Үндсэн агуулга руу

Судалгаа

Хүннүгийн язгууртны булшны судалгаа

2025.04.16  |  СудалгааfX⧉

Тус хүрээлэнгийн судлаачид Ноён уулын дурсгалаас гадна Дуурлиг нарс, Гол мод, Чихэртийн зоо зэрэг газруудад Хүннүгийн язгууртны булш, Бурхан толгой, Баруун Бэлсэг, Бага газрын чулуу, Дэлгэрхаан уул, Чандмань хар уул, Тамирын улаан хошуу зэрэг олон газарт цагариг хэлбэрийн чулуун дарааст булшны малтлага судалгаа хийж Хүннүгийн соёлыг шинээр бичих хэмжээний шинэ нээлтүүдийг хийжээ.

Гол модны дурсгалт газарт Францын Гимей музейтэй хамтарсан төслийн хүрээнд Хүннүгийн язгууртны булшны малтлага явуулж “бэлгэт гөрөөс” хэмээх ганц эвэрт домгийн амьтны дүрслэл бүхий адууны мөнгөн тоног, хөлөгт тоглоом зэрэг сонирхолтой ховор олдворууд илрүүлсэн. Дуурлиг нарсны дурсгалт газарт Солонгосын Үндэсний музейтэй хамтарч малтлага судалгаа хийж байна. Дуурлиг нарсны дурсгалт газарт 300 булш бүртгэсэн бөгөөд оршуулгын газрын баруун өмнөд хэсэгт хийсэн малтлага судалгааны үр дүнд хүрэл тогоо, хүрэл толь, дэнгийн цөгц, авсны алтан чимэг, чий будагтай аяга, хар будагтай сүйх тэрэгний үлдэгдэл, номин чулуун чимэг, хаш эдлэл зэрэг судалгааны үнэ цэн бүхий олдворууд илрүүлж, хүннүгийн язгууртны булшны бүтэц, зохион байгуулалтын онцлогийг нарийвчлан тодорхойлсноос гадна тоногдож сүйтгэгдсэн он цагийн асуудлыг тодруулж чаджээ. Дуурлиг нарсны дурсгалт газарт өдгөө малтлага судалгааны ажил үргэлжилж буй 160-р булш нь Монголд малтлага судалгаа хийж буй хамгийн том хэмжээтэй язгууртны булшны нэг бөгөөд үүдэвчний хамт 80 м урттай юм.

Чихэртийн зоо хэмээх 300 орчим булштай дурсгалт газар нь Төв аймгийн Баянцагаан сумын нутагт оршино. Энэ газарт 20 м голчтой цагариг хэлбэрийн чулуун дарааст хүннү булшийг Монгол-Солонгосын хамтарсан төслийн хүрээнд судалгаа хийжээ. Булшны нүх 12 м гүн байснаас гадна 4 дугуйт сүйх тэрэг дагалдуулсан модон бунхант оршуулга илэрсэн байдаг. Чихэртийн зоод малтсан булшны хэрэглэгдэхүүн нь цагариг хэлбэрийн булшийг “жирийн иргэд”-д хамаатуулж ирсэн үзлийг өөрчлөхөд хүргэсэн ба Хүннүгийн булшны холбогдох он цагийг ч урагшлуулах боломжийг олгосноор чухал ач холбогдолтой судалгаа болжээ