Үндсэн агуулга руу

Судалгаа

Цэргийн археологи” төсөл

2025.03.26  |  СудалгааfX⧉

Н.Эрдэнэ-Очир, И.Эрдэнэсүрэн

Archaeologia Militaris буюу Цэргийн археологи гэдэг нь өнгөрсөн цаг хугацаанд болж өнгөрсөн цэрэг дайчид, зэр зэвсэг, дайны түүхтэй холбоотой түүхэн газар нутаг, археологийн дурсгал, зэр зэвсэгтэй холбоотой олдвор хэрэглэгдэхүүнийг судалдаг археологийн салбар шинжлэх ухаан болон олон улсын төвшинд хөгжиж байна.

2024 онд Халх голын байлдаан (дайн)-ны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.1-д тусгасан “Халх голын бүс нутгийн түүхэн дурсгалт газар, барилга байгууламжийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажлыг зохион байгуулах, цэргийн түүх, археологийн судалгааг хөгжүүлэх, Халхын голын музейн үзмэр, сан хөмрөгийг баяжуулах, эх орончдын парк болгох ажлыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх” заалтуудыг үндэс болгон Халх голын байлдааны талбарын археологийн судалгааг тогтвортой, үе шаттай явуулах олон талт үйл ажиллагааг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаагийн бөгөөд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яамны дэмжлэгээр “Цэргийн археологи” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүллээ.

Манай улсын хэмжээнд “Халх гол”-ийн дайн болсон бүс нутагт “Улаан загалмайн нийгэмлэг”-ийн сайн үйлсийн хүрээнд дайнд нас барагчдыг илрүүлэх, илэрсэн оршуулгыг зохих төвшинд чандарлах ажлууд хийгдэж байсан. Гэвч энэ бүх үйл явдал шинжлэх ухааны судалгааны арга зүйн төвшинд хийгдэж байгаагүй. Учир нь цэргийн археологи гэдэг бол дэлхийн хэмжээнд залуу салбар ухаан юм.

Анх удаа “Халх голын түүхт 85 жил”-ийн ойг тохиолдуулан мэргэжлийн байгууллагууд хамтран цэргийн археологийг Соёлын яамны зохих зөвшөөрлийн хүрээнд хийж гүйцэтгэв. Тиймээс бид энэ удаа хайгуул болон малтлага судалгааг урьд өмнөх жилүүдэд археологийн шинжлэх ухаанд өргөн хэрэглэж байсан шугаман хайгуул, шинэ дэвшилтэд технологи нисдэг төхөөрөмжийн тусламжтай агаараас тандах судлах арга болон сорьц цооног малтах, малтлага хийх, тусгайлсан газрыг сонгон нарийвчилсан хайгуул хийх аргуудыг хэрэглэлээ.

Хайгуул болон малтлага судалгаа:

Шугаман хайгуулын аргаар хайгуул судалгааг явуулахдаа тусгайлсан “Ремизов”-ын өндөрлөгийг 1.5 х 1.5 км газарт 150 х 150 м талбайгаар өрөгт хувааж хайгуул хийж халх голын дайнтай холбоотой ямар нэгэн илэрсэн эд зүйл бүрийн байршлын цэгийг авч тархцын зураг үйлдлээ. Ийнхүү илэрсэн цэгүүдийн хамгийн их нягтралтай хэсэгт сорилын малтлага судалгааг хийж гүйцэтгэв. Энэ удаа бид тусгайлан сонгосон 3 газарт хайгуул судалгааг явууллаа.

Тус 3 талбайн нэг буюу Ремизовын өндөрлөгт тусгайлсан шугаман хайгуулыг 2 х 2 км газарт хийж гүйцэтгэсэн бол “Хуруу өндөр”, “Баянцагааны нуруу” зэрэг газарт агаараас тандах судалгааг хийж гэрэл зургаар баримтжуулав. Цэргийн археологийн онцлог бол тэсэрч дэлбэрэх аюулын эрсдэл их тул дуртай газраараа хамаагүй яваад хайгуул хийгээд байдаггүй онцлогтой. Судалгааны багийн ажиллах талбайг цэвэрлэх баг түрүүлж очиж ажиглаж, цэвэрлэж дууссаны дараа бусад хайгуулын багийнхан дараагийн ажлаа гүйцэтгэдэг. Хэдийгээр он удаан жил болсон хэдий ч жагт мултраагүй гар гранат, хүнд машинд зориулсан газрын мин байхыг үгүйсгэхгүй. Тиймээс аюулгүй ажиллагааныхаа багийн заавар зөвлөгөөг дагаж мөрдөх нь зүйтэй юм.

Халх голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.1-д тусгасан “Халх голын бүс нутгийн түүхэн дурсгалт газар, барилга байгууламжийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажлыг зохион байгуулах, цэргийн түүх, археологийн судалгааг хөгжүүлэх, Халхын голын музейн үзмэр, сан хөмрөгийг баяжуулах, эх орончдын парк болгох ажлыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх” заалтуудыг үндэс болгон Халх голын байлдааны талбарын археологийн судалгааг тогтвортой, үе шаттай явуулах цэргийн археологийн малтлага судалгааг 2024 оны 8 дугаар сарын 21 өдрөөс 9 дүгээр сарын 5-ны хооронд хийж гүйцэтгэв.

Энэ жилийн малтлага судалгааны хоног хугацаа, хүн хүч цөөтэй байсан тул том хэмжээний малтлага судалгааны ажил эхлүүлэх боломжгүй хэмээн үзэж жижиг сорилын малтлага судалгаа хийлээ. Ремизовын өндөрлөгт 1.5 х 1.5 км талбайг 1.5 м кв болгон өрөгт хувааж шугаман хайгуул хийсний үр дүнд байлдааны ул мөр бүхий түүхэн олдворын илэрц ихтэй байгаа 2 талбай, галын байрлал бүхий 1 талбай, хориглолтын нуувч гэж үзсэн нэг талбайд тус тус сорилын малтлага судалгаа явууллаа.

Малтлага судалгааны төлөвлөгөө, арга зүй:

Халх голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.1-д тусгасан “Халх голын бүс нутгийн түүхэн дурсгалт газар, барилга байгууламжийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажлыг зохион байгуулах, цэргийн түүх, археологийн судалгааг хөгжүүлэх, Халхын голын музейн үзмэр, сан хөмрөгийг баяжуулах, эх орончдын парк болгох ажлыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх” заалтуудыг үндэс болгон Халх голын байлдааны талбарын археологийн судалгааг тогтвортой, үе шаттай явуулах цэргийн археологийн малтлага судалгааг 2024 оны 8 дугаар сарын 21 өдрөөс 9 дүгээр сарын 5-ны хооронд хийж гүйцэтгэв.

Энэ жилийн малтлага судалгааны хоног хугацаа, хүн хүч цөөтэй байсан тул том хэмжээний малтлага судалгааны ажил эхлүүлэх боломжгүй хэмээн үзэж жижиг сорилын малтлага судалгаа хийсэн болно. Ремизовын өндөрлөгт 1.5 х 1.5 км талбайг 1.5 м кв болгон өрөгт хувааж шугаман хайгуул хийсний үр дүнд байлдааны ул мөр бүхий түүхэн олдворын илэрц ихтэй байгаа 2 талбай, галын байрлал бүхий 1 талбай, хориглолтын нуувч гэж үзсэн нэг талбайд тус тус сорилын малтлага судалгаа явууллаа.

Сорилын малтлага судалгаа - 1

Халх гол сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км зайд хэд хэдэн элсэн довцог бүхий өндөрлөг байна. Өндөрлөгүүд нь хажуу захаараа элсэн хонхорцог ихтэй. Голын өндөрлөг хэсэгт Ремизовт зориулсан дурсгалын хөшөөтэй. Тухайн газраас ажиглалт хийхэд зүүн хойд захад 800 м орчим зайд бусдаасаа өндөрлөг элсэн довцог байна. Энэхүү газарт хойд зүгт харсан хэд хэдэн хонхор ажиглагдах ба хэмжээ нь 2.5 х 3 м орчим ажээ.

Тус хонхрыг цэргийн мэргэжлийнхэн галын байр байсан хэмээн үзсэн тул бид ярилцан эхний сорилын малтлагыг тус газарт явууллаа. Энэхүү газар нь бидний хайгуулын талбайн зүүн хойд захад байрлах ба J5 өрөгт хамаарна. Тухайн газарт 3 х 4 м хэмжээтэй талбай үүсгэн өргөргийн дагуу А, B, C өрөгт хувааж уртрагийн дагуу  1, 2, 3, 4 гэсэн өрөгт хувааж малтлага судалгааг эхлүүлэв. Талбайг татаж сул өвсийг цэвэрлэн гэрэл зургаар баримтжуулалт хийсний дараа 20 см гүнд үелэн малтав. Эхний үеийн малтлага судалгаа хийж гүйцэтгэхэд ямар нэгэн олдвор хэрэглэгдэхүүн илрээгүй ба хуучин галын байрлалын ханын зааг төдийлөн сайн мэдэгдэхгүй байв. Учир нь элсэн хөрсөн давхаргатай тул амархан нуранги үүсэх ажээ. Тиймээс бид ярилцан 2-р үеийг  20 см гүнд малтахад А талбайн 1-р өрөгт хойд хананаас 7.5 см баруун хананаас 40 см зайтай 29 см гүнд төмөр лааз илэрч олдов.

Олдворыг гэрэл зургаар баримтжуулалт хийсний дараа малтлагыг үргэлжлүүлэхэд ямар нэг олдвор хэрэглэгдэхүүн илрээгүй тул 1-р сорилын малтлагыг 40 см гүнд дуусгав.

Учир нь энэхүү байрлал дахь галын байр нь эрт үед орхигдсон галын байр байжээ хэмээн үзэв. Галын байрны хэмжээ 2.8 х 3 х 0.4 м ажээ. Илэрсэн олдворуудыг хавсралтад үзүүлэв.

Сорилын малтлага судалгаа - 2

Шугаман хайгуулын явцад F5 өрөгт хэсэг сум болон хорт утааны багны үлдэгдэл, төмөр эдлэлийн хэлтэрхий бүхий талбай илэрсэн юм. Энэхүү талбай нь Ремизовын өндөрлөгөөс зүүн хойд зүгт 600 м орчим зайд байрлах ба элсэн довцгуудын дунд талын тэгш тал юм. Тиймээс сумны бөөгнөрөл бүхий газарт 1 х 1 м өргөн хэмжээ татаж ургамлыг авч өнгөн хөрсийг цэвэрлэж малтлага судалгааны ажлаа эхлүүлэв. Өнгөн хөрсний цэвэрлэгээний дараа 10 см гүнд малтлагыг үргэлжлүүллээ. Малтлагын явцад пулемётын (7.62) 103 ширхэг сум олдов /Зур 14/. Зарим сум нь дайзтай байв.

Мөн бөмбөгний ширмэн төмөр, гутлын ул зэрэг олдвор илэрлээ. Олдворыг гэрэл зургаар баримтжуулалт хийсний дараа авч талбайг дахин шалгахад ямар нэгэн олдвор илрээгүй тул 15 см гүнд малтлага судалгааны ажлыг дуусгалаа.

Сорилын малтлага судалгаа - 3

Ремизовын өндөрлөгийн зүүн талд шигүү ургамал бүхий гүн хонхор байна. Тус хонхрын зүүн талын бутлаг ургамал бүхий тэгш тал бий. Тэрхүү талбайд сумны үлдэгдэл, гар гранат зэргийн илэрц бүхий газар хайгуул судалгаагаар илэрч олдсон. Энэхүү газар нь хайгуулын талбайн G5 өрөгт хамаарна. Тиймээс бид ярилцан сорилын малтлага судалгаа явуулах 3-р талбай болгон сонгож 2 х 2 м хэмжээтэй талбай татаж өргөргийн дагуу  А, В, С хэмээн дугаарлаж, уртрагийн дагуу А1, 2, В1, 2 хэмээн өрөгт хувааж малтлага судалгааны ажлаа эхлүүллээ.  Өнгөн хөрсний цэвэрлэгээ дууссаны дараа аюулгүй байдлаа хангах үүднээс цэргийн мэргэжлийн багийнхнаар гар гранатуудыг авхуулж өөр зориулалтын ухсан нүхэнд хийлгэсэн. Үүний дараа малтлагын 1 - үеийн 10 см гүнд А1, 2 талбайд малтав. Малтлагын явцад ямар нэгэн олдвор хэрэглэгдэхүүн илрээгүй. Тиймээс малтлагын 2-р үеийг дахин 10 см гүнд үргэлжлүүлсэн. Малтлагын явцад А өргийн зүүн хананд хойд хананаас 40 см зайтай 19 см гүнд цэргийн дуулга илэрч олдсон (Зур. 16).

Дуулгыг гэрэл зургаар баримтжуулалт хий малтлагыг үргэлжлүүлэхэд өрөг В талбайд пулемётын гол төмөр, төмөр эдлэлийн хэлтэрхий хойд хананаас 48 см, зүүн хананаас 26 см зайтай 20 см гүнд илрэв. Олдворуудыг гэрэл зургаар баримтжуулалт хийсний дараа малтлагын 3-р үеийг үргэлжлүүлэхэд 30 см гүнд А, В өргийн зааг хэсэгт хойд хана дагуу химийн бүтэн баг илэрсэн. Олдворуудыг гэрэл зургаар баримтжуулалт хийсний дараа авч дахин 10 см гүнд шалгаж малтлага судалгааны ажлыг 40 см гүнд дуусгав.

Сорилын малтлага судалгаа - 4 (Хориглолтын нуувч)

2-р талбайн урд бутлаг ургамал шигүү ургасан хонхор газар байна. Тус газрын урд эргэцэгт зүүнээс баруун зүгт чиглэлтэй нарийн нуувч мэдэгдэнэ. Нуувчны үндсэн байрлал зүүн урд зүгт чиглэлтэй юм. Нуувчны урд хэсэгт хэсэг сум бөөгнөрсөн ажээ. Энд талбай нь хайгуул судалгааны А5 өрөгт хамаарна. Бид нуувчийг 3 х 1.5 м өргөн талбай татаж 10 см гүнд малтлага судалгааны ажлын 1-р үеийг эхлүүлсэн. Тус газар нь элсэрхэг хөрстэй тул нуранги амархан үүсэж нуувчны хана төдийлөн сайн мэдэгдэхгүй байв. Малтах явцад нуувчны гадна талын урд ирмэг хэсэгт пулемётын сум, гар гранатын гадна хүрээ, төмөр эдлэлийн хэлтэрхий, ширэн эдлэлийн үлдэгдэл, цаасан эдлэл зэрэг илэрч олдлоо.

Олдворыг гэрэл зургаар баримтжуулалт хийсний дараа нуувчийг дахин 20 см гүнд малтахад ямар нэгэн олдвор илрээгүй ба нуувчны зүүн хананаас 72 см, хойд хананаас 15 см зайтай 30 см гүнд шар өнгөтэй гар гранатын дарь бага хэмжээгээр илэрч байв. Дахин 10 см гүнд малтлагыг үргэлжлүүлэхэд ямар нэгэн олдвор хэрэглэгдэхүүн олдоогүй тул малтлагыг дуусгав. Нуувчны урт 2.8 м, өргөн 1.2 х 0.8 м хэмжээтэй байна.

Судалгааны ажлын үр дүн:

Халхын голын дайны түүхийн судалгааг дотоод, гадаад судлаачид олон талаас нь архивын баримт материал дээр тулгуурлан судалгаа хийж ном бүтээлүүдийг цөөнгүй туурвижээ. “Цэргийн археологи” төслийн хээрийн судалгааны ажил нь дайнд оролцсон талуудын байршил, цаг үеийн нөхцөл байдал, байлдааны өрнөл, үйл явц зэрэг цэрэг дайны түүхэн үйл явдлыг археологийн бодит баримтад тулгуурлан нотлон харуулах, улмаар цаашид нарийвчлан судлах боломж нөхцөлийг бүрдүүлсэн үр дүнтэй судалгааны ажил боллоо хэмээн үзэж байна.

Археологийн судалгааны хүрээнд Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Ремизовын өндөрлөг, Хуруу өндөрлөг, Баянцагааны нуруу гэсэн гурван байршлыг сонгон агаарын зураг авч, 739 дүгээр өндөрлөг буюу Ремизовын өндөрлөгт 1.5 км2 талбайд археологийн шугаман хайгуул гүйцэтгэж нийт 35 цэгт Халх голын дайнтай холбоотой зэр зэвсэг, эд өлгийн зүйлсийг түүврээр илрүүлэн бүртгэн баримтжуулав. Улмаар Ремизовын өндөрлөгт явуулсан хайгуулын үр дүнд тулгуурлан 4 цэгт сорилын малтлагыг археологийн арга зүйн хүрээнд гүйцэтгэж нийт 24 дэсийн 342 ширхэг (Үүнээс 22 дэсийн 74 ширхэг олдворыг Монгол цэргийн музейд, 18 ширхэг гранатыг устгасан, 250 ширхэг сумыг устгуулахаар ЗХЖШ-ын Зэвсгийн хэлтэст хүлээлгэн өгсөн) Монгол, Орос, Япон цэргийн галт зэвсэг, хэрэглэл, химийн хамгаалах хэрэгсэл, инженерийн эд анги, хувцас, тогоо, табель хэрэгслээс гадна хоёр нэр төрлийн тодорхой тооны тэсэрч дэлбэрэх зүйлсийг илрүүлэн бүртгэн баримтжууллаа. Цаашид үндэсний болон олон улсын хамтарсан судалгааны экспедиц тогтмол, үе шаттай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, илэрсэн эд өлгийн зүйлсийг сэргээн засварлах, эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулах, Монгол цэргийн музей, Халхын голын Ялалт музейн сан хөмрөгийг баяжуулах, хүүхэд залууст эх оронч үзэл, төлөвшил суулгах эхлэлийг тавьсан чухал ажил болсон хэмээн үзэж байна. Монголын эртний төр улсуудын байлдан дагууллын үед хуримтлагдан бий болсон байлдах арга ухаан, цэрэг зэвсгийн шинэчлэл нь дэлхий дахины цэргийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсан тул “Цэргийн археологи” эрдэм шинжилгээний төслийг бодлогоор өргөжүүлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Талархал: Цэргийн археологийн хайгуул болон малтлага судалгааны явцад аюулгүй байдлыг ханган ажилласан Зэвсэгт хүчний 327 ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийн ахмад Г.Анхбаяр, зэвсгийн мэргэжилтэн дэслэгч Г.Баярцэнгэл, сапёрчин, тэсэлгээчин, ахлах ахлагч Б.Отгонжаргал, сапёрчин, ахлах ахлагч Б.Чулуунхүү, эмч, ахлагч Д.Гантулга, холбоочин, жолооч, ахлах ахлагч А.Энхжаргал нартаа гүн талархал илэрхийлье.

Байршил: 47.855278, 118.463889