Үндсэн агуулга руу

Судалгаа

Зүүн азийн эртний ухаант хүний гарал үүслийн асуудалд

2025.04.15  |  СудалгааfX⧉

2006 онд Монгол орны зүүн хойд нутаг, Хэнтий аймгийн Норовлин сумын Салхитын хөндийгөөс алт олборлогчдын ажлын явцад нэгэн эртний хүний толгойн ясны дээд хэсэг олдсон. Энэ нь өвөрмөц хэлбэртэй гавлын чулуужсан ясны хэсэг бөгөөд тус бүс нутгаас анх удаа илэрсэн нэгэн шинэ олдвор болсон юм. Уг ясны онцгой хэлбэр төрхөөр нь түүнийг “Mongolanthropus” хэмээн нэрлэж шинжлэх ухааны эргэлтэд оруулж эртний неандертал хүний Homo erectus-ийн нэг хэлбэр хэмээн үзэж байв. Энэхүү хүнийг судалсан талаар хэд хэдэн бүтээл хэвлэгдэн олны хүртээл болсон. Харин 2019 онд ХБНГУ-ын Макс Планкийн хүрээлэнгийн Хувьслын антропологийн салбарт хийсэн судалгааны үр дүнд С14 шинжилгээгээр 33.900-34.950 жилийн өмнө холбогдох, генийн (mt) ДНХ шинжилгээгээр өнөөгийн Евразид өргөн тархсан N-хаплогруппэд багтахыг тус тус тогтоосон юм.

Салхитын хүний генийг 20.000 жилээс өмнөх үед холбогдох орчин үеийн хүний өвгийн генийн мэдээлэлтэй харьцуулан үзэхэд Баруун Европынхоос илүү, мөн 40.000 жилийн тэртээд холбогдох БНХАУ-ын Тяньюаны хүнээс ч илүүтэйгээр өнөөгийн Зүүн Ази болон Америкийн уугуул оршин суугчидтай ижилсэж байна.

Салхитын хүн болон Тяньюаны хүн нь бараг нэгэн цаг үед холбогдох боловч Баруун Европын хүнтэй холбогдох генийн шинжээрээ ялгагдаж байна. Судалгааны үр дүнд Салхитын хүний генд неандерталийн эзлэх хувь 1,7 байна. Салхитын хүн болон неандерталь хүний хоорондын хэлхээ холбоо нь 50.000-80.000 жилийн тэртээд холбогдох Хорватын Виндийн агуй, Сибирийн Чагырын агуйн хүнтэй илүү ойртож байгаа бол 120.000 жилийн тэртээд холбогдох Денисовын агуйн “Алтай”-н хэмээн нэрлэгдсэн неандерталь хүнтэй бага холбоотой болох нь тогтоогдсон.

Судалгааны үр дүнд 34.000 жилийн тэртээд холбогдох Салхитын хүн нь 40.000 жилийн тэртээд холбогдох Тяньюаны хүнээс илүүтэй Евразийн баруун хэсгийн эртний ухаант хүнтэй ижилсэж буйг тогтоосноос гадна Зүүн Азийн эртний ухаант хүн Денисовын хэмээн нэрлэгдсэн хүнтэй хавьталд орж дээрх бүс нутаг хүртэл тодорхой хэмжээнд тархсан байсныг баталж байна