Хархорумын несторын шашинтны дурсгалын археологийн судалгаа
Т.Батбаяр. Хархорумын несторын шашинтны дурсгалын археологийн судалгаа. Ред. У.Эрдэнэбат. УБ., 2022. 203 тал. ("Монголын археологийн шинэ судалгаа" цуврал-VII)
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтанд Монгол Улсаас багтсан Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын чухал бүрэлдэхүүн хэсэг нь их эзэн Чингис хааны үндэслэн байгуулсан XIII зууны Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсын ШУА, Германы Археологийн хүрээлэн, Бонны Их Сургуулийн хамтарсан Монгол-Германы хамтарсан археологийн томоохон экспедиц Орхоны хөндийн түүхт нийслэлийн бууринд малтлага шинжилгээ хийж, олон чухал нээлт хийгээд байгаа билээ.
Уг нэг сэдэвт бүтээл нь Монгол-Германы хамтарсан Хархорум экспедицийн 2006-2007, 2009, 2021 оны хээрийн судалгааны хүрээнд хотын дэвсгэрийн хойд хэсэгт хийсэн малтлагын үр дүнг цогцоор нь үнэлж цэгнэсэн судалгааны ажил юм. Зохиогч Хархорум хотын хойд дүүрэгт иж бүрнээр малтсан барилгын чуулбарын байршил, гадаад, дотоод бүтэц зохион байгуулалт, барилгын стратиграф болон бүтцийн шинжилгээ, олдворын судалгаа ба барилгын үүрэг зориулалт, холбогдох он цаг, архитектурын бүтэц, олдворын цогц байдлын харилцан хамаарлын асуудлыг системтэйгээр анх удаа нэгтгэн дүгнэн тайлбарлажээ.
Үүний үр дүнд Монгол дахь дундад зууны хот суурины археологийн судалгаанд анх удаа бүтэн талбайгаар нь малтаж гаргасан энэхүү дурсгал нь он цагийн хувьд XIII зууны эхэн хагас ба сүүл үе хэмээх дараалсан хоёр тодорхой үеийн барилга байгууламжийн ул мөрийг агуулсан болохыг баримтаар тогтоож гаргасан байна. Харин энд малтан судалсан барилгын төлөвлөлт, бүтэц зохион байгуулалт, барилгын чимэглэл, гарсан олдворуудаар үзэхэд энэ хэсэг газар эхэндээ Хархорумын Христийн шашны несторын нийгэмлэгийнхний сууж асан газар байгаад дараа нь төдийлэн тодорхой бус шалтгааны улмаас зориуд үндсээр нь өөрчилж Буддын сүм хийд юмуу тэр чиглэлийн архитектурын загвараар бүрмөсөн өөрчлөн засварласан гэсэн зарчмын шинэ дүгнэлт хийсэн байна.
Чингэхдээ барилгын зохион байгуулалтын зарим онцлог, ялангуяа байшингийн дотор талд нэг дор бөөнөөр олдсон үхрийн эврийн тугалмай зэргийг загалмайтны шашны ном сударт заасан тахилга өргөлийн зан үйлтэй холбон тайлбарлажээ. Түүнчлэн ханын зураг, янз бүрийн бичээс бүхий шаваасын үлдэгдэл, барилгын дээвэр, хавтангийн чимэглэлүүд, загалмай, галбингын баримал дүрсийн үлдэгдэл зэрэг онцлог олдворуудыг Хархорумын бусад дүүргийн олдворууд төдийгүй Монгол, Төв Ази, Хятад зэрэг бүс нутгийн дундад зууны археологийн материалтай харьцуулсан судалгаа хийжээ. Энэ бүтээл нь Монголын эртний нийслэл Хархорумын хойд дүүргийн тэр нэгэн хэсгийн археологийн үечлэл ба үүрэг зориулалтын тухай асуудлыг орчин үеийн байгалийн шинжлэлийн арга, түүхийн сурвалж бичиг, эд өлгийн биет хэрэглэгдэхүүн, судалгааны ном зохиол зэрэгтэй харьцуулан нэлээд сайн шийдвэрлэж чадсанаараа, мөн шинэ мэдээлэл, мэдлэгээр энэ чиглэлийн судалгааг баяжуулж байгаагаараа шинжлэх ухаан, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой юм.