Үндсэн агуулга руу

Ном бүтээл

Хадны оршуулга Монголын эртний оршуулгын өвөрмөц хэлбэр

2025.04.02  |  Ном бүтээлfX⧉

С.Хүрэлсүх. Хадны оршуулга. Монголын эртний оршуулгын өвөрмөц хэлбэр. Ред. Г.Эрэгзэн. УБ., 2024. 289тал. ("Монголын археологийн шинэ судалгаа" цуврал-X)

Энэхүү бүтээл нь 5 бүлэг 29 зүйлтэй. Нэгдүгээр бүлэгт судалгааны тойм болон үндсэн асуудлуудыг авч үзсэн ба уг дурсгалын нэршлийн асуудалд саналаа өгүүлсэн байдаг. Хоёрдугаар бүлэгт оршуулгын бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлсон ба хадны оршуулгын дурсгалын онцлог шинж болох  дотоод орчин нөхцлийн талаар дэлгэрэнгүй авч үзжээ. Гуравдугаар бүлэгт оршуулгад дагалдуулсан эд өлгийн зүйлсийг хэрэглээний онцлогоор нь 7 хэсэгт ангилан тодорхойлсон. Дөрөвдүгээр бүлэгт хадны оршуулгын дурсгалын холбогдох он цаг, нууцгайлсан зан үйл, зарим оршуулгын угсаа соёлын хамаарлын талаар өгүүлсэн. Тавдугаар бүлэгт судалгааны зарим асуудал нэрийн дор уг дурсгалыг илрүүлж олох, хадгалалт хамгаалалт, судалгааны цаашдын чиг хандлагын талаар асуудал хөндөж, уг дурсгалын зан үйл, онцлог, үнэ цэн, ач холбогдолын талаар цэгцтэй ойлголт өгөх бүтээл болсон гэдэгт эргэлзэхгүй байна.

Хадны оршуулгын дурсгал нь өндөр уулын хад, чулуу ихтэй газарт л зөвхөн тохиолдох бөгөөд аль ч талаасаа бартаа саад ихтэй хадны агуй, хөмөг, хонгилыг онцгойлон үзэж сонгосон байдаг. Энэ нь чулуун дараастай булштай адил шороон дараас шиг таг битүү орчин үүсэхгүй, чулуудын жижиг зай завсраар агаарын урсгал алгуур явагддаг. Түүнчлэн эл бичил орон зайд нар тусахгүй бороо, цас буюу чийг орохгүй, хөрсөн дээрх огцом халалт, хөрөлтийн нөлөө үзүүлэх нь харьцангуй бага тул үндсэндээ “мөнхийн” хуурай, сэрүүн орчин үүсгэдэг. Тиймээс “органик” гаралтай материалаар хийсэн давтагдашгүй ховор олдворууд хадны оршуулгын дурсгалаас л илэрч гарсан байдгыг энэхүү номоос харж болно. Ийм төрлийн дурсгал Монголоос өөр газар ховор тохиолддог тул гадаадын хамтран ажилладаг судлаачид маань “монголын археологийн онцгой төрлийн дурсгал” хэмээн нэрлэдэг.

Энэхүү бүтээлээс XIII-XIV зууны үед түгээмэл ашиглаж байсан оршуулгын 2 хэлбэрийн нэг болохыг, илэрч олдсон дурсгалын тоо хэмжээ, “ханан гэр холдож, хадан гэр ойртох” гэсэн хэлц үг олны дунд хэлэлцэгдэж, уламжлагдсан байдлаас тодорхой харж болно. Уг бүтээлийг археологич, түүхч, судлаач, мэргэжлийн ангийн оюутан болон эх түүхээ сонирхогч олон нийтэд зориулсан бүтээл юм.