Үндсэн агуулга руу

Мэдээ

Ж.Баярсайхан: Хоригийн дурсгал бол Алтан ургийн язгууртан эмэгтэйнх

2025.02.11  |  МэдээfX⧉

Зургаан жилийн өмнө Монголын археологичдын малтлага томоохон дуулианыг дэгдээсэн нь мөнх цэвдэгт 700-800 жил хадгалагдсан өрөм, тос олсон явдал. Энэхүү олдвор өдгөө судалгааны ямар шатандаа яваа, мөн түүхийн хувьд хэр чухал ач холбогдолтой дурсгал болохыг тодруулахаар археологич Ж.Баярсайхантай ярилцлаа. Түүний хувьд 2003 оноос эхлэн буган хөшөөний судалгаагаар дагнасан археологийн олон малтлага, судалгааны ажилд оролцсон төдийгүй мөн шинжлэх ухааны цөөнгүй нээлтүүдийг гэрчилсэн судлаач юм.


Хориг уулнаас дэлхийд байхгүй ховор торго, даавуун эдлэл олдсон

-Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг Хориг уулнаас 700-800 жилийн турш мөнх цэвдэгт хадгалагдсан гурван ваар өрөм, нэг ваар шар тосыг малтлага хийж, илрүүлсэн нь таны удирдан оролцсон чухал малтлагуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Хориг уулын олдворт тулгуурласан судалгааны ажил өдгөө ямар үр дүнд хүрсэн бэ?

-Археологийн судалгаагаар аливаа олдвор, хэрэглэгдэхүүнийг олж нээх нь нэг асуудал. Түүний цаана судлах гэдэг том даваа байдаг. Хориг уулын дурсгал Монголын түүхийн асар чухал эх сурвалж байсан. Харамсалтай нь, тонуулчид тухайн дурсгалт газарт буй 68 булшнаас нэгийг ч үлдээлгүй ухаж сүйтгэсэн байв. Энэ дурсгалыг бид анх 2017 онд олж, илрүүлсэн юм. Тухайн үед бидэнд энэхүү дурсгал дээр ажиллах зөвшөөрөл байгаагүй учраас нэг жил өнжөөд 2018 оноос авран хамгаалах судалгааг эхлүүлсэн. Бид гурван жилийн хугацаанд 68 булшийг бүхэлд нь шалгаж нягтлах, тонуулчдын гаргасан шороог шигших, тэнд үлдэж хоцорсон олдвор, эд өлгийн зүйлсийг авран хамгаалах, цуглуулах ажлыг хийсэн.

2019 оны судалгаагаар санаанд багтамгүй олдворууд илэрсэн нь нэг ваараар дүүрэн шар тос, гурван ваартай өрөм юм. Том чулууны ард байсныг тонуулчид анзааралгүй үлдээсэн нь тэр. Эдгээр олдвор бол органик бүтцээ агуулж үлдсэн Монгол цагаан идээний хамгийн эрт үед холбогдох баримт. Энэхүү шар тос, өрөмтэй ваарууд нь дотроо зулын бүдүүн голтой учраас “мөнхийн зул” асаагаад орхисон зан үйлийн шинжтэй ул мөрийг илтгэдэг. Хүннүгийн үед сүүлний тосоор дэнлүү асааж, оршуулгын толгой талд тавьдаг зан үйл байсан бол XIII зууны үед вааранд шар тос, өрмөөр зул асааж, оршуулгын толгой талд тавьдаг зан үйл байсан болохыг гэрчлэх баримт Хориг уулнаас олдсон нь энэ юм. Уг зан үйл нь ариун гал, мөнхийн гэрэл гэгээг бэлгэддэг.

Хоёрдугаарт, Хүннүгээс уламжилсан соёлын чухал элемент болох нар, хавирган сарны дүрс бүхий алт, мөнгөн эдлэлүүд Хориг уулнаас олдсон. Хүннүгийн язгууртны булшинд авсны толгой талд нар, сарны дүрсийг хадаж үлдээдэг байсан. Ингэхээр Хүннү нарыг монголчуудын өвөг дээдэс мөн эсэхэд эргэлзэж, маргалдаж байдаг судлаач нарт нотлох баримттайгаар хариу өгөх боломж гарсан хэрэг. Өөрөөр хэлбэл Хүннү нарын оршуулгын зан үйл нь Монголын Эзэнт гүрэн хүртэл шууд уламжлагдан ирснийг нотлох олон баримтыг агуулснаараа Хориг уулын дурсгал үнэхээр чухал үнэ цэнтэй.

-Эдгээр олдворыг чухам ямар баримтад тулгуурлан язгууртны дурсгал хэмээн нотолж байна вэ?

-Нэгдүгээрт, эдгээр дурсгалыг илэрсэн газрынх нь нэртэй холбон үзэх ёстой. “Хориг” хэмээх нэр дундад зууны үеийн сурвалжуудад бүгдэд нь тэмдэглэгдэн үлдсэн. Тэдгээрт алтан ургийн хаад, язгууртнуудыг оршуулдаг газрыг “Их хориг”, “Хориг” хэмээн нэрийдэх төдийгүй энэ нь хатуу хамгаалалттай, нууцлаг газар байсан тухай бичсэн байдаг.

Хоёрдугаарт, Хориг уулнаас илэрсэн олдвор, эд өлгийн зүйлс нь тухайн үеийн дэлхий ертөнцийн өнцөг булан бүрээс ирсэн үнэт эд өлгийн зүйлс болохыг судлан тогтоосон. Харамсалтай нь тонуулчдын бусармаг үйлдлийн гайгаар зөвхөн хугархай, хэлтэрхий, уранхай хэсгүүд болон үлдсэн. Эдгээрийн дотор перс, хятад торго, Юань улсын үеийн хааны ордны ваар, шаазангууд зэрэг маш нарийн хийцтэй, ховор олдворуудыг дурдаж болно. Тэр ч бүү хэл таван хумстай алтан луу, хас хээтэй торгон дээлийн хэсэг байсан нь уг дурсгалт газрыг язгууртнуудынх гэдгийн том баталгаа юм. Энэ мэт асар олон органик эд зүйлс, алт мөнгөн эдлэлүүд Хориг уулнаас илэрснээс харахад хэрхэвч энгийн иргэдийн булш биш гэдэг нь тодорхой. Мөн эдгээр дурсгал уулын оройд байсан зэргээс үүдээд Дундад зууны үеийн язгууртнуудын дурсгал гэдгийг баттай хэлж болно.

Энэ дурсгал бол Чингис хааны удам угсаатай худ ургийн барилдлага тогтоосон Ойрад аймгийн язгууртнуудын оршуулгын газар хэмээн үзэж байгаа. Эдгээр булшнууд дотроос эмэгтэй хүмүүсийнх нь оршуулга маш баялаг эд өлгийн зүйлстэй, хэмжээгээр том зэргээс үүдээд Ойрад аймгийн ихэс дээдэстэй худ ураг барилдсан Чингис хааны алтан ургийн эмэгтэйчүүдийн оршуулга гэж үзэхэд хүрсэн. Чингис хааны охин Чэчэйхэн бэхи тэргүүтэй алтан ургийн олон эмэгтэй Ойрад аймгийн үе үеийн зонхилогчдын хөвүүдтэй ураг барилдсан тухай “Судрын чуулган”, “Монголын нууц товчоон” зэрэг эх сурвалжуудад бичиж үлдээсэн байдаг. Түүнээс гадна нимгэн алтаар урласан бурхан багшийн дүр, санскрит “УМ” үсэгтэй торго даавуу байгаа нь Монголын эзэнт гүрний язгууртнуудаар дамжин энэ үед тухайн бүс нутагт Буддын шашин тодорхой хэмжээгээр дэлгэрч байсныг харуулж байна.

(Зургийн тайлбар: Хориг уулын өрөмтэй нэг ваарыг гаргаж буй агшин. 2019 он Дархадын хотгор)

-Хориг уулнаас илэрсэн олдворуудын тухайд одоогоор хэчнээн судлаачийн, хэр олон судалгааны өгүүлэл бичигдээд байна вэ?

-Хориг уулнаас олдсон ваарууд доторх цагаан идээний найрлагын судалгааг саяхан Мичиганы их сургуульд хийлээ. Америк руу дээж илгээхэд, тус сургуулийн лабораторийн үр дүнгээр энэ нь сарлагийн өрөм, шар тос болох нь тогтоогдсон. Үүгээр бид XIII зууны үед ч сарлаг үхэр нь цагаан идээ, ашиг шимийг нь хүртдэг гол амьтны нэг байжээ гэдгийг шинжлэх ухааны үүднээс баталж байна. Энэ тухай бичсэн өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн.

Олон тооны хүн ба малын ясны дээжүүд, органик эд зүйлсийн судалгаанууд лабораторид хийгдэж байгаа учраас багагүй хугацаа шаардагдахаас гадна бид төлбөр мөнгөний боломж тааруугаас үүдэн гадаадынхантай хамтарсан судалгааны санхүүжилтээр ихэнх үр дүнгүүдээ гаргаж байна.

Бид хэд хэдэн ширэн эдлэлийн дээжийг Америкийн Смитсоны хүрээлэнгийн материал судлалын төв рүү явуулж, үр дүнгийн тайланг хүлээж авсан. Хориг уулнаас олдсон гурван гутлын тухайд, улыг нь үхрийн ширээр, дээд хэсгийг нь ямааны арьсаар хийснийг тогтоосон. Мөн Хоригийн булшнуудын модон авсны гадна талыг ихэнхдээ үхэр, адууны ширээр хулдаж, ороодог байсан нь тогтоогоод байна.