Үндсэн агуулга руу

Ном бүтээл

Монгол нутгаас олдсон хүрэл толины судалгаа

2025.03.26  |  Ном бүтээлfX⧉

Д.Содномжамц, Г.Эрэгзэн, Г.Батболд, Ж.Баярсайхан, Ч.Баяндэлгэр, Н.Нандин-Эрдэнэ. Монгол нутгаас олдсон хүрэл толины судалгаа. Редактор: Г.Эрэгзэн. УБ., 2025. 368 тал.

 

Энэхүү бүтээлд Монгол нутагт хийгдсэн археологийн малтлага судалгааны явцад булш оршуулга, хот суурины дурсгалаас олдсон болон музейн үзмэр цуглуулгын явцад цугларсан нийт 269 тооны хүрэл толины хэрэглэгдэхүүнийг оруулжээ. Толь нь нүүдэлчдийн өдөр тутмын ахуй амьдралд хүрэл зэвсгийн хожуу үеэс эхлэн өргөн тархсан болох нь одоогийн баримтаас тодорхой мэдэгдэх бөгөөд хэлбэр, хээ чимэглэлийн онцлог байдалд тулгуурлан тухайн дурсгалын харьцангуй он цагийг тогтоох туслах хэрэглэгдэхүүн болдог тул археологийн судалгааны нэгэн чухал судлагдахуун болдог.

Тус бүтээлийн 1-р бүлэгт хүрэл толины талаар хийгдсэн судалгааны тойм, үүсэл гарвал, үүрэг зориулалт, нүүдэлчдийн хүрэл эдлэл боловсруулалтын түүхийн талаар бичсэн бол 2-р бүлэгт Монгол нутгаас олдсон хүрэл толинуудыг археологийн судалгааны түүхэн үечлэлийн дагуу Хүрлийн хожуу, төмрийн түрүү үе, Хүннүгийн үе, Түрэг, Уйгурын үе, Хятаны үе, Дундад зууны үе, XV-XIX зууны үе хэмээн ангилж, толины төрөл зүйл, дүрслэлийн утга бэлгэдлийн талаар дэлгэрэнгүй тодорхойлон оруулжээ. 3-р бүлэгт эртний нүүдэлчдийн оршуулгын зан үйлд хүрэл толийг хэрхэн дагалдуулан оршуулж байсан тухай, толины химийн бүтэц найрлагын судалгаа, он цагийн харьцуулсан судалгааг тус тус хамруулсан бол 4-р бүлэгт судалгааны ажлын дүгнэлт, 5-р бүлэгт судлаачдад харьцуулсан гарын авлага болгох зорилгоор Монгол нутгаас олдсон хүрэл толины гэрэл зураг, гар зургуудыг хавсралтаар оруулж, олдсон газар, хэмжээ, хадгалагдаж буй газар, эх сурвалж зэрэг мэдээллийг тус тус багтаажээ.