатанд холбогдох “дөрвөлжин булшны соёл”-ыг өвөг монголчуудын үлдээсэн дурсгал гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн нь Монгол үндэстний угсаа гарвалийн асуудлыг шинэ шатанд гаргасан чухал үр дүн болсон бөгөөд цаашдын судалгааны чиг хандлагыг тодорхойлсон явдал болжээ